Брюс Холланд Рожерс
(Америкийн зохиолч)
Тэр өглөө намайг эргэхээр ирсэн хэнд ч миний амьсгал хурааж байгаа нь илт байв. Би ч өөрийгөө үхэж байгааг сайн мэдэж байлаа. Чихэндээ хөвөнтэй байсан ч би Дон Леандрогийн эхнэрт маань хандан “Дона Сюзана, одоо санваартнаа дуудъя даа” гэхийг дуулсан юм. Хачирхалтай нь би ч өөрөө “Тэгсэн нь дээр дээ” гэж бодож хэвтэв. Манай хотод санваартан битгий хэл сүм ч байхгүй. Тиймээс хаа байсан Эль Пуэнтэситогоос санваартан авчруулахаар ачааны тэрэгтэй нэгнийг явуулах хэрэгтэй болов. Зэргэлдээх Малпаса болон Палпан де Барандагийнхны үгэнд хууртах хэрэггүй. Бид католик шүтлэгтнүүд хэвээрээ. Бүр ваар саваа хүртэл уламжлалт аргаар урладаг. Тиймдээ ч жуулчид манай тосгонд ирэх дуртай биз. Ваар урлах эрдмээс гадна бид хуучин цагийн олон зүйлийг сэргээсээн. Гэхдээ аймшигт Мэяакагийн үеийнхийг биш шүү. Тэр цагт наран суваргууд ёроолоосоо орой хүртлээ өргөлийн золиос бологсдын цусанд будагдаж байсан гэлцдэг. Гэгээн Мариягийн ивээлээр бид тийм нүгэл үйлддэггүй. Эль Пуэнтэситогийн санваартныг явсны дараахан би амьсгал хураалаа. Намайг тэнгэрт хальсныг тосгоныхон маань тэр дороо мэдэв. Манайх хүний хөлд дарагджээ. Эхлээд гэрийнхэн маань надаас хэрэгтэй бүхнээ авав. Дараа нь хөршүүд маань ирлээ. Дон Франчиско миний хөрсөн биеийн дэргэд зогсоод “Дон Исидро, хүрзээ өгөөч. Танай хүргэн Сюзанад чинь шавар олоод өгчихнө шүү дээ” гэж учирлав. Намайг “Тэг дээ” гэвэл Сюзана “Тэр маань зөвшөөрөх л байсан” гэлээ. Дараа нь Дона Истасия ирээд миний ваар зүлгэгчийг гуйв. Намайг “Тэг дээ” гэвэл Сюзана “Тэр маань зөвшөөрөх л байсан” гэлээ. Харин Дон Томас түрий дээрээ азарган тахианы хатгамалтай арьсан улаан гутлыг минь гуйж байна. “Томас, чи муу хулгайч. Долоон жилийн өмнө хоёр тахиаг минь хулгайлж, Пуэблогийн янхандаа өгснийг чинь мартаагүй шүү. Харин чи намайг нүд анив уу, үгүй юү гэрт маань ирээд нэг муу ваар зүлгэгч биш, бүр сайн гутлыг минь гуйж байх шив”. Эхнэр маань аанай л “Тэр маань зөвшөөрөх л байсан” гэв. Сюзана минь намайг яаж ч сонсох вэ дээ. Үнэндээ би ч гэсэн Томаст найр тавих л байв. Би зүгээр л түүнийг ичиж эмээсэндээ нүүр хийх газраа олж ядан, улайж хүрэнтэхийг нь л ганц харах гэсэн юм.
