Арав.мн

Гялбаа (өгүүллэг) - Лү Синь

Гялбаа (өгүүллэг) - Лү Синь

"Гялбаа"

Лү Синь

Энэ өгүүллэгийн гол баатар нь Лү Синий хамаатан Жоу Зы-зин аж.

Чэнь Шичэнийг харихад хэдийн үд өнгөрчээ. Тэрээр түшмэлийн анхан шатны шалгалтанд тэнцэж сюцай болсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шүүхээр үүрээр гарсан аж.

Энэ жилийн шалгалтанд Чэнь овогтой хэдхэн хүн тэнцсэн ч овог нэр нь үсчээд олигтой харагдсангүй. Тогтоож уншвал Шичэний нэр алга.

Тус бүр тавин хүний овог нэрийг жирийлгэн бичсэн, хар дугуй дардас бүхий арван хоёр хуудас жагсаалтыг ахин дахин шүүв. Жагсаалт үзэхээр ирсэн хүмүүс аль эрт тарсан ч Шичэнь нэрээ ололгүй, шалгалтын байрны үүдэнд босгосон ханан тушаа торойн үлджээ.

Жихүүн салхи буурал сор суусан Чэньгийн богино үсийг сөрвийлгөнө. Өвлийн сар гарсан ч нар дулаан илчээрээ ээсээр. Чэньгийн толгой эргэж, царай нь сааралтаад, сэлхэрч улайсан нүдэнд нь жигтэй оч гялтганан гялалзав. Нүднийх нь өмнө чулуун хана, жагсаалт хоёр эрээлжилж, хар өнгөтэй дугуй дүрснүүд л хөврөлдөнө.

“Сюцай болсон тэрээр мужийн төв орж удаах шатны шалгалтанд ороод тэнцсээр цаашилна... Эрх мэдэлтэй улс түүнийг хүргэнээ болгохыг зүсэн бүрээр хичээж, тойрсон бүгд сод ухаантан мэт дээдлэн мэхийн хүндэтгэж, урьд өмнө нь үл тоож явсандаа гүнээ харуусна...

Навтгар байшингийнх нь өрөөг түрээслэн суудаг хүмүүсийг хөөгөөд гаргаж байна. Гэхдээ байзаарай! Хөөх биш, тэд өөрсдөө гарцгаана... Байшин нь цоо шинэ болжээ. Хашааны үүдэнд далбаа намирч, хананд пайз өлгөөстэй... Нэр цэвэр алдар хүндтэй болъё гэвэл нийслэлд алба хаших хэрэгтэй. Үгүй ээ, ерөөсөө холхон ажилласан нь дээр...”

Өдрөөс өдөрт ийнхүү тодрон гялалзаж байсан хүсэл мөрөөдөл нь далайн түрлэгэнд автан нурах чихрэн байшин мэт хормын зуур бутран унаж, овоорсон нуранги л үлдэв.

Өөрийн мэдэлгүй эргэж гэрээдээ гэлдэрлээ.

Босгоор давмагц нь долоон шавь нь дуу дуугаа авалцан хичээлээ давтана. Чэнь чихэн дээр нь харанга дэлдсэн аятай цочисгэв. Тав гэзэгтэй жаалуудын халзан толгойнууд гялтганан, тасалгаагаар нэг тараад, өнөөх хар өнгөтэй дугуй дүрснүүдтэй нийлэн бүжлээ. Чэнийг суувал оройн ээлжинд сурдаг шавь нар нь түүнийг сэм ажина. Удаж удаж:

- Тарцгаа даа! гэж гунигтайхан хэлэхэд хүүхдүүд номоо цуглуулж сугавчлаад яндангаас савсах утаа шиг даруй гарч одов.

Чэньгийн өмнө жаалуудын гялаан толгой, хар дугуй дүрс эргэлдсээр, нийлж салсаар, жигтэй эгнэж, жижигрэн томроод мананд хучигдана.

- Энэ удаад бас л бүтсэнгүй! гэх үгс чихэнд хадахад айсандаа адгас хийв.

Эргээд харвал эзгүй тасалгаа. Сонстох нь харангын дуу.

- Энэ удаад бас л бүтсэнгүй! гэж шивнэлээ.

