Амьдралд хайртай амьд чулуужсан яснууд
Эдүгээ цагийн зарим амьтан эрт балрын үед амьдарч асан өндөр дээд өвгөөсөө бараг ялгаагүй харагддаг. Өөрчлөгдөх дургүй, хэд хэдэн гамшгийн ард тэсэж үлдсэн эдгээр амьтан хэдэн сая жил улирахад үнэхээр хувьсаж өөрчлөгдсөнгүй юү? Эсвэл хувьсал өөрчлөлт нь үл анзаарагдам удаан явагдаж байна уу?
Акул загасны нэг төрөл махчин буг загас (Goblin shark) хүний нүдэнд өртөх нь ховор. Харин үзэгдэх үедээ олны анхаарлыг татдаг. Энэ нь нэг талаар өвөрмөц сонин төрхтэй нь холбоотой юм. Өвчүүлсэн юм шиг улцгар, ягаан бие, хавтгай толгой, чинжаал адил урт, нарийхан хошууг нь харахад л энэ амьтныг яагаад “харь гаригийн чөтгөр” гэдгийг ойлгож болно. Гэхдээ хамгийн гол нь буг загас олон сая жилийн тэртээх цаг үе рүү өнгийх боломж олгож, хүний төсөөллөөр “нааддаг” болохоор ил гарч ирэх бүртээ ихээхэн дуулиан тарьдаг байна. Уг загасны багтдаг Mitsukurinidae хэмээх овгийн бүх амьтан өнгөрсөн 125 сая жилд бараг өөрчлөгдөөгүй гэж судлаачид үздэг. Ийм амьтад хөгжих шаардлагагүй, анхнаасаа төгс бүтээгдсэн мэт хувьсал, хөгжил нь бүрмөсөн зогссон аятай байдаг аж.
“Амьд чулуужсан яс” (Living fossil) гэх хэллэгийг Чарльз Дарвин анх 1859 онд “Зүйлүүдийн үүсэл” номондоо дурджээ. Тэрбээр дээд өвгөөсөө хойш бараг өөрчлөгдөөгүй нугасан хошуут, уушгин загас зэрэг амьтныг ийн нэрлэсэн байна. Тэр үед өнөө цагийн олон алдартай “чулуужсан амьтан”-ыг хараахан илрүүлээгүй байлаа.
08
Анхных нь 1938 онд олдсон
Тийм нээлтийн эхнийх нь 1938 онд Өмнөд Африкийн нутагт тохиожээ. Байгалийн түүхч Маржори Куртенэй Латимэр тухайн үед судалж байсан хачирхалтай нэгэн загасыг амьд байх ёсгүйг, тийм хачин амьтан гартаа барьж байх учиргүй гэдгээ академич хүний хувиар бүрнээ ухамсарлаж байлаа. Тэрхүү загас 65 сая жилийн тэртээ үлэг гүрвэлтэй цуг устаж үгүй болсон эртний загасны овогт багтах целакант (Coelacanth) хэмээх амьтан байв.
Целакант загасны дээд өвөг 380 сая жилийн өмнө үүсчээ. Далайн ёроолд, нарны гэрэл тусахааргүй гүнд амьдардаг, хоёр метр хүртэл өсөж том болдог уг үлэмж биетэн гар, хөл адил том сэрвээтэй, ердийн загасныхаас хавьгүй хатуу хайрстай, чихний гэдсэндээ хүртэл ясархаг сэрвээтэй амьтан юм. Одоогоор мэдэгдээд байгаа хоёр зүйлийн целакант байдгийн нэг нь Африкийн, нөгөө нь Индонезийн целакант. Энэ загас нэгэн цагт далай тэнгисийг эзэгнэж асан чихэндээ сэрвээтэй загасны бүх төрөл зүйлээс өнөө бидний үед хүрсэн цорын ганц амьтан аж. Целакантыг нээсэн нь “амьд чулуужсан яс” гэх нэршлийг олон нийтэд таниулаад зогсохгүй, хуурай газрын амьтдын үүсэл, хөгжлийн талаар орчин цагийнханд их зүйл хэлж өгсөн нэн чухаг явдал болжээ.
