Лао Шө
(1899-1966)
Жинхэнэ нэр нь Шү Цинчунь. Реалист, шог хошин зохиолуудаараа алдаршсан манж гаралтай тэрээр 1917 онд Багшийн их сургууль дүүргэж, улмаар 1924-1929 онд Английн их дээд сургуулиудад хятад хэл бичиг зааж байжээ. Эрхэм Жаны үзэл бодол гэх анхны бүтээлээ 1926 онд хэвлүүлсэн бол хамгийн алдартай Тэмээн Сянз романаа 1936 онд уншигчдад хүргэсэн байна. 1938 онд байгуулсан Хятадын утга зохиолын ажилчдын Японыг эсэргүүцэх холбоонд тэргүүлэх албан тушаал хашиж байгаад улмаар Сан Францискод амьдран сууж, 1949 онд БНХАУ-д эргэн иржээ. Америкт аж төрөх ахуйдаа Нэгэн гэр бүлийн дөрвөн үе, Үлгэрчид романаа бичив. 1966 онд хүү Шүгийнх нь батлан гэрчилснээр хамтран ажиллагсдаа өмөөрөн улаан хамгаалагчдыг эсэргүүцсэн тул үхтлээ зодуулж, маргааш өглөө нь түүний цогцсыг Тайпин нуураас олсон гэдэг. Хавирган сар хэмээх энэхүү алдарт өгүүллэгээ тэрээр 1935 онд бичжээ.
Хавирган сар
1
Алтан шаргал хавирган сар өөдөөс хүйтнээр мэлтийнэ. Өнөө мандсан лугаа адил ийм л сарыг би хэдий олон удаа үзсэн юм бэ? Хавирган сар харагдах бүрийдээ хорвоогийн эрээн барааныг эргэн сануулна. Хөхөмдөг үүлсийн цаагуур аялах шинэ сар хаа холын дурсамж дурдатгал сэдрээх нь үдшийн сэвшээнд цоморлигоо дэлгэх улаахан цэцгийг урин залмуй.
2
Хавирган сарыг анх харахад хүйт даасансан. Цайвар шаргал туяа цацруулах шинэ сарыг анх удаа энэлэн шаналах ахуйдаа нулимстай нүдээр ширтсэн юмдаг. Тэгэхэд би дөнгөж долоотой, хөвөнтэй хүрэм, ээжийн нэхсэн жижигхэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа одоо ч мартдаггүй. Хаалга налан хавирган сарыг ширтсэнсэн. Тамхины утаа, тангийн хурц үнэр, ээжийн минь нулимс, аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж. Өөд харан үүдэнд зогсохуйд хэн ч намайг дуудсангүй, хооллож ундалсангүй. Аавын өвчин сэдэрсэн л гэж дуулдаж билээ. Тэр мөчист өлсөж ундаасан даарч хөрөөд өр өвтгөм гашуун ганцаардлыг мэдэрсэн юмдаг. Сар тэнгэрээр аялсаар далд ороход ганцаар үлдсэндээ нулимс дуслуулавч ээжийн цурхирах дуун шөнийн аниргүйг зүсэн цуурайтна. Аав амьсгал хураасанд цав цагаан даавуугаар нүүрийг нь бүтээжээ. Тэр даавууг хуу татаж аавыгаа ахин хармаар болов ч яагаад ч юм бэ зүрхэлсэнгүй. Умгархан оромж маань жигтэйхэн давчуу тул надад суух газар олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж, хөвөнтэй хүрмэн дээгүүр минь ханцуйг нь захалж оёогүй цагаан цамц өмсгөлөө. Захлаагүй ханцуйнаас унжсан утсыг тасалж байснаа би сайн санадаг. Эргэн тойрныхон уйлж унжих ч тэгтлээ гашуудах хэрэг байсан юм гэж үү? Аавыг дөрвөн хавтангаар хийсэн хайрцагт хийх л ажил үлдсэн байлаа. Дараа нь тав зургаан хүн мөнөөх хайрцгийг мөрөн дээрээ бөгтрүүлэн явахад ээж бид хоёр уйлсаар дагалдав. Аав, түүнийг хийсэн хайрцаг өдгөө ч нүднээ тодхон. Сүүлчийн удаа ч болов аавыгаа хараагүйдээ харамсах юм. Хотын хана хэрмийн цаахна хөдөөлүүлсэн аавын минь шарил хөрст дэлхийд унасан бороон дусал мэл шингэн ул мөргүй болжээ.
3
Ээж бид хоёр гашуудлаа тайлаагүй байхад би мөнөөх хавирган сарыг ахин олж харсан юмдаг. Өвөр суйлсан салхитай өвлийн гойд жихүүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очлоо. Тэгэхдээ уугиулахаар зэхсэн боодол поиз* барьж явлаа. Ээж маань жигтэйхэн сайхан ааштай, хөл өвдлөө гэмэгц өргөөд хотын хэрмийн ёзоор түшсэн газраас шарсан туулайн бөөр авч өгсөнсөн. Халуун амттаныг барихад гар бүлээцэх тул идэхэд хайран. Бид хоёр их л удаан алхсан шиг санагддаг. Аавыг хөдөөлүүлэхэд ийм хол яваагүй дээ. Хоёулхнаа явсан тул зам хол санагдсан байж мэднэ. Энэ зуур ээж бид хоёр ер дуугарсангүй. Урд минь тэртээ алсад замхран одох утаа униартай зам л чив чимээгүйхэн дүнсийнэ.
Өдөр хоног хэдийн богиносчээ. Баруунтаад сүндэрлэх шаргал уулын бэлд аавыгаа нутаглуулж билээ. Ээж аавын шарил дээр тэрийн унаад мэгшин уйлахад би туулайн бөөрөөрөө тоглож суусансан. Ээжийг уйлахад аавыгаа санасан ч нулимс гарсангүй. Гэхдээ л ээжийгээ өрөвдсөндөө мэлмэрүүллээ.
- Ээж ээ, битгий уйлаач дээ гэсээр гараас нь татахад намайг чанга гэгч нь тэврээд цурхируулав.
Төдөлгүй нар жаргаж, хоёул харанхуй орчинд үлдэхэд ээж юунаас ч юм бэ гэнэтхэн айсан янзтай нулимсаа залгиад намайг хөтөлсөөр гэдрэг эргэн гэрээдээ алхлаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад би ч дагаад эргэв. Гэсэн ч үрчлээт уулын энгэр бэлээр эгнэн ярайсан олон булшны дундаас аавынх анзаарагдах нь үгүй. Ээж санаа алдав. Ийнхүү алхсаар хотын хэрмэнд хүрэхэд түнэр тэнгэрт хавирган сар мандлаа. Чимээ аниргүй харанхуйд гагцхүү шинэ сар л хүйтэн гэрлээ газарт юүлмүй. Гүйсээр, алхсаар хөл цуцсанд ээж намайг тэвэрлээ. Хоёул яаж хариснаа мэдэхгүй ч харанхуй тэнгэрт мандсан хавирган сар л санаанаас огт гардаггүй.
*Сүмд уугиулдаг цаасан мөнгө
4
Найм хүрээд би данжаадын пүүст эд юмсаа барьцаалж чаддаг боллоо. Тэгэхэд багахан ч атугай мөнгөтэй эргэж ирэхгүй бол хоолгүй хононо гэдгээ ойлгосон байв. Ээж арга мухардсан үедээ л эдлэл хэрэглэлээ данжаадын пүүст тавина. Боодолтой юм өгч байвал манайх ширхэг ч будаагүй болжээ гэсэн үг. Нэг удаа толио тавихаар гарав. Ээж өдөр бүр толинд хардаг ч үүнээс өөр зүйл үнэндээ үлдээгүй байлаа. Хаврын урь орсон тул бид хоёр дулаан хувцсаа ч данжаадын пүүст тавьсан юм. Толио хагалчихалгүй болгоомжтой авч явах учиртайг мэдэх ч пүүс хаалгаа эрт барьдаг учраас гүйх нь холгүй яаран алхлаа. Пүүсийн хашааны том улаан дааман, өндөр лангуунаас жигтэйхэн сүрддэгсэн. Дөхөөд очиход зүрх дэлсэх нь холгүй ч өндөр босгоор нь давахаас өөр замгүй. Чингээд өлмий дээрээ зогсож байгаад “Үүнийг тавих гэсэн юм” гэж хэлээд, мөнгө, баримтаа аваад хурдхан харих учиртай. Гэтэл тэр өдөр толийг маань авсангүй, өөр юм аваад ир гэсэнд толио тэврээд гэрээдээ харайлгав. Ээж намайг гар хоосон эргэж ирэхийг хараад бөмбөртөл уйлсансан.
Манайх багагүй хогшилтой шиг санагдавч ээждээ юм хайхад нь хамжихдаа юу ч үгүй хоцорсноо ухаарлаа. “Ээж ээ, хоёулаа юу идэх вэ?” гэж асуухад ээж минь нулимсаа дуслуулсаар мөнгөн хатгуураа өгч билээ. Ээж энэ хатгуурыг үснээсээ хэдэнтээ сугалж байсан ч барьцаанд тавьсангүй. Эмээгийн өгсөн хуримын бэлэг болохоор арга ч үгүй биз. Хатгуураа тавиад ир гэмэгц нь гарч гүйсэн боловч пүүс хэдийн хаалгаа барьжээ. Довжоон дээр нь суусан ч орь дуу тавин уйлж зүрхэлсэнгүй. Дээш харвал хавирган сар гялтайх аж. Уйлж суутал ээж минь хүрээд ирлээ. Ингээд гараас минь хөтлөхөд халуун дулаан илчээр төөнөж, хамаг зовлонгоо умартаад сэтгэл цадах шиг. “Ээж ээ, хоёулаа харьж унтъя. Маргааш эрт ирье” гэхэд ээж хариулсангүй. “Ээж ээ, энэ сарыг хараач. Аавыг өнгөрөхөд бас хавирган сартай байсан. Хавирган сар ямар учраас хажуулдсан байдаг юм бэ?” гэж шулганан асуусан ч ээж дуугарсангүй, гар нь чичирхийлсэн төдий.