Энэ мэтээр тосгоныхон маань бүгд манайд ирж эхнэрт маань хэрэггүй, миний гэх бүхнийг аваад явлаа. Зарим нь асуухын ч шаардлагагүй зүйлсийг гуйж байв. Зарим нь миний өөрсдөд нь амлаад өгч амжаагүй зүйлсийг гуйв. Харин зарим нь ваар хийх цагаан шавраа авдаг байсан миний мэдлийн газраас шавар авах зөвшөөрөл асуув. Бүх гуйлтын хариуд би “Тэг дээ” л гэлээ. Өгөөмөр сэтгэлгүй бол бид хүн биш болно шүү дээ. Эцэст нь тосгоныхон маань миний үсээр багс хийе гэж гуйв. Үсийг минь туг тугаар нь хайчилж авлаа. Дараа нь миний хоёр гарыг ямаа нядалдаг хутгаар тайрав. Тэднийг “Дон Исидро, нүүрээ өгөөч” гэхэд нь ч би татгалзсангүй. Нүүрний минь арьсыг огтхон ч чимээ гаргалгүй хуулав. Гарыг минь төмөр саванд шатаагаад, нүүрийг минь наранд хатаалаа. Харин биеийг минь даавуунд ороон чандарлаж, католик заншлаар сүмийн дэргэд булав. Удалгүй би хаа ч биш, ердөө агуу их хоосон дотор сэрлээ. Надад юу ч харагдсангүй, юу ч сонсогдсонгүй. Бас дуугарч ч чадсангүй. Би гэртээ ч, хүйтэн хөрсөн доорх авсандаа ч, ер хаа ч байсангүй. Гэхдээ энэ бүхэн тун удалгүй өөрчлөгдлөө. Би насан туршдаа тосгоныхондоо ваар хийх аргаа зааж өгсөн юм. Гэсэн ч энэ онцгой гавьяа биш л дээ. Манайхан бүгд л уран гартнууд. Гэхдээ Дона Изабелагийн бяцхан ваар, Дон Маркосын уран зургийг хэсэгхэн дууриаж байсныг эс тооцвол би насан эцэслэтлээ зөвхөн Дон Исидрогийн хэмээн ялгарах өөрийнхөө ваарыг л урлажээ. Бас нийслэл хот орж, худалдааны төвийн лангуун дээрх шувууны зурагтай ваарыг хийж сураад түүнийгээ бидэнд зааж өгсөн Дона Жениферагийн нөлөөнд хэсэг автсан юм байна. Гэсэн ч Изабела, Маркос, Женифера зэрэг огт өөр ертөнцийн өнгө төрхтэй хэр нь зөвхөн Дон Исидрогийн хийцтэй ваар савуудыг л бүтээжээ.
Намайг нас барснаас долоо хоногийн дараа тосгоныхон маань минийх шиг ваар хийж эхлэв. Шавартай зууралдах нас нь болоогүй хүүхэд, залуус хүртэл намайг дууриах болжээ. Тэд миний шавраа авдаг байсан газраас цайвар элс авчраад усанд хийж сойно, тэгснээ шүүнэ, хэсэг байлгана. Тэгээд дахиад цэвэр усаар зайлна. Харин хатсаных нь дараа чандартай минь холино. Тэр шаврын нэг хэсэг зуух болж, дотор нь хайрсан бин буцаад л минийх шиг хийцтэй вааранд орно. Залуус сүүлдээ миний хэвийг хүртэл дууриах болов. Тэд шаврыг могой шиг урт, нарийхан болгоод яг л над шиг ваараа тойруулан чимэглэнэ. Миний савнууд урт хүзүүгүй байсан. Тэр залуусынх ч бас хүзүүгүй юм. Тосгоныхон гэрийнхэнтэй маань зэрэгцэн суугаад, тэдгээр ваарыг мөлчийтөл зүлгэж, гялалзтал арчаад хараар будав. Дараа нь үсээр минь хийсэн багс, бийрээр яг л миний зурдаг шиг гүрвэл, туулай зурна. Тэдний хийсэн ваар савнууд минийхээс ялгагдахааргүй болжээ. Тосгоныхон маань тэр ваарнуудыг шатааж, бүтэн