Дарангуйлагчдын зоог
“Хоол хүнс гэдэг зөвхөн ходоод гэдэс дүүргэдэг зүйл биш. Юу иддэгээсээ шалтгаалж тухайн хүний сэтгэл санаа, сэтгэн бодох чадвар, цаашлаад ертөнцийг үзэх үзэл ч өөрчлөгдөж магадгүй” гэж Виктория Кларк, Мелисса Скотт нар бичжээ. Виктория Кларк бол Английн, Мелисса Скот нь Америкийн зохиолч юм. Тэдний хамтран бичсэн “Дарангуйлагчдын зоог” (Dictators' Dinners) нэртэй ном анх 2014 онд худалдаанд гарч, өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр нэмэлт баримт сэлттэйгээр дахин хэвлэгдсэн байна. Өнгөрсөн зууны хамгийн “том” дарангуйлагчид юу иддэг байсан, дуртай амттанаа олж авахын тулд ямар хачирхалтай шийдвэр гаргаж, олон нийтийг хэрхэн дайчилдаг байсан, хоолны дуршил нь эрүүл мэндэд нь яаж нөлөөлсөн тухай уг номд өгүүлжээ. Мөнхүү номоос дарангуйлагчдын зоогтой холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.
10
Хүчирхэгжих тусмаа болгоомжилно
Ямар нэг хоол, хүнсний бүтээгдэхүүнээс болж хүн хэрцгий догшин, атгаг муу санаатай болно гэж байхгүй. Гэхдээ идэж, уух дуршил нь тухайн хүний талаар их зүйл хэлж өгнө хэмээн номын зохиогчид онцолжээ. Удирдагч, дарангуйлагчдын олонх нь хүчирхэг болох тусмаа хоол, ундандаа ихэд болгоомжлонгуй хандаж, цай хоолыг нь бэлтгэдэг хүмүүстээ улам бүр хатуурхан, зарим нь нас уртасгадаг, маш ховор гэгдсэн сонин содон зоог барихын тулд туслахуудаараа юу хүссэнээ хийлгэдэг байсан гэнэ.
Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен гэхэд л өөрийнхөө идэх цагаан будааг тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсээр, зөвхөн гараар хураалгадаг байжээ.
Харин Румыний Коммунист намыг 20 гаруй жил удирдсан Николае Чаушеску хилийн чанадад аялахдаа бүх хүнсээ авч явдаг байсан нь гадаадын төрийн тэргүүн нарын дургүйг хүргэдэг байж. Түүний хамгийн дуртай хоол тахианы бүхэл чанасан мах байлаа.
Тэрбээр тахианы мөч, толгойг хүртэл цайртал мөлждөг, хутга сэрээ хэрэглэхээс төвөгшөөдөг, товчхондоо бол төрийн тэргүүн гэхэд бүдүүлэгдүү “идэштэн” байжээ. Гэхдээ ямар тахиа идэхээ маш няхуур сонгодог байв.
1967 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа Чаушеску Намын төв хороонд зөвхөн өөрийнх нь зоогийг хариуцах сайдын алба хүртэл бий болгожээ. Тийм сайдаар голдуу химичид сонгогдож байлаа.
Румыний хөрш орон болох Югославын удирдагч Иосип Броз Тито түүхий ногооны шүүснээс өөр юу ч уудаггүйгээрээ “алдартай” байсан гэдэг. Харин халуун хоолноос гахайн өөхийг л юу юунаас илүүд үзнэ. Тиймээс Чаушеску шиг зөвхөн өөрт нь барих гахайн өөх, махыг бэлтгэх тусгай ажилчдыг сайд нартайгаа эн зэрэгцүүлэн чухалчилж, тэдэнд онцгойлон ханддаг байжээ.
Португалын Муссолини гэгддэг, тус улсын Ерөнхий сайд Антониу Салазар харин өдөр бүр маш бага хэмжээгээр сардин загас иддэг байлаа. Ядуу тарчиг өссөн тэрбээр энэхүү хачирхалтай зуршлаа тайлбарлахдаа сардин идэх бүртээ ах, дүү нартайгаа ганц загас хуваадаг байсан бага насаа санадаг, тэгээд ч бага идэх нь эрүүл мэндэд тустай гэж ярьдаг байв.
Харин “жинхэнэ” Муссолини болон түүний холбоотон Адольф Гитлер нар Салазараас ялгаатай нь эрүүл мэндээ огт анхаардаггүй байлаа.
Гитлерийн гэдэс байнга дүүрч, цанхайдаг байсан нь цагаан хоолтон болсонтой нь холбоотой гэж түүхчид үздэг. Тэрбээр амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсан ч зөв, зохистой хооллож сураагүй бөгөөд Теодор Моррель хэмээх эмчийн бичиж өгсөн 28 янзын эм, тан уудаг байжээ. Энэ нь хожим хоол боловсруулах эрхтэнд нь муугаар нөлөөлсөн байна. Моррель эмч Гитлерт хүний ялгадсаас гаргаж авсан тусгай үрэл хүртэл өгч байсан гэдэг.