07
Хувирсан атлаа хувираагүй
Ойролцоогоор 400 сая жилийн өмнө зарим зүйлийн загас сэрвээгээ үе мөч болгон хувиргаж, газар дээр амьдарч эхэлсэн гэдэг. Энэхүү хувьсал гүрвэл, мэлхийнээс эхлээд шувуу, баавгай хүртэлх одоогийн хуурай газар дээрх бүх л дөрвөн мөчтэй амьтан үүсэж бий болохын эхлэл болсон байна. Эрдэмтэд 2013 онд Африкийн целакантын генийн бүтцийг анх удаа нарийвчлан гаргаж, уг амьтныг хуурай газрын анхны амьтдын хамгийн ойрын төрөл болохыг тогтоожээ.
Гэхдээ энэ нь целакант шиг амьтад сая сая жил улирахад огт өөрчлөгдөөгүй гэсэн үг биш. Наад зах нь “амьд чулуужсан яснууд”-ын арга яс өөрчлөгдсөн байна. Целанкантын нуруу тус газрын сэрвээний яс гэхэд л сээр нурууны ястай нь холбоотой байснаа чихний гэдсэн дэх мөгөөрсөрхөг сэрвээ болжээ. Тэгэхээр 400 сая жилийн тэртээх целакант энэ цагийн целакантаас гадаад байдлын хувьд өөр байсан гэсэн үг. Целакант шиг харагдах байдал нь өөрчлөгдсөн ч генийн хувьд бараг хувьсаагүй амьтан бодсоноос хавьгүй олон бий.
300 сая жил амьдарч байгаа, бараг бүх амьтныг устгасан Пермийн галавын их мөхлийг хүртэл давж гарсан шанаган сам хорхой (Tadpole shrimp) целакантаас илүү эрт балрын амьтан шиг харагдана. Гоёлын даашинз шиг гялалзаж гялтганасан хуяг нь сүүл хүртэл нь сунаж тогтон, үзүүр нь антенн шиг хоёр салаа болсон гэдэс, их биеийг нь хамгаалдаг байна. Уг амьтан Хятадаас Шотланд хүртэл өргөн уудам нутагт тархжээ. Гэхдээ ийнхүү тэсэж үлдэхдээ хувьслаас ангид байсан уу гэвэл үгүй юм. Удам зүй судлаачид 2013 онд хийсэн судалгаагаараа шанаган сам хорхойг хэдэн сая жилийн явцад үлэмж хэмжээгээр өөрчлөгдсөнийг тогтоосон байна. Харин хэд хэдэн удаагийн мөхөл, гамшгаас амьд мэнд үлдсэн нь гагц нөхөн үржихүйтэй нь холбоотой байх магадлалтай гэнэ. Шанаган сам хорхой ганцаараа байхдаа ч өсөж үржих чадвартай байдаг бөгөөд энэ нь хос бэлэг эрхтнийх нь давуу тал аж. Өөрөөр хэлбэл эм бэлэг эрхтэн дотроо үрийн шингэн ялгаруулж, хэний ч туслалцаагүйгээр өндгөө үржүүлж чаддаг байна. Гермафродизм гэгддэг ийм чадварынхаа ачаар л уг амьтан сүүлчийн их мөстлөгийн дараа өсөж үржин, тив бүрт тархжээ.
Мөнхийн залуу, хувиршгүй мэт харагдавч шанаган сам хорхой одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг Английн эрдэмтэд тогтоосон байна. Сахарын цөлийн сам хорхой Европынхоос хавьгүй хурдан үрждэг нь шавар шавхай хүртэл хатаж, үгүй болдог зуны улирлаас урьтаж буй хэрэг бол Австралийн сам хорхой мөн л орчиндоо дасан зохицож, далай тэнгисийн давстай усанд амьдарч сурчээ.
