Түрээсийн машинаар Германы Мюнхен хотоос Францыг зорин 1000 км давхин байж хүн төрөлхтний соёл урлаг, эдийн засгийн төв нийслэлд хүрэлцэн ирлээ. Замд таарсан европын холбооны цэнхэр дэвсгэр бүхий таних тэмдэг хоёр улсын хил гэдгийг илтгэхээс өөрөөр Францад орж ирснээ мэдэх баримжаа үгүй. Үнэхээр аялал жуулчлалын өлгий орон гэсэндээ замын хураамж төлөх постууд олшроод ирэв. 2 евроноос 20 евро хүртэл бараг арваад хураамж төлсний эцэст Парис хотод орж ирлээ.
Жилдээ 82 сая жуулчин ирдэг кофе шоп, багетт талх, нэг хүнд ногдох сүмээрээ дэлхийд тэргүүлэгч Франц улсын нийслэлд ирнэ гэдэг амьдралдаа заавал үзэх зүйлсийн нэг бизээ. Бараг 20 метр яваад л нэг гэрлэн дохио таарах. Явган зорчигчид улаан гэрлээр машингүй үед тоохгүй гараад явчихаж байгаа хэвшмэл үзэгдэл нь эхэндээ гайхаш төрүүлэв.
Хотын төвд байрлах урдчилан захиалсан буудалдаа төвхнөж аваад арваадхан минутын газар дүнхийх алдарт Эйфелийн цамхагийг зорив. Гудамжаар араб ази америк африкийн түмэн зүйлийн үндэстнүүд холхилдох нь энэ хотын нүүр царай. Харуй бүрий болж хөл хөдөлгөөн ихсээд ирлээ. Түнэр харанхуй тэнгэр лүү мөрлөн өндийсөн алдарт Эйфелийн цамхаг нэг гудамж тойроод л гэнэт нүдний өмнө сүндэрлэн торойх нь тэр.
Нуруу хүйт дааж нулимс гоожчих гээд байгаа ч юм шиг сонин мэдрэмжээ чагнан хэсэг ангайн зогслоо. Үнэхээр хүн төрөлхтний 7 гайхамшигт багтах энэхүү аварга байгууламжийг үзэхээр шаван тэмүүлэх түмэн олонд шахуулан урагшлахдаа хүн гэж ямар өчүүхэн эс ширхэг, ертөнцийн нэгээхэн ширхэг төдий гэдгээ ойлгох шиг болсон. Энэхүү алдарт байгууламжийг бүтээн байгуулсан Александр Густав Эйфел инженер хотын төвийг гутаасан хэлхээтэй төмрийг буулга гэсэн баячуулын эсэргүүцэлтэй тулж байсан гэх. Аз болж радио Францад дэлгэрч өндөрт антеннаа байрлуулах шаардлага гарснаар энэхүү агуу бүтээл буулгагдах аюулаас аврагдсан ажээ.
Хамт явсан найзын минь урд явсан өндөр нөхөр гэнэт дуу алдан хөлөө бариад суучихав. Хөл дээр нь гишгэсэн хэрэгт унасан найз маань уучлал гуйхад эелдгээр тэврээд чи намайг ингэж унагасан ухааны юм дүрслэн ярьж үзүүлээд гар даллахад гарт нь нэг зүйл ажиглагдав. Найздаа юм чинь бүрэн үү гэж сануулахад аль хэдийн зүүж явсан паск нь онгойж түрийвч пасспорт нь алга болсон байлаа. Нөгөө нөхөр гэнэт ухасхийн харанхуй руу цахилгаан мэт цахилан одов. Хойноос нь гурав харайх хооронд аль хэдийн харанхуйд уусан одох нь тэр.