5
Тэр үед ээж минь өдөржин хүний хувцас угаадаг байлаа. Би тусламаар байвч яахаа мэдэхгүй, дэмий л сэрүүн хүлээж суудагсан. Хавирган сар харанхуйг үл мэдэгхэн гийгүүлэвч ээж бусдын хир даг болсон оймс гутлыг цэвэрлэсээр сууна. Чингээд хоолоо ч идэлгүй хэвтээд өгнө. Дэргэд нь суугаад тэнгэр өөд ширтэхэд хаа нэг сарьсан багваахай мөнгөн утсаар татуулж буй мэт нисээд өнгөрнө. Ээжийгээ өрөвдөх тусам энэ хавирган сар сэтгэл татахыг яалтай. Шинэ сарыг ширтэн суухад сэтгэл хөнгөрөх ажээ. Зуны халуунд зузаан мөсөнд хучигдсан мэт энэ л сар сэрүү татуулж, юмсын сүүдэр бүдгэрэн арилаад, од мичид анивчин, цэцэгс анхилахад би дуртай байлаа. Цэцэг навч алагласан хөршийн цэцэрлэгт ургах өндөр хуайсын цав цагаан цэцэгс салхи сэрчигнэх бүрийд цас шиг будардагсан.
6
Ээж үргэлж угаалга хийсээр гар нь хагарсан юмдаг. Хааяадаа би ээжээр нуруугаа маажуулах ч тэртээ тэргүй сунаж унатлаа ажиллаж байгааг нь мэдэх хойно ийнхүү эрхлэх нь ч цөөрсөн дөө. Ээж шивэртэй оймс угаагаад хоол идэх хүсэлгүй болчихно. Заримдаа бодолд дарагдан суух нь элбэг ч юун тухай ингэтлээ санааширдгийг би мэдэхгүй явлаа.
7
Ээж түүнийг “Аав аа” гэж дуудаарай гэж ятгаснаар би гэдэг хүн хойт эцэгтэй болов. Төрсөн аав минь хэдийн өнгөрсөн тул энэ хүн миний хувьд хойт эцэг билээ. Хойт эцгийн талаар ярихдаа ээж буруу харан нулимсаа залгиад “Охиноо өлбөрүүлэлтэй биш” гэсэнсэн. Ийм л учраас ээж минь тэр хүнтэй нийлсэн юм. Би тэр үед юмны учир мэдэхгүй жигтэйхэн аймхай амьтан байсан боловч өлсөж ундаасахгүй нь гэж бодоод битүүхэндээ баярлав. Өчүүхэн муу оромжоосоо нүүхэд тэнгэрт аанай л хавирган сар гялтайж байлаа. Навсархай ч гэсэн төрж өссөн гэрээсээ холдоно гэхэд айдас хургаастай. Ээж минь хуримын улаан жуузанд суухад хэд хэдэн хөгжимчин бөмбөр нүдэж, бүрээ үлээсээр хөдөлвөл нэг хүн намайг хөтлөөд явлаа. Жууз тэрэг урагшлахын хэрээр хүйтэн салхинд хавирган сар ёлтойно. Гудамж талбай эзгүйрсэнд хаа нэг золбин нохой л тааралдана. Жууз маш хурдан алсран одоход ээжийг хаашаа авч яваа юм бол гэх бодол зурсхийсэнсэн. Оршуулгын газар руу авч явах нь энэ үү? Намайг хөтөлсөн эр шавдуулахад уйлмаар боловч зүрх хүрсэнгүй. Тэр эрийн бахь шиг хатуу, мөс шиг хүйтэн гарт базуулан “Ээж ээ” гэж хашгирахыг хүсэвч дуу гарсангүй. Энэ мөчид хавирган сар бүсгүй хүний зургар хөмсөг мэт үзэгдээд, жууз тэрэг хавчиг гудмаар явж орлоо.
8
Үүнээс хойш гурав дөрвөн жилийн турш би хавирган сарыг олж харсангүй. Хойт эцэг маань бидэнд муугүй ханддаг байлаа. Тэднийх хоёр өрөөтэй, нэг өрөөнд нь ээж тэр хоёр, нөгөөд нь би унтана. Эхэндээ ээжийнхээ өвөрт унтахыг хүссэн ч хэд хоноод өрөөндөө унтах дуртай болов. Өрөөний минь цасан цагаан хана туурга, сандал ширээ бүхэн ганцхан надад зориулсан мэт. Зузаан хөнжлөө нөмрөөд хэвтэхэд хэдий дулаахан. Ээж минь ч махлаад царай нь улаа бутарч, эвэршсэн гар нь зөөлрөв. Данжаадын пүүс рүү явах шаардлагагүй болсны зэрэгцээ хойт эцэг маань намайг сургуульд орууллаа. Гэхдээ л хүн чанар сайтай, хааяадаа надтай тоглох түүнийг би “Аав аа” гэж дотночлон дуудсангүй. Тэр ч намайг ойлгодог байсан биз. Тоглоом шоглоом хийж инээд алдахдаа нүдэнд дулаахан үзэгдэхийг яана. Ээж түүнийг “Аав аа” гэж дуудаач хэмээн ятгахад зөрүүдлэх хэрэггүй гэдгээ ойлгож л байлаа. Бид хоёрыг хоол ундтай залгуулсан хүнд талархаж явах нь зүйн хэрэг буй заа... Тэр хэдэн жил хөмсгөн сарыг тогтоож ажсанаа би ер санадаггүй. Магадгүй зэрвэсхэн хараад өнгөрснөө мартсан ч юм бил үү, хэн мэдлээ? Гэлээ ч аавыг өөд болсон тэр тунгалаг сарны хаш ногоон өнгөтэй хүйтэн туяа санаанд аанай л уяатай.
9
Би сургуульдаа дуртай байлаа. Сургууль маань хэдий цэцэггүй ч балчирхан миний хувьд цэцэг алагласан сайхан орчин лугаа адил төсөөлөгддөгсөн. Аавынхаа газрыг санахад сэвэлзүүр салхинд сүүмэн гэрлээ цацраах хавирган сар санаанд буудагтай л ижил сургуулиа бодоход юун түрүүнд цэцэг навч тодорно. Ээж минь цэцгэнд дуртай ч худалдаж авах боломжгүй байсан даа. Хаа нэг бэлгэнд авбал үсэндээ хатгачихна. Заримдаа намайг ганц хоёр цэцэг авчрахад аанай л үсэндээ хатгаад зовлон гунигаа умартан хэдэн насаар залуужина. Тэрүүхэн мөчид ээж бид хоёр ихээ жаргалтай сууна даа. Би сургуульдаа дуртай байсан учраас санах тоолонд цэцэг бодогддог ч юм бил үү? Бүү мэд.
10
Бага сургуулиа дүүргэх учиртай тэр жил ээж намайг ахиад данжаадын пүүс рүү явууллаа. Хойт эцэг маань ямар учраас гэнэтхэн яваад өгснийг би мэдсэнгүй. Ээж ч хаа одсоныг нь мэдээгүй бололтой, намайг сургуульд явуулсаар, түүнийг хүлээсээр суув. Гэсэн ч тэр эргэж ирсэнгүй. Захиа занаа ч бичсэнгүй. Хөөрхий ээж минь ахиад л шивэртэй оймс угааж үйлээ үзэх нь гэж бодоход сэтгэл хөндүүрлэвч ээж маань үсэндээ цэцэг хатгасаар тайван амгалан байчихуй. Гайхалтай юм шүү! Хойт эцгийг сураггүй болоход ээж уйлсангүй, харин ч эсрэгээр инээж явлаа. Үүний учрыг би олоогүй юмдаг. Хичээлээ тарж ирэхэд ээж хашааныхаа үүдэнд угтах нь элбэг. Энэ мэт хэсэг хугацаа өнгөрч, нэгэнтээ үл таних эр “Энэ дугтуйг ээждээ өгөөрэй” гэсээр намайг дуудаж, “Миний дүү харин хэдийг авдаг вэ?” гэж асуухад би улсхийгээд доош харсансан. Ээж минь арга мухардсандаа ийм замаар оржээ. Ээжтэйгээ ярилцахыг хүсэвч үг гарахгүй. Өөрөө бичиг үсэггүйн дээр ганц охиндоо амиа тавих тул “Миний охин сайн л сураарай” гэхээс өөрийг хэлэх биш дээ ямар.
