Арав.мн

Алдартай 10 уран баримал

Алдартай 10 уран баримал

Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс эхлээд Пабло Пикассогийн “Гитар” хүртэлх олон хөшөө, баримлыг энэ жагсаалтад оруулж болох ч хаа ч хүлээн зөвшөөрөгдөх урлагийн сор бүтээлийн хувьд дараах 10 баримлыг бид хамгийн онцгой, алдартай уран баримлаар онцолж байна. 


10

Хүрэл Давид (Bronze David)

Италийн зураач, уран барималч Донателло (1386-1466)-гийн 1440-өөд онд бүтээсэн “Хүрэл Давид” нь Сэргэн мандалтын үед хамаарах, ямар нэг түшиг тулгуургүй анхны хүрэл баримал юм. Мөн эрт цагаас хойш бүтээгдсэн нүцгэн эрэгтэйн анхны босоо барималд тооцогдоно. Үлэмж биет Голиафийг дарж, толгойг нь тас цавчсан залуу Давидыг дайсныхаа толгой дээр гишгээд, инээмсэглэн байгаагаар дүрсэлсэн уг баримал чухам хэдэн онд бүтээгдсэн нь өнөө ч тодорхойгүй байна. 


09

Саваннагийн шувуун охин (Savannah Bird Girl)

Америкийн Жоржия мужийн Саванна хотын Дүрслэх урлагийн музейд хадгалагдан буй энэхүү баримлын эх загварыг Иллинойс мужийн Лейк Форест хотын уугуул Сильвия Шоу Жадсон (1897-1978) 1936 онд гаргажээ. Тэрбээр нийт дөрвөн ижил баримал бүтээж, сүүлийнхийгээ Саванна хот руу шилжүүлсэн нь 1994 онд хэвлэгдсэн “Нүгэл, буяны цэцэрлэгт шөнө дунд” (Midnight in the Garden of Good and Evil) хэмээх романы хавтсан дээр гарч, анх алдаршсан байна. Хоёр гартаа шувууны үр будаа хийх таваг барин гунигтай зогсоо энэ охины баримал 130 см өндөр.


08

Зээрэнцэг шидэгч (The Discus Thrower)

Өөрөөр “Дискобол” гэгддэг уг баримал эртний Грекийн сонгодог эриний түрүү үе буюу МЭӨ 460-450 оны орчим бүтээгдсэн хосгүй бүтээл юм. Гэвч энэ баримлыг хэн гэдэг алдар нэртэй уран барималч бүтээсэн нь, анхны эх загвар нь ямархуу хийцтэй байсан нь тодорхой бус. Орчин цагийн бид эртний Грекийн урлаг соёлыг бахдан биширсэн ром урчуудын хуулбараар л “Зээрэнцэг шидэгч”-тэй анх танилцсан билээ. Эртний Грекийн бүх л тамирчдын адил энэ эр ч мөн чармай нүцгэн юм. 


07

Үнсэлт (The Kiss)

Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ын “Там” хэмээх эхний хэсэгт гардаг XIII зууны үеийн Италийн сурвалжит эмэгтэй болон түүний дурлалт хархүүг дүрсэлсэн уг гантиган баримлыг Францын нэрт уран барималч Огюст Роден (1840-1917) 1882 онд бүтээжээ. Франческа хэмээх тэр эмэгтэй нөхрийнхөө дүүд дурласан байж. Харин бүсгүйн нөхөр дурлалт хосыг хөнөөсөн гэх бөгөөд Роден амраг хосын гэнэтийн үхэл, бүтэлгүй дурлалыг дөнгөж ойртож буй уруулаар нь бэлгэдсэн байна. Гэхдээ Родений өөрийнх нь бүтээсэн хэд хэдэн жижиг хувилбарт болон бусад уран бүтээлчийн урласан зарим хуулбарт дурлалт хосыг үнсэлцэж байгаагаар дүрсэлсэн байдаг аж. 


06

Хермес, нялх Дионес хоёр (Hermes and The Infant Dionysus)

Грекийн Олимпия дахь эртний мөргөлийн газарт байх Херагийн сүмийн тууриас 1877 онд олдсон энэ баримал өдгөө Олимпиягийн Археологийн музейд хадгалагдаж байна. Уг бүтээлийг МЭӨ IV зууны үед амьдарч асан Пракситель хэмээх уран барималч урласан гэдэг ч сүүлийн үед энэ таамгийг няцаах түүхч, судлаачид олширчээ. МЭ II зуунд Херагийн сүмд хөл тавьсан Павсаний хэмээх аялагчийн тэмдэглэлээс өөр энэ барималтай холбоотой ямар нэг бичгийн өв, баримт сэлт үгүй тул зөвхөн Павсанийн үгэнд итгэж болохгүй гэж урлагийн түүхчид үзэж буй аж. 


