Хятадын уран зохиолд ХХ зуунд мандан бадарсан нэгээхэн од болох Вэн Цэнциг хүнлэг энэрэнгүй үзлийг дэлгэрүүлэгч жинхэнэ уран зохиолч, Тэнгэрийн доорх сүүлчийн эрдэмт хүмүүн гэж нэрлэдэг билээ. Жижиг гартай Чэнь хэмээх энэ богино өгүүллэгийг тэрээр 1983 онд бичжээ.
Жижиг гартай Чэнь
Тэр цагт манай тосгонд эх барихын эмч барагтай бол байсангүй. Хөл хүнд эмэгтэй амаржихад эх барьдаг авгайг дуудна. Гэхдээ айл болгон өөрийн гэсэн эх барьдаг хүнтэй. Нэг гэрийн эмс хүүхнүүд тэр л хүний гараар хоёр яс сална. Тэгээд ч энэ мэт нарийн нандин хэрэгт гадны хүнд итгэлтгүй, өөрийн гэсэн эх барьдаг хүнтэй байх учиртай билээ. Өөрийн хүн тухайн айлын ёс жаягийг андахгүйгээс гадна хэнээр туслуулахаа ч сайн мэднэ шүү дээ. Хүмүүс итгэсэн нэгнээ алтан гартай хэмээн хүндэлж, дэргэд байхад эсэн мэнд амаржина гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй бол эх барьдаг авгайчууд эсрэгээр өдөр бүр Дарь эхэд хүж зул өргөн ажил төрлөө амгалан байгаасай гэж даатгадаг болой. Ийм байхад эрэгтэй эмч залж амаржих хүн олдохсон бил үү?
Манай тосгоны хувьд анагаахын сургуульд голцуухан хөвгүүд л суралцана. Тэр дунд насаараа нөхөрт гараагүй, Ли Хуаляны охин л ганцаараа эмч болж билээ. Дотрын эмч болохоор эх барихгүй бөгөөд эрчүүдийн тухайд эмэгтэйчүүд, эх барихын эмч болохыг ихээхэн дорд үзэх тул гагцхүү жижиг гартай Чэнь л энэ талаар мэргэшсэн юм.
Мань хүний гар эм хүнийхээс ч жижигхэн, эвлэгхэн тул ийм хочтой болсон юмдаг. Ураг буруу байрласан, хөлөөрөө түрүүлсэн зэрэг хүндрэлтэй төрөлтийн үед эх, үр хоёрыг түүн шиг аврах ачтан үгүй байлаа.
Чэний гар зөөлөн, жижигхэн учраас эмс хүүхнүүд түүгээр эх бариулахдаа дуртай. Гэлээ ч чинээлэг айлууд мөнөөх эрийг залж дуудах нь ховор. Арга мухардсан цагтаа л хэл хүргэнэ. Харин дундаж болоод зутруухан аж байдалтай хүмүүс эр хүн эх барьж авахаас ер сэжиглэж цэрвэхгүй. Хүүхэд нь буруу байрласан бол эх барьдаг авгайчууд “Жижиг гартай Чэнийг дуудуул аа” л гэлцэнэ.
Тосгоныхон түүнийг Жижиг гарт гэсээр байгаад жинхэнэ нэрийг нь ч мартаж орхисон доо.
Амаржих үед эх, үр хоёрын амь нас эх баригчийн гарт байдаг тул энд өчүүхэн ч алдаа гаргаж үл болно. Манай жижиг гартай Чэнь цагаан зүсмийн морьтой байж билээ. Адуу мэдэх хүний үгээр бол уг морь хөнгөн явдалтай гэх. Тосгоны эргэн тойронд ус намаг ихтэй тул тэр хавьд адуутай айл нүдний гэм. Тиймдээ ч морьт цэрэг дайрч өнгөрөх бүрийд улс амьтан нүдээ хужирлахаар гудманд гарна. Үүнээс өөр үед зөвхөн жижиг гартай Чэнь л цагаан морио давируулан яваа харагддагсан. Иймээс ч яваандаа түүнийг цагаан морь унасан жижиг гартай Чэнь гэлцэх болсон юм.
