Арав.мн

Цэцэрлэгт хүрээлэнд (өгүүллэг)

Цэцэрлэгт хүрээлэнд (өгүүллэг)

Гао Шинжиэнь

- Энэ хавиар зугаалаагүй их уджээ. Өөртөө зав чөлөө гаргахаа бүр больж.
- Хэн хүнгүй л тийм болж дээ. Ажлаа тараад харих гэж л яарах юм. Амьдрал гэдэг тэгээд адгаж яарах зуур л дуусах эд дэг ээ. 
- Жаахан байхдаа би эндхийн зүлгэн дээр хөрвөөх дуртай байж билээ.
- Би ч гэсэн аав, ээжтэй хамт их ирдэг байж.
- Олон хүүхэд бужигнаад л. Сайхан ч байж дээ.
- Тийм шүү.
- Ялангуяа, чамайг байхад...
- Санаж байна аа...
- Чи хоёр салаа гэзэгтэй байсан даа.
- Чи харин дандаа мөрөвчтэй өмд өмсдөг, их хэгжүүн хүүхэд байсан.
- За, чи ч гэсэн дээ... Ямар муухай шазруун, хэг ёг хийсэн охин байлаа?
- Худлаа яриад л...
- Нээрээн гэм. Чамтай шөргөөцөлдөх хүүхэд лав байгаагүй дэг. 
- Үгүй байлгүй. Лав л чамтай тоглох дуртай байснаа, бүр бөмбөг өшиглөдөг байснаа санаж байна.
- Мөн давсалж байна аа! Чи хэзээ тоглодог байсан юм бэ? Дандаа л цагаан шаахайтай байдаг, тэрийгээ халтар болгохгүй гэж нурмайсан юм л суугаад байдаг байсан даг. 
- Нээрээ, цагаан шаахай өмсөх дуртай байж билээ. 
- Гүнж шиг үү?
- Гүнж ээ ч хат.Бэлтгэлийн гуталтай гүнж байхдаа ч яах вэ дээ. 
- Тэгээд удаа ч үгүй танайхан нүүчихсэн. 
- Тэгсэн...
- Хагас, бүтэн сайнд ирдэг байснаа сүүлдээ бүр үзэгдэхээ байсан...
- Том болчихоод л тэр.
- Муу ээж минь чамд их сайн байж билээ.
- Мэднэ ээ.
- Манайх охин хүүхэдгүй болоод л тэр байх л даа.
- Бид хоёрыг хүмүүс эгч дүү хоёр шиг гэдэг байсан даа. 
- Чацуу гэдгээ мартчихаагүй биз дээ? Нарийн яривал би чамаас хоёр сараар ах шүү.
- Гэхдээ л би чамаас дөрвөн хуруу өндөр байсан биз дээ? Яг л эгч шиг чинь...
- Охид түрүүлж өсдөг болоод л тэр. За, тэр яах вэ. Өөр юм ярья.
- Юу ярих юм бэ?

Модот гудамны нарийхан зам хоёр талаар нь эгнэн ургасан агар моддын сүүдэрт сүүмийн хяргажээ. Моддын цаадах ялигүй хэвийсэн өндөрлөг дээр жижигхэн улаан цүнхтэй, богинохон даашинзтай залуу бүсгүй байгалийн чулуугаар засаж янзалсан сандал дээр сууж байгаа харагдана. 
- Хоёулаа ч гэсэн жаахан суух уу?
- Тэгье.
- Нар удахгүй жаргах нь.
- Гоё харагдаж байна шүү.
- Иймэрхүү хиймэл орчинд гэхдээ онцгүй л байна.
- Чи өөрөө цэцэрлэгт хүрээлэнд ирэх дуртай гээ биз дээ?
- Жаахан байхдаа л гэхээс над шиг уултай, устай газар олон жил амьдарсан хүнд дурлах, таашаах юм энд даанч алга даа. Би чинь хүний хөл хүрээгүй ойд долоон жил түлээчин хийсэн хүн шүү дээ.
- Амьдрах аргаа олоод л байж дээ.
- Ой ч буянтай шүү. 

