Чулууны найрагч
Францын нэрт уран барималч, “Үнсэлт”, “Сэтгэгч” зэрэг гоц бүтээлүүдээ дэлхий дахинаа үлдээсэн Огюст Родений (Auguste Rodin) амьдрал, уран бүтээлийн тухай 10 баримт.
Огюст Роден, 1962 он
Зураач Поль Лорен нэгэн цагт Огюст Роденийг “Ганцаар тэмцэгч” хэмээж байв. 77 насалсан энэ эгэлгүй уран барималч үнэхээр ч насан туршдаа тэмцэж амьдарчээ. Эхлээд ядуу зүдүүгийн зовлонтой, дараа нь бүтээлийг нь үл зөвшөөрөх шүүмжлэгчидтэй, эцэст нь өөрийг нь бурханчлан тахих шүтэн бишрэгчидтэйгээ тэрбээр “тэмцсэн” байна.
Анхны бүтээлүүдийнхээ нэгийг Францын Дүрслэх урлагийн академийнханд үзүүлэхэд Роденийг “Хумсын чинээ ч авьяасгүй, ирээдүйгүй” хэмээн буцааж байж. Харин 50-иад жилийн дараа гэхэд урлаг судлаач, шүүмжлэгч нэртэй хүн бүр түүнийг эртний Грекийн Фидий, Пракситель нараас хойших, Микеланжелотой эн зэрэгцэх хамгийн гайхамшигтай уран барималчаар өргөмжлөөд байлаа.
Родений музей, Парис
Бүтээлээ үнэлүүлж чадахгүй, тулж түших хүнгүй байснаас өлбөрч үхэхээ шахсан үе ч Роденд бий. 1916 оны аравдугаар сард бүтээлүүдийг нь улсын сан хөмрөгт тухайн цагийн ханшаар 400 мянган ам.доллартай тэнцэх мөнгөөр худалдаж авах хүртэл Роден их ч юм туулжээ. Тэр мөнгөөрөө Парист худалдаж авсан Байрон харш нь хожмоо Францын парламентын шийдвэрээр түүний нэрэмжит музей болсон түүхтэй.
Франсуа Огюст Роден 1840 оны арваннэгдүгээр сарын 12-нд Парис хотод мэндэлжээ. Эцэг эх нь үгээгүй биш гэхэд, өөдлөх хувьгүй ядуус байв. Ямартаа л ганц хүүгээ 14 нас хүртэл нь сургуульд явуулж чадахгүй байх билээ.
08
Анхны бүтээлээ 17-тойдоо урлав
Родений урлан, 1896 он
10 настайгаасаа бийр, будаг нийлүүлсэн Огюст хүү математик, зургийн сургалттай, төлбөргүй сургуульд гурван жил суралцаж, 17-тойдоо анхны бүтээлээ урласан байна. Тэр нь хамт сурдаг найзынх нь баримал байлаа. Түүгээрээ Дүрслэх урлагийн академид элсэх гэж оролдсон ч Роден бүтэлгүйтэв.
Хэдэн жилийн дараа өөр баримлаар хоёр дахиа, дахин хэсэг хугацааны дараа гурав дахиа үзээд алдсан ч түүнийг болон бүтээлүүдийг нь академийнхан хүлээж авсангүй. Гэхдээ Роден шантарсан удаагүй. Амьдрал нь хүнд хэцүү байсан ч, Парисын гудамжаар хэрэн хэсүүчлэх хамгийн ядуу, хамгийн гадуурхагдсан хүмүүсээс өөр ойр дотнын найз нөхөдгүй байсан ч амжилт олох, өөрийгөө таниулах боломж бүрийг ашигладаг байж.
07
Хамтран амьдрагчтай, хүүтэй боллоо
Хамар нь хугарсан эрэгтэй, 1863 он
Үзэсгэлэн бүрт оролцох гэж хөөцөлдөнө, зураач, уран барималчидтай танилцах гэж мэрийнэ. Харин төд удалгүй амьтны барималч гэгддэг Антуан-Луи Баригийн нүдэнд өртжээ. Гэхдээ нэр алдар, хөрөнгө мөнгөтэй болохоосоо өмнө 23 настайдаа хамтран амьдрагчтай болж амжив. Роза Бёре гэх тэр эмэгтэй түүний насан туршийн хамтрагч байж, ганц хүүг нь төрүүлж, эр эм болсноосоо 53 жилийн дараа буюу Роденийг өөд болохоос хэдхэн сарын өмнө л албан ёсоор эхнэр нь болжээ.
Дэргэдээ хүнтэй болсон нь Роденийг өдөөж, амьдрах итгэл бэлэглэсэн эргэлт байв. Розатай амьдрах болоод удалгүй “Хамар нь хугарсан эрэгтэй” нэрт анхны гол бүтээлээ туурвив. Роден 1864 онд уг бүтээлээ ахмад уран барималчдад үзүүлсэн ч нааштай үг сонссонгүй. Гэхдээ нэг л өдөр хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгтээ итгэлтэй байснаас нандигнан хадгалж байгаад алдартай болсныхоо дараа түүнийгээ хүрлээр бүрж, 1881 онд Гросвенорийн галерейд залсан байна.