Тэгэхээр амьд организм огт хувьсан өөрчлөгдөхгүй байна гэдэг боломжгүй юм. Хүмүүс бид харсан, үзсэндээ итгэдэг, юмсын хэлбэр дүрс, гадаад байдлыг ихэд чухалчилдаг “амьтан” тул шанаган сам хорхой, целакант шиг амьтдыг шуудхан балар эртнийх гэж боддог тухай Английн Халлын их сургуулийн профессор Африка Гомез ярилаа. Зарим “амьд чулуужсан яс” өмнө нь тооцоолж байсан шиг нэн эртнийх биш болохыг ч эрдэмтэд тогтоосон байна. Жишээ нь, үлэг гүрвэлийн үед хүртэл байсан гэгддэг халуун орны үрт ургамлын ДНХ-ийг судлахад ердөө 12 сая жилийн өмнө л өнөөгийн төрхөө олсон нь илэрчээ.
“Амьд чулуужсан яснууд” тэгэхээр огт хувьсдаггүй гэхээсээ биеийн онцлогоо маш удаан хадгалдаг болж таарах нь. АНУ-ын Индианагийн их сургуулийн багш, профессор Дэвид Поллигийн хэлснээр хэдэн сая жил өнгөрөхөд бараг өөрчлөгдөөгүй амьтдын олонх нь зөв цагт, зөв газраа ердөө тохиолдлоор амьд үлдэж хоцорсон азтай амьтад гэнэ. Үнэхээр ч амьдарч болох газар олдсон цагт ямар ч амьд организм тэсэж үлддэг. Тийм болоод ч амьтай бүхнийг ниргэх ямар ч гамшгаас цөөн ч болох нь ээ амьтан амьд гардаг нь байгалийн хууль.
Газар нутгийн хувьсал өөрчлөлт мөн амьд организмыг өөрчлөгдөхөд хүргэдэг. Тийнхүү орчиндоо дасан зохицож, аажимдаа ямар ч орчинд амьдрах чадвартай болсон амьтдаас жоом гэхэд л хаа ч амьд байж чаддагаараа гайхагддаг. Харин дасан зохицоход хэцүү газарт бол зөв газраа олох, нуугдах “булан”-тай байх нь юу юунаас илүү чухал гэнэ.
Энэтхэгийн далайн эрэг хөвөөгөөр амьдардаг, лингула (Lingula) хэмээх амьтан дун шиг харагддаг ч брахиопод хэмээх эртний овогт багтдаг нэг төрлийн нялцгай биет юм. Лингулагийн дээд өвөг нам болон өндөр даралтын хоорондох, түрлэгийн хүч багатай хэсэгт амьдарч байж. Пермийн галавын их мөхлийн үеэр далай тэнгис хүчилтөрөгчгүй болж, далайн амьтдын 95 хувь устаж үгүй болсон. Хуурай газрын амьтад ч гэсэн хэт халуун, хуурай орчноос болж хэдэн саяараа мөхсөн билээ. Харин эртний лингула дундын, аюулгүй бүс буюу ус тасралтгүй эргэлдэж байх, хүчилтөрөгчгүй болсон ч аминд халгүй орчинд амьдарч байв.
Ийм таатай орчноос гадна тухайн амьтны онцлог мөн амьд үлдэхэд нь нөлөөлдөг. Целакант гэхэд л муухай амттай байдаг нь өдий хүрэх нэг шалтгаан нь болжээ. Биеийг нь битүү зунгаг бүрхсэн юм шиг харагдах бөгөөд амсаж үзсэн хүмүүсийн ярих нь целакантын мах лаа зажилж байх шиг санагдаж, дараа нь дотор муухай оргиулдаг байна.
380-аад сая жилийн тэртээ үүсэж бий болсон гэх Австралийн уушгин загас (Queensland lungfish) харин хэдэн өдөр хуурай газарт амьд байж чадна. Африкийн уушгин загас (Protopterus) ч ялгаагүй бүр хэдэн сараар уснаас хол амьдарч чадах бөгөөд энэ үлэмж биет загасанд ердөө бага зэргийн чийгтэй, жаахан өт хорхойтой шаварлаг газар байхад л хангалттай. Уушгин загасны бүх төрөл балар эртний айж ширвээтэм дүр төрхтэйгөөс гадна арьс нь хар бараан, алаг саарал толботой учир тэр бүр ангуучдын анхаарлыг татдаггүй байна.
