Арав.мн

Хамгийн урт 10 мөрөн

Хамгийн урт 10 мөрөн

Энэ жагсаалтыг харахаасаа өмнө та хамгийн урт мөрөн Нил гэж бодож байж магадгүй. Гэвч хүн төрөлхтөн олон жил эндүүрч байж. Учир нь Амазон мөрний эх хаана байдгийг саяхныг хүртэл нарийн мэддэггүй байлаа. Түүнд цутгадаг хоёр гол цутгалангийн нэг болох Укаяли мөрөнтэйгөө нийлээд 6565 км газар урсдаг болохоор зуу гаруй км илүү урттай Нил мөрний дараа хоёрдугаарт орж голуудын хатан хаан болж байсан юм.

1996, 2001, 2007, 2008 онд хэвлэгдсэн судалгааны ажлууд дээр Титикака нуураас барууншаа 160-аад км, Лима хотоос урагш 700-аад км-т байх Невадо Мисми (5597 м) мөнх цаст уул Амазон мөрний эхээ авдаг хамгийн холын ундарга юм. Энэ цэгээс Кархуасанта эх авч Апачета голд цутган цааш Локуета голтой нийлж тэр нь Хорниллос нэртэй гол болон урссаар Апуримак мөрөнд цутгана гэжээ. Ингээд Нил мөрнөөс 140 орчим км-ээр Амазон мөрөн урт болж таарсан юм.

Дэлхийн хамгийн урт 10 мөрний жагсаалтыг танилцуулая.


10

Амар - Эргүнэ. 4444 км

Голын ай савд хамрагдах улсууд: Монгол, Хятад, ОХУ

Монголын түүхийн хамгийн чухал газрын нэг болох Бурхан Халдун уулнаас Онон гол эх авч урсаад  Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ. Шилка гол цааш урсан мөн л Монголын түүхэнд олонтаа гардаг Эргүнэ мөрөнтэй нийлж Амар мөрөнг үүсгэдэг юм. Амар мөрөн цааш урссаар Номхон далайд буюу эх газар, Сахалин арлын хооронд байх Татарын хоолойд цутгана. Амар мөрнийг монголчууд эрт цагаас Хар мөрөн, харин хятадууд Хар луу гэж нэрлэж ирсэн юм.

Амар мөрний сав газар сибирийн бар, ердөө 50 гаруйхан үлдсэн амурын барс (алс дорнодын, сибирийн леопард ч гэдэг), 5 м урт калуга загас, хилэм, тул зэрэг олон ховор амьтантай. Байгалийн асар их баялагтай нутаг.

Бурхан Халдун уулнаас эх авдаг Хэрлэн гол Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн нутагт орших Хөлөн нуур (Далай нуур ч гэдэг)-т цутгадаг. Ердийн үед байдаггүй шахам гүний нуур хур бороо ихтэй жилд хойд биеэрээ хальж урсан 30-аад км-ийн зайд Эргүнэ мөрөнтэй нийлдэг. Энэ тохиолдолд Хэрлэн-Эргүнэ-Амар мөрний нийт урт 5,052 км болно.


09

Конго - Чамбеши. 4700 км

Голын ай савд хамрагдах улсууд: Замби, Танзани, Руанда, Бүгд Найрамдах Конго Улс, Габон, Ардчилсан Конго Улс, Төв Африкын Бүгд Найрамдах Улс, Камерун, Бурунди, Ангол 

Дээрх улсуудын нутаг дэвсгэрээр урссаар Атлантын далайд цутгах Конго мөрөн нь Африкын 2 дахь урт мөрөн юм. Мөн дэлхийн хамгийн гүнзгий гол (220 м хүрдэг) бөгөөд усны хэмжээгээрээ Амазон мөрний дараа 2-т ордог. Конго мөрнийг мөн Заир гэж нэрлэдэг. Энэ аварга том мөрний сав газар нь 4 сая гаруй км.кв талбайг эзэлдэг ба энэ сав газар ширэнгэн ой бий болжээ. Конгын ширэнгэн ой хэмжээгээрээ Амазонкийн ширэнгэн ойн дараа дэлхийд 2-рт ордог.

Европчууд уг мөрнийг анх нээхдээ тухайн нутаг дэвсгэрт байсан Конгын эзэнт улсын нэрээр нэрлэсэн юм. Мөн Заир гэдэг нь "аварга мөрөн" гэсэн утгатай аж. 1482 онд анх Португалийн далайчид Конго мөрний эхийг олох гэж хичээсэн боловч чадаагүй бөгөөд 19-р зуун хүртэл Европууд Конго мөрний эхийг “Африкийн хамгийн нууцлаг газар” хэмээн нэрийддэг байв. 19-р зуунд Шотландын алдарт аялагч Давид Ливингстон Конго мөрөн нь Нил мөрний эх байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Гэвч Конгийн ширэнгэд хүн идэшт аймшигт омгууд амьдардаг байсан учраас Ливингстон өөрийн таамаглалаа батлах аялалд явахаас айж байв. 1877 онд Уэллсд төрсөн Америк аялагч Стенли 9 сарын турш Конго мөрний хөвөөгөөр аялсаар эх булгийг нь нээж чадсан байна.


