Арав.мн

Гахай жилийн бөхийн дуулианууд

Гахай жилийн бөхийн дуулианууд

Гахай жилд бөхийн ертөнцөд юу болов?


05

Допинг допинг бас дахин допинг

Ийм нэг лүд барамтай монгол бөх учраад 18 жилийн нүүр үзэж байна. Учраад юмуу илрүүлээд юмуу мэдэхгүй юм. Жил бүр л чих халууцуулам. Наймдугаар сарын ярианы сэдэв норм ч болчихов уу гэж бодмоор. Улсын түрүү бөхөөс гарчихлаа. Бид энэ талаар бодохыг хүсдэггүй л байсан болохоос нэг л нартай өдөр ийм мэдээ дуулах байсан. Үндэсний бөхийн өмнө тулгарах нэг л шалгуур даваа. Харин одоо эндээс ямар гарц, гаргалгаа байх вэ гэдгээс энэ баяр цэнгэлийн дараагийн хувь заяа шийдэгдэх бизээ.


04

Бөхгүй цагаан сар

Энэ яваа насандаа цагаан сар бөх хоёрыг ангид тэмдэглэнэ гэж зүүдэлсэнгүй. Битүүний орой бөхийн барилдаан үргэлжилж цаана нь “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Дөрвөн цаг”, “Жаахан шарга” зурагт радиогоор эгшиглэж, нөхөр тавгаа засаж, эхнэр хоол цайгаа бэлдэж суудагсан. Харин өнөө жил тийм хувь тохиосонгүй. Урд хөршөөс дэгдсэн өвчин, түүнээс улбаалж бушуухан олон нийтийг хамарсан арга хэмжээг зогсоосон төр засгийн шийдвэр цагаан сарыг бөхгүй байлгаж дөнгөлөө. Эрүүл байвал олон олон цагаан сарыг, бас цагаан сарын бөхийг үзэх бизээ.


03

Цовоо хүү Орхонбаяр

Монгол бөхийн цолыг заавал найрч авах ёстой ч биш, хэн нэгэн тэсрээд гараад ирж болно шүү гэж гайхшруулсан 21 настай хүү. Долоо хоногийн өмнө Сэлэнгэ аймагтаа хурц арслан цол хүртээд, дөрвийн оноолтод Ч.Хөхчирэнгэрийг хувааж идээд, тавын даваанд аварга арслангууд хэн ч амлалгүй тунаж алдрын замналаа начингаар нээлээ. Тохиолдлын ч начин биш гэдгээ баталж дараа нь зааланд хоёр ч том барилдаанд үзүүрлэчихсэн. Өдийд их наадам зүүдлэн хүлээж байгаа даа.


02

Хорионд орсон бөхийн өргөө

Монгол бөхийн өргөө 1998 оны сүүлээр ашиглалтад орсон. Үүнээс хойш үйл ажиллагаа тасалдсан тохиолдол үгүй явсаар 2018 оны хавартай золгов. Алдарт их эеийн дараа үймээн самуун гарч жил шахам хаалттай байж хэдэн бөх нь заал хэсэн барилдаж явлаа. Харин цаг үеийн байдал намжиж, барилдаан тогмол болж эхэлтэл дахин гайхал корона вирусын улмаас төлөвлөгөөт барилдаанууд тасарчээ. 2019 оны нэгдүгээр сараас хойш энд олон нийтийн нэг ч арга хэмжээ болоогүй байна.


01

Сошиал, сошиал бас дахин сошиал

Үндэсний бөхийн нэр хүнд өдөр хоногоор унаж байна гэж үзэх хүн бий. Үнэн ч биз. Худал ч биз. Урбан ток яригч залуусын үндэсний бөхийн талаарх яриа хэдхэн хоногт хэдэн зуун мянган хандалт авч хаа сайгүй тархсан юм. Бас бөхийн талын гашуун үнэний зах зухаас хөндсөн, нөгөө талаас бас үндэсний өв уламжлал руу дур зоргоор дайрсан үйлдэл байлаа. Тэдний ярианд үнэн ч бий, худал ч бий. Гэхдээ үндэсний бөх өөрсдийгөө монголын дараагийн үе гэж бодож яваа залуусын нэлээдийнх нь хувьд иймэрхүү өнгө төрхтэй харагдаж байна гэдгээ ухамсарлах цаг болсон болов уу.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start