Хайртай хүнээсээ хагацсаны дараа үзэж болохгүй 10 кино
Шархалсан зүрх, “гэмтсэн” сэтгэл, норсон сальфеткатай үлддэг салалтын дараах үеийг давж гарахад тус болох олон зүйл бий. Найз нөхөдтэйгөө хамт байх, өөрийгөө хөгжүүлэхэд илүү цаг зарцуулах, шинэ хоббитой болох, өөр хүмүүстэй танилцах гээд түмэн янзын аргууд дээр нэмээд энэ үед үзэж болохгүй арван киног бид жагсаалаа. Эдгээр кинонуудад гарах бүтэлгүй төгсгөл, эвдэрхий харилцаанууд, хуучин дурсамжийг тань сануулах түүхүүд таны сэтгэл санааг хасах оноонд аваачих магадлал өндөр учраас ойрын хугацаанд үзэхгүй байвал зохилтой. Ахин дахин хямрахгүйн тулд эдгээр арван кинонуудаас зай барина уу...
Найруулагч: Mike Nichols
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Хайртай “байсан” хүндээ араар тавиулсны дараа
Нэг л өдөр тэд дурлалтай учирдаг. Хэн нэг танихгүй хүн хараа булааж, тэгээд инээмсэглэж, хамтдаа жаргалтай байж, инээмсэглээд л байна. Гэвч нэг л өдөр тэд уйлна. Энэ бол хоёр хос, Лондонд амьдарч буй дөрвөн хүний орооцолдсон утас шиг түүх юм. Энд сайхан, гоё зүйлс ховор. Зарим хүмүүст харин амьдралд ойр санагдах байх.
Нэг залуу найз охиноо хуурдаг. Яагаад гэвэл тэр өөр эмэгтэйд сэтгэлтэй болчихсон юм. Уг нь найз охин нь түүнд хачин их хайртай л даа. Өөрт нь чин сэтгэлээсээ хайртай хүн заримдаа сонирхол татахаа больчихдог юм болов уу? Нэг эрэгтэйн эхнэр нь түүнийг араар тавьдаг. Тэр эхнэртээ хайртай, хайртай л байх. Ямартай ч тэр өөрийн гэсэн зүйлээ бусдад алдахыг хүсдэггүй шазруун зантай. Заримдаа уучлалт гэдэг хэн нэгний эгогоо тэжээх гэсэн хэрэгцээ байдаг юм биш байгаа? Нэг эмэгтэй хэнд жинхэнээсээ хайртайгаа мэддэггүй. Нууц, болохгүй зүйлс сэтгэл татах тохиолдлууд ч олон. Харин тэр нэг охин уучилсаар л байдаг юм. Гэхдээ нэг л өдөр уучлаад, ойлгоод, хүлээгээд байсан сэтгэлээс нь хайр гэдэг зүйл арилан одсоныг мэднэ.
/Dan өөр эмэгтэйд хайртай болсон гэдгээ Alice-д хэлж байна/
Alice: Яагаад? Яагаад гэвэл тэр амжилттай яваа, сайн ажилтай болохоор уу?
Dan: Үгүй ээ, яагаад гэвэл би түүнд хэрэггүй учраас...
09
500 days of Summer /2009 он/
Найруулагч : Marc Webb
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Яагаад ч чинийх болохгүй байсан, хэтэрхий эрх чөлөөтэй дураараа нэгэнд бүтэлгүй дурлаад зүрхээрээ газар хатгасны дараа
Тийм нэг сонирхол татам охинтой залуу санаандгүй танилцжээ. Тэд адилхан сонирхолтой, гэвч бас тэс өөр талууд ч өчнөөн олон. Өөрийнхөөрөө, эрх дураараа, гэвч хайр татам тэр бүсгүйд залуу татагдсаар л. Тэд хамтдаа байж, илүү дотносож байсан ч харамсалтай нь бүсгүй залууд дурлаагүй байж. Тэгэхээр, их энгийн, одоо тэд салах ёстой боллоо. Хайртай хүн нь өөр нэгэнтэй байхыг, өөрийгөө түүний хувьд онцгой нэгэн биш гэдгээ мэдрэхийн шаналан ингэж эхэлнэ. Магадгүй өмнө нь бүдэг бадагхан гадарлаж л байсан зүйл, хүлээн зөвшөөрөхгүй л байсан болохоос.