08

Парана - Ла Плата. 4880 км

Голын ай савд хамрагдах улсууд: Бразил, Аргентин, Парагвай, Уругвай, Боливи

Парана мөрөн Өмнөд Америкийн 2 дахь урт мөрөн юм. Далай тэнгисийг бараадаж амьдардаг Бразилийн Тупи үндэстний хэлээр Парана гэдэг нь "тэнгис мэт" гэсэн утгатай үг аж. Парана мөрөн Парагвай мөрөнтэй, цаашлан Уругвай мөрөнтэй нийлснээр Ла Плата мөрнийг үүсгэн Атлантын далайд цутгадаг. Аварга том Ла-Плата мөрний урт 290 км бөгөөд өргөн нь 2км-ээс эхлэн явсаар далайд цутгах үедээ 220 км болдог. Энэ нь дэлхийн хамгийн өргөн мөрөн гэсэн үг болно. 

Парана гол дээр Бразил, Парагвайн хамтын хөрөнгөөр 1971 оноос эхлэн барьсаар 1984 онд нээлтээ хийсэн дэлхийн хамгийн том, хүчирхэг усан цахилгаан станц болох Итайпу далан оршдог. Уг төсөл 19 тэрбум доллараар бүтсэн юм.

Парана голд цутгадаг Игуазу гэж том мөрөн бий. Энэ мөрөнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээ болох Игуазу хүрхрээ байдаг бөгөөд үүнийг XVI зууны дундуур Португалийн аялагчид домогт гардаг Эльдорадог хайж байхдаа олж нээсэн юм. 


07

Обь - Эрчис. 5410 км.

Голын ай савд хамрагдах улсууд: Монгол, Хятад, ОХУ, Казахстан

Обь мөрөн нь Оросын Холбооны Улсын баруун Сибирийн нам дор газраар урсдаг мөрөн бөгөөд Бия, Катунь голууд нийлснээр бий болно. Эдгээр голууд нь Алтайн нуруунаас эх авдаг. Мөн энэ нуруунаас эх авсан Эрчис мөрөн нь Казахстаны нутгаар урсан, Обь мөрөнд цутгадаг. Эрчис мөрний урт Обь мөрнөөсөө ч илүү урт юм. Обь мөрөн нь Обийн булангаар дамжин Карын тэнгист цутгах бөгөөд энэ мөрөнд 50 зүйлийн загас байх ба ихэнх нь эндемик буюу энэ нутгаас өөр хаана ч байдаггүй. Хилэм, зэвэг, цурхай түгээмэл тохиолдоно.


06

Шар мөрөн. 5464 км

Голын ай савд хамрагдах улсууд: Хятад

Шар мөрөн нь Хятадын Хөх нуур муж (Хятадаар Цинхай)-ийн Баян хар уулаас эх авч урсан Бохайн буланд цутгадаг, Азид уртаараа 3-т ордог том мөрөн юм. Энэ голын сав нутагт эртний хятадын соёл иргэншил үүсч, хятадын түүхийн бүхий л цаг үед амьдран суухад хамгийн таатай бүс нутаг болж ирсэн хэдий боловч гольдролоо өөрчлөх, үерлэх зэргээс болж төсөөлшгүй их хохирлыг ч мөн дагуулж байсан юм. Иймээс ч Шар мөрөнд хятадууд "Хятадын уй гашуу", "Хань үндэстний зовлон" гэх мэт өөр олон нэр өгсөн байдаг. Хятад улсын дорно умард талаар хүн ам шигүү суух тэнгисийн эргийн нам доор газар, Хятадын их тал байх бөгөөд энэ нам дор газраар урсан өнгөрөх Шар мөрөн үерлэснээс болж 1332–33 онд 7 сая, 1887 онд 2 сая, 1931 онд 4 сая иргэний амийг авч одож байсан түүхтэй.

Шөр мөрнийг Хуанхэ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Huáng - шар, Hé - гол мөрөн гэсэн хятад үг болно. Харин монголчууд "Хатан гол" гэж нэрлэдэг.