Намайг гэсэндээ чингэсэн гэх зүрх цочроом бодол минь тун удалгүй батлагдахад ижийгээ буруушааж чадсангүй. Чанга тэврээд “Ахиж битгий ингээрэй” гэж хэлмээр байвч ер яах билээ? Тусалж чадахгүйдээ хий л өөрийгөө зүхэж, сургуулиа төгсөөд яах вэ гэсэн бодолд автаад, хаа нэг найз охидтойгоо сэм шивнэлдэхээс цаашгүй. Өнгөрсөн жил сургуулиа төгссөн хэд хэдэн бүсгүй аль нэг айлын бага эхнэр болсон бол нэлээн хэд нь биеэ үнэлэх болжээ. Тухайн үед биеэ үнэлэх гэдгийн утгыг мэдэхгүй явсан ч олигтой зүйл ерөөс биш болохыг гадарлав. Манай ангийн охидын хувьд энэ тухай сайн мэддэг бололтой, булан тохойд нүүрээ улайлган шивэр авир хийн зогсох нь энүүхэнд. Сургуулиа төгмөгц ээж намайг яах бол... гэж бодохоос дотор арзасхийгээд харихаас ч эмээх шиг. Ээж хааяадаа амттан ав гэж хэдэн зоос өгдөг ч би үрдэггүй байлаа. Бусдын амттанг хараад шүлс асгаран, биеийн тамирын хичээл дээр өлссөндөө муурч унах нь холгүй зогсовч мөнгөө хэмнэх ёстой гэж санаад идэх юм авч чадахгүй. Нэг маогаас их мөнгөтэй болмогцоо зугтмаар санагддагсан. Гунигт бодол ийнхүү хөврөхөд гэгээн өдрөөр ч хавирган сарыг хараачлан тайвширч тайтгарахыг хүсэмжилнэ. Шөнийн тэнгэрт мандсан шинэ сар хүйтэн анхилгаа аясын салхинд зүг чиггүй түгээсээр тэртээ дээр бөртийн үзэгдэнэ...
11
Яваандаа ээждээ хорсох болсон нь юу юунаас илүү гачлантай аж. Хорсол бухимдал төрөх бүрийд аавынхаа газар руу явснаа санахад нулимс бүрхээд ирнэ. Гэлээ ч бас ээжийгээ гэхийн аргагүй. Зүрх минь хавирган сар шиг нэгэн эгшинд гялтганаад эргээд түнэр харанхуйд автана. Манайд эрчүүд ирэх нь элбэгшсэнд ээж надаас цэрвэхээ болилоо. Тэд хэлээ унжуулан шүлсээ асгаруулах нохой адил шүлэнгэтсэн харцаар намайг ширтэнэ. Тэдний хувьд би амттай зууш төдий. Энэхэн хугацаанд би мөн ч ихийг ойлгож билээ. Энэ биеэ эрдэнэ мэт гамнах учиртайгаа ч мэдэж билээ. Эрчүүдийн харцыг булаах болсондоо эвгүйрхэх ч үнэндээ тэдэнд таалагдахыг хүсч байгаагаа мэдрээд өөрөөсөө ч айх шиг. Өөрийгөө нандигнан хайрлаж чадах ч зөнд нь орхих зүрхтэйгээ мэдрэв. Энэ мэдрэмжээ даравч учраа олохгүй эргэлзэнэ. Ээжийгээ халамжилж, сэтгэлээ уудлан ярилцахыг хүсэвч өөрийгөө авч үлдэхийн тулд гэрээсээ дайжихаас өөр зам байсангүй. Тиймдээ ч ээждээ хорсож гутарч явлаа. Нойр хулжсан шөнөөр элдвийг эргэцүүлэн хэвтэхдээ ээж минь буруугүй гэж ухаарна. Амь зуух гэсэндээ ийн явааг нь бодоход хоол хоолойгоор давахгүй торж, зүрх савлан, зуурхан намжаад исгэрэх салхи лугаа адил түг түгхийн дэлсэнэ. Тайвширъя гэвч тааллаар болсонгүй.
12
Ээж бид хоёрын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд ээж “Яадаг билээ?” гээд намайг өөрт нь хайртай л бол туслах хэрэгтэй гэж билээ. Ээжээс ийм үг дуулна чинээ санаагүй ч энэ өдөр ирсэн юм. “Ээжийнх нь нас явж байна. Эр хүн залуу хүнийг л гэнэ” хэмээхэд үнэндээ ч сүүлийн үед энгэсэг түрхээд түрхээд үрчлээ нь мэдэгдэх болсныг би анзаарч, нэг л эрийн хүслийг гүйцэлдүүлэхээс цаашгүй болсноо ч ойлгуулав. Гандаж гундахаасаа өмнө цаг хожих хэрэгтэй гэх ээж минь тэр үед мантуу зардаг эрд ихэд таалагджээ. Миний хувьд нас бие гүйцсэн тул ээжийгээ дагалгүй, бие даах учиртай болов. Чадалтайсан бол ээжийгээ хүнд өгөлгүй тэжээж тэтгэхсэн гэвч түүний замаар мөнгө олно гэж санахад айдас төрнө. Би ер юу мэдэх билээ? Итгэлээ алдсан эмэгтэй шиг мөнгө олж чадахсан бил үү? Ээж минь хэдий хатуу сэтгэлтэй ч мөнгө олно гэдэг амаргүй хэрэг. Ээж намайг хүчилсэнгүй, туслах эсэхээ өөрөө мэд гэж хэлэхдээ уйлж унжсангүй. Нулимс нь ширгээ биз ээ. Ийм байхад би яалтай ч билээ?
13
Буй байдлаа дөч эргэм насны, сэтгэл сайтай махлаг эмэгтэй болох сургуулийн захиралдаа учирлан өгүүлэв. Үнэндээ надад өөр арга байсангүй. Захирал эмэгтэйтэй үүнээс өмнө энэ мэт дотночлон ярилцаж байгаагүй тул амнаас гарсан үг болгон халуун чинжүү шиг хайрч, ээрч түгдэрсээр эгцлэн харахад тэрээр надад туслая гэвэй. Мөнгө өгч чадахгүй ч өдөртөө хоёр удаа хооллож, сургуулийн үйлчлэгчтэй хамт суухыг зөвшөөрөв. Сайхан бичиж сурсан хойно бичээчийн туслахаар авна гэж амлахад ямартаа ч орох оронтой, оочих аягатай болоод ээждээ тээр болохгүй гэж бодохуйд жаал уужирлаа. Ээж энэ удаа хуримын улаан жуузанд суусангүй, хүн тэрэгч хөлслөөд харанхуйд далд орж билээ. Хөнжил гудсыг минь үлдээгээд явахдаа хэдий нулимсаа залгивч дотроо бол цусаар уйлж байсан биз ээ. Газар дээрх ганц охиноо ийнхүү орхиод явж буй хүн өөр яах билээ. Харин миний хувьд цурхиртал уйлж байсансан. Охин нь төдийгүй анд найз, түшиг тулгуур нь болсон би гэдэг хүн ээждээ тусалж чадсангүй. Аяга хоолны төлөө золбин нохой мэт амь биеэ үнэлж явсан ээжийгээ, өөрийгөө бодоход хүн гэдэг амьтан идэхийн төлөө л төрсөн юм гэж үү хэмээн гайхширдагсан. Аажимдаа ээждээ хорсохоо больж, түүнийг ойлгосон юм. Ээж минь огтхон ч буруугүй. Амь зуух гэсэндээ ийм алхам хийснийг ч ухаарав. Ээжээсээ холдон, гомдол гутралаа умартахад тэнгэрт хавирган сар мандсангүй, түнэр харанхуй ноёлох аж. Ээж минь харанхуйд уусан алдрав. Амьсгал хураалаа гэхэд аавынхаа дэргэд оршуулж чадахгүй л болов уу. Альхан газарт шингэснийг нь ч мэдэхгүй л өнгөрөх буй заа. Энэ хорвоод ээжээсээ өөр хань түшиггүй байсан би ийнхүү орь ганцаар үлдэх нь тэр ээ.
14
Ээжээсээ холдоод хавар эртийн цэцэг цан хөмрөгт цохиулан хөлддөг шиг сэтгэл хахирган боллоо. Хүнээр тэжээлгэж буй хүн зүгээр суултай нь биш, захирал эмэгтэйн бичээч болохын тулд уран бичлэгээр хичээнгүйлэн оролдож эхлэв. Бусдын хоол хүнс, хувцас хунарыг хэлэлцэх ангийнхнаасаа хөндийрсөөр сүүдрээсээ өөр ханьгүй болж, ганцаардал гээчид автлаа. Тэр үест намайг гэх хүн даанч байсангүй. Өөрөө өөрийгөө хайрлаж, урамшуулж, зэмлэхийн сацуу огт мэдэхгүй зан чанартайгаа олж мэдэхэд айх гайхах зэрэгцэн хааяадаа барьж алдах нь бишгүй. Энэ биеэ энхрийхэн цэцэг мэт санаад өнөө маргаашаа бодохоос биш өнө хождыг эргэцүүлж явсангүй. Хоног хугацааг ч умартан, хоолондоо ор гэхэд л үд болж, орой болж гэж сэхээрнэ. Тэгэхэд миний хувьд ирэх, итгэл найдвар гэж байсангүй. Ижийгээ бодоход хэдийн том болсноо ухаарна. Үе тэнгийнхэн лугаа адил улирлын амралт, урин дулаан цаг, шинэ жилийг тэсч ядан хүлээх нь үгүй. Баяр наадам боллоо гээд надад юуны хамаа? Өсч том болохын хэрээр зовлон шаналал нэмэгдэнэ гэдгээ мэдэрч, өнгө зүс орохын хэрээр өөртөө багахан ч атугай баярлаж явлаа. Гэсэн ч баяр жаргал минь удаан үргэлжлэхгүй, төдхөн гомдол гутралаар солигдож, улмаар гашуун харуусал төрнө. Зүс сайтай ч зутруухан байдлаа санахад ээж минь эрхгүй бодогдоно. Үүнээс л би хамгийн ихээр айдагсан.