Франц, Германы дунд дэгдсэн дайны дараа Роден Бельгийг зорив. Дайнд сүйдсэн эх орон нь түүний онгод билгийг хөглөхөөсөө өнгөрчээ. Тэгээд ч Парист ажиллахаас илүү Брюссельд аахар шаахар ажил хийж, аль таарсан галерей, музейдээ зураг зурж хэд гурван цаас олох нь түүнд ашигтай байлаа. Эхэндээ хэдхэн сар болно гэж төлөвлөж байсан ч Бельгид зургаан жил амьдарсан Роден тус улсад хожим өөрийг нь алдаршуулсан олон онцгой бүтээлээ урласан байдаг.
Хүрлийн эрин, 1877
1875 онд тэрбээр хоёр цээж баримлаа Парис дахь дүрслэх урлагийн хамгийн том галерейд гаргаж чаджээ. Харин хоёр жилийн дараа буюу нутаг буцахаасаа өмнө “Хүй нэгдлийн хүн” буюу зарим эх сурвалжид “Хүрлийн эрин” гэгддэг баримлаа урласан байна. Энэ нь түүнийг дүрслэх урлагийн ертөнцөд таниулсан, хүний биеийг бүтнээр нь харуулсан, анхны том баримал нь юм.
“Хүй нэгдлийн хүн”-ий бие цогцос өөлөх юмгүй төгс. Гэхдээ алив зүйлийг ухварлаж ойлгосон шинжгүй, гэнэн хонгор төрхтэй. Ерөөс хүн гээч амьтан хувьсаж өөрчлөгдөөгүй байхдаа, анх үүсэн бий болохдоо чухам л ийм байсан болов уу гэмээр. “Хүй нэгдлийн хүн”-ийг Парист авчрахад шүүмжлэгчид түүний амьд хүнийх шиг биеийг гайхан харж, хэн нэгний биеийн хэвийг бодитоор ашигласан байх гэж хардаж байв.
Хөгшин авхай, 1910
Гэхдээ Роден хэзээ ч тийм цагаандаа гарсан хуулбарлагч байгаагүй билээ. Тэрбээр реализмыг шүтэж, байгалиас санаа авч байв. Түүний хувьд байгалийн юм бүхэн амьтай, харин амьтай бүхэн урлагийн бүтээл байлаа. Тиймээс ч эрүү, өвдөг нь нийлэх дөхсөн өвгөн, гар нь салганасан эмгэн, эр хүний гар, эмэгтэй хүний мөр, цээж түүнд хосгүй бүтээл шиг харагдана.
Байгалиас урлаж өгсөн тэр бүх бүтээлийг чулуун дээр буулгасан яруу найраг болгох нь Родений хүсэл байв. 30 хүртлээ дутагдаж гачигдахын, багтах учиртай хүрээнийхээ гадна байхын хэцүүг амссан тэрбээр 30 настайгаасаа хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх урт аянд гарчээ. Хүнд, гунигтай, зарим хэсгийг нь зориуд засаж өнгөлөөгүй, үзэгчид бодож эргэцүүлэх “ял” тулгасан түүний баримлууд сүржин, бадрангуй, эсвэл хэтэрхий эрхэмсэг, хээнцэр зүйлс хүсдэг хуучинсаг үзэлтнүүдэд эрээгүй санагдаж байлаа.
Бальзакийн хөшөө, 1892-1897
Шүүмжлэлийн бай болсон Родений анхны гол бүтээл нь Францын ардын зохиолч болтлоо дархлагдсан Оноре де Бальзакийн баримал юм. Роден Бальзакийн лагс том биеийг тодотгож, оюунлаг агаад түүндээ эрддэг хэн бүхэнд байх ихэмсэг бардам дүртэй бүтээжээ. Гэтэл шүүмжлэгчид болоод өмнө нь ийм “амьд” бүтээл хараагүй парисчууд түүнийг хөгийн, утгагүй хэмээж “Зохиолч биш, жанжин шиг харагдаж байна” гэж өөлж байлаа. Харин бараг ижил арга барилаар бүтээсэн Виктор Гюгогийн баримлыг нь гоц бүтээлийнх нь нэг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Роден тахин шүтэгдэх, адлагдахын аль алийг үзэж, дундын замаар бараг яваагүй нь ядуу, нэр нөлөөгүй гэр бүлээс гаралтайгаас гадна сургуульд сураагүйтэй нь холбоотой. Зохих ёсоор боловсрол эзэмшээгүй, хэн нэг алдартны шавь байгаагүй хүн өмнө нь тогтсон дэг жаяг бүрийг эсэргүүцэлгүйгээр эвдэж, шинэлэг бүтээл туурвих болсон нь эрин үеийнх нь уран барималчдыг бэлтгэсэн уламжлалт тогтолцоог үгүйсгэсэн мэт явдал болжээ. Гэхдээ Роденийг ийн ад үзэх нь удаан үргэлжилсэнгүй.