Мэргэжил нэгт ах дүүс нь мань хүнийг үл ойшоон дооршаах агаад эх барьдаг авгайчуудаас өөрцгүй амьтан гэх нь холгүй байвч сайхь эр үүнд ер гутарч гуньсан шинжгүй, хэн нэгэн амаржих нь гээд дуудвал даруй морио сундлан давхисаар очдог байлаа. Амаржих гэж буй эх ч морины хүзүүнд уясан хонхны жингэнэх дуунаар баахан уужирна. Жижиг гартай Чэнь залсан айлынхаа гадаа ирмэгц мориноосоо үсрэн бууж даруй дотогш орсны дараа удаж төдөлгүй (гэхдээ хааяадаа удах нь бий) нялх хүүхдийн уа уахийх дуу хадахад хөлс нь цуварсан тэрбээр “Баяр хүргэе, баяр хүргэе. Эх, үр хоёр эсэн мэнд, сайхан амаржлаа” гэсээр гэрийн эзэнд ёслохуйд цаадах нь маасайтлаа инээн талархаж хариу болгон улаан дугтуй бариваас уг дугтуйг нээлгүй шуудхан халаасалж аваад, гараа угааж цайлаад “Та болгооно уу” хэмээсээр мориндоо мордон давхиж одно. Энэ үест морины хүзүүнд уясан хонх жин жинхийн жингэнэсээр холдон замхардагсан.
Жижиг гартай Чэнь олон ч хүний амийг аварч билээ.
Нэгэнтээ тосгонд маань Холбооны цэрэг ирдэг юм байна. Тэр жилүүдэд иргэний дайн дэгдэж, бидний хэлдгээр үндэсний хувьсгалт арми буюу Гоминьданыхан Сунь Чуаньфаны армитай тулалдаж явлаа. Сунь Чуаньфан бээр өөрийгөө таван мужийн армийн ерөнхий командлагчаар зарлан тунхаглаж, цэргээ Холбооны цэрэг гэж нэрийдсэн юмдаг. Холбооны цэргийн нэгэн хороо Тэнгэрийн ивгээлийн сүмд байрласан бөгөөд хороон даргын тулгар биетэй эхнэр (татвар ч юм бил үү, хэн мэдлээ) амаржиж чадалгүй багагүй зовоов. Эх барьдаг авгайчуудыг дуудсан ч нэмэр болсонгүй, амь тэмцэх эмэгтэй нядлуулж буй гахай шиг чарласаар байсанд арга буюу жижиг гартай Чэнийг дуудууллаа.
Түүнийг Тэнгэрийн ивгээлийн сүмд хүрч очиход байх суух газраа олж ядан нааш цааш холхих хороон дарга:
- Эх, үр хоёрын амийг аврахгүй л бол толгойгүй гэж мэдээрэй! гэсээр их дуугаар зандарчээ.
Жижиг гартай Чэнь ч хөлсөө цувруулан үзсээр мах мариатай өнөөх эмэгтэйг эсэн мэнд амаржуулж, тэнхэлгүй болон гуйвж дайвсаар дотроос гарч ирээд:
- Хороон дарга аа, баяр хүргэе. Хүүтэй боллоо гэхэд цаадах нь:
- Төвөг удсанд өршөөгөөрэй. Ийшээ орно уу хэмээн тансаг идээ ундаагаар зассан ширээнд урив.
Тэгэхэд салаан дарга нар ч ширээнээ сууж хамт найрласанд жижиг гартай Чэнь хоёр жүнз архи тогтоожээ. Ингээд хороон дарга 20 мөнгөн зоос тоолж:
- Үүнийг чамд. Бага гэж бүү чамлаарай гэсээр атгуулбал Чэнь:
- Ийм их шан харамж өгөөд хэрэггүй шүү дээ гэж цааргалсан ч хороон даргын ширүүн харцан дор арга буюу халаасалж, жүнзтэй архиа барьчихаад, - Та болгооно уу гэхэд мөнөөх дарга:
- Ингээд яв даа хэмээн түүнийг үдэж гаргалаа.
Жижиг гартай Чэнь, Тэнгэрийн ивгээлийн сүмээс гарч мориндоо мордоход буун дуу тасхийж, эх баригч эмч маань газар үхэтхийн унавай.
- Миний эмэгтэйд гар хүрдэг тэр ер нь хэн бэ? Эхнэрт минь надаас өөр хэн ч гар хүрэх эрхгүй! Адгийн новш! гэж харааж зүхэх хороон дарга бачууртлаа уурласан нь энэ буюу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.