Арав.мн

Масури хүрэх замд (өгүүллэг)

Масури хүрэх замд (өгүүллэг)

Раскин Бонд

(Энэтхэгийн зохиолч)

Рохана хүрэх галт тэргэнд суугаад удаагүй байтал бүхээгэнд маань нэг охин орж ирэв. Охиныг үдсэн хос аав, ээж нь бололтой, суудал нь эвтэй, тухтай эсэхэд анхаарч, эмэгтэй нь эд зүйлээ хаана тавих, цонх руу ойртохгүй байх, танихгүй хүмүүстэй үг солихгүй байх гээд охинд олон зүйл хичээнгүйлэн захилаа. Тэднийг гармагц галт тэрэг буудлаас хөдлөв. Тэр үед хурц гэрэл, хав харанхуйгаас өөр зүйл ялгахааргүй сохорчихсон байсан надад хамтран аялагчаа ямархуу төрхтэйг мэдэх арга даанч байсангүй. Харин шаахайтайг нь тэр дороо анзаарав. Шаахай нь өсгийтэй нь хавсарч тийм гэхийн аргагүй чимээ гаргана.  

Охины ямархуу зүс царайтайг өөртөө нээж, таньж мэдэх гэж багагүй хугацаа өнгөрөх байх. Эсвэл хэзээ ч төсөөлж чадахгүй байж мэднэ. Юутай ч хоолойных нь өнгө, бүр шаахайных нь чимээ хүртэл таалагдсан юм. “Дэхра хүрэх нь үү” гэж би яриа өдлөө. Миний суусан булан харанхуй байсан бололтой, охин цочьсондоо дуу алдаад “Хүн байсныг мэдсэнгүй” гэв. 

Хараа сайтай хүмүүс өмнөхөө анзаарахгүй байх нь их. Тогтоож харах юм тэдэнд бишгүй байдаг болохоор тэр биз дээ. Харин хараа муутай юм уу, бараг хардаггүй хүн ердөө харахыг хүссэн, бусад мэдрэхүйнхээ мэдэхийг хүссэн зүйлийг л анхаардаг. “Би ч гэсэн өөрийг чинь харсангүй. Харин орж ирэхийг чинь сонсоод” гэж би хариу хэллээ. “Сохор гэдгээ мэдэгдэхгүй байж чадах болов уу” гэж эмээж байсан ч суудлаасаа өндийхгүй л бол алзахгүй гэж бодогдов. Охин намуухан дуугарлаа. 

-Би Сахаранпурт бууна. Авга эгч маань тосох юм. 
-Тэгвэл дотно танилцъя гэсэн бодлоо орхиё доо. Авга нар ч айхтар хүмүүс шүү.
-Та хаа хүрэх вэ?
-Дэхра. Тэндээсээ Масури орно. 
-Гоё юм аа. Би уг нь тэнд очмоор л байна. Дов толгод нь их сайхан шүү. Ялангуяа, аравдугаар сард. 
-Тийм шүү, одоо л хамгийн сайхан үе нь. Толгод нь зэрлэг мандарваад хучаастай, нар нь илчтэй хэвээрээ байгаа. Оройдоо бүр ч сайхан даа, түүдгийн дэргэд брэнди шимээд л суугаад баймаар. Жуулчид буцчихаар бүх зам нь эл хуль болчихно. Нээрээн, аравдугаар сард л тэнд хамгийн сайхан байдаг юм байна.  

Намайг ийнхүү дурсамж, төсөөлөлдөө автмагц охин дуугаа хураачихав. Миний үг сэтгэлийг нь хөдөлгөв үү, эсвэл намайг инээдэмтэй уярамтай жаал гээд бодчихов уу? “Гадаа ямар байна” гэж асуугаад би дахиад гэнэдчихэв. Хачирхалтай нь, миний асуулт түүнд сэжигтэй санагдсангүй. “Намайг сохор гэдгийг анзаарчихсан юм болов уу?” Хариулт нь эргэлзээг минь тайлав.  

-Та өөрөө харчихгүй юу. 

Би цонхонд наалдаж, сараалжин хүрээг түшив. Цонх онгорхой байсан болохоор гадагшаа харж эргэн тойрныг ажих мэт харагдсан нь мэдээж. Хөдөлгүүр дүнгэнэх, дугуй тачигнах нь дуулдаж тархин дахь далд нүдээрээ би цахилгааны утас бэхэлсэн модод эрээлжлэн өнгөрөхийг харлаа.  

-Ингэхэд бид биш, мод яваад байх шиг санагддагийг анзаарч байсан уу? гэж би тун зоримог, эрсдэлтэй зүйл асуув.
-Дандаа л тэгж санагддаг юм. Ингэхэд амьтан харагдана уу?
-Үгүй.  