Ажил ч ундарлаа даа. Монгол руу ярьж кредит картаа хаалгалаа. Элчин рүүгээ залгалаа. Ойролцоох цагдаагийн хэсэгт яаралтай хандахийг зөвлөөд шаардлагатай үед холбогдоорой гэж гар утасны дугаар өгөв. Арайхийн хайсаар цагдаагийн хэсэг дээр очлоо. Таны биед ямар нэг байдлаар хохирол учруулаагүй хулгай бол өглөө ир гэж үүдэнд зогсох том буу үүрч гох дарахад бэлэн хоёр цагдаа найрсгаар хөөв. Инээмсэглэн харьцах нь "ингэдэг юм даа, байх л зүйл" гэх маягтай. За пасспорт учир нь олдох биз гэж өөрсдийгөө тайвшруулаад оройн Паристай танилцахаар ойр хавиараа зугаалав.
Ази хоолны газар замдаа олж тухлан хооллов. Дөрвөн хүн 40 еврогоор хангалттай хооллов. Буудлын доор байрлах уушийн газарт бас л түмэн зүгийн жуулчид. Хаанаас ирснээ ярин шар айраг шимцгээв... Өглөө цагдаагийн хэсэг дээр очлоо. Бүх цүнх тээш биеийг нарийвчлан шалгаад дотогш орууллаа. Заалаар дүүрэн олон хүн дарааллаа хүлээн сууцгаана. Ихэнхи нь азиуд. Бүгд хулгайд юмаа алдсан хүмүүс. Хоёр Герман бүсгүй юмаа алдаад 3 хоног хүлээж буйгаа ярьлаа. Солонгос жуулчид бас үүргэвчээ булаалгасан л гэнэ. Өдрийн хагас болж байж бүртгэл өргөдлийн хариу гарч юмаа алдсан нь үнэн гэх тодорхойлолт өглөө. Эргээд холбогдое. Гүүд бай...гүйцээ.
Кофе шоп Парисын нэрийн хуудас ажээ. Энд тэндгүй зөөврийн чиргүүлтэй кофе уух цэг. Гудамжинд гурав алхаад кофе шоп. Яг францчуудыг ялгаж таних амар аж. Цэвэрхэн чанартай фирмийн хувцас өмссөн ганган дэгжин үнэртэй үс ханхлуулсан хүмүүс таарвал эзэд нь. Найрсаг хэдий ч ихэмсэг зан үе үе цухалзана. За тэгээд цайрсан хүмүүс алдарт Лувр үзэхээр гарч давхилаа. Бас л хүнээр хахсан газар луу урсан орлоо. Үр хүүхдээ тэврээд хөлс ханхлуулсан ойрх дорнодын цагаачид тэнэмэл цыганууд гудамжны наймаачид түүх дурсгалт газрууд дээр битүү. Луврын музейд орох гэсэн жуулчдын зах нь үл мэдэгдэх дарааллыг хараад үзэх зорилгоосоо буцав.
Франц нөхөртэй Монгол бүсгүй утсаар холбогдон гэртээ хонохыг урьж гэрээ зааж өгөв. Хотын төвд орших гэрийнх нь гудамжинд битүү тэнэмэл цагаачид. Бүсгүй гарч ирж гэртээ урин орууллаа. Бөөндөө гарч оройн хоол идэв. Түүний санал болгосон Тайланд ресторанд мэлхийний шарсан мах тэргүүтэй хоол идэцгээв. Францчууд бас амталж шарсан эмгэн хумс их идэцгээх аж. Франц нөхөр нь монгол жижүүрийн хэдэн үгтэй агаад монголчуудад тун элэгтэй хүргэн аж...
Хулгай маш их болсон тухай энэ нутгийн эзэн нь өөрөө толгой сэгсрэн ярих. Утсаа булаалгах шахсан түүх ч бий гэнэ. Жуулчлалаар мөнгө өдөр шөнөгүй цутган орж байгаа энэ бизнесийн ертөнц өөрөө ирж буцах бүхэнд анхаарал сэрэмжтэй явахыг сануулах мэт. Эцэст нь манай элчингээс хулгайд эд зүйл бичиг баримтаа Монголчууд Европт их алдаж байгаа. Парис Брюссель Ром зэрэг томоохон хотуудад тун сэрэмжтэй явахыг анхааруулсан зөвлөмжөөр бяцхан тэмдэглэлээ өндөрлөж байна.