Арав.мн

Америкийн “эзэн хаан” Жошуа Нортон

Америкийн “эзэн хаан” Жошуа Нортон

Английн уугуул Жошуа Абрахам Нортон 1859 оны есдүгээр сарын 17-нд биеэ ардчиллын өлгий нутгийн эзэн хаанд өргөмжилжээ. Түүний төрсөн он, сар, өдөр тодорхойгүй. Таалал төгсөхдөө 65 настай байсан гэх таамгаас дүгнэхэд 1814 онд төрсөн бололтой. Харин зарим эх сурвалжид түүнийг 1819 оны хоёрдугаар сарын 4-нд Лондонд төрсөн гэжээ. Юутай ч Нортоныг хоёр настай байхад эцэг эх нь Өмнөд Африк руу нүүсэн байна. Нортон 1849 онд эцгийнхээ үл хөдлөх хөрөнгөөс 40 мянган ам.долларын хувь хүртмэгцээ Америк руу цагаачилж, Сан-Франциско хотод суурьшжээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн бизнес богино хугацаанд цэцэглэж, өв хөрөнгө нь 1852 он гэхэд 250 мянган ам.доллараар үнэлэгдэх болов. Ашгаа нэмэгдүүлэхийг хүссэн залуу хөрөнгөтөн Перугаас 200 мянган паунд буюу 100 тонн цагаан будаа тээсэн хөлөг онгоц ирж буйг дуулаад цагаан будааны бизнест хүчээ сорихоор шийдэж, 250 мянган ам.доллараа бүгдийг нь дэнчинд тавьж орхижээ. 

1852 оны арванхоёрдугаар сарын 22-нд будаа нийлүүлэгчидтэй үзэглэсэн гэрээнд зааснаар Нортон гурван өдрийн дотор 100 тонн будаа зарах ёстой болов. Гэтэл дараа өдөр нь паунд цагаан будааны үнэ гурван цент болтлоо буурсан тул бараг оргилдоо хүрээд байсан бизнес нь маш их алдагдал хүлээх нь тэр. Алдаатай гэрээнд бүтэлгүйтлээ тохох гэсэн Нортон будааны бусад наймаачдын хамт бүтэн дөрвөн жил шүүхээр эргэлдээд ч амжилт олсонгүй. Түүний үл хөдлөх бүх хөрөнгө ашиггүй наймаанаас үүдсэн өрийн төлөөс болов. Цагтаа хотынхоо хамгийн нөлөөтэй, чинээлэг нэгэн байсан англи эр ийнхүү хэдхэн жилийн дотор найз нөхөд, хамтрагчдаа алдаж, гэр орон ч үгүй болтлоо хоосорчээ. 1858 онд дампуурлаа зарласан Нортон хэсэг хугацаанд их хотоос холдов. Энэ л үеэс түүнийг сэтгэцийн өвчтэй болсон гэлцдэг.

Их тэмцэгчийн дүрээр хотдоо эргэн ирсэн Нортоныг хэн ч таньсангүй. Америкийн засаг захиргааны бүтэц, эрх зүйн хэрэгжилтийн талаар явсан газар бүртээ шүүмж хэлэх болсон тэрээр илтгэгч, хувьсгалч гэхээсээ бараг л солиотой нэгэн болжээ. Шүүмжлэл, шаардлагыг нь сонсоогүй орон нутгийн эрх баригчдын үл тоомсорлолд Нортон хариу барихаар шийдэж, 1859 оны есдүгээр сарын 17-нд өөрийгөө Нэгдсэн Улсын эзэн хаан Анхдугаар Нортон хэмээн өргөмжилснөө Сан-Францискогийн сонинуудаар тунхаглав. Хожим Мексикийн хамгаалагч хэмээх нэрийг цол хэргэмдээ нэмсэн түүний олныг цочроосон мэдэгдэл үүгээр дууссангүй. Мөн оны аравдугаар сарын 12-нд “эзэн хаан” АНУ-ын Конгрессоос баталсан хууль тогтоомж бүрийг хууль бус хэмээн үзнэ гэж зарлигдав. Бас “Бүх намын төлөөллийг 1860 оны хоёрдугаар сард Сан-Франциско хотын Платтын хөгжмийн танхимд хүлээн авна”, “Нэгдсэн Улсын арми Вашингтон дахь хууль завхруулагчдыг хамгаалах ёсгүй”, “Ардчилсан болон Бүгд найрамдах намын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй”, “Эзэнт гүрний сүр хүчийг бууруулж буй генерал Скотыг албан тушаалаас нь чөлөөлсүгэй” гэхчлэн олон инээдэмтэй зарлиг буулгажээ.