15
Хавирган сарыг би харалгүй их уджээ. Харахыг хүсэвч яагаад ч юм бэ нэг л эмээнэ. Сургуулиа дүүргэсэн ч тэндээ амьдарсаар байлаа. Оройдоо эр, эм хоёр хөгшин л надтай цуг үлдэнэ. Тэд сургуулиа дүүргэсэн ч багш, эс бөгөөс үйлчлэгч болоогүй надад яаж хандахаа мэдэхгүй. Оройдоо сургуулийн хашаанд гарч алхахдаа шинэ сар мандсан бол харцаа буруулан өрөөндөө явж ороод уй гуниг бүхнээ түүнд л юүлнэ. Салхи савиртай шөнө сарны тухай эргэцүүлсээр хэвтэхэд сэвшээ салхи сүүмэн гэрлийг нь над дээр асгаж, өнгөрснийг сөхөн, өнөөдрийн уйтай орчныг сануулна. Сарны гэрэлд саатан нисэх сарьсан багваахай лугаа адил ганцаардаж ганихарсан сэтгэлд минь өчүүхэн ч итгэл найдвар үлдсэнгүй. Гэлээ ч би усан нүдэлж уйлж унжсангүй, хөмсгөө л зангидна.
16
Удалгүй охидын оймс бээлийхэн оёж нэхээд ойр зуурын мөнгөтэй золголоо. Захирал эмэгтэй надад ийм ажил хийхийг зөвшөөрсөн ч сургуулийн охид нэхэж чаддаг тул миний нэхсэнийг авах нь ховор. Нэхэж амжаагүй үедээ л алдаг оног авна. Сэтгэл сэргээд, ээж минь яваагүйсэн бол тэжээчих л байж гэх бодол үе үе зурсхийх ч олсон хэдээ тооцоод үнэндээ хаанаа ч хүрэхгүйг ойлгодогсон. Гэхдээ л тэр үе уярал хайр, баяр жаргал бэлэглэж байж дээ. Ээжтэйгээ уулзахыг туйлгүй ихээр хүсч, уулзаад хамт амьдарвал яаж ийгээд болох л байх гэж төсөөлөвч эргээд л гансарна. Ээжийгээ санахын хэрээр үе үе зүүдэлдэгсэн. Нэгэнтээ сургуулийн охидтой хотын зах руу зугаалж орой таван цагийн алдад гэдрэг эргэсэн юмдаг. Зам товчилж яваад ээжийгээ олоод харчихлаа. Давчуу гудамжны буланд мантуу зардаг лангууны үүдэнд шонд модоор хийсэн томоо мантуу босгожээ. Лангууны тэрүүхэнд цааш харан бөхийгөөд хөөрөг дарах ээжийгээ холоос таньж, гүйж очоод тэвэрмээр санагдавч хамт яваа охидоос ичсэндээ биеэ барив. Ийм ээжтэй гэж мэдвэл тэд намайг шоолох нь гарцаагүй. Лангуунд дөхөхийн хэрээр би газар ширтэж, нулимстай нүдээрээ зэрвэсхэн хараад өнгөрөхөд ээж ер анзаарсангүй. Хэдүүл дэргэдүүр нь алхахад ээж хөөргөө дарсаар суув. Жаахан холдоод эргэж харвал ээжийн үс нүүр рүү нь унжаад аанай л хөөргөө дарсаар аж. Тэр гудмын нэрийг би тогтоож авлаа.
17
Зүрхийг минь өт мэрэх шиг тавгүйрхэж, ээжтэйгээ уулзахаас нааш санаа амарсангүй. Тэр үед сургуулийн захирал солигдсон тул хуучин захирал маань шинэ захирал надад хэрхэн хандахыг мэдэхгүйн учир алсдаа яахаа бодсон нь дээр гэж хэллээ. Байгаа мөнгөө тоолбол хоёр юань долоон мао хэдхэн задгай зоостой юмсанжээ. Хэдэн өдөр гол зогоох ч хаана хоргодох билээ? Гуниж суугаад нэмэргүй учраас яах ийхээ бодлоо. Юун түрүүнд ээжтэйгээ л уулзах ёстой гэж санасан ч ээж минь намайг өөр дээрээ авч чадах уу, чадахгүй бол яах билээ гэх бодол зурсхийж, уулзлаа гэхэд нөхөр нь дургүйцвэл зовоохын л нэмэр гэж эргэцүүлээд, ядуу зүдүүгийн хар гайгаар ээжээсээ холдсон ч төвөг удалгүй биеэ даах нь чухал гэж шийдлээ. Үйлээ үүрээд явахаас өөр яалтай. Энэ хорвоод очих газар бийсэн үү надад? Энэрч хайрлах хүн олдохсон болов уу гэж гансрахад даанч уйтай. Нохой гахай ч болов надаас хавьгүй жаргалтай болой. Амьтад хаа тааралдсан газраа гудамд унтаж хэвтэж болох ч хүн тэгж үл болно. Ухаан санаатай хүн болж төрсөн миний хувьд энэ амьдрал минь нохойныхоос долоон дор бололтой. Сургуульдаа үлдвэл шинэ захирал яах ч билээ? Хөөлгөж туулгахыг хүссэнгүй. Хаврын сар гарсан ч сэтгэл жихүүн, нялх найлзуур дэлгэрч анхилгаа түгээх ч дотор жиндэнэ. Ув улаан цэцэгс, нов ногоон навчис өнгө алаглан нүд булаах ч будаг нь хууларсан энэ орчлонгийн уг царай нь цухуйх шиг. Хавар цаг цаанаа л зэврүүн, хайлган сэтгэлийг минь хахирган болгоно. Уйлахыг үл хүсэвч урсах нулимсаа барьж дийлсэнгүй.
18
Би ажил хайж эхлэв. Ээжийгээ эрж хайсангүй, өөрийгөө аваад явчих санаатай олон ч газрын үүдийг онголзуулсан боловч нулимсаа дуслуулсаар эргэж ирдэг байлаа. Амиа зогоох ажил олдохгүй зовохдоо л ээжийгээ ойлгож уучлав. Ээж минь оймс гутал цэвэрлэдэг байсан ч надад тийм ажил ч олдсонгүй. Тэгэхээр өөрийн биеэ үл хайрлан үнэлсэн түүнийг буруутгаж болно гэж үү? Сургуульд заасан зан суртахуун, заавал мэдэх учиртай тэр л зүйлс амьдралд хэрэг болсонгүй. Гэдэс цатгалан, мөр бүтэн хүнд л өгөөжөө өгдөг бололтой. Ангийнхан маань ээжийг биеэ үнэлж байсныг ер гадарлахгүй тул тийм эмэгтэйг цаг үргэлж элдвээр хэлэн доог тохуу хийнэ. цатгалан хүмүүс тэгэхээс ч өөр яах вэ. Иймдээ ч өл залгуулах хүн таарвал өөрийгөө харамгүй зориулна гэж шийдлээ. Ээж чадсан байхад би чадаж л таарна. Хааяадаа амьд явмааргүй санагдавч амьдралд татагдсаар байв. Тийм ээ, би амьдрахыг хүсч байлаа. Зүс сайтай залуухан хүн амьдрах л учиртай.
19
Ингэж бодоод ажилтай болчих шиг санагдлаа. Хавирган сартай хаврын тэр шөнө би тэнгэр ширтэн гадуур алхлав. Шинэхэн сарны сүүмэн гэрэл уд моддыг гийгүүлж, сэвшээ салхи навчсыг сэрчигнүүлэн буй бүхнийг цочоон сэрээхэд цэцэгсийн үнэр зүг чиггүй анхилж, ханан дээр туссан сүүдэр чичирхийлнэ. Хавирган сарны доохонтой, уд моддын дээхэнтэй инээвхийлж буй сахиусан тэнгэрийн нүд лугаа адил хоёр од онцгойрон туяарах агаад энэ нүд орчныг таашаан ширтэж буй гэлтэй. Хашаанд ургасан цагаан цэцэгтэй мод сүүмэн гэрэлд тал биеэрээ цасанд дарагдсан мэт үзэгдэнэ. Энэхэн мөчид “Энэ хавирган сар л итгэл хүслийг минь гүйцээх биз ээ” гэсэн бодол шурган орж ирлээ.
20
Чингээд сургуулийн захирлын гэрт очвол тэрээр эзгүй байсанд аятайхан байрын эелдэг залуу намайг дотогш орууллаа. Би ер эр хүнээс эмээж явдаг ч түүнд итгэж болохоор санагдав. Хэрэг зоригийг минь асуугаад өөдөөс инээмсэглэхэд өр зүрх хайлан урсах шиг л болсонсон. Өөрийнхөө тухай илэн далангуй өгүүлэхэд сэтгэл нь багагүй хөдөлж, яадаг ч байсан туслахаар тогтлоо. Чингээд тэр оройдоо хоёр юань авчирч өгсөнд би авахаас татгалзсан ч сургуулийн захирал авга эгч нь өгүүлсэн гээд надад байр олсон, маргааш ч болтугай нүүгээд орж болно гэж дамжуулсан хэмээв. Би түүнд хэдий эргэлзсэн ч дуугүй өнгөрсөн юмдаг. Үг хэлбэл эелдэг дөлгөөн зантай энэ залууг гомдооно гэж эмээсэнсэн.
21
Мишээсэн уруул нүүрэнд минь хүрэхэд тэнгэрт хавирган сар үзэгдэх ажээ. Хаврын салхи толгой манаруулан, хөнгөн үүлсийг ярахад хавирган сар, хаа нэг анивалзах од мичид тодрон харагдана. Урсгал ус руу унжин ургасан уд моддын навчис үл ялиг сэрчигнэж, гэрэлт цох хайрын дуу аялахуйд зэгсний үнэр ханхийнэ. Зэгсийг тэтгэн тэжээх усны хоржигноог сонсон хэвтэхэд түүн лугаа адил тэнгэр өөд тэмүүлэх хүсэл төрөх болой. Чийгтэй хөрсөн дээр хаврын нялх найлзуур дэлгэрч, амьд бүхэн урин дулаан уур амьсгалыг биедээ шингээн амилаад анхилгаа аясын салхиар түгээх ажээ. Өвс ногоо мэт буй бүхнийг умартан цээж дүүрэн амьсгалахад өөрийгөө ч мартаад, хаврын урьхан салхи, хавирган сарны бүдэгхэн туяанд уусан алдарна. Гэтэл гэнэтхэн тэнгэр бүрхэх тэрүүхэн зуур сэхээ авбал амьдралын халуун дулаан илч дээрээс хүчлэн дарна. Хавирган сар үгүй болохтой зэрэгцээд ээжийнхээ араас ийнхүү орлоо.