Эртний соёл иргэншилт ард түмнүүдийн дунд, тэр дундаа Африкийн олон үндэстэн ястны дунд уушгин загасны махыг гэртээ иддэггүй, уушгин загасыг өглөө, орой барьдаггүй гэсэн бичигдээгүй “хууль” одоо ч үйлчилдэг аж. Энэ мэт ёс заншил мөн эрт балрын төрхтэй амьтдыг зохих хэмжээнд хамгаалж байна.
“Амьд чулуужсан яс” гэж болох мөөг мөөгөнцөр, мод ургамал бас бий. Жишээ нь, гинкго (Ginkgo biloba) хэмээгдэх нэгэн зүйлийн мод 270-аад сая жилийн өмнө үүсэн бүрэлдсэн гэх бөгөөд өдгөө дэлхий дээр буй хамгийн эртний модны нэг юм. Энэ ургамалд орчин цагийн холын “хамаатан садан” ч үгүй. 1945 онд Хирошима хот дээр унасан цөмийн бөмбөгийн гамшгаас, тэр тундаа голомтоос нь бүрэн бүтэн үлдсэн цөөхөн амьд организмын нэг гинкго хорхой шавж, элдэв нян, мөөгөнцрөөс өөрийгөө хамгаалах нэгэн зүйлийн шингэн ялгаруулдаг байна. Хятадын эрдэмтэд үхэшгүй мөнхийн гинкгог ДНХ- ийн 10.6 тэрбум “үсэг” бүхий генийн бичээстэйг 2016 оны эхээр тогтоожээ. Гэтэл хүний генийн бичээс ердөө гурван тэрбум тэмдэгттэй билээ.
Гинкго шиг “амьдаараа чулуужсан” ургамлыг сайтар судлах нь шинжлэх ухааны хөгжилд, нэн ялангуяа анагаах ухааны салбарт амин чухал гэж судлаачид үздэг. Гинкго шиг шидэт хамгаалагчтай организмаас хожмын нэг өдөр хүний насыг уртасгах бодис ч ялгаруулж авч болох юм.
01
Хүн ч бас “амьдаараа чулуужсан яс”
Африка Гомез нарын эрдэмтдийн үзэж буйгаар “амьд чулуужсан яснууд” өвөрмөц содон, дайчин гэхээсээ азтай, амьдралд хайртай амьтад юм.
Амьдралд хайртай, амьд үлдэхийн төлөө өөрсдөө ч мэдэлгүй өөрчлөгдсөн өөр нэг “амьтан” бол хүн. Зарим мэргэжилтэн хүний хөгжлийг зогссон гэж үздэг. Тиймээс “амьд чулуужсан яс” гэх ангилалд багтаах гэдэг байна. Харин удам зүйн нарийн судалгаа, шинжилгээгээр өнгөрсөн 40 мянган жилд хүний ДНХ-ийн бүтэц өмнөх хэдэн мянган жилийнхтэй нь харьцуулахад 100 дахин илүү хурдаар өөрчлөгдсөн нь тогтоогджээ. 2015 онд хийсэн өөр нэг судалгаагаар өдгөө амьд сэрүүн байгаа бүх хүний хамгийн эртний өвөг 239 мянган жилийн тэртээ амьдарч байсан нь тогтоогдсон байна. Сүүлийн 10 мянган жилд ч хүн хурдтай өөрчлөгдсөн. Цэнхэр нүдтэй хүн бий болсон, бие махбодь нь лактоз буюу сүүний чихэр хүлээж авах чадваргүй байснаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх болсон гэхчилэн олон чухал өөрчлөлт энэ хугацаанд болжээ.
Одоогийн техник технологийн хөгжил ч хүнийг өөрчилж байгаа нь тодорхой. Бусад “амьд чулуужсан яс”-наас сургамж авахад тийн хувьсах нь ч дээр юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.