Иймээс хорь орчим насны, онцгой хүнийхээ хувьд цор ганц нэгэн байж чадаагүй хүмүүст энэ кино хориотой!
/Гол дүрийн залуугийн найз хэлж байна/
- Чамтай адилхан хачин зүйлсэд дуртай байлаа гээд тэр чиний заяаны хань гэсэн үг биш шүү.
08
Amores Perros /2000 он/
Найруулагч : Alejandro González Iñárritu
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Түүний төлөө бүхнээ зориулсаар байтал чамайг зүгээр л хаяж явсан харилцааны дараа
Мексик гаралтай найруулагч Инъяаритуяг л хөзөр хольж байгаа хүн шиг кино хийдэг.Үзэгдлүүд энд тэнд, үйл явдлууд урд хойноо. Энэ кинонд тэрээр гурван өөр амьдралын огтлолцол болсон нэг машины ослыг тойруулан "хөзрөө хольжээ". Тэр төв цэгээс дамжин гурван өөр түүх дэлгэцэн дээр өрнөнө. Хайр гэж юу вэ?
Сэтгэл татам, онцгой тэр хүн нь даанчиг өөр хүнийх. Тэр хичнээн их хичээж, дурлалт хүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн байлаа ч, зориулсаар байлаа ч өнөөх нь түүнийг хайрлахгүй бол тэгээд л хугарсан гар, "гэмтсэн" сэтгэлтэйгээ ганцаараа үлдэнэ. Зорьсон газар руугаа ч явахгүй, учир нь тэнд тэр байхгүй, хоосон шүү дээ.
Бас нэг хүн ... өөрийн биш зүйлийг хажуудаа авчраад инээд хөөр, баяр баясалдаа мансуурч байтал гэнэт л бүх юмс өөрчлөгдөнө. Тэр үнэхээр түүнд хайртай байсан уу эсвэл өөртөө илүү хайртай байсан уу? Хамгийн үнэтэй зүйлээ алдсаны дараа, харамсал, өөртөө гутрах тийм аймшигтай зүйлийн дараа, өөрийгөө хайрлаж чадахгүй болсон үедээ тэр өөр хэн нэгнийг хайрлаж чадах боловуу?
Хайр гэдэг тэр нэгэрэгтэйн хувьд ганц л зүйл юмуу? Өөр бусад зүйлсээ ч түүнийхээ төлөө золиослохоор, бүгдийг нь хаян явахаар тийм хүчтэй зүйл байдаг болов уу?
***Perros нь испани хэлээр нохой гэсэн үг юм.
07
The Apartment /1996 он/
Найруулагч : Gilles Mimouni
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Чи зүгээр л хэн нэгний хэд хэдэн сонголтын нэг нь байсны дараа
Нууцлаг, учир битүүлэг, орооцолдсон түүх Парис хотноо өрнөнө. Залуу сүйт бүсгүйдээ бэлэг сонгохоор гурван бөгжний өмнө эргэлзэн зогслоо. Түүний амьдралд бас гурван бүсгүй бий. Нэг нь анхны харцаар л түүнийг дурлуулсан үзэсгэлэнт эмэгтэй, түүний жинхэнэ хайр. Харин өөр нэг нь, түүнд ухаангүй дурласан, даруухан, өөртөө итгэлгүй эмэгтэй. Харин сүүлийнх нь түүний сүйт бүсгүй.
Сонирхолтой үйл явдалтай, анхаарал хэсэгхэн сарнимагц л утгыг нь ойлгохгүй болчих гээд байдаг энэ кинонд нүд баясгах зүйл олон л доо. Залуухан Винсент Кассел, үзэсгэлэнт Моника Беллучи, Парис, гоёмсог өнгөнүүд. Гэхдээ хэн нэгний сонгогдоогүй хувилбар болж ганцаараа үлдсэнийхээ дараа энэ киног битгий үзээрэй.
06
Revolutionary Road /2008 он/
Найруулагч : Sam Mendes
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Хайртай хэрнээ хэрүүлээс салдаггүй байсан харилцааны дараа
... уучлаарай, бодит байдал гэдэг бол романтик мөрөөдлөөс тань тэс өөр зүйл л дээ ...
