Арав.мн

Хамгийн үзэсгэлэнтэй 10 сүм хийд

Хамгийн үзэсгэлэнтэй 10 сүм хийд

Аль ч шашин номын бай хамаагүй аливаа сүм хийд, өргөл мөргөлийн газар гэдэг уран барилга хийгээд байгалийн үзэсгэлэн цогцолсон, онцгой содон түүх шаштир, олон түмний сүсэг бишрэлийг шингээсэн ариун дагшин газар байдаг. Тиймдээ ч дэлхий дээрх хамгийн гайхамшигтай барилга байгууламжийн дунд мөргөлийн газрууд багтах нь олонтаа. Тэдгээрээс асуулт, хариултын хамгийн том сайт Quora.com-ийн хэрэглэгчид дараах 10 сүм хийдийг хамгийн ер бусын, онцгой үзэсгэлэнтэй, аялагчид болоод сүсэгтнүүдийн амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзвэл зохих газраар нэрлэжээ.


10

Лянхуа цэцгийн хийд

Зөвхөн эртний түүхтэй сүм хийдүүд л үзэсгэлэнтэй сайхан байдаг юм биш. Дэлхийн хамгийн гоёмсог хийцтэй, нэн сонирхолтой шийдэл бүхий мөргөлийн газрын нэг нь угтаа ердөө саяхан буюу 1986 онд үүд хаалгаа нээжээ. Энэ хийд бол Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод орших бахай шашны мөргөлийн өргөө Лянхуа цэцгийн хийд юм. Цэцгийн дэлгэрэн буй 27 дэлбээг дүрсэлсэн загвар нь уран барилгын нэр хүндтэй олон арван шагнал хүртэж, дүрслэх урлаг төдийгүй шашин ном, засаг захиргааныхны анхаарлыг татжээ. 

Бүхий л шашны хүмүүст нээлттэй байдаг, цагаан гантиг чулуун уг хийд 2500 гаруй хүний багтаамжтай. Нэг жилд хүлээж авдаг жуулчдынхаа тоогоор Энэтхэгт тэргүүлдэг газруудын эхэнд Таж Махалын оронд сүүлийн жилүүдэд Лянхуа цэцгийн хийд бичигддэг болоод байна.


09

Их сүм

Бөмбөгөр орой нь гол ялгарах шинж нь болдог Их сүм энэ жагсаалт дахь магад хамгийн алдартай газар юм. Цор ганц бурхан төвт үзэлтэй дэлхийн гурван их шашны хамгаас ариун газар болох Иерусалимын Мөргөлийн уулнаа VII зууны үед баригдсан гэх уг сүмийн оройг 1990-ээд онд 80 кг цэвэр алтаар өнгөлжээ. Сүмийн барилгын их биеийн найман талт загвар, дотор нь байх өнгөлөг шигтгэмэл зургууд нь Византын үеийн сүм, цогчин дугануудыг санагдуулдаг. Сүмийн үүдэн дэх Үүслийн чулуу нэртэй чулуун баримал байх хэсэг нь иүдийн шашны хамгийн ариун газрын нэг бөгөөд сүсэгтнүүдийн итгэдгээр хорвоо ертөнц үүсэж буй болсон цэг юм.
Энэ газар нь мөн христийн номтнуудын хувьд эрхэм чухал. Адам, Авраам, Ноа зэрэг Библийн гол баатрууд чухам энэ чулууг тойрон аж төрж байжээ. Иймээс Үүслийн чулуу буй зүг рүү хандаж залбирдаг христийн урсгал хөдөлгөөнийхөн хүртэл байдаг аж. Харин исламын шашинд зөнч Мухаммедын Меккагаас Иерусалим хүртэл хийсэн Сүүлчийн аяны эцсийн цэг нь энэхүү Их сүм байсан гэж үздэг байна.