05

Енисей - Ангар - Сэлэнгэ. 5539 км

Голын ай савд хамрагдах улсууд: Монгол, ОХУ

Енисей мөрөн нь 2 гол эхтэй, Их Енисей буюу Бий-Хем гол нь Бүгд Найрамдах Тува Улсын зүүн хэсгийн Саяны нурууны өмнөд суга, Тагна уулын хойд хэсгээс эх авдаг бол Бага Енисей буюу Каа-Хем гол нь Хөвсгөл аймгийн Дархадын хотгороос эх авна.  Умард зүгийг чиглэн Сибирийн төв хэсгийг нэвтлэн урсч, Енисейн булангаар дамжин Хойд мөсөн далайн Карын тэнгист цутгадаг. 

Хангайн нуруунаас эх авсан Идэрийн гол, Хөвсгөлийн Улаан-Тайга уулнаас эх авсан Дэлгэр мөрөн нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэнэ. Сэлэнгэ мөрөнд Хөвсгөл нуураас эх авдаг цорын ганц гол болох Эг мөн Туул, Хараа зэрэг голуудыг өөртөө нэгтгэсэн Орхон зэрэг олон гол мөрнүүд цутгасаар хил даван урсч Байгал нуурт усаа юүлдэг. Байгал нуураас цорын ганц гол эх аван урсдаг нь Ангар мөрөн юм. Ангар мөрөн баруун хойш урссаар Енисей мөрөнд цутгана. 

Ийнхүү Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисейн урт нь 5539 км болж байгаа юм.


04

Миссисиппи - Миссури - Жефферсон. 6275 км

Голын ай савд хамрагдах улсууд: Канад, АНУ

Хойд Америкийн хамгийн урт мөрөн бол Миссури бөгөөд Миссисиппи мөрөнтэй нийлэх хүртлээ 3767 км замыг туулдаг. Монтана мужид  орших Рокки нуруунаас эх авдаг Жефферсон зэрэг жижиг голууд нийлж Миссури мөрнийг үүсгэх ба Миссисиппи мөрөнтэй нийлэн урагшлан явсаар Мексикийн буланд цутгах хүртлээ 6275 км-ын урттай болдог нь дэлхийд 4-т орох үзүүлэлт юм. Энэ хоёр мөрөн АНУ-ын Монтана, Умард Дакота, Өмнөд Дакота, Небраска, Айова, Канзас, Миссури, Миннесота, Иллинойз, Кентаки, Теннесси, Арканзас, Миссисиппи, Луйзиана гэсэн олон мужуудын нутгаар дайран урсдаг. 

Америкийн уугуул иргэд Миссисиппи мөрний хөндийгөөр нүүдэллэн нутагласаар иржээ. Харин Европын колоничлогчид ирсний дараа Миссисиппи мөрөн нь Англи, Францын колоний хилийн зааг болж байлаа. Миссисиппи мөрөн нь худалдааны гол зам байснаас гадна хөндийгөөр нь газар тариалан хөгжүүлэх боломжтой байсан учраас их ач холбогдолтой байв. "Миссисиппи" гэдэг нь индиануудын хэлээр "Том гол" гэсэн утгатай үг.


03

Хөх мөрөн. 6300 км

Голын ай савд хамрагдах улсууд: Хятад

Хөх мөрөн нь Цинхай буюу Хөхнуур муж дахь Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван баруун өмнөөс зүүн өмнө зүг хөндлөн урсан төв болон зүүн Хятадын нутгаар урсаж Шанхай хотын тушаа Зүүн Хятадын тэнгист цутгадаг, Азид уртаараа 1-т ордог том мөрөн юм. 2011 оны судалгаагаар Хөх мөрөнд 416 төрөл зүйлийн загас байдгаас 362 нь цэнгэг усных бөгөөд 178 нь эндемик буюу энэ нутгаас өөр хаана ч байдаггүй төрөл аж. Гэвч 65 төрөл зүйл нь нэн ховордож устах аюул нүүрлээд байна. 

Хөх мөрний амьтдаас ховордож байгаа болон бараг бүрэн сөнөсөн амьтдын тоонд нэгэн зүйл галим, цэнгэг усны далайн гахай, жижиг биетэй хятад гүмбараа матар, зөөлөн хуягт аварга яст мэлхий, дэлхийн хамгийн том аварга гүрвэл зэрэг олон амьтад байна.

Хөх мөрнийг европчууд яагаад Янцзы (Yangtze) гэж нэрлэдэг болсон нь тодорхойгүй. Хятадууд уг голоо Cháng Jiāng буюу "урт гол" гэдэг. 


