Хайрын сэдэвт 10 гайхалтай уран зураг
Итали романтизмын гол нэрийн хуудсын нэг болох зураач Франческо Айецийн 1859 оны бүтээл "Үнсэлт" хэмээх энэхүү зураг дурлал хайрын сэдэвтэй хамгийн алдартай бүтээл туурвилын нэг билээ. Зураг дээрх эмэгтэйн онцгой гоёмсог, цэмцгэр гэгчийн усан цэнхэр торгон даашинз, эрэгтэйнх нь урт, улаан оймс, хэзээ мөдгүй шат өөд харайлган одохыг нь илтгэх шатны гишгүүр дээрх хөл нь амраг хоёрын гал халуун үнсэлтээс ч илүү хүсэл шунал, чинхүү ариун сэтгэлийг нь илэрхийлэх шиг болдог. Залуу эрийн бүснээс унжих, хуй нь дөнгөж цухуйж харагдах жижигхэн хутга, цаад хонгилын хаалганаа сүүтэгнэх учир битүүлэг нэгний сүүмэн сүүдэр магад дурлалт хархүүгийн хаашаа ч юм яарч, зугтаж буйтай нь холбоотой мэт далдын аюул, нууцлаг аясыг бэлгэднэ.
Энэхүү зургийн адил амраг хайрын сэтгэлийг хамгийн гайхамшигтайгаар харуулсан онцгой 10 уран зургийг нэрлэж байна.
10
Хайр (1965) – Роберт Индиана
Энгийн л ХАЙР гэсэн үг. Гэвч энэ зураг ердийн үгээс ч илүү агаад ихэмсэг, бардам L-ийн дэргэд эгдүүтэй нь аргагүй налж унасан өхөөрдөм О, гойд эмэгтэйлэг, хүчирхэг харагдах V, хэдий буруу харсан ч түүнийг тулж түших мэт E бүгд нийлээд ер бусын, тун ч орчин үеийн өнгөлөг, дулаахан дүрс үүсгэсэн нь энэ. Америкийн поп зураач Роберт Индианагийн энэхүү пиктограмын суурь өнгө ашид мөнхийг бэлгэдэгч хөх, ногооны нийлбэр байгаа нь ч санаандгүй зүйл биш ээ. Шинэ эрин үеийнхний эрх чөлөөт, амар хялбар, гэхдээ тууштай үнэн хайрыг бэлгэдсэн энэ зургийг одоо ч хэдэн саяар нь хуулбарлаж, хаа сайгүй “нааж”, бүр хөшөөг нь хүртэл босгоод байна. Хайрын сэтгэлд үнэхээр ч ХАЙР-аас өөр юу чухал билээ?
09
Ор (1893) – Анри де Тулуз-Лотрек
Онцгой авьяас билигтэй ч эхээс унахдаа л эрэмдэг зэрэмдэг төрсний хувьд эгнэгт ганцаардагчийн зүрх сэтгэлтэй байсан Тулуз-Лотрек эмэгтэй хүнийг өөрийнхөө амраг хайрт гэхээсээ дотнын анд нөхөр, их хотын булан тохой дахь ердийн нэг хань хамсаатан шигээ дүрсэлдэг байв. Эмэгтэй хүнийг элдвээр гоёчлолгүй, яг л байгаагаар нь зурсан түүний олон арван бүтээлээс хайрын сэтгэлийг мөн л эгэл жир байдлаар харуулсан энэхүү “Ор” (Орон дотор) хэмээх зураг нь тун алдартай. Хоёр эмэгтэй дулаахан хөгжилдөө зэрэгцэн унтах энэ зураглал дурлал хайрын далдхан, нандин мөчүүдийн нэгийг энгүүнээр амилуулснаараа гайхамшигтай юм. Уг бүтээл “Орон дотор-Үнсэлт” тэргүүт 4-5 цуврал зургийн нэг агаад мөнхүү “Үнсэлт” зураг дээр энэ хоёр эмэгтэйг үнсэлцэж буйгаар харуулжээ.
08
Өөрийн хөрөг (1943) – Фрида Кало
Эр нөхөр нь Фридагийн ухаан бодолд хадаатай, оюун санаанд нь шивээстэй, тархи толгойнд нь хориотой байна. Хэдий өөрийг нь зовоодог ч Диегогоо тэр бодохгүй байж эс чадна...
Фрида хос хөрөг гэж болох энэхүү бүтээлээ 1940 оны зуны сүүл сард буюу нөхөр Диего Риверагаасаа гэрлэлтээ цуцлуулахдаа зурж эхэлжээ. Тэрээр өөрийн гол онцлог болох бодол санаагаа шууд илэрхийлэх, аливаа адилтгал зүйрлэлээ хүртэл битүү хатуу бэлгэдэлгүй дүрслэх аргаа энэ зурагтаа ч мөн гаргасан байна. Өөртөө Мексикийн үндэсний хувцас өмсгөж, навчин титэм зүүлгэсэн нь эгээ л аалзны тор шиг түүнийг битүү ороож, Фрида өөрийн бүтээсэн зурган дотроо ч, Диегог гэсэн улигт бодолдоо ч баригдаж хүлэгдсэн мэт харагдана. Гэвч хоёр зураачийн хамтын амьдрал Фридагийн шаналлаар эцэс болоогүй билээ. Түүнийг энэхүү зургаа гүйцээх үед буюу 1943 онд тэд эргэн нийлж, дахин гэрлэсэн юм.