22
Болсон бүхэнд гэмшин харуусч өөрийгөө тайтгаруулахад уйлах, инээх зэрэгцэн уймарна. Болдогсон бол эндээс зугтаад түүнтэй ахиж уулзмааргүй байвч санан гансарсаар. Хоёр өрөөндөө би ганцаараа суух агаад тэр орой бүр ирдэг байлаа. Эелдэг дөлгөөн зантай тэрээр намайг хооллож ундлахын зэрэгцээ хэд хэдэн даашинз авч өгсөн юмдаг. Шинэ даашинзаа өмсөхөд царай орох тул дургүй ч хүрэх шиг. Гэлээ гээд өмсөхгүй хаяна гэхэд хайран. Элдвийн бодол ээрүүлэхийг үл хүсэх миний оюун санааг тэр л ховсдсон гэлтэй. Хацар үргэлж халуу дүүгнэ. Гоёж гоодохыг эс тоовч цаг нөгцөөхийн эрхэнд толинд харан сууна. Гоодоход сэтгэл сэргэвч гоёод харвал өөрийгөө зүхмээр. Сав л хийвэл урсчих гээд байдаг нулимсаа залгивч нүд чийгтэй хэвээр. Хааяадаа галзуу мэт өөдөөс нь тэмүүлэн үнсэх ч даруй түлхэж хаяад хэдэрлэнэ. Гэтэл өнөөх минь аанай л инээмсэглэсээр байх ажгуу.
23
Хүсэл мөрөөдлөө хэдийн алдсан миний хувьд хавирган сарыг хэзээ мөдгүй үүл бүрхэн авахын адил ирээдүй хожид минь ч бүдэг бадаг болой. Хаврын улирал зунаар солигдоход хамаг бүхнийг ухаарах шиг. Нэгэнтээ үдийн алдад бүсгүй хүн ирдэг юм байна. Тэр бүсгүй шаазан хүүхэлдэй шиг л эмзэгхэн, үзэсгэлэнтэй харагдсансан. Өрөөнд минь орж ирээд цурхиртал уйлсанд би үг дуугүй ойлгов. Эмэгтэй хэл ам хэрүүл уруул хийхийг хүссэнгүй. Би ч ам муруйхыг бодсонгүй. Эелдэг даруу байрын тэр бүсгүй уйлсаар гараас минь атгаж “Тэр бид хоёрыг хоёуланг нь хуурчээ” гэхийг дуулаад надтай л ижил нууцхан амраг нь юм болов уу гэж санатал үгүй аж. Энэ бүсгүй болбоос эхнэр нь юмсанжээ. “Түүнийг орхи” гэхээс өөрийг хэлээгүй тэр бүсгүйг би эрхбиш өрөвдөж билээ. Ахиж уулзахгүй гэж ам гарахад ялимгүй инээмсэглээд явсансан. Миний тухай, бид хоёрын тухай мэдэхийг огтхон ч хүсээгүй мөнөөх бүсгүй нөхрийнхөө төлөө л ирсэн нь энэ.
24
Ам гарах амархан ч би гэдэг хүн яалтай? Гудмаар бэдэн явахад гутарч гундсандаа бэлэглэсэн бүгдийг нь эргүүлж өгөөд даруйхан холдох хэрэгтэйгээ сэхээрэв. Тэгвэл надад юу үлдэх вэ? Хаачих вэ? гэсэн бодол эргэлдэж, бор ходоодоо борлуулахын тулд ядаж л хувцас хунартай байх нь зүйтэй гэж санаад бэлэглэсэн даашинзыг нь өгч чадсангүй. Хөлсөлсөн байрнаас нь сэмхэн нүүсэн ч харуусах сэтгэл төрсөнгүй. Хөвөн өнгөрөх үүл мэт хөлгүй болсон шиг ганхана. Чингээд бяцхан өрөө олж хөлслөөд өдөржин нойр авлаа.
25
Багаасаа дутуу гуцуу өссөний учир би мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Хэдхэн зоостой байсан тул ажил хайхаар гарлаа. Гэхдээ л ээжийнхээ замаар орохыг хүссэнгүй. Хоёр жилийн дотор хэрсүүжиж хэрэндээ л наадах цаатахыг ойлгохтойгоо болсон ч ажил олоход бэрх аж. Уйгагүй эрэвч үнэндээ олдохгүй байсанд сэтгэл шулуудав. Эмэгтэй хүний хувьд бие даан амьдарна гэдэг амаргүй санжээ. Үүнээс өөр зам үгүй гэж ээжийн хэлсэн нь үнэн бололтой. Хэдий эсэргүүцэвч хэзээ мөдгүй хальтирна гэдгээ мэдэж байлаа. Итгэл мөхөх тусам айдас эзэлнэ. Сэтгэл минь шинэхэн сарны туяа лугаа адил сарнин замхарна. Нэг долоо хоног, хоёр долоо хоног өнгөрөхөд итгэл сэтгэлээ бага багаар гээсээр хэдэн бүсгүйн хамт зөөгч авна гэсэн жижигхэн уушийн газарт хүрч очлоо. Уушийн газар жижиг ч эзэн нь харин том ажээ. Зүс царай тэгш, сургууль соёл төгссөн бид хэдийн хувьд эзний сонголт ёстой л хааны хайр энэрэлтэй эн дүйх авай. Тэгж тэгж тэрээр намайг онцолсонд би хэдий баярлавч талархаж тал алдсангүй. Бусад маань надад атаархаж байсан нь лав. Зарим нэг нь нулимсаа цэлэлзүүлэн явж одоход зарим нь харааж зүхэхийг үзвээс эм хүн гэдэг яасан ч дорд ороо вэ гэж эрхгүй бодсонсон.
26
Би тэр уушийн газрын хоёр дугаартай зөөгч болов. Ширээ засч, аяга таваг хурааж чадахгүй, тооцоо гаргаж мэдэхгүйн дээр идээ ундааны нэр төрлийг сайтар ялгахгүй миний хувьд баахан гэрэвшивч нэг дугаартай зөөгч маань надтай л ижилхэн тул санаа зоволтгүй гээд энэ бүхнийг Сяошунь хариуцах агаад бидний хувьд зочдод цай аягалж, алчуур бариад, тооцоог нь хүргэж өгөх л үүрэгтэй гэлээ. Хачирхалтай л юм. Нэг дугаартай зөөгч ханцуйгаа хойш нь шуусан байх агаад цагаан хормогч нь ямар ч тос толбогүй байхын зэрэгцээ бугалгандаа “Дүү минь, чи надад таалагдаж байна” гэсэн бичигтэй цагаан торгон алчуур уяжээ. Өглөөнөөс орой болтол оо энгэсэг түрхэж суух түүний уруул нь час улаан болой. Үйлчлүүлэгчийн тамхийг асааж гал дөхүүлэхдээ хөлөнд нь өвдгөөрөө хүрч, дарс хундагалмагцаа өөрөө балгаад өгөх нь энүүхэнд. Зарим үйлчлүүлэгчид онцгой дотно хандах тэрээр заримыг нь бол ер хараагүй мэт аашилна. Би түүний үйлчлээгүй хүмүүст үйлчилдэг байлаа. Эр хүнээс эмээж явдаг миний тухайд учирсан цорын ганц тэр нэгнээс бага сага юм сурч авсан юм. Ямартаа ч эрчүүдээс холхон л явсан нь дээр. Ялангуяа уушийн газраар орж гарах дуртай эрчүүд уян зөөлөн мэт загнаж, урьтаж тооцоо хийхээр тэмүүлээд, хуруу тааж мөрийтэй тоглохын зэрэгцээ дарс ууж, тансаг идээ ундаа зооглон, сав л хийвэл хэрүүл өддөг тул зайтайхан байсан нь өлзийтэй. Цай барьж, алчуур өгөхдөө миний нүүр жигтэйхэн улалзах тул харцаа буруулдагсан. Үйлчлүүлэгчид яриа өдөж хөгжөөхийг хүсэвч надад инээх сөхөө байсангүй. Есөн цаг болоход жигтэйхэн ядарсан амьтан умгархан өрөөндөө ирээд бүхлээрээ хэвтээд үүр цайтал унтана. Сэрээд ямартаа ч ажил төрөлтэй болсондоо баярлаж, хоцрохгүй гэсэндээ эртлэн гарна.