08

Лас Лахасын сүм

Колумбын өмнөд хэсэгт орших готик загварын энэхүү католик сүм Гуитара нэрт мөрөн урсдаг их хавцал дотор, газраас 100-гаад метрийн өндөрт баригджээ. Барилгын ажил нь 1916-1949 оны хооронд, бүтэн 33 жил үргэлжилсэн уг сүм нутгийнхны Ариун Мэригийн дүр үзэгддэг гэх домог оршсон нутагт сүндэрлэсэн байна. Түүх сөхвөл 1754 онд нэгэн индиан эмэгтэй хэлгүй, дүлий охиныхоо хамт хүчтэй шуурганаас хоргодон байтал охин нь гэнэт хавцлын ханан дээр Ариун Мэригийн дүр харагдлаа хэмээн хашгирчээ. Охин тийнхүү хэлд орсон бөгөөд түүнээс хойш нутгийн олон шидэт хавцлыг зорьж очдог болсон гэдэг. Дээрх явдлаас хоёрхон жилийн дараа Ариун Мэрид зориулсан анхны сүм 1756 онд хавцлын оройд баригдсан бол хагас зууны дараа 1802 онд хоёр дахь, арай том сүм баригдсан байна.
Харин сүсэгтэн олны мөнгөөр боссон одоогийн сүм гоёмсог гүүртэй холбогдсон, нэг хана нь тэр чигтээ байгалийн хад, үүдэндээ чагаа тэнгэрүүдийн уран гоё хөшөө барималтай зэрэг онцлогтойгоороо Колумбын төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан сүмийн нэгээр тодроод байна.


07

Гэгээн Петрийн цогчин дуган

Загалмайтны шашны олон салбар урсгалын түг түмэн сүсэгтний хувьд онцгой чухал газар болох Ватиканы Гэгээн Петрийн цогчин дуган нь үргэлжийн хөл хөдөлгөөнтэй байдаг ч тэр нь үзэгдэж харагдах гоо сайхныг нь нууж халхалдаггүй, жуулчдын хөлд дарагддаг бусад газартай харьцуулахад ойр хавьд нь чөлөөтэй, айх аюулгүй зорчиж болдог тухай аялагчид онцлон тэмдэглэдэг. Дэлхий дээрх христийн шашны хамгийн том мөргөлийн газрын нэг энэхүү цогчин дуган Сэргэн мандалтын үеийн уран барилгын хөгжил, ур хийцийн гайхамшгийг бэлхнээ харуулах цолгорсон бүтээл агаад загварыг нь гаргасан уран барималчдын дунд Донато Брамантэ, Микеланжело Буонарроти зэрэг алдартнууд багтана.
Цогчин дуганы шавыг анх Ромын эзэнт гүрний үед тавьсан гэдэг ч одоогийн барилга нь 1626 онд ашиглалтад оржээ. Төв хэсэгт нь 130 метр буюу дэлхийн хамгийн том бөмбөгөр дээвэр байх ба дотор нь гантиган хөшөө дурсгалууд, Микеланжелогийн “Пиета” тэргүүтэй алдартай уран баримлууд бий.


06

Брихадишвара хийд

Нутгийнхны дунд Их хийд гэгддэг Брихадишвара нь Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн нутаг дахь хиндү буюу ведийн шашны, дан гантиг чулуугаар боссон хийд юм. Энэтхэгийн түүхэнд тодорсон хамгийн аугаа хаадын нэг Анхдугаар Ража Чола хааны зарлигаар 1010 онд баригдсан тус хийд гойд нарийн хийцтэй, хараа булаамаас гадна сонин содон, нууцлаг түүхтэй юм. Жишээ нь, орой дээрх аварга том ганц чулуун баганыг нь хэрхэн дээш зөөвөрлөсөн нь одоог хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байна. Гантиган баганын жин 70 тонн бөгөөд хийдэд хамгийн ойр байрлах гантиг чулууны орд 60 гаруй км-ийн цаана байдаг аж.
Мөн Шива бурхны нэгэн дүр Нанди тэнгэрийг дүрсэлсэн, 20 тонн жинтэй ганц том чулуунаас сийлж товойлгосон хөшөө нь Энэтхэгийн төдийгүй дорно дахины уран барилгын түүхэн дэх ийм төрлийн цөөхөн гайхамшигтай бүтээлийн нэг юм. Нийт талбай нь 320 мянган ам.метр тул уг хийд алс холоос ч сүр бараатай, үлгэр домогт гардаг хааны өргөө адил харагдана.


