Арав.мн

Тенерийн өнчин мод

Тенерийн өнчин мод

Мод гэдэг тоолохын аргагүй элбэг ургадаг учир ганц мод алдартай болох нь ховор. Түүхэн үйл явдлын гэрч болсон, Будда Шагжмууний гэгээрлийг олсон гэх Энэтхэгийн Бодь мод, Их Британийн колоничлолыг эсэргүүцсэн XVIII зууны америкчуудын чуулдаг байсан Бостон дахь Эрх чөлөөний мод зэрэг цөөхөн модыг л хүмүүс мэдэх билээ. Харин зарим мод байгалийн унаган төрх, онцгой шинжээрээ түүхэнд үлджээ. АНУ-ын Калифорни мужийн газар нутагт дэлхийн дээд амжилтын эзэн болсон олон мод бий. Тус мужид Хиперион хэмээх 155.5 метр, дэлхийн хамгийн өндөр мод, Генерал Шерман нэртэй 1450 шоо метр талбай эзлэх хамгийн том мод, мөн Метусела хэмээх 4800 жилийн настай хамгийн эртний нарс мод бий.

Харин хамгийн нууцлаг, сонин түүхтэй Тенерийн мод нь дэлхий дээрх хамгийн алслагдсан мод байв. Сахарын цөлд байсан энэхүү хуайс 1973 онд харамсалтайгаар үгүй болжээ. Францын эрдэмтдийн ахалсан судалгааны баг Тенерийн модыг сая гаруй жилийн тэртээ Сахарын цөлд байсан их ой хөвчийн үлдэгдэл болохыг баталсан байдаг.

Тенерийн бүс нь бараг ургамалгүй, жилд ердөө 2.5 см хур тунадас унадаг, манай гаригийн хамгийн хахир ширүүн газрын нэг юм. Иймээс ч XX зууны эхээр арав гаруйхан байсан Тенерийн модноос үлдсэн ганц өнчин хуайс нь хааш хаашаагаа 400 километр газарт үзэгдэх цорын ганц ургамал байлаа. Зэлүүд цөл дэх гурван метр өндөр өнчин модны элсэнд ургах онцгой чадвар олныг гайхшируулдаг байж. 1938-1939 онд Ливид байсан франц цэргүүд өнчин модны ойр хавьд усны ундарга бий хэмээн таамагласандаа худаг гаргажээ. Тэд Тенерийн өнчин мод 35 метрийн гүн дэх усаар тэжээгддэг гэж үзсэн байна. Харин дээрх худгийн ажил дууссаны дараа ажилчдын нэг нь ачааны тэргээр цөлийн өнчин модыг санаандгүй дайрч, гол мөчрийг нь хугалж орхиж. Гэхдээ өмнө нь “Y” хэлбэртэй байсан мод ганц махир салаатайгаа хоцорсон ч азаар ургасаар байлаа. Олон арван жилийн турш худгаас ус авах жуулчид, жинчид Тенерийн өнчин модыг эргэж, нутгийн иргэд ч амьдралын эх булаг хэмээн хөгшин модыг шүтэж байв. Ливи дэх Сахарын асуудал хариуцсан Францын төлөөлөгч Мишель Лесо 1939 онд өнчин модыг хараад “Амьсгалдаг гэрэлт цамхаг” хэмээсэн нь бий. Тухайн үед эл мод л Тенер нутгийн газрын зургийн төв болж, жинчдийн зүг чигээ олдог ганц баримжаа нь байлаа.

1930-аад оноос хойш ачааны тэрэг үзэгдээгүй Тенерийн бүс нутаг дэлхий нийтийн жишгээр орчин цагийн хөгжил дэвшлээс хоцорсонгүй. 1970-аад оны эхэн үе гэхэд жуулчдын тэмээг төмөр хүлэг орлов. Харин тэдгээр жуулчны нэг нэгэн халамцуу ливи эр зүүрмэглэж яваад Тенерийн өнчин модыг дайрч, Сахарын бэлгэ тэмдэг болсон хөөрхий хуайс ачааны тэрэгний хоёр дахь дайралтаас аврагдаж чадсангүй, үндсээрээ булгаран унажээ. Эл мод 300 гаруй жилийн настай байсан бөгөөд 1973 оны арваннэгдүгээр сард үлдэгдлийг нь Нигерийн үндэсний музейн үзмэр болгосон байна.


01

Харин...

Харин суурин дээр нь нэрээ нууцалсан зураач машины сэгээр төмөр мод бүтээжээ. “Амьсгалдаг гэрэлт цамхаг” биш ч Тенерийн өнчин модны төмөр хөшөөг жуулчид өнөө хэр зорин очдог байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start