27
Нэг дугаартай зөөгч надаас хоёр цагийн дараа арван цагт л ирнэ. Энд ороод удсан гэсэндээ баахан ихэрхүү байдалтай ч цагаахан бололтой “Эрт ирэх хэрэггүй ээ. Найман цагт уушийн газарт ордог хүн байхгүй. Уруу царайлаад юу хийнэ? Урин дулаахан харцаар үйлчлүүлэгчээ угтах хэрэгтэй: Унжийсан амьтан хүн цайны мөнгө өгөх үү? Айн? Үнэгүй ажиллах гэж ирсэн биш ямар. Наад зах чинь дэндүү жижигхэн юм. Зөөгч бидний зах том, босоо байхаас гадна торгон алчууртай байх хэрэгтэй, үйлчлүүлэгчдэд таалагддаг юм” гээд сургамжилна. Түүний зөв л дөө. Инээхгүй урвайгаад байвал цайны мөнгөө эн тэнцүүхэн хувааж авдаг тул орлого нь ч муудна. Надаас ялгаагүй амьдрах гэж ядаж яваа түүний үгийг би сонсдог байлаа. Эмэгтэй хүн үүнээс өөр яаж мөнгө олох билээ гэж бодовч түүнийг дуурайхыг хүссэнгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт тэртээ тэргүй нүүрэмгий болохоос хойш өөрийгөө хүчлээд яах вэ гэж санасансан. Гэлээ ч гарах гарцгүй ацан шалаанд орсон цагтаа л тэр замаар орно. Бүсгүй хүний хувьд хэзээ нэгэн цагт бусдад нүүрэмгий хандах үе ирж л таарна гэж эргэцүүлэхэд унтуу төрөвч хувь заяандаа эзэн суух тавилангүй эмс хүүхнүүд өөрөөр яалтай гэх бодол шүд зуухад хүргэнэ. Энэ мэт гурав хоноход эзэн хоёр өдрийн дараа туршилтын хугацаа дуусах учраас үлдэхийг хүсвэл нэг дугаартай зөөгчөөс дутахгүй байх учиртай гэж анхааруулсанд мөнөөх бүсгүй “Хүн амьтан чамайг сонирхоод байхад юундаа нуугддаг байна аа? Хэнээс ичдэг юм бэ? Банкны захиралтай суусан зөөгч хүртэл бий. Бид чамд ер саад хийхгүй. Хүн л болж төрснийх унаа тэрэг унах л хэрэгтэй” гэсэнд уур хүрч тэсэлгүй “Тэгээд яаж унаа тэрэг унах юм бэ дээ?” гэж ёозгүйхэн асуувал будагтай уруулаа мушийлгаад “Хэдэрлээд байх хэрэггүй ээ. Шулуухан хэлэхэд чи ямар онгон охин биш. Юундаа ичдэг юм бэ?” хэмээхэд тэсгэл алдан нэг юань таван маогаа аваад харихаар гарлаа.
28
Намайг отон байсан тэр л сүүдэр улам бүр ойртон дөхсөөр. Нуугдаж зугтах тусам ойртоод байх шиг. Ажилгүй болсондоо адгаж харамсаагүй ч өнөөх л сүүдрээс эмээгээстэй. Хэн нэгэн эртэй дотносож болно л доо. Урьдын харилцаанаас эр, эмийн талаар ойр зуурын мэдлэгтэй болж хоцорсон шүү дээ. Ер нь эм хүний тухайд нүүр л өгвөл эр хүн боломжийг алддаггүй. Бүсгүй хүний бие хаад шунан дурлах тэдгээр эрс шохоорхол нь буураагүй цагт тэжээгээд л байна. Ингээд удвал гар хүрч, хэрүүл уруул хийгээд хөөж мэднэ. Эм хүн ингэж л өөрийгөө үнэлж эхэлдэг. Заримдаа энэ нь таатай. Тиймдээ ч сайхан үг урсгана. Гэхдээ л тэр үе асар богино. Улмаар өвдөн шаналах нь гаслантай. Нэг л эрд бие сэтгэлээ зориулваас наалинхай үгсээр булж болох ч бүгдэд энэ мэт хандвал бүлээн сэтгэл хөрж мөстөнө. Ээж минь энэ тухай ярьж байсангүй. Гэлээ ч нэг дугаартай зөөгчийн үгээр явамгүй. Зоригловол нэг л эрд өөрийгөө зориулмаар. Анх удаа хүнтэй дотносохдоо ч өөрийгөө үнэлье гэж бодоогүй минь үнэн. Хорь хүрээгүй надад хайрлаж дурлахад яарах юун. Эхэндээ ч сонирхолтой л байлаа. Дараа нь хоёулхнаа үлдэхэд хаврын салхийг сөрөх шиг л өөрийгөө нээсэнд тэр ч алдалгүй ашигласан. Бал бурам шиг үгэнд нь хууртаж, бие сэтгэлээ умартавч сэхээ аваад зүүдэлж мөрөөдсөнөө ухаарна. Хоол унд хувцас хунараар л өөрийн биеэ үнэлжээ. Ахиж энэ мэт явахыг үл хүсэвч амьдрахын тулд идэж уух л хэрэгтэй. Идэж уухын тулд мөнгө олох шаардлагатай. Харин мөнгө олохын тулд бүсгүй хүн биеэ үнэлэхээс өөр яах ч билээ.
Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй ажилгүй суув.
29
Ангийнхаа хэдэн охинтой уулзвал зарим нь коллежид сурдаг, зарим нь гэртээ суудаг аж. Гэсэн ч би тэдэнд атаархсангүй, ганц хоёр үг солиод л илүү хэрсүүжсэнээ мэдэв. Сургуульд байхдаа сурглагаар тэдний хаана нь ч хүрэхгүй байсан би өдгөө хавьгүй ухаан суужээ. Ангийн охид маань зүүд нойрондоо итгэсэн хэвээр, хувцас хунар, гоёл чимэглэлээ л гайхуулж, зүс сайтай залууст нүд унагацгаахыг үзээд инээд хүрэх шиг. Гэдэс цатгалан хүмүүс аливаад гэгэлгэн сэтгэлээр хандаж, хайр дурлалаас өөрийг боддоггүй нь арга ч үгүй биз. Эр, эм хүмүүс хэн хэндээ тор нэхэж түүгээрээ урхидна. Мөнгө ихтэй нь томхон шиг тортой, хэд хэдэн загас бариад яаралгүй шилж сонгоно. Орох оронгүй, оочих аягагүй болсон миний хувьд тор хаялгүй барьж, эс бөгөөс торойж үлдэх л гарц үлджээ. Найзуудтайгаа харьцуулахад би ихийг ойлгож, туршлага суужээ.
30
Нэгэнтээ шаазан хүүхэлдэй шиг өнөөх эмэгтэйтэй таардаг юм байна. Тэрээр танил дотно хүнээ харсан мэт учиргүй баярлаад гараас минь атган “Чи сайн бүсгүй. Ёстой сайн бүсгүй. Түүнийг орхи гэж хэлэхэд чи үг дуугүй яваад өгсөн. Гэтэл тэр эргэх нь байтугай илүү хөөрхөн өөр нэгнийг олоод яваад өгсөн” гэсээр нулимсаа дуслууллаа. Хэн хэндээ дурлаж дэр нэгтгэсэн ч эр нөхөр нь ийнхүү хаяад явсан ч эмэгтэй түүнийг хайрласаар хүлээсээр байх аж. Хайр дурлалын халуун илчинд итгэж яваа энэ эмэгтэйг би өрөвдөж байлаа. “Одоо тэгээд яадаг билээ?” гэж асуухад “Ямартаа ч эрж олъё” хэмээсэнд “Олдохгүй бол яана даа?” гэхэд уруулаа хазаад доош харлаа. Ёсолж авсан эхнэр хүн эр нөхөр, эцэг эхээсээ хамааралтай байдаг гэж билээ. Түүгээр барахгүй сул чөлөөтэй надад битүүхэн атаархдаг хэмээсэнд инээх гайхах зэрэгцэв. Сул чөлөөтэй байгаад нэмэртэйсэн үү? Тэр орох оронтой бол надад эрх чөлөөнөөс өөр юу ч алга. Түүнд эрх чөлөө үгүй бол надад идэх юм алга. Эмэгтэй хүний тавилан гэж эмгэнэлтэй ч юм даа.
31
Шаазан хүүхэлдэй шиг тэр эмэгтэйтэй таараад би хэн нэгэн эрд өөрийгөө худалдахыг хүссэнгүй. Эрчүүдтэй сээтэгнэж мөнгө олохоор шийдлээ. Өлөн зэлмэн тэгээд ч ганц бие хүнийг ингэлээ гээд зэмлэх хүн үгүй. Эрчүүдтэй сээтэгнэсэн баймааж нь гэдэс цатгалан явна. Гэдэс цатгалан баймааж нь эрчүүдтэй сээтэгнэж чадна. Энэхүү тойргийн хаанаас нь эхэлсэн надад хамаагүй билээ. Сургуулийн найзууд, шаазан хүүхэлдэй ч надаас ялгаагүй боловч тэдний хувьд амьдрал зүүд зэрэглээтэй л төстэй. Харин миний хувьд ходоодондоо захирагдан хоёр гараа хөдөлгөхөөс өөр замгүй болжээ. Байгаа бүхнээ зараад шинэ даашинз авлаа. Зүс сайтай учир зоригтойхон алхам хийсэн нь энэ.
32
Сээтэн хаяж хэд гурван зоостой болъё гэж бодсон ч талаар өнгөрлөө. Амьдрал гэдгийг даанч мэдэхгүй явж дээ. Эр хүн гэдэг хүссэн үедээ гогдоод авчих амархан олз биш аж. Эрдэм боловсролтой нэгнийг урхидаж, нэг хоёр үнсүүлээд салчихна гэж бодсон ч эрчүүд наанадаж хөхнөөс базахыг хүснэ. Кинонд урьж, эсвэл гадуур зугаалахдаа мөхөөлдсөөр л дайлахын учир ходоод хоосон харьдагсан. Боловсролтой гэх эрчүүд ямар сургууль төгссөн, гэр бүлийнхэн маань юу хийдгийг л сонирхоно. Ер нь үнсүүллээ гэхэд ихдээ л мөхөөлдөс авахаа ч мэдээд таашаал л өгөхгүй бол хоосон хонохоо ч ухаарав. Биеэ үнэлэхээр шийдсэн л бол мөнгөө элдвийн бодолгүй авах хэрэгтэй. Шаазан хүүхэлдэйн хувьд үүнийг хэзээ ч ухаарахгүй шүү дээ.Ээжийгээ одоо л ойлгох шиг. Ингэж бодоход түүнийг улам санагалзах мэт.