Хуруу даран тоолов... арван нэг, арван хоёр... энэ жилийг тооцвол арван зургаан удаа. Зохион бичлэг ойлгодог шалгагч аанай л олдсонгүй. Бүгд сохор аж! Бүгд өрөвдөлтэй! гэж бодоод эрхгүй инээсэн ч шалгалтын баримт хавсаргасан хуйлсан бичвэрээ гаргаад үүд рүү зүглэв. Хаалгаа нээмэгц үдийн нарны хурц туяа нүд гялбуулсанд хотлоороо түүнийг шоолох вий гэж санаад шанаа нь лугшиж, биеэ хураасаар эргэлээ.

Суухад нүд нь гялтганана. Чихрэн байшин шиг нурсан ирээдүйнх нь хэлтэрхийнүүд манан дунд хөвөрч, өмнөх замыг халхална.

Айлууд галаа унтрааж, аяга тавгаа угааж хураасан авч Чэнь хоол хийх тухай бодсон ч үгүй. Эндхийнхэн түшмэлийн шалгалт өндөрлөж, сюцайн зэрэг авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хадмагц Чэньгийн нүд жигтэй гялалзаж, түүнээс холхон байсан нь өлзийтэйг сайн мэднэ.

Байшинд нам гүм болоод барьсан дэн ч унтрав. Сар аажмаар мандахад Чэнь хаалгаа нээгээд гарлаа.

Гүн цэнхэр далай шиг тэнгэрт хөнгөн үүлс хөвөх нь усан дээр бийрээр татсантай ижилхэн бяцхан яралж үүсгэнэ. Хүйтэн гэрлээ дээрээс юүлэх төмөр толь мэт мөлгөр сар нууцлаг туяагаа бие нэвчүүлэн гийгүүлнэ.

Чэнь хашаан дотуур холхив. Эргэн тойрон нам гүм агаад гэнэтхэн нүд онгойх шиг. Гэтэл:

- Баруун тийш тонгой, зүүн тийш тонгой гэх нь дуулдаж, толгой гудайн чих тавьбал:

- Баруун тийш тонгой гэж байна.

Эмээтэйгээ зуны орой энд салхилан сууснаа саналаа. Тэр цагт тэднийх айлын дайтай айл байжээ. Арван настай Чэнь хүү сүлжмэл хулсан буйдан дээр эмээгийнхээ дэргэд суугаад үлгэр домог сонсоно. Нэг удаа эмээ нь эмээгээсээ дуулснаа ярьжээ.

Чэнь овгийн дээдэс хөрөнгө чинээ ихтэй, энэ байшинд суудаг байв.

Элэнц, хуланц нь энд хаа нэгтээ маш их мөнгө нуусан тул азтай нэгэн ач гуч нь олж таарна. Гэхдээ өдий болтол тэр мөнгийг олсон хүн үгүй. Эрдэнэ нуусан газрыг:

Урагшаа хойшоо, урагшаа хойшоо
Баруун тийш тонгой, зүүн тийш тонгой
Алт эрдэнийг ухаж гарга
Алд дэлмээр хэмж гэсэн дөрвөн мөртөд оньслон үлдээжээ.

Чэнь энэ оньсогыг таах гэж тархиа гашилган, таалаа даа гэж санах бүрийдээ алддагсан.

Нэгэнтээ Чэнь эрдэнэсийг Тан овогтын түрээсэлж суусан байшингийн доор нуусан гэдэгт бат итгэсэн ч ухаж зүрхлээгүй. Удалгүй эндүүрч гэж сэтгэх болсон.

Хашаанд энд тэнд сэндийчсэн нь түшмэлийн шалгалтын дараа сэтгэл гутралаа илчилсний ул мөр юм. Хожмоо ухаж сэндийлснээ харахаас ч ичнэ.

Энэ өдөр мөн ялгаагүй нүд нь жигтэй гялалзаж, хүлээх, эс хүлээхдээ эргэлзэнэ. Чэнь тэсгэлгүй байшин руугаа эргэж харлаа.

Хананд торгон дэвүүрийг санагдуулам гялбаа тусчээ.

- Энд л байхаас зайлахгүй! гэж дуу алдаад өрөө рүүгээ тэмүүлэв. Гэтэл дотогш ормогц өнөөх гялбаа ор мөргүй үгүй боллоо.

Хуучирсан байшингийн ногоон хана, хичээлийн хэдэн ширээ харанхуйд сүүмэлзэнэ. Сэтгэлээр унасан Чэнь бодлоо төвлөрүүлэхийг хичээв. Тэгтэл зүүн хананд байрлуулсан бичгийн ширээний доор өнөөх гялбаа үзэгдэж цайрсаар өглөөний шүүдрээс ч ариухан гэрлээ цацрууллаа.