Өнөөх эмэгтэй өндийж, сүлжилдсэн мэт моддын сүүдэрт бараантан хүглийх зам өөд харлаа. Хандсан зүгээс нь хэдэн залуус айсуй агаад тэдний дунд шанаа руугаа үсээ унжуулсан нэг өндөр хархүү содон харагдана. Моддын дээхнэтэй, цэцэрлэгт хүрээлэнгийн чулуун хашааны харалдаа цаахна тэнгэрийн хаяа гал улаанаар дүрэлзэж, жаргаж буй нарны нилэрхүү ягаавтар туяан дор долгилох үүлс сэмэрсхийн хөвнө.
- Нар ийм гоё жаргаж байхыг хараагүй их уджээ. Тэнгэр яг л шатаж байгаа юм шиг байх чинь.
- Түймэр шиг байна.
- Юу шиг ээ?
- Ойн түймэр шиг ээ...
- Ямар байдаг юм бэ?
- Ойд түймэр дэгдэхээр тэнгэр яг ийм болчихдог юм. Гал гэдэг чинь бүр нэг солиорчихсон аятай л хавь ойроо самарч, шатаж эхэлсэн модыг тайрч ч амжихгүй гээч. Үнэхээр аймаар шүү. Булгарсан, хугарсан мод энэ тэндээс шунгинаад ч байх шиг, холоос хэдэн саваа мод түүдэг рүү чулуудаж байгаа юм шиг л харагдана. Догширч улангассан ирвэснүүд ойгоос үсэрч гарч ирээд л гол руу үсэрнэ гээд бод доо. Тэгээд яг өөдөөс сэлнэ...
- Ирвэс чинь хүн рүү дайрдаг биз дээ?
- Тийм юм бодох ч сөхөөгүй болчихгүй юу.
- Хүмүүс тэгээд буудахгүй юу?
- Юун ирвэстэй манатай, бас л айж түгшчихсэн улс голын эрэг дээр учраа олохгүй л зогсож байна шүү дээ.
- Тэгээд түймрийг яаж дарах вэ?
- Газар авчихвал яагаад ч нэмэргүй дээ. Гол горхи ч тус болохгүй. Тэрүүхэндээ намдасхийснээ нөгөө эргийг ч хуйхалж гардаг юм. Тэгээд бүр эргэн тойрны хэдэн ли (нэг ли нь 500 метртэй тэнцэнэ. Орч.) газар утаа угаар болж, амьсгалах ч аргагүй болно доо. Салхи эргэхийг, эсвэл томхон нуур цөөрөмд тулахыг нь л хүлээхээс аргагүй. Эсвэл бүр гал авалцсан газрыг шатаж дуустал нь хүлээнэ.

Өнөөх эмэгтэй буцаад суучихлаа.Жижиг улаан цүнхээ дэргэдээ тавьжээ.  

- Өөр үзэж харсан юмнуудаа ярь л даа. 
- Өөр ч юу байх вэ дээ.
- Байгаа байлгүй дээ. Саяын яриа чинь их сонин байлаа.
- Тэр болгоныг яаж ярих вэ. Тэгээд ч утгагүй биз. Харин чиний тухай ярья.
- Миний тухай юу?
- Тийм.
- Би охинтой болсон. 
- Хэдэн настай юм бэ?
- Зургаатай.
- Чамтай адилхан уу?
- Хүмүүс адилхан л гэдэг юм.
- Жаахныхтай чинь төстэй юү? Цагаан шаахай өмсдөг үү?
- Үгүй ээ. Арьсан гутланд дуртай. Аав нь байсхийгээд л шинэ гутал авч өгдөг юм. 
- Чи азтай юм аа, сайн нөхөртэй болчихдог...
- Надад ч сайн нь сайн шүү. Гэхдээ азтай үгүйгээ мэдэхгүй л байна.
- Чи бас давгүй ажилтай гээ биз дээ?
- Үеийн хүүхнүүдтэй харьцуулахад ч муугүй л дээ. Өдөржин албан тасалгаанд сууна. Дарга нарын бичиг баримт янзална, утас авна. 
- Нарийн бичиг юм уу?
- Бичиг цаас л цэгцэлдэг юм.
- Бас ч нарийн ажил юм аа. Дарга нар чинь чамд итгэдэг байх.
- Үйлдвэрт ажиллахаас ч дээр л дээ. Чи ч гэсэн элдвийн ажил хийгээ биз дээ? Их сургуульд сурсан болохоор одоо нарийн мэргэжлийн ажил хийж байна уу?
- Тийм ээ. Хичээснийхээ үрийг ч хүртсэн шүү. 