Бельгиэс ирэхэд ээж нь өөд болж, аав нь сохорч, авга эгчдээ даатгаж үлдээсэн хүүгийнх нь өсөлт зогссон, нэг үгээр дайны өмнөхөөс ч дордсон амьдрал түүнийг угтжээ. Гэхдээ хөлөө олох гэж зүдэрсэн, хувийн амьдрал нь зовлон шаналалтай байсан тэр жилүүдэд, 1877-1890-ээд оны хооронд Роден хамгийн олон бүтээл туурвисан байна. 1889 он түүний оргил жил байлаа. Роден тэр жил 31 баримал урлажээ.
Тамын үүд, 1917 он
Сайн сайхан, хатуу хөтүү, алдар нэр, уналт босолт сүлэлдсэн тэр жилүүдээс өөр нэг онцгой жил байсан нь 1880 он юм. Тэр жил түүнийг Францын Соёлын яамнаас анх удаа дуудаж, улсын ажилд урьжээ. Роденд даалгасан ажил нь яамнаас бариулах дүрслэх урлагийн музейн үүдийг чимэглэх байв. Тэрбээр Дантегийн “Тэнгэрлэг туульс”-аас санаа авч “Тамын үүд” нэртэй баримал бүтээж эхэлсэн ч 1889 онд шинэ музей байгуулах төсөл хэрэгжихгүй болжээ. Гэсэн ч Роден насан эцэслэтлээ “Тамын үүд”-ээ төгс болгохын төлөө ажилласан байдаг.
Энэ үед түүгээр цээж баримал хийлгүүлэх хүн олширч, ахуй амьдрал нь ч дээрдэв. Гэр бүлийнхнээсээ хөндийрч, урлангаасаа салахаа байсан Роден урлаг соёлын хүрээнд нэгэнт танигдаж туслах, шавь нартай ч болж эхэллээ.
Үнсэлт, 1882 он
Шавь орохоор түүнийг зорьж очсон залуу уран барималчдын дунд 19 настай Камилла Клодель байв. Роденоос 24 насаар дүү энэ залуу эмэгтэй нэрт уран барималчийн туслах, шавь, дотнын анд, онгод билгийг нь хөглөгч охин тэнгэр байгаад зогсохгүй амраг хайрт нь болжээ.
Камилла түүнд алдарт “Үнсэлт”-ийнх нь санааг өгч, бусад олон бүтээлд нь тусалсан байна. Гэхдээ зовох цагт нь хамт байсан, хүүгийнхээ ээжийг орхихыг хүсээгүй Роден найман жил хоёрдмол амьдралтай явсны эцэст 1898 онд Камиллагаас салав. Камилла таван жилийн дараа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, өөрийгөө Роденоос өөр “дуу хоолойтой” гэдгээ харуулсан байна. Гэвч түүнийг гашуун хувь тавилан хүлээж байлаа.
Сэтгэгч
Камиллад 1903 онд сэтгэцийн өвчний анхны шинж тэмдэг илэрч, хэдэн жил эмчилгээ хийлгэсэн ч эрүүл саруул болж чадалгүй явсаар амьдралынхаа сүүлчийн 30 жилийг сэтгэцийн эмнэлэгт өнгөрөөжээ. Камиллатай цуг Родений бүх л уй гуниг арилсан гэхэд болно. Магад тэрбээр тайтгарсан ч байж мэднэ. Шинэ зуун эхлэхтэй хамт хэдийн олон улсад хүндлэгдсэн, цаг үеийнхээ Микеланжело гэгдтэлээ хүлээн зөвшөөрөгдсөн түүнээс эхэн үеийн бүтээлүүдээс нь ажиглагдах тэмүүлсэн, тэчъяадсан, юунд ч юм гомдсон гэхээсээ бодлогоширсон, хүлцсэн аяс үзэгдэх болов.
Энэхүү сүүл үеийнх нь хамгийн алдартай бүтээл нь “Сэтгэгч” билээ. Роден “Сэтгэгч”-ийнхээ хуулбарыг булшны чулуун дээрээ байрлуулахыг гэрээслэсэн байдаг. Түүний хүсэлтийг ёсоор болгожээ. Гэхдээ 1917 оны арваннэгдүгээр сарын 17-нд таалал төгсөхөд нь түүний дэргэд Роза нь байсангүй. Хагас зуун жил хамт амьдарсан эрийнхээ албан ёсны эхнэр болоод сар ч бололгүй буюу 1917 оны хоёрдугаар сарын 16-нд Роза Бёре өөд болсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.