Арав.мн

Дэлхийн аймшигт ирээдүй

Дэлхийн аймшигт ирээдүй

Дэлхийн уур амьсгал энэ зууны эцэс гэхэд цельсийн 4-6 градусаар нэмэгдэж, далайн түвшин ойролцоогоор 60 см-ээр өсөхийг мэргэжилтнүүд аль хэдийн тогтоогоод байна. Дулаарлаас үүдэлтэй байгаль, цаг уурын өөрчлөлт, гэнэтийн гай гамшиг амьт биетэд хэрхэн нөлөөлж, дэлхийн өнгө төрх, уур амьсгалыг хувиргаж болохыг олон улсын судлаачид болон мэргэжлийн байгууллагууд цаг хугацаатай нь нарийвчлан тогтоосныг эх сурвалжийн хамт дор жагсаалаа. Энэхүү судалгааны дүнг Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо сүүлийн тайлангаараа танилцуулжээ. 


10

2020 он

  • Гэнэтийн үер Европын ихэнх хэсгийг хамарна. Харин дэлхийн зарим хэсэгт хур бороо багассанаас ургац тариалах боломжтой газар нутгийн 50 орчим хувь үржил шимгүй болно. (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо)
  • Дэлхийн хүн ам 7.6 тэрбумд хүрнэ. (АНУ-ын статистикийн төв)

09

2030 он

  • Гэдэсний халдварт өвчинтэй төстэй өвчний тоо буурай хөгжилтэй орнуудад таван хувиар өснө. Дулаарлын уршгаар дэлхийн шүрэн арлын 18 хувь үгүй болж, далай тэнгисийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж эхэлнэ. Харин Азийн эрэг дагуух шүрэн арлуудын 30 хүртэлх хувь нь устана. (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо)
  • Дэлхийн хүн ам 8.3 тэрбум болно. (АНУ-ын статистикийн төв)
  • Африк тивийн мөнх цаст өндөр уулсын цэвдэг хайлна. (Лондоны их сургууль)
  • Хөгжиж буй орнуудын хот суурин газрын иргэдийн тоо хоёр дахин өсөж, дөрвөн тэрбумд хүрнэ. Хөгжингүй улсуудын хүн ам ихтэй хот суурин газарт оршин суугчдын тоо 20 хувиар өснө. (Дэлхийн банк)

08

2040 он

  • Хойд мөсөн далай зуны цагт мөсгүй болж, өвлийн цагт үүсэх мөсөн бүрхэвчийн хэмжээ багасна. (Олон улсын геофизикийн хүрээлэн)

Эл үзэгдлийг 2060-2105 оноос эхэлнэ гэж үздэг судлаачид бий.


07

2050 он

  • Өндөр уулсын мөнх цас ул мөргүй арилж, хөрсний гүн цэвдгийн хэмжээ 30-70 хувиар багасна. Австрийн Инсбрукийн их сургуулийн эрдэмтэн Роланд Псеннерийн тогтоосноор мөнх цаст уулсын цэвдэг 2037 оноос эрчтэй хайлна.
  • Хэт халуунаас болж жилд нас барах хүний тоо Австралид дунджаар 3200-5200-д хүрнэ. Хохирогчдын дийлэнх нь 65-аас дээш настнууд байна. Харин Европын баруун хэсэгт цочир хүйтрэлээс болж амиа алдах хүний тоо хэт халуунд эрсдэх хүний тоог давна. Зүүн, Зүүн өмнөд Азийн ургац 20 хувиар нэмэгдэх ч Төв болон Өмнөд Азид 30 хувиар хорогдоно. (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо)

06

2060 он

  • Дэлхийн ихэнх хэсэгт хэт халах тул ургамал, сээр нуруутан амьтдын дөрөвний нэг хувь устаж үгүй болно. (Торонтогийн их сургууль)
  • Дэлхийн хүн ам 9.4 тэрбумд хүрнэ. (АНУ-ын статистикийн төв)

05

2070 он

  • Цэвдэг хайлж, ган гачигт нэрвэгдсэн бүс нутгийн хэмжээ ихэссэнээс цахилгаан станцууд цөөрнө. Халуун, хуурай уур амьсгалын улмаас түймрийн тоо өснө. Газрын дундад тэнгис орчмын газар нутаг түймэрт илүүтэй өртөнө. (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо)

04

2080 он

  • Зарим хэсэгт ган гачиг нүүрлэж байхад зарим хэсэг усанд автана. Судлаачдын тогтоосноор гол мөрний сав газарт амьдардаг дэлхийн хүн амын 20 хувь орон гэргүй болно. Жил бүр 100 сая гаруй хүн үерт нэрвэгдэнэ. Далай тэнгисийн эрэг, гол мөрний сав газраар нутагладаг хүмүүс 1990 онд 1.2 тэрбум байсан бол 2080 онд таван тэрбумд хүрнэ. 1.1-3.2 тэрбум хүн цэвэр усны гачаалд орж, 600 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ. (НАСА)

03

2085 он

  • Дулаан цаг уураас үүдсэн шинэ төрлийн халдварт өвчний тоо 10 хувиар өсөж, 3.5 тэрбум хүн нэрвэгдэнэ. (НYБ)

02

2100 он

  • Хэт халуун далайн усыг хоёр туйл руу татсанаас хоногийн урт 0.12 миллсекундээр богиносно. Тэнхлэгийн масс нэмэгдсэнээс дэлхийн эргэлт хурдасна. (НАСА)
  • Америкийн баруун өмнөд, Мексикийн хойд, Европ, Африкийн зарим хэсэг, Ойрх Дорнодод их ган болж шороон шуурга үүснэ. (Ламонт хүрээлэн)

01

2200 он

  • Уур амьсгалын дулаарал тэргүүт олон хүчин зүйл экосистемийг туйлдуулна. Олон зуун амьд биет байгалийн өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй болно. Агаар мандал дахь нүүрсхүчлийн хий өнгөрөгч 650 мянган жилд байгаагүйгээр өснө. Далай тэнгисийн хүчил, шүлтийн түвшин 0.5 нэгжээр буурч, 20 сая жилд байгаагүйгээр багасна. Дулаарал хоёр, гуравдугаар шатандаа орсноос 2007 онд бүртгэгдсэн ургамал, амьтны зүйлүүдийн 20-30 хувь устаж үгүй болно. Дэлхийн газар нутгийн 39 хувьд уур амьсгалын цоо шинэ бүсүүд үүснэ. (Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хороо)

8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Монгол Улс хуурайшиж цөлжинө. Биднээс үл хамаарах ирээдүй юмдаа :(
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start