07
Төрсөн өдөр (1915) – Марк Шагал
Бүсгүйн төрсөн өдөр болж, дурлалт хархүү нь түүндээ цэцгийн баглаа барьжээ. Гэвч залуу үүндээ ханасангүй, бүсгүйг гэсэн сэтгэлээ барьж дийлэлгүй түүнийг цэцгээ барин эргэхэд толгой дээгүүр нь нисэж огцом эргэн хайртынхаа уруул дээр үнсэнэ. Энэхүү дүр зураг Шагалын хайртай эмэгтэй, анхны эхнэр Беллагаа гэсэн сэтгэлийн чинхүү үнэн илэрхийлэл байлаа. Беларусь гаралтай Орос, Францын зураач тэрээр эл бүтээлээ гүйцээгээд удаагүй байхдаа мөн л беларусь гаралтай зохиолч эмэгтэй Белла Розенфельдтэй гэрлэжээ. Зураачтай танилцахдаа дөнгөж 14 настай байсан Белла түүний эхнэр болохдоо 20 хүрч байв. Тэд Беллаг 1944 онд өвчнөөр өөд болох хүртэл буюу 30-аад жил жаргалтай сайхан амьдарсан агаад Шагал эхнэрийнхээ талаар “Тэр намайг цонхоо нээхэд тусалсан. Түүнтэй хамт цэвэр цэнгэг агаар, гүндээ гэрэл гэгээ тээсэн хайрын сэтгэл, анхилуун цэцэгс цөм орж ирсэн. Түүний минь босгож, надад зэхсэн миний шинэ орон гэр ариун сүм дуган байлаа” хэмээн бичсэн байдаг.
06
Амрагууд (1928) – Рене Магритт
Тус тусын битүү юүдэн, нөмрөгөн дороо буй эр, эм хоёр. Тэд хэдий хүсэвч бие биеэ харахгүй, хоёр биедээ хүрэлцэхгүй, уруулаараа шүргэлцэхгүй. Толгойн битүү ороолт нь магадгүй амраг хосын бие биеэ таньж мэдээгүйг илтгэж байж болох. Эсвэл харилцаа хийгээд хамтын амьдралынх нь төгсгөл ирснийг ч илэрхийлж байж мэдэх юм. Урлаг судлаачид Бельгийн сюрреалист зураач Рене Магриттын энэхүү зургийг бэлгийн хүсэл хясал, айдас, эмзэглэлийг харуулсан орчин цагийн гоц бүтээл гэж үздэг. "Амрагууд" нь гурван цуврал зураг бөгөөд энэхүү хос хоёрын үнсэлцэж байгаа нь нөгөө хоёроосоо илүү алдартай. Магритт уг зургаа 1927-28 онд Парис хотод зуржээ.
05
Гэнэтийн үнсэлт (1718) – Антуан Ватто
Жаргах нарны туяанд дурлалт хосод зориулан хөгжим тоглох залуу эр тэднийг ихэд баясан сонжино. Энд ээдрээ төвөгтэй хайрын түүх, далд бэлгэдэл, ёгт санаа огт үгүй. Дурлалт хос дэргэдээ буй хөндлөнгийн хүнийг ч үл хайхран, бүр хөгжмийг нь ч анхаарч чагнасан шинжгүй байх бөгөөд зөвхөн бие бие рүүгээ тэмүүлж байгаа нь гагц ухаангүй хайрын илрэл юм. Үүнийг бүсгүйн сул унжсан гар, хархүүгийн уян налархай хөдөлгөөн давхар чимж, бүр ч бататгах ажээ. Энэхүү зураг дахь дурлал хайрын шид, сонгодог эриний романтик, гоёмсог орчин нь үзэгчид биднийг ч мөн хөгжимчин залуугийн адил хөхиүн, хөгжүүн болгоно.