Бүх дурлалын адил бас л нэг "онцгой" учралаар тэд бие биетэйгээ танилцжээ. "чи миний танилцаж байсан хамгийн сонирхолтой хүн байна.." гэж эмэгтэй хэлсэн. Удалгүй тэд гэрлэж, хөөрхөн хүүхдүүдтэй болж, бусдын нүдэнд бол амар тайван, сайхан л амьдарч байлаа. Харамсалтай нь гадны хүмүүст амгалан харагдах байдал нь өөрсдөөсөө ч нуусан чимээгүй хашгираанаар дүүрэн. Анх танилцаж байсан үеээсээ л эхнэр нь жүжигчин болохыг хүсдэг байсан, нөхөр нь одоо өөрийнхөө үзэн яддаг ажлыг хийдэг. Дэврүүн хүсэл мөрөөдөл нь залуу халуун настай нь хамт улам л холдоод байгааг тэд битүүхэн мэдэрч, түүндээ бухимдана. Гэвч нэг л өдөр өнгөгүй, амтгүй болсон амьдралдаа огцом өөрчлөлт хийхээр эхнэр нь шийджээ. "Яагаад бид өдөр тутмын амьдрал гэдэг утгагүй, уйтгартай ийм нэг хэмнэлийн боол болох ёстой гэж? Бидэнд өмнө нь өөрсдийн гэсэн сайхан мөрөөдлүүд байсан шүү дээ? Одоо биш бол хэзээ байх вэ, хэтэрхий оройтоогүй дээрээ зориглоё, хамтдаа оролдоод үзье." гэж тэд бодов. Гэвчиг бүх юм амар биш ээ, сэтгэл хөдөлгөсөн энэ эрсдэлтэй шийдвэр нь тэднээс илүү их зориг, багагүй золиос шаардаж байлаа. Энэ киног үзээд төгсгөлд нь харамсмаар боловч нөгөө талаасаа бас бахархмаар зүйл ч бий. Нэгэн хэвийн, аз жаргалгүй амьдралдаа залуу насныхаа мөрөөдлөөр "тахил өргөчихсөн" хүмүүстэй харьцуулахад энэ киноны гол дүрүүд ядаж л оролдоод үзсэн юм шүү.
/Эхнэр нь хэлж байна/
- Ер нь хэн энэ дүрмүүдийг гаргасан юм бэ?
05
Eternal sunshine of the spotless mind /2004 он/
Найруулагч : Michel Gondry
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Ноён/Хатагтай А/Б-тэй цэг тавьсан салалт номер 333-ын дараа
Яагаад энэ киног үзэж болохгүй гэх бодол зарим хүмүүст төрөх байх. Шинжлэх ухааны “зүрх сэтгэлгүй” хүчийг ашиглан дурсамжаа арилгасан хосууд дахин уулзаж, дахиад бие биедээ татагдаж эхлэх нь үнэхээр романтик л даа. Гэхдээ, дахиад бүгдийг шинээр эхлэхдээ ирээдүйд юу хүлээж байгааг тэдний хэн нь ч мэдэхгүй. Тэд муудалцаж, дахиад салж, эсвэл зүгээр л хамтдаа аз жаргалтай амьдарч болно. Гол нь тэд хамтдаа л байх нь. Хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл болох өнгөрсөн өдрүүдийн дурсамж байхгүй ч тэдний хооронд дурлал хайр байгаад л байх шиг. Бүгдийг хүчээр шийдсэн ч, тэднээс үл хамаарах зүйл байгаа юм шиг. Магадгүй үүнийг л бид хувь заяа гэж нэрлэдэг байх. Эсвэл хэн нэгний хэлснээр “...бид угаасаа л зовж байдаг, хэний төлөө зовохоо л сонгох нь чухал ...” гэдэг үнэн ч юм уу.
Хувь тавилан, зурагдсан учрал, болох ёстой зүйл, үзэн ядалтаасаа хүртэл харамлаж үлдээмээр түүний тухай дурсамжууд гээд дахиад л сэтгэл хямраах бодлуудтай зоригтойгоор нүүр тулах хугацаа арай болоогүй бол, зүгээр л орхи.
