Арав.мн

Охин тэнгэрийн орон

Охин тэнгэрийн орон

Исланд орон зохиолч, яруу найрагчид, уран зохиолын хорхойтнуудын хувьд онцгой газар болох тухай 10 баримт.


10

Хамгийн олон зохиолчтой улс

Тус улсыг хүн амынх нь тоотой харьцуулахад хамгийн олон зохиолчтой улс гэдэг. Хүн ам нь 300 гаруйхан мянга ч Исландын 10 хүн тутмын нэг нь ном бүтээлээ хэвлүүлсэн гэх бөгөөд нэг хүнд ногдох хэвлэгдсэн болоод уншигддаг номын тоогоор дэлхийд тэргүүлдэг улс ч Исланд юм. Исландчуудын дунд "Ad ganga med bok I maganum" гэх хэлц байдаг нь “Хүн болгон ном төрүүлдэг” гэсэн утгатай аж.


09

Мянган жилийн түүх

Викинг аялагч, дайчдын дундаас төрсөн туульчид, эрт цагийн хэрмэл найрагчдаас эхлээд 1955 онд Нобелийн шагнал хүртсэн Халлдор Кильян Лакснессийн үе хүртэл буюу мянгаад жилийн турш исланд нутгаас төрсөн зохиолч, яруу найрагчид дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулж, шинэ өнгө төрх нэмсээр иржээ. 


08

Өвөрмөц байгаль

Исландын онгон дагшин, өвөрмөц тогтоцтой байгаль, эрс тэс уур амьсгал, газар орны онцлогтой нь холбоотой сонин хачин зан заншил уран зохиолынх нь хөгжилд нөлөөлсөн нь дамжиггүй. Зохиолч Солви Бьорн Сиггурдссоны хэлснээр Исланд шиг жилийн ихэнх өдөр нь хүйтэн, харанхуй байдаг газарт хүмүүс гэр бүлээрээ тойрч суугаад элдвийг хөөрөлдөхөөс өөр юу хийх билээ. Энэхүү уламжлал нь исланд түмний аман зохиол, урлаг соёлын гол тулгуур болжээ. Мөнхийн цэвдэг нутаг гэгддэг Исланд орны гойд сонин байгаль Жон Толкин, Иан Флеминг, Жорж Мартин нарын гадаадын зохиолчдын бүтээл туурвилд ч нөлөөлсөн нь бий.


07

Туульсын нутаг

Исландын нийслэл Рейкьявик 2011 онд ЮНЕСКО-гийн Уран зохиолын хотоор тодорчээ. Одоогоор 11 хот л ийм өргөмжлөлтэй байгаагаас Рейкьявик нь ийм алдар хүртсэн англи хэлт орны бус анхны хот юм. Тус хот бол Скандинавын урлаг соёл, уран зохиолын эх гарын авлага гэгддэг өвөг скандинав хэлээр бичигдсэн "Эдда" туульсын төрсөн нутаг. Мөн орон орны зохиолч, яруу найрагчдыг уулзуулдаг, олон улсын хэмжээний хэд хэдэн наадам зохион байгуулдаг онцлогтой. 


06

Уншигч, зохиолчдод зориулсан маршрут

Рейкьявикт зөвхөн уран зохиол сонирхогч, уншигч, зохиолчдод зориулсан аяллын тусгай маршрут хүртэл бий. Интернэтээс гар утсандаа татан суулгаж болох "Хотыг уншигчийн нүдээр тольдохуй" нэртэй аяллын хөтөлбөр, хотын хаана, ямар гудамжны аль сандал дээр тухалж суугаад ном уншиж болохыг заасан танилцуулга ч байдаг. 


05

Муза хот

Рейкьявик олон ч зохиолчид онгод билгийн охин тэнгэрийн "үүрэг гүйцэтгэгч" болдог нь бараг кафе, сургууль, олон нийтийн номын сан, номын дэлгүүр бүр нь уншлагын булантай байдагтай холбоотой. Хүссэн хэн ч оролцож, сонирхож болох "Зул сарын номын үер" нэртэй арга хэмжээнээс эхлээд олон ч наадам, цугларалтууд нь иймэрхүү энгийн, тухтай орчинд болдог. Исландчууд аливаа баяр ёслолоор бие биедээ ном бэлэглэдэг, тэр нь Шинэ жилийн баярын үеэр хамгийн өргөн хүрээг хамарна. Тиймээс арав, арваннэгдүгээр сард маш олон ном шинээр хэвлэгддэг байна. Энэ үеэр Рейкьявикт очвол уран зохиолын олон сонирхолтой арга хэмжээнд оролцож болно. 