05

Шударга ёсны охин тэнгэр Юстиция (Lady Justice)

Дэлхий даяар танигдсан цөөхөн уран баримлын нэг Юстиция охин тэнгэрийн энэ дүр ганц уран барималчийн бүтээл биш, харин эртний Грек, Ромын үлгэр домог, шашин шүтлэгээс эхтэй, өнөөг хүртэл хэдэн мянган хувилбараар бүтээгдсээр буй баримал юм. Шударга ёс, эрхэт төр, хууль зүйн бэлгэдэл болох Юстиция (грекээр мөн Фемида гэнэ) гол төлөв нэг гартаа дэнс, нөгөө гартаа илд барин, нүдээ боолгосон байгаагаар дүрслэгддэг. Энэ нь өнгө мөнгөнд хуурталгүй, бүхнийг чин шударгаар дэнслэхийг бэлгэддэг байна. 


04

Пьета (Pieta)

Микеланжело (1475-1564)-гийн энэхүү бүтээлд ганц хүүгээ алдчихаад, цогцсыг нь өвөр дээрээ тэврэн, энэлэн шаналж буй Ариун Мэрийг дүрсэлжээ. Есүс Христийн үхлийг харуулсан эл бүтээлээ туурвихдаа Микеланжело ердөө 20 гаруйхан настай, олонд танигдаагүй зураач байлаа. Харин 1498-99 онд бүтээсэн уг гантиган баримал нь түүнийг нэр алдартай болгосон байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад “Пьета” нь Микеланжелогийн гарын үсгээ үлдээсэн ганц бүтээл нь юм. 


03

Сэтгэгч (The Thinker)

Огюст Родений энэ алдартай бүтээл анхандаа “Яруу найрагч” нэртэй байлаа. Учир нь Роден уг баримлаа Дантегийн зохиолоос санаа авсан “Тамын үүд” хэмээх цогц бүтээлийнхээ нэг хэсэг болгон, Дантег эрлэгийн үүдэнд бодолхийлж байгаагаар 1880 онд бүтээж эхэлсэн байна. Харин эцсийн хувилбараа 1904 онд анх олон нийтэд харуулахдаа нэрийг нь өөрчилжээ. Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт нийт 28 “Сэтгэгч” байгаагаас Родений өөрийнх нь урласан 186 см өндөр эх нь Парис дахь Родений музейн өмнө бий. 


02

Милосын Венера (Venus de Milo)

Грекийн Афродита бурхан буюу ромчуудын Венера хэмээн нэрийдэж ирсэн охин тэнгэрийн эл баримал МЭӨ 130-100-гаад оны үед хамаарна. Хүний бодит хэмжээнээс ялигүй том, 203 см өндөр уг гантиган хөшөө 1820 онд Грекийн Милос арлаас олдохдоо л хоёр гар болон суурины хүрээгүй байжээ. Луврийн музейн хамгийн үнэ цэнтэй үзмэрийн нэг, ер бусын нарийн уртай уг баримал анхандаа ямар дүртэй байсан, хоёр гар нь ямархуу байрлалтай байсан талаар мэргэжилтнүүд өнөө ч маргалддаг. Харин байж болох хамгийн боломжит хувилбар нь хажууд нь жижигхэн багана байсан, түүн дээр зүүн гараа тавьсан байсан гэх таамаг юм. 


01

Давид (David)

Италийн суут зураач, уран барималч Микеланжелогийн 1501-1504 оны хооронд бүтээсэн энэхүү баримлыг урлагийн хосгүй бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Библийн гол баатруудын нэг, хожмын их хаан Давидын эл нүцгэн баримал 5.17 метр өндөр бөгөөд Флоренц хотыг зорин очих хэн бүхний хамгийн түрүүнд ойроос харахыг хүсдэг бүтээл юм. Эр хүний гоо сайхныг бүхий л талаар цогцлоосон, дайн байлдаанд ялсан гэхээсээ ямар ч тулаанд ороход бэлэн эрэлхэг баатрын дүртэй буй Давидыг Микеланжело тухайн цагт хот-улс байсан Флоренцийн иргэдийг хүчирхэг хөршүүдийнхээ өмнө ихэмсэг бардам байгаасай гэсэн сэтгэлээр бүтээжээ. 1873 оноос Флоренцийн төв галерейд буй Давид урлан бүтээгчийнхээ чухам тэр санааг биелүүлэн Ром тийш чиглэсэн харцтай байдаг аж. 


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start