04
Bridges of Madison County /1995 он/
Найруулагч : Clint Eastwood
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Бүгдийг нь орвонгоор нь өөрчлөх зориг, хүч байгаагүй учраас хайртай хүнээ явуулсны дараа
Итали гаралтай, дөч орчим насны гэрийн эзэгтэй нөхөр, хоёр хүүхдийнхээ хамтаар нэгэн жижгэвтэр хотод амьдран сууна. Нам гүм, тогтонги өдөр хоногуудад нь нэгэн гэнэтийн зүйл тохиолдсон нь Мэдисонд ажлаар ирсэн, зурагчин залуу байлаа. Яг тэр үеэр нөхөр, хүүхдүүд нь эзгүй байж таарсан бөгөөд зурагчин залуу, гэрийн эзэгтэйтэй хамт дөрвөн өдрийг хамт өнгөрөөнө. Гэвч тэр л өдрүүдийн тухай эмэгтэй үлдсэн насаараа дурсаж, энэ тухай уртаас урт тэмдэглэл бичиж үлдээжээ. Учир нь тэр гэнэтийн зочин, зурагчин залуу түүнийг дахин эмэгтэй хүн болгосон. Харваас өөртөө анхаарал хандуулдаггүй байх гэмээр эгэл борог хувцастай, уйтгартай нүдтэй байдаг л нэг эмэгтэй өөртөө итгэлтэй, хайр булаам, сайхан эмэгтэй болж хувирна. Гэвч тэр эмэгтэй өдий хүртэл босгосон амьдрал, танил дотно орчин, нөхөр, өсвөр насны хоёр хүүхдээ орхиод явж чадах болов уу?
Богинохон хугацаанд л үргэлжилсэн атлаа, эсвэл ганцхан тохиогоод л холдсон мөртлөө хэзээд дурсагдсаар байдаг, зүрхний гүнд нуугдчихсан эрхэм нандин учралууд заримдаа тохиодог. Хэзээ нэг цагт энэ бүх өдөр хоногууд хэтэрхий энгийн, саарал, уйтгартай санагдахад хүмүүс өнөөх нандин учралуудаа дурсаж, илчинд нь дулаацдаг байх. Яг л америк маягийн In the Mood for Love.
03
Anna Karenina /2012 он/
Найруулагч : Michel Gondry
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Гуравдагч этгээдэд хэн нэг нь дурласны дараа.
Толстойн үзгээр амилсан хатагтай, эмэгтэй хүний ээдрээт сэтгэл зүйн бэлгэ тэмдэг болсон Анна Каренинагийн тухай хэн бүр сонссон байх. Энэ номоор хийгдсэн кино ч олон. Харин бид Английн жүжигчин Кейра Найтлийн гол дүрд нь тоглосон, 2012 оны хувилбарыг онцолж байна. Жүжигчдийн хувцас хэрэглэл, Аннагийн торон гивлүүр, дүрүүдийн үйл хөдлөл гээд олон зүйлс эгээ ч театрын тайзнаас жүжиг үзэж буй мэт сонин сэтгэгдэл төрүүлдэг.
Дээдсийн хүрээний хатагтай, хангалуун чинээлэг амьдрал, өндөр алба хашдаг нөхөртэй, хөөрхөн хүүтэй, гоо үзэсгэлэнт хатагтай Анна нэг л өдөр түүнийг тэр чигт нь өөрчлөх дурлалтай учиржээ. Залуухан, нууцлаг, цэргийн дарга Вронскийтэй хамт байхын тулд Анна өөрт байгаа бүх зүйлээрээ дэнчин тавина. Хайртай хүүгээ аавтай нь хамт үлдээж яваад, олонд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг дэв, тайван амьдрал, нэр төрөө ч алдав. Түүнд зөвхөн дурлал л байлаа. Хэн бүрийн зориглож чаддаггүйг хийсэн Анна үнэхээр жаргалтай байсан биз. Гэвч түүнд зөвхөн дурлал л байсан нь бас сул тал болж таарна. Үгүй дээ, эсвэл зүгээр л эмзэг, мэдрэмтгий, амархан гомддог, заримдаа өөрийгөө ч ойлгож чаддаггүй эмэгтэй хүн байсан нь л түүний алдаа байсан байх. Хэрэв тэр алдаа хийсэн бол шүү дээ.
Вронский : Би чамд хайртай
Анна : Яагаад?
Вронский : Хайрын тухайд яагаад гэж асууж болохгүй шүү дээ
02
In the mood for love /2000 он/
Найруулагч : Kar-Wai Wong
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Зориглож үйлдэл хийж чадалгүй явсаар алдсан дурлалын дараа
Элдэв хэрүүл маргаан, олон үгс энэ кинонд байхгүй. Бүр зарим нэг үйл явдлууд ч бүрхэг үзэгдэх атлаа гол дүрүүдийн мэдрэмж, сэтгэлийн хөдлөл бүхэн дэлгэцнээ ил харагдана. Хөгжмийн аялгуу дүрүүдийн өмнөөс ярих мэт, өнгө гэрэл, гол дүрийн бүсгүйн хувцаслалт нь яруу найраг мэт энэ кино яах аргагүй сод бүтээл.