04

Бурхдын хороолол

Тууль бол исланд ардын уран зохиолын хамгийн эртний хэлбэр. "The Guardian" сонинд бичсэнээр исландчуудын Ньялегийн, Эрикийн зэрэг олон үлгэр тууль Уолтер Скотт, Уильям Моррис, У.Х.Оден нарын хожуу үеийн олон зохиолч, яруу найрагчдад нөлөөлсний хувьд Европын уран зохиолын сүүлийн мянган жилийн түүхэн дэх хамгийн чухаг бүтээл ч байж мэднэ.  Рейкьявик хотод Исландын хамгийн том сүм Хадльгримскиркья бий. Сүмийн эргэн тойрон дахь гудамж, талбай бүрийг дээрх туульс дахь бурхдын нэрээр нэрлэсэн учир ойр орчмыг нь Бурхдын хороолол гэдэг. Уг хорооллоор алхахдаа жуулчид гудамж бүрийн нэр ямар учиртай болох, юуны учир тухайн бурхны нэрээр нэрлэгдсэн гээд олон сонин түүх сонсож болно. 


03

Тингведлирийн цогцолбор

1930 онд байгуулагдсан Тингведлир нь Исландын тусгай хамгаалалттай анхны газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан цогцолбор юм. Тус улсын хамгийн том нуур Тингвадлаватн  болон Африкийн Жибүти улсын нутаг дахь нэгэн голыг эс тооцвол хоёр тивийн дунд (Хойд Америк, Евразийн тектоник хавтангийн дунд) сэлж болох дэлхий дээрх ганц газар Сильфа нуур энд бий.  

Тингведлир нь 1100-гаад оноос исландчуудын хуран чуулдаг гол газар байжээ. Энд орших Логберг буюу Хууль цаазын хадан цохио хэмээх газарт хол, ойрын мэдээ дамжуулах, бараа бүтээгдэхүүн худалдах, хурал чуулган хийж хууль журам тогтоох, найр наадам зохиож, үлгэр домог хүүрнэх гээд Исландын түүхэн дэх олон чухал явдал болсон газар байна. Тэгэхээр Тигведлир нь нэг талаар исланд хэл, соёл, уран зохиолын өлгий юм.


02

Яруу найрагчдын бунхан

Өдгөө тус цогцолборт Исландын нэртэй найрагчдын оршуулгын газар бий. Исланд түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлсэн "Фёлнир" сэтгүүлийг үндэслэгч, яруу найагч Иоунас Хадльгримссон, тус улсын анхны өдөр тутмын сонины эрхлэгч, зохиолч Эйнар Бенедиктссон нарын алдартнууд энд нойрсдог. Тэдний булшийг эргэхээр явах замд Нобелийн шагналт Лакснессийн гэр музейтэй танилцаж болно. Уг музейд зохиолчийн ид туурвиж асан үе буюу 1950-иад оны үеийн эд зүйлсийг яг л тэр чигээр нь хадгалж үлджээ.


01

Жюль Верний галт уул

Уран зохиол сонирхогчдын зорьж очиж болох бас нэг онцгой газар тус улсын баруун хэсэгт бий. Снайфедльснесийн хойгт орших  Снайфедльсёкюдлийн мөсөн голыг Исландын байгалийн гайхамшгийн нэг гэдэг. Уг гол сүүлийн 800 мянган жилд хэдэнтээ сэргэсэн галт уулын дэлбэрэлтээс үүдсэн, 1146 метр өндөр уулын хормойд байдаг. Голын хоёр талаар, бүр зарим хэсэгт нь дээвэр болон хөлдөж тогтсон галт уулын лав гал хийгээд мөсний эрс тэс хослолыг харуулна. Уг гол Жюль Верний "Ертөнцийн төв рүү аялсан нь" зохиолд дүрслэгддэг юм. "Чухам эндхийн галт уулын тогоогоор дамжиж л ертөнцийн гүнд нэвтэрч болно" гэж Верн бичжээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Нэг л өдөр очино доо
+1
Үнэхээр гоё
+3
Үлгэрийн орон байнадаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start