Иргэний дайны гал ид дүрэлзэж байхад буюу 1862 онд Нортон католик болон протестант шашны тэргүүн хамба нарт эзэн хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидал илгээсэн байна. Түүнийг Бразилийн эзэн хаан II Педротой уулзаж, Их Британийн хатан Виктория руу цөөнгүй захидал бичсэн гэх баримт ч бий. Мөн Сан-Франциско дахь хятад иргэдийн асуудлыг шийдэх, хэрэг хийсэн цагдаа нарыг өршөөх зэрэг “хаант засаглал”-ынхаа нэр хүндийг өргөх чамгүй зүйл санаачилжээ. Сурвалжтан шиг ёслолын хослол өмсөж, алтадмал дуулга, сэлэмтэй явдаг байсан түүнийг хүндэтгэх хүн харин олон байв. Сан-Францискогийн иргэд халаас хоосон хаанаа үнэгүй хооллож, хувцасладаг байлаа. Тэдний зарим нь хүнд бэрх цагийг эцэслэх бурхны элч хэмээн түүнд итгэж байсан ч дийлэнх нь хотынхоо хуучин баяныг байсан бүхнээ алдсанаасаа болж эрүүл ухаангүй болсон хэмээн өрөвддөг байжээ. Тэдний ачаар Нортон “хаан ширээнд суусан” 21 жилийнхээ турш ер ганцаардаагүй гэдэг. Хотын эрх баригчид хууль бус төрийн тэргүүнийг нэг бус удаа баривчилсан ч олны эсэргүүцэлтэй тулгарчээ. Цагдаа нар сүүлдээ “эзэн хаан”-д мэхийх болсон бөгөөд иргэдийн хүсэлтээр Нортоны зурагтай мөнгөн дэвсгэрт Сан-Францискод албан ёсоор хэрэглэгдэх болов.

Өөрийгөө эзэн хаанаар өргөмжилснийх нь дараа Нортоныг галзуурсан, солиорсон хэмээн шуугиан дэгдээж байсан хүмүүс ч, Америкт хаант засаглал хэрэгтэй хэмээн дэмжиж байсан дагалдагчид нь ч насных нь эцэст түүнийг мартжээ. III Наполеоны хүү байх хэмээн сохроор шүтэгчид нь ч амьсгал хураахад нь Нортоны дэргэд байсангүй. 1880 оны нэгдүгээр сарын 8-ны үдэш Нортон Калифорнийн шинжлэх ухааны академид илтгэл тавихаар явах замдаа Гэгээн Мариягийн сүмийн өмнө ухаан алдан унажээ. Ойролцоо нь явсан цагдаа эмч дуудсан ч хэдийн оройтсон байлаа. Түүний таалал төгссөн тухай мэдээ маргааш өглөө нь Сан-Францискогийнхныг сэртхийлгэв. Өрөвдөж, эмгэнэсэн 30 мянга гаруй хүн оршуулганд нь оролцож, гудамжинд гурван км урт цуваа үүсгэсэн гэдэг. Нортоныг Сан-Франциско хотын захиргааны зардлаар Масоник хэмээх оршуулгын газарт нутаглуулжээ.

“Эзэн хаан”-ыг эцсийн замд нь үдэх ёслолын дараа л түүний үгээгүй ядуу байсныг хотынхон мэдсэн байна. Сарын хоёр доллар 50 центээр түрээсэлж байсан хөлсний ганц өрөөнд нь зургаан ам.доллар, ёслолын хоёр хослол, малгай, дуулга, 1828 оны хэдэн франц франкаас өөр юм байсангүй. Эдгээрээс гадна Виктория хатантай гэрлэх гэж буйд нь баяр хүргэсэн Оросын II Александр хааны нэртэй хуурамч цахилгаан, Францын Ерөнхийлөгчтэй энхийн гэрээ байгуулбал дэлхийн энхтайванд хэрхэн сөргөөр нөлөөлөх тухай тэмдэглэл зэрэг цөөн тооны бичиг цаас л умгар өрөөнөөс нь олджээ.

1934 онд Нортоны шарилыг Калифорнийн Колма хотын Вүдлоун оршуулгын газар луу шилжүүлсэн байна. Шинэ булшных нь чулуун дээр “Нэгдсэн Улсын эзэн хаан, Мексикийг эзэгнэгч I Нортон” гэж бичсэн байдаг. 1980 оны нэгдүгээр сард буюу Америкийн цорын ганц эзэн хааны таалал төгссөний 100 жилийн ойг Сан-Францискогийн иргэд тэмдэглэсэн бол энэ оны эхээр, "Эзэн хааны гүүр" нэртэй кампанит ажлынхан Нортоны мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Сан-Франциско-Оакланд Бэйн гүүрийг Эзэн хааны гүүр хэмээн нэрийдэх хүсэлт гаргажээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Кино хийвэл ёонирхолтой л сэдэв байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start