Асуултад нь би итгэлтэй хариулав. Дэхра орчмын ойд ан амьтан цөөрснийг баттай мэдэх болохоор тэр л дээ. Цонхноос холдоод би охины дуу гарах зүг рүү хандлаа. Тэгээд хэсэг дуугүй суув. Харин нам гүм байдал нэг л эвгүйцмээр болж ирсэн тул би “Чиний царай их сонирхолтой юм” гэчихлээ. Дэндүү аз сорьсон үг ч гэсэн гэмгүй гэдгийг нь мэдэж байв. Магтаалд дургүй бүсгүй хүн байх биш. Хамтран аялагч маань уярсан аятай жингэнэх мэт инээд алдаад “Сонирхолтой гэгдэх сайхан юм аа. Хөөрхөн гэж хэлүүлсээр залхаад байсан юм” гэв. “Тэгэхээр хөөрхөн байх нь ээ” гэж би дотроо бодоод “Сонирхолтой төрх ч бас хөөрхөн байж болно” гээд инээмсэглэлээ. 

Гэтэл тэр “Та их эелдэг юм” гэснээ “Харин яагаад ийм гунигтай юм бэ” гэх нь тэр. Түүнийг хөгжөөх хэрэгтэй байх гэж тэрхэн зуур бодсон ч инээж хөхөрнө гэхээс яршигтай санагдана. Гэнэтийн асуултаас нь бултаж “Сахаранпур ч ойртлоо доо” гэвэл охин “Ашгүй минь. Галт тэргээр 2-3 цагаас илүү явж чаддаггүй юм” гэлээ. Гэтэл би түүний намуухан хоолойг хэчнээн ч удаан сонсоход бэлэн байсныг яана. Уулын горхины чимээ шиг дуу хоолой... Энэ охин галт тэрэгнээс буугаад л бидний богинохон уулзалтыг мартана. Харин түүний тухай бодол энэ аяллын турш, магадгүй дараа нь ч хэсэг зуур надаас салахгүй байх.  

Хөдөлгүүр чийхарч, аварга том дугуйны хэмнэл, дуу чимээ өөрчлөгдмөгц охин өндийж юм хумаа хамж эхлэв. Үсээ боосон болов уу, сүлжээ болов уу, эсвэл мөрөн дээгүүр нь сул асгараа болов уу, богино болов уу гэж гэнэт бодогдов. Тэгэхтэй хамт хурдаа сааруулсан галт тэрэг удаан урагшилсаар буудалд ирэв. Гадаах олны шуугианаас үүд хавьцаа жингэнэх нарийхан хоолой ялгарлаа. Авга эгч нь байх нь. Тэгтэл охин өнөөх намуухан өнгөөрөө “Баяртай” гэв. Дэргэд зогсож байсан болохоор үснийх нь анхилуун үнэр хамар цоргино. Гараа өргөөд үсэнд нь хүрэхийг хүссэн ч тэр дорхноо холдчихлоо. Гэвч үнэр нь дэргэд хоцорчих шиг болов.  

Үүдэнд тэр хэн нэгэнтэй мөргөлдөв бололтой, түүнтэй зөрөөд бүхээгт орж ирсэн залуу уучлалт гуйх нь сонсогдов. Тэгмэгц хаалга савах дуулдаж, гадаах ертөнц дахиад л надаас тасрах нь тэр ээ. Би суусаар л байв. Хэдийгээр хөнгөн гуниг төрөвч гадаа шүгэл тасхийж, галт тэрэг хөдөлмөгц миний хувьд шинэ адал явдал эхэлж, шинэ хамтран зорчигчтой боллоо. Хурдаа нэмэх галт тэрэгний дугуй дахин тачигнаж, олон чингэлэг архирах мэт хүнгэнэн чичигнэнэ. Би өмнөх шигээ онгорхой цонхны өмнө суугаад надад харанхуйгаар л төсөөлөгдөх өдрийн гэрлийг мэдрэхийг хичээв. Энэ цонхны цаана хэчнээн олон явдал өрнөж байгаа бол? Тэр бүхнийг тааж төсөөлье гэвэл уйдахааргүй тоглоом болно доо гэсэн бодлыг минь шинэ зочин маань харин тасалчихлаа. 

-Урмыг чинь хугалах нь дээ. Би өмнөх замын анд шиг чинь зүс царай сайтай биш гэж тэр хошигнов.
-Нээрээн, их аядуухан охин байсан шүү. Ингэхэд үс нь урт байсан уу, богино байсан уу?
-Анзаарсангүй. 

Ингэж хэлээд шинэ хамтрагч маань гайхсан, таамагласан, харамссан ер миний өмнө нь сонсоогүй холимог мэдрэмж бүхий өнгөөр ингэж хэлэв ээ.  

-Үсийг нь гэхээсээ нүдийг нь л ажигласан юм байна. Их гоё нүдтэй юм билээ. Гэхдээ дэмий сайхан даа. Саяын охин сохор байсан. Анзаараагүй юм уу?


8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Шукшины "Нар, өвгөн, бүсгүй гурав" өгүүллэгтэй адилхан юм. Шукшиных ч үүнтэй зүйрлүүлэлтгүй л дээ.
Ok
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start