Жаргах нарны хурц тод өнгөнүүд хэдийн үгүй болсон ч хүрэнтэн барайх тэнгэрийн хаяанд нүүгэлтэх хар үүлсийг улбар шаргал туяа эмжиж хоцорчээ. Даашинзтай бүсгүйн суугаа энгэр газрын цаадтайх төгөл бараантан, эмэгтэй толгойгоо гудайлгасан харагдана. Бүсгүй бугуйн цагаа харлаа. Тэгснээ ухасхийн босож цүнхээ аваад сандлыг тойрон холхисноо цүнхээ буцаагаад тавьчихав. Тэгээд аанай л урдах зам руу горьдонгуй харна. Хүссэнээ олж хараагүй нь илэрхий агаад эргэн тойрноо дэмий л тойруулж харснаа үүлсийн цаагуур шургасан сарыг ажин ахиад л тэрүүхэндээ эргэлдэж эхлэв. 
- Хүн хүлээгээд байгаа юм уу даа?
- Хүлээх ч муухай шүү. Одоо ч эрчүүд нь хүлээлгэдэг болж. 
- Хотын хүүхнүүд илүүдээд тэр биз.
- Харчуул ч гэсэн цөөдөөгүй л байх. Эр хүн шиг эр хүн л ховордчихож дээ. 
- Царайлаг бүсгүй байна шүү.
- Эмэгтэй нь түрүүлж дурласан бол балрах нь тэр. 
- Хүлээж байгаа хүн нь ирэх болов уу?
- Хэн мэдэх вэ. Удаан хүлээвэл ч ёстой галзуурна даа. 
- Аз болоход хүн хүлээдэг нас ард үлдэж. Чи хэн нэгнийг ингэж удаан хүлээж үзсэн үү?
- Нөхөр маань өөрөө гүйгээд ирдэг байсан юм. Харин чи хүн хүлээлгэж үзсэн үү?
- Би болзоонд хэзээ ч хоцордоггүй. 
- Найз бүсгүйтэй л биз дээ?
- Тийм л гэе дээ. 
- Тэгээд яагаад гэрлэхгүй байгаа юм бэ?
- Гэрлэж ч магад. 
- Чи сайн биш юм уу?
- Түүнийг өрөвддөг л юм.
- Өрөвдөх чинь хайр биш. Хайргүй л юм бол юунд дүр эсгэдэг юм бэ?
- Өөрийгөө л хуурч байгаа царай нь. 
- Өөрийгөө хуурна гэдэг өрөөлийг ч бас мэхэлж байгаа хэрэг. 
- Өөр юм ярья.
- Тэгж үз. 

Бүсгүй буцаад суучихжээ. Гэхдээ удалгүй бас л өндийж зам өөд харлаа. Тэнгэрийн хаяан дахь улбардуу туяаны сүүлийн зурвас гялбаа үзэгдэхтэй үгүйтэй болов. Тэр ахиад л суув. Энэ удаа хүмүүс өөрийг нь хараад байгааг мэдрэв бололтой, санаа зовсон аятай бөгтийсхийн биеэ эвхээд даашинзныхаа хормойг хэнэггүйхэн имэрч байгаа дүр үзүүлэв. 
- Өнөөх хүн нь ирэхгүй нь ээ?
- Харин л дээ.
- Ийм юм болох ч муухай шүү.
- Болох ёсгүй өчнөөн л юм болчихдог шүү дээ. 
- Тэгээд найз бүсгүй чинь хөөрхөн үү?
- Тэгж хэлэхээргүй ээ. 
- Ямар муухай юм бэ!? Хайргүй бол салаад царайлаг, хайртай хүнээ олооч.
- Царайлаг хүүхнүүд намайг тоохгүй шүү дээ.
- Яагаад?
- Би чинь ар тал муутай хүн.
- Дэмий юм яриад л...
- Ярихаа больчихъё л доо. Хоёулаа ер нь явсан нь дээр байх.
- Манайхаар очихуу?
- Охинд чинь бэлэг аваад очдог ч юм бил үү. Чамд сайн сайхныг хүсэж байгаагийн минь илрэл болог. 
- Битгий тийм юм ярь.
- Юу нь болохоо байчихав?
- Чи дандаа л хүн гомдоож байх юм. 
- Санаатай биш шүү дээ. 
- Би л чамд аз жаргал ерөөх учиртай...
- Тийм юм сонсмооргүй байна.
- Чи тэгээд жаргалтай байна уу?
- Тийм юм яриад яах вэ дээ. Энэ олон жилийн дараа чамтай уулзахад амаргүй л байлаа. Тэгэхээр гунигтай юм яриад дэмий биз.
- Тэгвэл өөр юм ярья.

Өнөөх эмэгтэй ахиад л босоод зогсчихож. Замаар айсуй нэгний яарсан алхаа дуулдана.  