үлдсэн хэдийг нь манай гарт авчрав. Сюзана заримыг нь урд өрөөнд, заримыг нь миний өөд болсон орон дээр тавилаа. Гэхдээ би энэ бүхнийг хараагүй. Миний эзгүйд ийм явдлууд болж байсныг хар зөнгөөрөө л мэдсэн хэрэг. Манайд минийх шиг ваар савнууд тайван гэгч нь хэвтэнэ. Харин миний үсээр хийсэн багс, бийрийг аль хэдийн шатаагаа биз ээ. Тэр олон ваарыг хийснээс гурван өдрийн дараа тосгоныхон маань манайд найрласан юм. Чидун жимс, утсан мах, ногооны үр, буурцаг гээд олон сайхан амттан байсан нь лавтай. Эрчүүд, хүүхнүүд дарс ууж, хүүхдүүд нь тарвас идээ биз. Нар жаргасны дараа муу байшин минь лааны гэрэлд умбаж, хачин дулаахан харагдаж байсныг ч мэдэж байна. Гэрийн маань ил зууханд хүртэл гал ноцоо доо. Шөнө дунд Дон Леандро жижигхэн хайрцагнаас миний нүүрийг гаргаж, баг шиг зүүхэд нь л би нүдээ нээлээ. Аймшигтай нам гүм, агуу хоосноос эргэн ирээд би олон танилынхаа дотно төрх, ноён Амьдралын том нүд бас амаа даран хөхрөх Сюзанагаа харав. Ач хүү Карлос, Кюнито, зээ охин Анна, Жэлеа нар маань ч тоглож байгаа нь харагдана. Миний ваарнууд хүртэл намайг баяртай угтах шиг лааны гэрэлд гялалзаж үзэгдлээ. Дон Леандро бид хоёр хамтдаа унтлагын өрөө рүү орж, орон дээрх шинэхэн ваарнуудыг харав. Найз нөхөд, гэр бүл, хөршүүдийнхээ урласан тэдгээр ваар болгонд би оршиж байлаа. Хүмүүс манайхаас тэднийг нэг нэгээр нь худалдан авч, би тосгоныхоо айл бүрийн гал тогоонд залрав. Харин гэртээ бол миний хийцийг дууриалган хийсэн эхнэрийнхээ вааранд л амьдарч байлаа. Тосгоныхон маань миний дотор эрдэнэшиш, будаа, буурцгаа хийнэ. Бас хүзүүнээс минь бариад усаа зөөнө. Сүүлдээ манай тосгонд ирэх жуулчид хүртэл намайг сонирхож, ваарны наймаачин эр “Энэ Дон Исидрогийнх шүү” гэж бахдан ярих болов. Хэчнээн жуулчин түүний үгэнд итгэн толгой дохисныг, хэд нь намайг худалдан аваад дэлхийгээр нэг тараасныг мэдэх аргагүй. Би Стокгольм, Сеатл, Торонто, Буэнос-Айрест очсон. Хүн байхдаа очиж үзээгүй нийслэл Мехико хотдоо ч байгаа. Гэлээ ч би төрж, өсөж, өөд болсон буйдхан тосгондоо эдүгээ ч аж төрсөөр байна. Би Сюзанагийнхаа өмчирхдөг хоосон тавиур дээр суугаад өглөө бүр түүнийгээ амттай бин хайрахыг хардаг. Хэдий нас ахисан ч түүний минь гар яг л жаахан охиных шиг, шувуудын даль шиг шаламгайг нь яана. Заримдаа тэр минь өөрийг нь хараад байгааг мэдрэх мэт, миний суугаа тавиур луу мөрөн дээгүүрээ эргэж инээмсэглэдэг. Хариуд нь намайг жаргалтайгаар инээд алддагийг сонсдог, үгүйг даанч мэдэхгүй юм. Сонссон бол миний инээд хүртэл зөвхөн Дон Исидрогийнх хэмээн ялгарах өндөр хүзүүгүй ваарнуудын минь амсар шиг өөгүй дугуй хэлбэртэйг Сюзана минь мэдэх л байсан даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.