02

Нил - Кагера. 6853 км

Голын ай савд хамрагдах улсууд: Этиоп, Эритр, Судан, Уганда, Танзани, Кени, Руанда, Бурунди, Египет, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Судан

Саяхныг хүртэл зарим хүний хувьд өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн урт мөрөн гэгдэж байсан Нил мөрөн Виктори нуураас эх авсан Цагаан Нил, Тана нуураас эх авсан Цэнхэр Нил гэсэн хоёр том цутгалаас бүрдэнэ. Энэ хоёр мөрөн Суданы нийслэл Хартум хотод нийлэх бөгөөд цөл дундуур хойшоо урссаар Газрын Дундад тэнгист цутгадаг. Хэдийгээр дэлхийн 2 дахь урт мөрөн боловч усныхаа хэмжээгээр дэлхийн олон арван гол түүний өмнө бичигддэг. 

Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн нэг болох эртний Египет энэ мөрний эрэг дээр мянга мянган жил цэцэглэн хөгжиж байв. Жил бүрийн есөн сард усны түшвин 10 метрээр нэмэгдэх бөгөөд эргэн тойрон усанд автагдаж нэг их том нуур шиг болдог аж. Хэсэг хугацааны дараа ус татарч эргээд хэвэндээ ороход хөндий тэр чигээрээ лаг лайгаар дүүрдэг ба үүнийг л египетчүүд хүлээдэг байна. Учир нь өдийд тариалалтаа эхлүүлдэг бөгөөд лаг лайгаар бордогдсон хөрс арвин их ургац өгдөг ажээ. 

Олон хүн, амьтны амьдралын эх булаг болсон Нил мөрний сав газар нь Нилийн аварга том матар, хуурай газрын хамгийн том амьтад болох заан, хирс, усны үхэр, төрөл бүрийн загас, шувуу, хэвлээр явагч, араатан амьтад, өвсөн тэжээлтэн гээд ан амьтны баялаг төрөл зүйлтэй газар юм. 


01

Амазон - Укаяли - Апуримак. 6992 км

Голын ай савд хамрагдах улсууд: Бразил, Перу, Боливи, Эквадор, Венесуэль, Гайана 

Манай гаригийн голуудын далай тэнгист аваачиж юүлдэг бүх усны дөрөвний нэгийг Амазон мөрөн ганцаараа бүрдүүлдэг. Түүний талбайн хэмжээ 7 сая гаруй хавтгай дөрвөлжин км байдаг нь Австралийн эх газрыг бүхэлд нь буюу АНУ мэтийн улсыг багтаахаар ажээ. Адаг орчмоороо Амазон мөрний өргөн нь 200 гаруй км бөгөөд гүн нь 100 м хүрдэг. Перугийн Икитом хотын хавьцаа адгаасаа 3500 км зайтай хэсэгт голын гүн нь 20 м илүүтэй байдаг болохоор тэнгисийн хөлгүүд ч хүрч очдог.

Амазон мөрөн экваторын дагуу урсдаг болохоор халуун орны усархаг бороо хойд тал бөмбөрцөгт /3-9 дүгээр сард/ нэг бол зүүн эрэг дээр эсвэл өмнөд тал бөмбөрцөгт /10-4 дүгээр сард/ баруун эрэг дээр ихээр орж усаар байнга тэтгэж байдаг болохоор энэ мөрөн тийм их устай байдаг. Амазоны чийглэг ойд хамгийн олон төрөл зүйлийн ургамал, амьтад бий. Зөвхөн загас л гэхэд 2000 гаруй төрөл зүйл гэхээр дэлхийн цэнгэг усны загасны төрөл зүйлийн 1/3 юм. Гэтэл Европын бүх голуудад нийлээд 300 төрлийн загас л байдаг. Ердөө 10 км.кв газарт л гэхэд 1500 гаруй зүйлийн цэцэг, 750 зүйлийн мод, зуу гаруй зүйлийн сүүн тэжээлтэн, 400 гаруй зүйлийн жигүүртэн шувууд, олон тооны могой, хоёр нутагтан, шавжыг олж болно. Өнөөг хүртэл судлагдаагүй амьтан ургамал маш их байна.




9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Хичээлд хэрэгтэй гоё мэдээлэл байлаа
Depending on which source you consider to be "true" for the Amazon and the Nile, either one could become the world's longest river http://www.bb c.com/earth/story/20 160516-why-it-is-har d-to-find-the-source -of-rivers-like-the- amazon
+4
Урт үгүйг шууд хэлэх аргагүй гэж хэдэн оны юм хэлээд байнаа? 2016 онд хүртэл судалгаагаар явсан эрдэмтэд тайландаа дурдсан мэдээлэлд Амазонк урт болж таарсан
-3
Ali 2007 ond l ingej уriad bsn odoo hurtel margaantai sh de bie daasan moron moron nuuriin sуstem 2 oor gej unshsan уm tegeheer Nile bish bolson gej shuud heleh argagui e
+5
Их баярлалаа.
+4
Нил мөрөн гэж 99 хувь нь бодож байгаа
+6
nice!!!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start