33
Зарим эмэгтэй сээтэн хаяад хоногийн хоолоо олж дөнгөдөг бол миний тухайд ёстой л горидолтгүй аж. Иймээс ч биеэ үнэлж эхэллээ. Байрны маань эзэн үүнийг мэдээд намайг гар гэсэнд би салах ёс ч хийлгүй нүүсэн дээ. Чингээд аргагүйн эрхэнд хойд эцгийн хоёр өрөө байшинд эргэж очлоо. Хөршүүд маань хүний хэрэгт хошуу дүрдэггүй үнэнч шударга улс тул надад төвөг удсангүй. Хэсэгтээ л дажгүй аж төрж суулаа. Манайхаар боловсролтой эрчүүд ч орж гардагсан. Бид худалдагч, худалдан авагчийн л харилцаатай учраас тэдний хувьд нэр нүүрээ алдана гэхээс ер эмээхгүй. Эхэндээ хорь хүрээгүй биеэ үнэлсэндээ нэлээн санаа зовж ичингүйрч явсан ч хэд хоноод тэр тухай бодохоо болив. Би банз шиг гөлийж хэвтэлгүй, өвөрт орсон эрээ уруул, гараараа энхрийлэхэд тэд жигтэйхэн дуртай байхын зэрэгцээ шинэ үйлчлүүлэгч олж өгнө.
Энэчлэн хэдэн сарыг үдэхэд туршлага сууж, тулсан хүнээ нэг хараад л мэдэрдэг болов. Чинээлэг эрчүүдийн тухайд намайг худалдаж авч буйгаа тодотгохын тулд ам нээмэгцээ үнэ хөлс асууна. Хартай сэртэй тул худалдаж авсан эмэгтэйгээ ганцаар эзэмдэхийг хүснэ. Ийм эрчүүдтэй би ер ёсорхохгүй, элдвийн зан гаргавал гэрийнх нь хаягийг мэдээд эхнэрт нь алтан хошуу өргөнө гэж хэлмэгц эрхгүй дарагдана. Энд ч ёстой сургуульд сурсны хэрэг гарсан гэж хэлж болно. Боловсролтой байх нь ашигтайг би тэгэхэд л мэдэрсэн. Харин зарим эрэгтэй байдаг мөнгөө атгаад л ирнэ дээ. Илүү мөнгө төлчих вий гэхээс үхтлээ эмээх эдгээр эртэй сайтар тохиролцож, үйлчилгээнийхээ үнэ цэнийг өгүүлэхэд мөнгө нь дутвал эргээд явах нь хөгжилтэй гэмээр. Гэхдээ багахан мөнгө төлөөд наанадаж хагас хайрцаг янжуур, эс бөгөөс үнэртэй ус салгаад явах санаатай сувдаг эрчүүдэд хамгийн дургүй байлаа. Ийм эрчүүдтэй ёсорхоод байвал гэмгүй ч нэг л гэнэдвэл цагдаа сэргийлэх дуудаж мэднэ. Тиймээс ч тэднээс эмээсэндээ хэл амаа татаж явдагсан. Цагдаагийнхны тухайд хүн бүрт бэлэг сэлт өгөхгүй бол горьгүй. Араатны хорвоод атгаг санаатай хүмүүс л амьд үлддэг аж. Халаасандаа хэдхэн мөнгөн зоостой, хамрынх нь хөлс нь бурзайх ахлах ангийхан бүр ч өрөвдмөөр. Иймдээ ч тэдэнд тал өгч явлаа. Би өөр яах билээ? Тэднээс гадна ач зээгээ үзсэн настан буурлууд ирнэ. Яаж баярлуулахаа мэдэхгүй ч насныхаа бөгсөнд түр ч атугай жаргал амсах гэсэн тэд багагүй мөнгөтэй учраас би хүссэнээр нь аашилна. Мөнгө, хүн хоёрыг би ингэж л таньсан. Мөнгө хүнээс аюултай, хүн угтаа араатан бол мөнгө түүний хүч чадлыг илэрхийлэх болой.
34
Өвчтэй болсноо мэдээд гутарч, ингэж амьд явснаас үхсэн нь шулуун гэж бодоод дэмий л гудамжаар алхдаг боллоо. Ээжтэйгээ уулзвал аргадах болов уу гэж горьдоно. Ёстой л хоногоо тоолж буй хүн шиг хэсэгтээ гөлийв. Ээжийнхээ амьдардаг гудмаар орлоо. Ээж минь энүүхэнд хөөрөг дарж суусансан. Гэтэл лангуу нь хаалттай байх агаад хаашаа нүүснийг нь хэн ч мэдэхгүй аж. Юу ч болсон ээжийгээ олох л хэрэгтэй гэж шийдээд энд тэндгүй явсан ч сургийг нь гаргаж чадсангүй. Нас барсан юм болов уу, аль эсвэл хаа хол өөр хот руу нүүсэн ч юм билүү гэж бодоход нулимс асгарна. Даашинзаа өмсөж уруулынхаа будгийг арилгаад үхлээ хүлээн орон дээр хэвтлээ. Хоол ундгүй хэвтээд байхад мөдхөн амьсгал хураах биз гэж санасан ч хүслээр болсонгүй. Хаалга цохисонд давхийн цочлоо. Хүсээд байвал намайг эдэлж болно, өвчнийг минь ч хуваалцаж болно гэх бодол зурсхийхэд өчүүхэн ч гэмшсэнгүй. Өвчин туссандаа би буруутай юм гэж үү? Иймээс ч баяр хөөрөөр халгиж, үе үе янжуур татан, дарс шимэх болсноор овор сууж, гуч дөчтэй гэж эндүүрмээр болов. Нүд хонхойж хөхрөөд, гарын алга халж, дэн дун л явна. Энэ хорвоод мөнгөтэй хүн л сайхан амьдрах аж. Амьдрахын тулд гэдэс цатгалан байх учиртай. Тэгсэн цагт бусдын тухай бодох боломжтой. Тиймдээ ч сайтар хооллож эхэллээ. Амттай хоолноос ер хэн татгалзах билээ? Сайн хоол унд, үнэтэй хувцас хунар авахад амьдрал багахан ч атугай өнгөтэй өөдтэй болох юмсанжээ.
35
Нэгэнтээ бага үдийн арван нэгэн цагийн алдад өрөөндөө урт халаттай сууж байхуйд хашаанд хөлийн чимээ гардаг юм байна. Арван цагт сэрээд арванхоёр гэхэд л даашинзаа өмсдөг болсон би сүүлийн үед залхуурах шинжтэй болоод байлаа. Хүсэл ч үгүй, бодол ч үгүй болсон миний хувьд хаа нэгтээг гөлрөн хэдэн цагаар ч хамаагүй сууна. Хөлийн чимээ наашилсаар үүдэнд ойртож, хаалганы завсраар хэн нэгэн хараад өнгөрлөө. Босохоос залхуу хүрэх тул суусан хэвээр байсанд хаалган завсраар ахиад л харж байна. Тэгмэгц босоод үүдээ нээвэл ээж минь зогсож байх нь тэр!
36
Хэн хэнээ тэврээд хичнээн их уйлав. Ээж минь толиотой л үзэгдэнэ. Мантууны наймаачин эр түүнд юу ч хэлэлгүй сохор зоос ч үгүй үлдээгээд хуучин эхнэртэйгээ нийлсэнд ээж жаал жуул юмаа зараад хотын зах руу нүүсэн юмсанж. Чингээд хориод хоног хайсны эцэст үүгээр дайрсан нь энэ. Би л “Ээж ээ” гээд орь дуу тавьсаар тэврээгүйсэн бол намайг танихгүй өнгөрөх байж! Нулимсаа арчаад галзуурсан мэт тас тас хийтэл инээлээ. Охиноо эрж эрж олтол миний байж байгаа царай! Цагтаа намайг тэжээхийн тулд ээж минь биеэ үнэлсэн бол өдгөө би түүнийг асрахын тулд энэ биеэ зарах учиртай аж. Эх нь бөөр алаг бол хүү нь шийр алаг гэж юутай үнэн!
37
Ээж минь намайг аргадах болов уу гэж горьдож байлаа. Үг хэдий хоосон ч ээжээрээ аргадуулахыг ихэд хүссэнсэн. Эх хүн худлаа хэлээд ч болов үрээ аргадахад үр нь болсон бид тайвширч тайтгардаг шүү дээ. Гэлээ ч өлөн зэлмүүн явна гэхээс үхтлээ айх ээж минь үрээ аргадна гэдгийг хэдийн умартжээ. Эд зүйлсийг минь хээв нэг бүртгэж, орлого зарлагыг минь хэнэггүйхэн тооцоолов. Хэдэн өдөр ч болтугай хэвтэж амар гэх болов уу гэсэндээ өвчин туссанаа хэлбэл эм аваад ирье гэлээ. “Хоёулаа цаашдаа яадаг билээ?” гэж асуухад хар цагаан хариулаагүй ч намайг өрөвдөж, өмнөөс минь зовж байв. Хоол унд бэлдэж, бие хааг минь асуух тэрээр унтаж буй үрээ ширтэх лугаа адил намайг хараачилна. Тэглээ гээд боль гэж хэлж чадсангүй. Гаслантай ч өөрөөр өл залгах аргагүйгээ мэдрэхэд өр өвдөж зүрх базална. Хоол унд, хувцас хунар л хүний амьдралыг тодорхойлж байхад эх үрийн элбэрэл хайр, нэр төр ер юусан билээ... Мөнгө гэдэг ийм л хатуу.