- Ашгүй, ирж байх шиг байна.

Зотон даавуун үүргэвчтэй залуу хархүү алхаагаа удаашруулах ч үгүй явсаар хажуугаар нь өнгөрөхөд бүсгүй харц бурууллаа.
- Хүлээсэн хүн нь биш байж. Дандаа л ийм юм болох юм.
- Уйлаад байна уу даа?
- Хэн? 

Эмэгтэй огцом хөдөлж гараа өргөн толгойгоо барих нь нүүрээ дарж байгаа мэт харагдах ч чухам яаж байгаа нь харуй бүрийд үл үзэгдэнэ. Болжморын жиргээн бөглүүхэн дуулдах ажээ. 
- Энд одоо хүртэл шувуу байдаг юм уу?
- Ганц ойд байдаг гэж бодоогүй биз дээ?
- Болжмор сонсогдохоор нь гайхлаа.
- Ингэхэд чи айхтар их зантай болж. 
- Хэмлүүлэхгүйн тулд хэдэрлэх хэрэгтэй байдаг юм. Тэгж байж л өдий хүрлээ.
- Юунд ингэж хэгжүүрхдэг юм бэ? Зовсон нь ганц чи биш шүү дээ. Хөдөө цөлөгдөж, ажлын мал болоогүй хэн байна!? Таньж мэдэх хүнгүй газарт очсон эмэгтэйчүүдэд бүр ч хэцүү байсныг чи ер нь мэдэж байна уу? Би л гэхэд өөр сонголт байгаагүй болоод л гэрлэсэн. Нөхрийн маань эцэг эх намайг хот руу татсан юм. 
- Чамайг буруутгаагүй шүү дээ. 
- Хэн ч хэнийг ч буруутгах эрхгүй! 

Замын гэрэл асаж, саяхан л ногоорон байсан модод сүүмэн шаргал өнгөөр туяарч эхлэв. Үдшийн тэнгэр сааралтан бүүдийж, хотын дээрх одод ч амьтай үгүй нь мэдэгдэхгүй бүрэлзэх тул моддын дунд ёлтойх замын гэрэл л бүгдээс тод харагдана. 
- Хоёулаа явсан нь дээр байх.
- Угаасаа энд хэрэггүй ирж.
- Хүмүүс биднийг хос гэж андуурах вий. Нөхөр чинь мэдвэл буруугаар ойлгоно доо.
- Тэр тийм хүн биш ээ.
- Үнэхээр сайн хүн юм аа.
- Чи манайд өнжиж болно шүү дээ.
- Нөхөр чинь ямар урьсан биш.
- Би урьж байна. Ялгаагүй биш үү?
- Анхнаасаа гэрийг чинь мэддэггүй нь тусгүй юм болж л дээ. Тэгсэн бол юу гэж ажил дээр чинь очиж чамайг сураглах вэ. Шуудхан гэрт чинь давхиад орохгүй юу.
- Битгий дэмий юм ярь.
- За за. Хоёулаа одоо хэн хэндээ үг хаяад яах вэ.
- Чи л өөрөө дэмий юм яриад байж... 
- Өөр юм ярья.
- Тэгье. 

Тэртээх төгөлд харанхуй татаж, хүлээгч эмэгтэй харагдахаа болив. Тэр хавиас гагцхүү цагаан улиангарын ногоон навчис л гудамны гэрэлд хааяахан гялтганаж үзэгдэнэ. Үл мэдэг сэвэлзэх салхинд чичигнэх навчис торго шиг намирах ажээ.
- Тэр яваагүй л байна уу? 
- Яваагүй ээ. Мод түшчихсэн зогсож байх шиг байна.