05

Швэдагон Пагода

Түүхчид буддын шашны уг хийдийг VI-X зууны хооронд баригдсан гэж тооцдог ч нутгийнхан хийдийн барилгыг 2500 гаруй жилийн настай гэлцдэг. Домогт өгүүлдгээр төгс гэгээрсэн нэгэн буюу Гаутама Буддатай уулзаж, түүний үгийг сонсож явсан гэх ах дүү хоёр Швэдагон Пагодагийн шавыг тавьжээ. Мьянмарын нийслэл Янгон хотын төвд, их хөлийн гудамжнаа байрладаг ч уг хийд дотроо нам гүм байдаг аж. Энэ нь аялагч, жуулчдад гойд сонин мэдрэмж төрүүлнэ. Хийдийн гол дахь суваргууд алтадмал суурьтай тул Швэдагон хийдийг бүхэлд нь Алтан хийд гэх нь бий.
Суваргуудын өнгө төрхийг хэвээр хадгалахын тулд Мьянмарын иргэд алтан эдлэл, алтны орцтой үнэт хогшлуудаасаа жил бүр Алтан хийдэд хандивлаж иржээ. Хийдийн оройн ганжирыг 5000 гаруй хэсэг жижигхэн очир эрдэнэ, 2000-аад хэсэг бадмаараг чулуугаар чимэглэсэн бол дээд үзүүр дээр нь 76 каратын ганц том очир эрдэнэ суулгасан байдаг байна.


04

Барын үүр хийд

Гималайн уулсын хормой дахь Бутаны Паро нэрт үржил шимт хөндийг хараачлан дүнхийх 3800 метр халил өндрийн орой дээрх Барын үүр хийд нь хүрэхэд хэдий хэцүү ч чухамдаа уул өөд өгсөхөд таарах өтгөн ой хөвч, өндөр өндөр хүрхрээнүүд нь уг газарт очих аяллыг улам сонирхолтой, ер бусын болгодог. Хийдийн үүдэнд хүрэх агшинд үзэгдэх орчин, алсын барааны дуу алдам гоо сайхан нь арц хүжсийн үнэртэй нийлэн бурханлаг, амарлингуй мэдрэмж төрүүлнэ.

Гүрү Падмасамбава хэмээх хуврагийн уг газарт анх хэрхэн, яаж хүрсэн талаар олон янзын домог яриа байдаг ч Бутанд Буддын шашныг дэлгэрүүлсэн гэгддэг тэрбээр уг хийдийг 1692 онд барьж байгуулсан нь баттай юм. Тэрбээр хийд байгуулахаасаа өмнө мөнхүү өндөр хадан дээр гурван жил хэртэй бясалган суужээ.


03

Насир ол Молкийн сүм

12 жилийн турш баригдаж, 1888 онд ашиглалтад орсон уг сүмийг доторх ягаан өнгөтэй шигтгэмэл чимэглэлүүд, усан ягаан зонхилсон адар, туурганаас нь болж өөрөөр Ширазын Ягаан сүм гэх нь бий. Ираны Фарс мужийн Шираз хотод байх Насир ол Молкийн сүм нь дэлхий дээрх исламын шашны хамгийн өнгөлөг, хамгийн үзэмж төгс барилга байгууламжийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Сүмийн цонхнуудыг хурц тод, өнгө өнгийн шилээр шиллэсэн нь нар мандаж, жаргах үед солонгорон үзэгдэж, сүмийн доторхийг үлгэрийн орон мэт харагдуулна. Перс хивс, ханын гоёмсог зургууд нь сүмийн өнгө үзэмжийг бүр ч нэмдэг. Сүмийн энэ бүх гайхамшигт урлалыг арчилж тордох ажлыг Насир ол Молкийн сан хэмээх байгууллага хариуцдаг байна.