38
Ээж надад санаа тавьж, хэрэг явдалд хошуу дүрж эхэлсэнд дургүй хүрэвч хэрэндээ л эелдэг загнах авч тэсгэл алдах үе захаас аваад бишгүй. Ээж дан ялангуяа данс тооцоонд оролцох нь элбэг. Чалх нь буурсан нүд нь мөнгө хармагцаа л сэргэнэ. Зочид гийчдийн өмнө зарц шивэгчин шиг аяглах ч зоос мөнгөө багахан өгвөл загнах нь холгүй. Тэгэхэд би жигтэйхэн тавгүйрхдэгсэн. Хэдийгээр би биеэ үнэлдэг ч бусдыг загнаж хараах эрхгүй. Багахан шиг мөнгө өгсөн хүмүүсийг эвтэйхэн аргалчихдаг бол ээж эрээ цээргүй аашилна. Хүнээс мөнгө салгах гэж байгаа хүн хэдэрлэж болохгүй. Би залуу нас, зан аалиндаа итгэж явсан бол ээжийн хувьд ёстой л нүд улаан, мөнгө цагаан байжээ. Надаас олон оймс элээснийх энэ амьдралд үзээгүй юм үлдээгүй бололтой. Хэдэн жилийн дараа ч би түүнээс ялгаагүй өтөлж, хэрийн юмыг тоохоо болих биз. Тийм ээ, ээж минь ийм л хүн байлаа. Заримдаа зочны цүнхийг уудалж, малгай, бээлий, таягийг нь аваад үлдчихнэ. Ялих шалихгүй хэрэгт холбогдох вий гэж эмээвч ээж “Тэртээ тэргүй бидний нэг жил бусдын арван жилийн ажин түжин амьдралтай дүйнэ. Нас ахихад хэн биднийг тоож харах вэ?” гэсээр халамцсан нэгнийг чирж гулдчин гаргаад булан тойруулаад гутлыг нь хүртэл тайлаад аваад ирнэ. Тонуулсан хүмүүс эргэж ирж хэрүүл хийдэггүй байсанд би одоо ч гайхдаг. Хэл ам таталвал нэр сүрээ алдана гэхээс айдаг байсан уу, эсвэл цагийг таатай өнгөрүүлсэндээ хэрүүл хийхийг хүсдэггүй байсан уу? Бүү мэд. Ямартаа ч ээж бид хоёр айдас гээчийг үл мэдэх ахул ирсэн зочид айдас тээсээр гардаг байжээ.
39
Ээж бидний нэг жил бусдын арван жилийн ажин түжин амьдралтай дүйнэ гэсэн нь үнэн аж. Энэчлэн хоёр гурван жил өнгөрөхөд би өөрчлөгдсөнөө мэдэрлээ. Арьс хуурайшиж, уруул үнсэн саарал болоод, нүдний гал цог бөхөж сэлхрэв. Үдээр өндийх ч огт амарсан шинжгүй. Ирсэн гийчид ч үүнийг анзаарсан нь лав. Тиймдээ ч манайхыг зүглэх хүний тоо цөөрсөөр, үлдсэн хэдийнхээ ая эвийг олох гэж үзэхдээ улам бүр үзэн ядах сэтгэлд автаж, үе үе барьц алдах болов. Арьс минь үрчийж хорчийсоор царай дарж, цагаандаа гарсан шиг элдвийг ярина. Бүсгүй хүний гэнэн хонгор аалиа гээхэд намайг шувуухай гэж өхөөрдөж байсан боловсролтой эрчүүд дөлсөөр тоотой хэдэн хүн л үлдэв. Эрчүүдийг татахын тул эрээн алаг хувцасласан намайг хүн гэхээсээ илүү тогос гэвэл зохилтой. Уруулаа улаан өнгөөр шунхдаж зочдоо хазахад тэд жигтэйхэн дуртай. Хааяадаа үхлээ харах шиг болно. Амьд бүхэн минь авсан зоосынхоо тоогоор үхэж үрэгдэж байлаа. Мөнгө төгрөг амьдралыг уртасгах ч миний ажил хоногийн тоог харин ч цөөлнө. Тиймээс ч үхлээ харан хүлээж суулаа. Үхлийн тухай бодоход үлдсэн бүхэн санаагаас гадуур байх бөгөөд уйтайхан амьдралтай би гэдэг хүн өөр юу ч санаж сэрэх билээ. Ээжийгээ хараад эгээ л ирээдүйгээ тольдох мэт. Сайндаа л түүнтэй ижил болох тавилантай хүн цал буурал үстэй, цөхөрч гундсан амьтан л болох заяатай бөлгөө.
40
Би хүчлэн инээж, хамаа намаагүй яриа дэлгэвч дотроо бол цурхиртал уйлж явлаа. Эргээд харахад харамсаж харуусах зүйл үгүй ч хэрэндээ ламьдрахын төлөө зүтгэсэнсэн. Ийм замаар орсон нь миний буруу биш шүү дээ. Сайн сайхан яваа нэгэнд үхэл гэдэг аймшигтай. Харин миний хувьд үхлээс аюун ширвээтсэнгүй. Үхэл нь үл мэдэг ачаа болон агшин зуур дараад авсан энэ л оршихуйгаас чөлөөлөх сиймхий учрал шиг төсөөлөгдөнө. Хүн болсон хойно аятай таатай амьдаръя гэж мөрөөдөвч зүүд нойрноосоо сэрэхэд харь хахь ертөнцийн шуурганд хаах нөмөргүй болсноо мэдэрнэ. Энэ ертөнц угтаа зүүд биш жинхэнэ там болой. Намайг ийнхүү тарчлан зовохыг харсан ээж минь хүнтэй суу гэж ятгана. Тэгвэл хоногийн хоолны төлөө шаналахгүй, ээжийгээ ч тэжээгээд явчихна. Түүний хувьд би л эцсийн ганц итгэл найдвар нь болжээ. Гэлээ гээд хэнтэй суух билээ?
41
Олон эртэй учирсаар би гэдэг хүн уярал хайр, баяр жаргал гээчийг хэдийн умартжээ. Өөрөөлийг байтугай өөрийгөө ч хайрлана гэдгийг мэдэхгүй болжээ. Хань ижилтэй болохын тулд хайртай халамжтай дүр эсгэж, цаг үргэлж хамтдаа байна гэдэгтээ итгүүлэх учиртай. Олон хүнд энэ мэт ам тангараг тавьсан ч хэн ч намайг эхнэрээ болгосонгүй. Мөнгө бүхнийг шийдэх нөхцөлд хүмүүс жигтэйхэн тооцоотой хандах ажээ. Завхай зайдан байх нь тэдний хувьд хулгай зэлгий хийхээс долоон дор. Хулгай хийвэл адаглаад юм авчирна шүү дээ. Би бусдаас мөнгө нэхээгүйсэн бол тэд хайртай дуртай гээд гүйх л байлаа.
42
Яг энэ мөчид би цагдаад баригдсан юм. Хотын шинэ удирдлага ёс суртахууныг хаа сайгүй сурталчилж, муу муухай бүхнийг арилгаж устгахаар шийджээ. Янхны газрууд хахууль өгч янзаараа үлдлээ. Хахууль өгсөн нь засарч, сайн сайхан замаар орсонд тооцогдов. Харин намайг хүмүүжүүлэх газар аваачиж ажил хийхийг зааж сургалаа. Юм угааж, хоол хийж, ойр зуурын юм нэхэх тухайд би хийж чадна. Энэ мэт хар бор ажил хийгээд хоногийн хоолоо олчихдог бол юу боллоо гэж биеэ үнэлэх вэ гэж чин сэтгэлээсээ өгүүлэвч итгэх хүн даанч олдохгүй, бүгд л намайг бүр мөсөн замарч гэлцэнэ. Ажил хөдөлмөртөө дурлаж, үнэнчээр зүтгэвэл хоосон хонохгүй, хань ижилтэй ч болно гэж ятгах өөдрөг гэгээлэг улсад би итгэж чадсангүй. Ам л нээвэл хүмүүжүүлэх газраар дамжсан арав гаруй эмэгтэй нөхөрт гарсан тухай дурсана. Энд орсон эмэгтэйд хоёр юанийн урсгал зардал гаргахаас гадна ажилд оруулахыг хүссэн бичиг хийж өгөөд л болно доо. Миний хувьд энэ бүхнийг илтэд доромжилсон үйлдэлд тооцож явлаа. Ёс суртахууны талаар өглөө оройгүй сургамжлавч би чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Улмаар хяналт шалгалтаар ирсэн чухал байрын түшмэлийн нүүр өөд нулимсанд ихээхэн осолтой этгээд болж хувираад шоронд шилжүүлэв. Хүмүүжүүлэх газрынхан намайг засрахаасаа өнгөрсөн гээд ял янганд унагажээ.
43
Шорон болбоос хүний хийморь золбоог нэг мөр үхүүлэх шидтэй газар болой. Зүүдэндээ ч үзээгүй муу муухайг би энд л олж харав. Эрх чөлөөтэй боллоо ч дээрдэх зүйлгүйг мэдэх хойно энд ирээд эргэж гарах тухай бодсонгүй. Аятай таатай газар байдагсан бол үхэхийг хүсэхгүй нь лав. Гэтэл үнэн хэрэгтээ намайг багтааж шингээх тийм газар үгүй шүү дээ. Иймээс хаа ч амьсгал хураасан юуны хамаа. Чингээд энэ л газар би эртний танил хавирган сараа ахин харав. Хавирган сар мандахыг харалгүй хэдий их удаж вэ? Ээж минь яаж суугаа бол? гэхээс сэтгэл хөндүүрлэнэ.
1935 он
Орчуулсан: Б.Гэрлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.