04
Еврей сүйт бүсгүй (1666) – Рембрандт
"Хайр тэвчээртэй, хайр өгөөмөр"... Библи дэх Коринфийн хэсэгт байх энэ үгийг Дундад зууны үед хурим найран дээр их хэлдэг байлаа. Рембрандтын энэ зураг харин өнгө туяа бүртээ, бийрийн хүрэлт болгондоо энэ үгийг шингээсэн мэт нинжин, дулаан сэтгэлийг агуулжээ. Зураг дээрх хосын талаар бид тун багыг мэднэ. Эмэгтэй нь үнэхээр сүйт бүсгүй юү, залуу нь түүний сүйт хархүү мөн үү, эд хоёулаа еврей юү гэдгийг ч баттай мэдэх аргагүй. Гэвч биеийн хэлэмж, хачин амарлингуй төрх нь энэ хоёрын бие биеэ гэсэн халуун сэтгэлийг юу юунаас илүү илчилж, тэр бүх баримт мэдээллийг огтоос хэрэггүй, чухал биш болгож байна. Нэг гараараа мөрөөр нь тэвэрч, нөгөө гараараа энгэр цээжийг нь энхрийлэх хайртынхаа гарт бүсгүй хэдий ичингүйрэвч жаргалтай нь аргагүй хүрчээ. Дурлалт хос энэхэн мөчид ердөө өөрсдийнхөөрөө байвч ертөнцийн аль ч хэсэгт, аль ч цаг үед байх бүх л амраг хайртуудын нийтлэг төрхийг элбэрэл хайр, хүнлэг сэтгэл, итгэл бишрэлийн хамт амилуулсан нь энэ.
03
Хөдөө нутгийн бүжиг (1883) – Пьер Огюст Ренуар
Бүжиглэгч хос сайхан хөгжмийн шид увдис, зуны үдшийн цэвэр цэнгэг агаар, мөн бие биеийнхээ илч дулаанд мансуурсан мэт жаргалтай байна. Ард нь ууж дуусгалгүй үлдээсэн цай, дэргэд нь магадгүй үдшийн хөнгөн зууш нь үлдсэн байх агаад хос хоёр хэчнээн баяр баясгалантай байгаа нь бүсгүйн сэтгэл хангалуун мишээсэн төрх, сэвүүрээ арайхийн барих гарын хөдөлгөөнөөс нь харагдана.
Ренуарын гайхамшигтай зөөлөн, романтик өнгө будгаар бүтээсэн энэхүү зураг дахь эмэгтэй бол уг зураг бүтээгдсэнээс долоон жилийн дараа буюу 1890 онд зураачийн гэргий болсон Алин Шариго бол эрэгтэй нь Ренуарын дотнын анд Пол Лоте аж. Ренуар 1881 онд Италиар аялаад ирснийхээ дараа импрессионизмаас аль болох зай барьж, Рафаэлийн бүтээл туурвилтай төстэй сонгодог аяс бүхий хэд хэдэн зураг зурснаас хамгийн алдартай нь энэхүү бүтээл юм.
02
Далан хальсын сүүдрэвч (1609) – Питер Пауль Рубенс
Бал сарын аяллаасаа дөнгөж эргэн ирсэн Рубенс эхнэр Изабелла Брантын хамт далан хальс модны саглагар мөчир дор сууна. Бүсгүйн инээмсэглэл гойд содон, дүрслэх урлагийн ертөнцөд нэн алдартай. Жинхэнэ ёсоор хайрлаж, хайрлагдсан эмэгтэй л ингэж нүүр бардам, ихэмсэг гэгч нь жоготой инээмсэглэл тодруулж чадах билээ. Рубенс ч бас сэтгэл тэнэгэр байгаа нь, гэргийдээ онцгой хүндэтгэлтэй хандаж буй нь харваас илэрхий.
Зураг бүхэлдээ хайр сэтгэл, гэр бүл, хуримын ёслолын бэлгэдлээр дүүрэн. Эхнэр, нөхөр хоёр сүмд хуримлагч хос шиг хоёр биеийнхээ баруун гарт хүрсэн байна. Харин эрэгтэйнх нь зүүн гар ирт сэлэмнийхээ ишин дээр байгаа нь түүний өрхийн тэргүүн, гэр бүлийнхээ хамгаалагч болохыг илтгэнэ. Тэдний цэцэрлэгт сууж буй нь ч диваажингийн илэрхийлэл бол нэгэн зүйлийн жимсгэний бут болох далан хальс нь өөрөө дурлал хайрын бэлгэдэл юм.
01
Үнсэлт (1908) – Густав Климт
Бие биеэ нөмөрлөн мөнхийн үнсэлтээр холбогдсон эр, эм хоёр энэ ертөнцөөс ангид, огт өөр хаа нэгтээ, магад од эрхсийн дунд, үлгэрийн гэмээр цэцэг навч алагласан нуга хөндийн ирмэг дээр байна. Бүсгүйн хөлийг эс тооцвол энд эгэл жирийн, доод хөрстийн гэх зүйл нэг ч алга. Энэхүү тэнгэрлиг, ид шидийн мэт дүрслэл нь эртний Византын үеийн шигтгэмэл зургийг санагдуулам алтан шаргал, гялалзсан өнгөтэй нь хослон уг зургийг ер бусын, давтагдашгүй бүтээл болгожээ. Бүтээгдсэнийх нь дараа хэт задгай, эрээ цээргүй, ёс бус хэмээн шүүмжилж байсан ч эл бүтээл уран зураг дахь хамгийн алдартай үнсэлт гэгдэн бүтэн зууны дараа ч олны сэтгэлийг татсаар байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.