Хүний гараар бүтсэн гайхамшигтай 10 арал
Газар дэлхий сая сая жилийн турш хөдлөн өөрчлөгдөж, үзэсгэлэн төгөлдөр арлуудыг бүтээсэн байдаг. Эдгээр арлууд дээр олон сайхан хот, улсууд сүндэрлэн босож сая сая жуулчдын сэтгэлийг булааж байдаг билээ. Хэдийгээр хүн төрөлхтөн байгаль эхтэй эн зэрэгцэхүйц үзэсгэлэнт арлыг бүтээж чадахгүй ч маш сонирхолтой хиймэл арлуудыг бүтээж чадсан юм. Энэ жагсаалтаар та бүхэнд дэлхийн хамгийн гайхамшигтай 10 хиймэл арлыг танилцуулж байна.
1967 оны олон улсын экспогийн бэлтгэл ажлын хүрээнд Канадын Квебек мужийн Монреаль хотод метроны шугам сүлжээ хэрэгтэй байлаа. Энэхүү нүсэр том ажлын үр дүнд 15 сая тонн хад чулуу, хөрсийг ухан гаргасан байна. Энэ их шороог маш бүтээлчээр ашиглахаар шийдсэн хотын захиргаа Гэгээн Лоренс мөрний голд Нотре Дам арлыг бий болгожээ. Өнөөдөр уг арал дээр жуулчдын очих дуртай олон үзмэр байдгийн нэг нь Канадын Гран при болдог Jacques Villeneuve тойрог зам юм. Арал дээр түүнчлэн Монреалийн казино оршдог.
Баруун умард Германы хамгийн том нуур болох Штейнхудед орших Вилхемштейн арлыг Шаумбург-Липпегийн гүн Уиллиамын тушаалаар байгуулсан байна. Уг арлыг 1765-1767 оны хооронд байгуулсан ба ингэхдээ загасчдын завиар чулуу зөөн усанд хийх замаар бүтээжээ. Уг арал 12,500 ам метр талбайтай бөгөөд анхны зориулалт нь Уиллиам гүнгийн бэхлэлттэй нуувч байв. Өдгөө энэ арал дээр жуулчдын очих дуртай музей ажилладаг.
Сан Францискогийн эргийн ойролцоо орших энэ арал анх элсэн харгиа байжээ. Хотын удирдлагуудын зүгээс уг харгиа усан онгоцнуудад төвөг учруулж байна хэмээн үзэж, АНУ-ын Зэвсэгт хүчний инженерүүдийн салаагаар удирдуулсан баг 1936 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн аж. Арлыг хийхэд 6.7 сая тонн шороог зөөж, 1.5 х 2.4 км-ийн хэмжээтэй энэ арлыг бүтээсэн байна. Арлын бүтээн байгуулалт 1939 онд буюу Golden Gate олон улсын экспогийн өмнөхөн дуусжээ. Үзэсгэлэнгийн дараа Тэнгисийн цэрэг Эрдэнэсийн арлыг авч, цэргийн бааз байгуулсан байдаг. Харин 1997 онд уг арал олон нийтэд нээлттэй болсон юм.
Өнөөдөр уг арал дээр хар зах ажилладаг ба Эрдэнэсийн арал дээр хөгжмийн наадам болдог. Гэвч цацраг идэвхт хог хаягдлаас болж бохирдсон хөрстэй зарим хэсэгт эзгүй байшин ихтэй. Энэ талаар Тэнгисийн цэргийн хүчин тайлбар хийхгүй олон жил болсон ч 2010 оноос эхлэн цэвэрлэх ажлыг хийсэн байна. Нийт 20 жил дахин дахин төлөвлөсний эцэст өнгөрсөн онд уг арал дээр 8000 байшин, цэцэрлэгт хүрээлэн, зочид буудал барих болсноо зарлаад байгаа юм.
Энэтхэгийн далайд орших Мальдив улсад 1.7 ам.километр талбай бүхий Хулхюмале арал бий. Хиймэл арал дээр хүмүүс 2004 оноос эхлэн суурьшсан ба 2016 оны байдлаар 40 мянган оршин суугчтай болоод байгаа юм. Арлыг бүтээхдээ цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байхаар загварчилсан гэдэг. Хулхюмале дахь хот нь Мальдивын анхны “ухаалаг хот” бөгөөд хамгийн сүүлийн үеийн гэрлэн дохионы систем, шугам сүлжээтэй. Арал дээр зочид буудал, зоогийн газрууд олон бөгөөд жуулчдын анхаарлыг татдаг гол зүйл нь болох далайн эрэг бий. Эргийн ойролцоо далайн амьтад маш их бөгөөд усан спорт их хөгжсөн байдаг.
1965 онд Калифорни мужийн Лонг Бийчэд байгуулсан THUMS арлууд нь дөрвөн хиймэл арлаас бүрддэг. Нэр нь Texaco, Humble (одоогийн Exxon), Union Oil, Mobil ба Shell гэх томоохон компаниудын нэрсийн эхний үсэг юм. Эдгээр компаниуд хамтран уг арлыг бүтээжээ. Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх таван компанийн арал дээр хүн амьдардаггүй бөгөөд зөвхөн газрын тос олборлох байгууламж бий.