Шинэ байранд нүүж ирснийхээ дараахан гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёр нэгэн хэцүүхэн зүйлийг олж мэдэв. Эмэгтэйн нөхөр, залуугийн эхнэр хоёр нууц амрагууд байж таарлаа. Яагаад эхнэр нь, нөхөр нь тэднийг хуурч эхэлсэн тухай, бичиж буй зохиолынхоо тухай ярилцсаар тэд хамтдаа цагийг өнгөрүүлж эхлэв. Гэвч нэг л мэдэхэд тэд бие биедээ дурлачихжээ...
Энэ киноны үйл явдлын тухай тайлбар ярина гэдэг утгагүй мэт. Учир нь энэ бол шалтгаан бүрийг нь үгээр тайлбарлаад байж болдоггүй, заримдаа хүмүүс өөрөө өөртөө ч хариулж чаддаггүй ээдрээт мэдрэмжүүдийн тухай юм. Энэ бол итгэж найдаж явсан хүндээ хууртсаны дараах гашуун ганцаардал, дурлал хайр, өөрөө өөртөө үнэнч үлдэх гэсэн тэмцэл, зориглож чадаагүй алхам, хөнгөхөн харамсал, сэтгэлдээ эрхэм нандин хэвээр нь дурсаж явдаг учралын тухай яруу боловч гунигтай түүх юм.
Эрэгтэй : Заримдаа би өөрийгөө гэрлээгүй байсан бол гэж боддог. Чи тэгж бодож байсан уу?
Эмэгтэй: Магадгүй илүү жаргалтай байх байсан биз. Би хамтын амьдралыг ийм ээдрээтэй зүйл гэж бодож байгаагүй ээ. Ганц бие байхдаа чи ганцхан өөртөө л хариуцлага хүлээнэ. Харин гэрлэсний дараа чи ганцаараа хичээх нь хангалтгүй зүйл болно.
01
Blue is the warmest color /2013 он/
Найруулагч : Abdellatif Kechiche
Огт үзэж болохгүй онцгой нөхцөл: Анхны хайраасаа салсны дараа
... Ямар ч новшийн үеийг давж гарах л ёстой, өөр арга байхгүй ...
Ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хайр сэтгэл, гал халуун дурлалыг харуулсан бас хамгийн удаан үргэлжилдэг сексийн үзэгдэлтэй гэдгээрээ энэ кино алдартай. Гэхдээ энэ киног салалтын дараа үзэж болохгүй хамгийн том шалтгаан бол "анхны хайр" юм. Тэр зүгээр л жирийн нэг ахлах сургуулийн сурагч охин байж. Хэн нэгэнд жинхнээсээ хайртай болж, чин сэтгэлээсээ татагдаж үзээгүй. Харин нэг л өдөр түүнтэй учирсан, түүнд дурласан.Түүнтэй хамт байхад бусад хүмүүсийн шүүмжлэл, хэл ам огт хамаагүй санагдах болсон. Тэд хамтдаа байхдаа хэтэрхий гэмээр их азжаргалтай. Хайр, халуухан секс, хамтын амьдрал бүх юм тэдэнд байна. Үгүй байлаа гэвэл зохилтой юм. Яагаад тэд салсанд нь ганцхаaн тодорхой шалтаг заахад бас тохиромжгүй. Хэн хэнд нь, юм юманд л учир шалтаг байна. Бүх л амьдрал нь шахуу болсон, өөрийнх нь ертөнцийг бүтээлцсэн, өөрийг нь өөрчилсөн, хамгийн чухал, эрхэм тэр хүнээсээ хагацлаа. Дурлал, хайр, онцгой романтик учрал, хэр удаан хамт байсан эсэх хамаагүй ээ. Бүтэхгүй зүйл бол бүтэхгүй. Уйлж, шаналж, өөрийгөө буруутгах, харамсах нь өнгөрснийг өөрчлөхгүй... Гэвч хэн хэн нь энэ хараал идмээр салалтыг давж гарах л болно.
/Эмма, Адел хоёр маргалдаж Адел уйлж байна.../
Эмма: Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ?
Адел: Би худлаа яриагүй
Эмма: Тэгвэл чи яагаад уйлаад байгаа юм бэ?
Адел: Би уйлаагүй байна
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.