02

Амритсарын Алтан сүм

Энэтхэгийн синх шашны хамгийн ариун дагшин газар болох энэ сүм тус улсын хойд хэсгийн Панжааб мужийн Амритсар хотод оршдог. Уг хот Алтан сүмийг төвөө болгосон Хармандир Сахиб буюу Бурхны өлгий хэмээх цогцолборыг тойрон хөгжиж, одоогийн төрхөө олжээ. Хотыг синх шашны дөрөв дэх их багш Гүрү Рам Дас 1577 онд байгуулсан бол дээрх цогцолборын төв болох Алтан сүмийг тав дахь их багш Гүрү Аржааны санаачилгаар бүтээж, 1604 онд гүйцээжээ. Харин сүмийн дээд их биеийг 750 кг цэвэр алтаар бүрсэн нь 1764 оны явдал юм.
Сүмийн дотор тал, нэн ялангуяа гол танхимын орой нь мөн алтадмал өнгөтэй, гантиг чулуу болон бусад олон төрлийн үнэт чулуун шигтгэмэлтэй учир хосгүй үзэсгэлэнтэй харагдана. Алтан сүм дөрвөн зүгт хандсан дөрвөн хаалгатай байдаг нь бүх шашин номынхонд нээлттэй, синх шашин ямагт энх амгаланг эрхэмлэнэ гэсэн чухаг санааг агуулжээ. Сүмийн хажууханд үнэгүй хоол унд тараадаг, дэлхийн хамгийн том буяны гал тогоо байдаг. Энд өдөр бүр 100-300 мянган хүн үнэгүй хоол идэж, сүсэгтэн олны өглөг хишгээс хүртдэг байна.


01

Шейх Зайадын сүм

Дэлхийн хамгийн том исламын сүмийн нэг, Арабын Нэгдсэн Эмиратын Абу Дабид орших энэ сүм 40 гаруй мянган хүний багтаамжтай, их бага 82 бөмбөгөр орой бүхий дээвэр, 1000 гаруй гоёмсог баганатай, 24 гаратын алтаар бүрсэн гэрлийн бүрхүүл, дэлхий дээрх гараар нэхсэн хамгийн том хивстэй гээд онцлог шинж ихтэй, ер бусын цагаан гантиган сүм юм. Сүмийг 1996-2007 оны хооронд Арабын Нэгдсэн Эмиратыг үндэслэн байгуулагчийн нэг, тус улсын анхны Ерөнхийлөгч Зайад ибн Султан Аль Нахайяны санаачилгаар байгуулж, түүний нэрээр нэрлэжээ.
Уг сүмийн цогцолбор нийтдээ 12 га газар эзлэх бөгөөд нэг танхимдаа 200 гаруй жилийн тэртээх исламын шашны судар бичгийг агуулсан асар баялаг номын сантай. Шейх Зайадын сүмийг онцгой өвөрмөц болгодог бас нэгэн шинж нь исламын бүх урсгалынханд, тэр бүү хэл исламын бус шашинтнуудад ч нээлттэй байдаг элгэмсэг дулаан уур амьсгал нь юм. Эл сүм Америкт төвтэй “Trip Advisor” аялал жуулчлалын компаниас олон орны аялагчдын хамгийн их санал болгодог хоёр дахь газраар сүүлийн гурван жил дараалан шалгарчээ.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Хэлмэгдүүлэлтийн үед их сүйтгэсэн л дээ, манай дарга нар арай гэж одоо байгаа жаахан хэсгийг авч үлдсэн гэдэг.
+3
Эрдэнэзуу үзээд байх юм юу ч байхгүй. Нүүдэлчин байлаа гээд сүм нь нүүгээд явчихдаггүй байлтай. Цэвэрхэн байлгах бол сэтгэлийн ажил.
Зарим нь бид чинь нүүдэлчид гэдгээ мартчих юмаа
+4
Гэтэл манай сүм хийдүүд хир даг тоос шороондоо дарагдсан бдг даа :(
+1
Гайхамшигтай. Манай Эрдэнэзуу алга байх юм... :)
+4
Суурин соёл иргэншилээ гэж...
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start