Чэнь хаалгаар үсрэн гарч, хүрз хайхдаа бүртгэр сүүдрээс цочиж дэн барив. Хүрз байрандаа байлаа. Ширээг хөдөлгөөд дөрвөн том хавтанг авч цэвэр шаргал элсэн дээр явган суув. Ханцуйгаа шамлан ухсаар хөрсөнд хүрлээ. Чимээ гаргахгүй гэсэндээ тун ч болгоомжтой ухсан ч төмөр хүрзний бүгтхэн дуу шөнийн аниргүйд цуурайтна.

Нэлээн гүнзгий үхсан ч эрдэнэс байдаггүй. Сандарсандаа гасалж, гар нь чилнэ. Хатуу юманд тулаад хүрзээ хаяж тэмтэртэл том хавтан аж. Тамираа шавхан зүрхээ дэлсүүлсээр хавтанг ухаж гаргасан ч доор нь ахиад л шороо. Дөрвөн хөллөн ухахад шороо л гарна. Ахиад нэг жижгэвтэр хатуу юманд тулж ухаж гаргавал өгөршсөн зэс зоос, хажууханд нь хэдэн ширхэг шаазан шигтгэмэл хавтан.

          Чэньгийн толгой дүйнгэтэж, хөлсөө цувуулан ухсаар байлаа. Гурав дахиа хатуу зүйлд тулаад палхийв. Тэмтрээд үзвэл тах хэлбэртэй үйрэхээр эд юмсанж. Ухаж гаргаад дэнд барьвал хэдэн шүд нь ёрдойсон хувхай эрүү. Гэнэтхэн хувхай эрүү чичирч инээгээд:

- За, энэ удаад ч бүх юм дууслаа! гэж тодхон хэлэв.

Голоор нь хүйт дааж, гар нь салганаад хувхай ясыг алдлаа. Хашаанд гүйж гараад хаалга руугаа эргэж харав. Дэнгийн бүүдгэр гэрэлд хувхай эрүү чичирнэ. Айдаст автан босго давахаас эмээн холхон хэвтлээ. Тэгмэгц:

- Энд байхгүй... уул руу яв... гэж шивнэх нь тэр.

Энэ үгсийг аль өдөр, гудамд сонссон шиг. Чэньгийн нүд нээгдэх шиг болоод далдаас дуудах дууг үл ойшоохоор шийдэв. Дээш харвал сар Баруун толгойн цаагуур сууна. Хотоос гучин таван газрын зайтай энэ толгой нүднийх нь өмнө хөндөлслөө. Түшмэлийн малгайн оройтой нэн төстэй хар толгойн шовх оргил сарны сүүмэн гэрэлд тэнгэр өөд тэмүүлэн ёрдойно. Сарны гэрэл ч нүдний өмнө жирэлзэнэ.

“Уул руу явъя” гэж шулуудаад босож гүйлээ.

Хаалга падхийн дуугараад эргээд аниргүй болов. Хурц гэрэл тасалгаа, түүний голд ухсан нүхийг гэрэлтүүлэхэд дэн шархийн унтарлаа.

Үүрээр баруун хаалганы цаанаас:

- Хаалгаа нээ... гэх салхинд хийсэх аалзны тор мэт чичирсэн дуу гарсанд итгэл найдвар, уй гуниг хургажээ.

Маргааш нь баруун хаалганаас арван таван бээрийн цаана цэлийх Ванлю нууранд нэгэн цогцос хөвж байлаа. Энэ мэдээ тарсаар тосгоны ахлагчийн чихэнд хүрэхэд цогцсыг гарга гэж тушаав. Талийгаач тавь эргэм насны дунд хэрийн нуруутай, цайвар царайтай, сахалгүй эр чармай нүцгэн байх агаад хэн нэгэн түүнийг Чэнь Шичэнь мөн болохыг таньжээ. Ах дүү амраг садангүй түүний хөршүүд нь ч ирсэнгүйд тосгоны ахлагч хөдөөлүүлэх ажлыг гүйцэлдүүлэв.

Нас барсан шалтгаан нь тодорхой. Талийгаачийн хувцсыг мулзалж авах нь тэр цагт энгийн үзэгдэл байжээ. Мөрдөн байцаагч уг хүн усанд орохдоо амьд байсан нь хумсанд нь шавар шигдсэнээр батлагдаж буй хэмээв. Шичэнь живж нуурын ёроолд хүрсэн ч амь тэмцэн тэлчилсэн буй заа. 

1922 оны зургадугаар сар


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Баярлалаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start