Хоосон сандлаас хэдхэн алхмын цаадтайх том модыг хэн нэгэн түшсэн харагдана. 
- Яаж байгаа юм бол?
- Уйлж байх шиг байна.
- Юундаа уйлдаг байна аа?
- Юу?
- Ирэхгүй байгаа хүний араас уйлаад яах вэ дээ. Өөртөө сайн хүн олоод л авна биз. Зүгээр явбал таарна.
- Найдвар байгаа болоод л хүлээсэн байж таараа.
- Амьдралд юу эс тохиолдох вэ. Учир нь олдож л таарна. 
- Битгий мэдэмхийрээд бай! Эмэгтэй хүнд ямар байдгийг чи яаж мэдэх юм бэ?Эрчүүд гэж ам нээхээрээ л хүн гомдоож байдаг улс. Эмэгтэй хүн гэдэг чинь дандаа л дорой буурай байдаг юм.
- Тийм л юм бол хүчтэй болох гээд хичээхэд болохгүй нь юу байна?
- Их цэцэрхэж байх шив.
- Санаа зовох юм бишгүй байхад заавал эрж хайхын хэрэг юу вэ? Бүх юмыг зүгээр л байгаагаар нь хүлээж авч болдоггүй юм уу?
- Харин ч байх ёстойгоороо байж болдоггүй юм өчнөөн байна. 
- Би зүгээр л хүмүүсийг хэрэгтэй юмаа хийсэн нь дээр гэж байна.
- Утгагүй юм.
- За за, явья. Чамайг оройн хоолонд оруулъя.
- Юм идмээргүй байна аа. Өөр юм ярья л даа.
- Юу ярих юм бэ?
- Өөрийнхөө тухай яриач.
- Хойч үеийнхнийхээ тухай ярья. Охиныг чинь хэн гэдэг вэ?
- Би уг нь хүүтэй болохыг хүссэн юм.
- Ялгаа юу байна?
- Ялгаатай. Эрэгтэй хүүхэд том болоод охид шиг зовохгүй.
- Бид өмнөөс нь зовлонгий нь үүрчихсэн болохоор ирээдүйн хүмүүс зовохгүй ээ. 
- Тэр уйлаад байна. 

Навчис сэрчигнэх дуун дундаас аяархан мэгшээн сонсогдоно. Яах аргагүй өнөөх чулуун сандал, хөгшин модны зүгээс ажээ.
- Очиж аргадах уу?
- Хэрэггүй биз.
- Яах вэ дээ...
- Чи очихгүй юу.
- Ийм үед эмэгтэй хүн л очвол зүгээр юмсан.
- Тайтгаруулах хүн хэрэггүй биз дээ.
- Ойлгохгүй юм.
- Чи хэзээ л юм ойлгож байлаа...
- Ойлгоод яах юм бэ? Ойлгогдоод ирэхээрээ л зовлон болно. 
- Тэгээд ойлгохгүй байж бусдыг аргадаж яах юм бэ? Өөрийгөө л тайтгаруулбал барав...
- Юу гэсэн үг юм бэ?
- Бусдад ямар байдгийг чи мэддэггүй шүү дээ. Мэдэж, мэдрэх нь зовлонтой юм бол ойлгох гэж хичээх нь ч илүү зан.
- Явья.
- Тэгээд манайд очихгүй юм уу?
- Шаардлагагүй биз.
- Тэгвэл ингээд л баяртай шив дээ. Уг нь чамайг маргааш оройн хоолонд урья гэж бодсон юмсан. Нөхөр маань ч гэртээ байна байх.
- Очихгүй байсан нь дээр биз.Тийм үү?
- Өөрөө л мэд. 

Эмэгтэйн уйлах дуу харанхуйд бүр ч ойртох шиг болов. Үдшийн сэвшээнд үл мэдэг чичигнэх навчсын чимээ түүний тасалданги дуутай зэрэгцэнэ. 
- Гэрлэхээрээ би чамд захиа бичнэ ээ.
- Хэрэггүй дээ.
- Ахиад ажлаар ирж таарвал танайхаар дайрч ч магад.
- Тэр ч бүр дэмий биз.
- Дэмий юм болжээ дээ?
- Юу?
- Чамтай уулздаг нь ер нь дэмий болж.
- Ирсэн чинь буруу биш л дээ...
- Одоо хэн хэнийгээ буруутгаад яах вэ. Цаг үе маань л буруутай. Гээд бүх юм ард үлдсэн. Мартаж сурдаг л байх даа.
- Бүгдийг мартана гэж хаа байх вэ...
- Цагийн эрхээр болно биз дээ.
- Чи л тэгэх байх.
- Би чамайг автобусанд суулгаад өгье.

Тэд явахаар өндийв. Сааралтан дүнхийх хөгшин модны дэргэдэх чулуун сандлын хавиас эмэгтэй хүний дуугүйхэн мэгших нь бүдэг бадагхан дуулдана. Гэвч эмэгтэй огт харагдахааргүй болжээ. 

- Хоёулаа түүнийг харь гэсэн нь дээр байх. 

Цагаан улиангарын нялх ногоон навчис замын гэрэлд гялтганан, торгоны өөдөс адил дэрвэсээр үлдэв ээ.


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
'Гоё зохиол болжээ'
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start