Газрын тосны байгууламжууд үзэмж муутай байдаг тул хөрөнгө оруулагчид Диснейлэнд паркуудыг хийдгээрээ алдартай архитектор Жозеф Линешийг хөлсөлсөн байдаг. Одоог хүртэл уг арал дээр 1550 орчим өрөм ажиллаж, газрын тос олборлож буй.
05
Дэлхий (Арабын Нэгдсэн Эмират)
Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай хот болох Дубайд хэд хэдэн хиймэл арал бий. Эдгээрийн хамгийн сонирхолтой нь Дэлхий нэртэй арлууд юм. Арлын бүтээн байгуулалтын ажил 2003 онд эхэлсэн ч 2008 оны санхүүгийн хямралаас болж төсөл зогсонги байдалтай болсон байдаг. Энэ цагаас хойш долоон тивийг бүтээдэг 300 жижиг арлууд эхнээсээ Персийн буланд живж эхлээд байжээ.
2014 онд төсөл дахин үргэлжилсэн юм. Уг арлууд дээр зочид буудал, ресторанууд байх бөгөөд “далайн морь” гэж нэрлэх тал нь усанд, тал нь усан дээр хөвөх байшингууд байх гэнэ. Тус бүр 2.8 сая ам.долларын үнэтэй байх уг байшингуудын 70 хувь нь хэдийнээ зарагдаад байгаа юм.
Персийн буланд орших Бахрейн улсад маш үзэсгэлэнтэй хиймэл арлууд байдаг. Амваж арлууд гэдэг нэртэй уг арлуудыг бүтээх ажил 2002 онд эхэлсэн ба “ухаалаг хот” болохоор анх төлөвлөгдөж байжээ. Cisco болон Oracle компаниуд арал дээрх бүх байр, бизнесийн байгууллагуудад кабелийн шугам сүлжээгээр холбох гэрээ хийсэн байдаг.
Арлуудын хамгийн гайхалтай хэсэг нь “Хөвдөг хот” нэртэй Ал Марса юм. Байшингуудыг тойроод сувгууд байх ба оршин суугчид гэрийнхээ үүдэнд завиа байрлуулдаг. Ингэснээр Италийн Венец хотыг илүү орчин үеийн болгосон мэт харагддаг байна. Түүнчлэн Төв шүрэн арал гэх алдартай хэсэгт маш том задгай худалдааны төв, ресторанууд бий.
Орон сууцжуулах асуудалтай нүүр тулгарсан хотуудын засгийн газар, үл хөдлөх хөрөнгийн компаниуд шинээр барилга барихын тулд бүтээлч сэтгэлгээгээ ашиглах шаардлагатай болдог. Ийм хотуудын нэг нь болох Голландын Амстердам хот ИЖбург гэх хиймэл арлуудыг байгуулсан байна. Бүтээн байгуулалтын ажил 1996 онд ИЖмеер нууранд эхэлж, өдгөө эх газар болон хоорондоо гүүрээр холбогдсон Steigereiland, Haveneiland, Rieteilanden гэх гурван арлыг барьсан юм.
2015 оны байдлаар ИЖбургэд 20 мянган оршин суугч амьдарч байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах үед 45 мянган оршин суугч амьдрах боломжтой болох ажээ. Арал дээр сургууль, худалдааны төвүүд, эмнэлэг, ресторанууд байх юм.
Ойрхи дорнодын газрын тосоор баялаг Катар улс 2022 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болоод байгаа. Энэ улсын жуулчдыг татдаг хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг нь Сувдан Катар гэх хиймэл арлууд юм. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 10 жилийн турш үргэлжилж, 2014 онд дууссан билээ.
Таван одтой гурван зочид буудал, худалдаа үйлчилгээний 0.04 ам километр талбай бүхий төвтэй уг арал дээр 2014 оны байдлаар 12 мянган хүн амьдарч байсан ба 2018 он гэхэд энэ тоо 4 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм.
01
Дал модон арлууд (Дубай)
Дубайн Дэлхий арлуудын хоёр талд нэг нэг Дал модон арлууд бий. Зүүн талд нь Palm Jumeirah, баруун талд нь Palm Jebel Ali байдаг. Жебел Алигийн барилгын ажил хараахан дуусаагүй байгаа бөгөөд бэлэн болох үед 250 мянган оршин суугчтай, дөрвөн соёл амралтын хүрээлэнтэй байхаар төлөвлөсөн юм байна. Харин Жумейрагийн барилгын ажил харьцангуй хурдан явагдаж, 2006 он гэхэд оршин суугчдаа хүлээн авч эхэлсэн байдаг.
Жумейра арлын хувьд нөгөөхөөсөө бараг хоёр дахин жижигхэн. Энэ арал дээр зочид буудал, амралтын газар, ресторан, худалдааны төвүүд олон бий. Дубайн гурван хиймэл арлыг хийхэд далайн гүнээс олон сая тонн элс ухан гаргаж, GPS ашиглан хэлбэржүүлэн цацсан байдаг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.