05
Тэмээний маханд дуртай Каддафи
Иймэрхүү эмчилгээ хийлгэж байсан, үгүй нь тодорхойгүй ч Италийн нацист удирдагч Бенито Муссолини ходоодны шархтай байв. Түүний биеийг дэлхийн II дайны эцсээр үзсэн нэгэн герман эмч “Түгжрэх магадлал өндөр” хэмээн оношилж байж.
Гитлер шиг гэдэс дүүрэх зовлонтой, Муссолини шиг ходоод нь үе үе өвддөг байсан Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи харин үүнийгээ нэг их тоодоггүй байлаа. Тун махсаг байсан тэрбээр ил гал дээр шарсан тэмээний маханд хачин дуртай байсан гэдэг.
04
Хамгийн ховдог удирдагч
“Дарангуйлагчдын зоог” номын зохиогчид Сталинийг хамгийн ховдог удирдагчаар нэрлэсэн байна. Гүрж угсаатан тэрбээр Кунцево дахь зуслангийн байшиндаа найрлах дуртай, заримдаа үүр цайтал ууж, иддэг байжээ. Шөнөжин үргэлжлэх найр нь Сталиний хувьд тойрон хүрээлэгчдээ таньж мэдэх хамгийн таатай боломж байж. Хундага өргөхөд нь хамт уудаггүй, өөрийнх нь дуртай тахианы махан сүмсийг таашаадаггүй хүмүүст тун ёозгүй хандаж, заримдаа олны өмнө шийтгэдэг байсан гэх баримт нэлээд бий.
03
Филиппиний “хаан, хатан” хоёр
Филиппинийг 20 гаруй жил жолоодсон Фердинанд болон Имельда Маркос нар тансаг орчинд хооллох дуртай байлаа. Тэд тогооч, үйлчлэгч нараа гоё, сайхан хувцастай байхыг шаардаж, зоогийн ширээний ард эгээ л хаан, хатан шиг аягладаг байсан гэдэг. Имельда нэг удаа нөхрийнхөө төрсөн өдрийн үдэшлэгт зориулж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчдийг даашинз өмсөхийг тушааж байжээ. Мөн өөрсдийг нь хооллох үеэр онигоо, эсвэл элдэв хөгжилтэй түүх ярьж өгөхийг сайд нараасаа шаарддаг байлаа.
02
Африкийн хүний махан идэштнүүд
Зоогийн ширээний ард дуугүй сууж чаддаггүй байсан өөр нэг удирдагч бол Гитлер. Тэрбээр өөрөө цагаан хоолтон атлаа нядалгааны газар болоод амьтдыг хэрхэн тамлах тухай ярьж, маханд дуртай зочдоо хүртэл тавгүйтүүлдэг байсан гэдэг.
Төв Африкийн Бүгд найрамдах улсын дарангуйлагч, өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн Жан-Бадель Бокасса, Угандын удирдагч Иди Амин, Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Франсис Масиас Нгема нар ч гэсэн хоол идэхдээ иймэрхүү зүйл ярих дуртай байжээ. Бокасса, Амин нарыг хүний мах иддэг байсан гэсэн яриа чухамдаа тэдний энэ мэт хобби, аллага хүчирхийллийн тухай ам уралдан ярьдаг зуршилтай нь холбоотой юм. Аминий тухайд хүний мах иддэг байсныг нь гэрчлэх баримт олдоогүй бол Бокассагийн тогооч байсан нэг хүн түүнд хүний махтай хоол бэлтгэн өгч байснаа дурссан байдаг аж.
Хүний ёсноос гажууд зан үйлтэй болж, харгислал хэрцгийллээрээ танигдсан бараг бүх удирдагч амт шалгагч буюу хоолыг нь хэн бүхнээс түрүүлж амтлан хортой, үгүйг нь шалгадаг тусгай хүмүүстэй байлаа.
Гитлерийн хоолны амтыг шалгадаг 15 эмэгтэй байсан бөгөөд хоолыг нь амтлаад тэдэнд 45 минутын дотор ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй тохиолдолд л их удирдагчид зоогийг нь хүргэж өгдөг байжээ. Хамгийн олон амт шалгагчтай байснаараа Гитлерийн дараа орох, Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссейн өөрт нь олон жил үнэнчээр зүтгэсэн цэргийн эрхтэн дархтануудаасаа ч илүү тогооч, үйлчлэгч нартаа итгэдэг байсан гэдэг. Хуссейн хамгийн итгэлт амт шалгагчийг нь хөнөөсөн хэмээн хүү Удейгээ бие хамгаалагчдаараа зодуулж, бүтэн гурван сар шоронд хорьсон удаа бий гэнэ.
Юутай ч хэчнээн сайн амт шалгагч, ямар ч чадварлаг химич эдгээр дарангуйлагчийг аварч чадсангүй. Эцэстээ эд бүгд нас барсан. Зарим нь маш хэрцгийгээр алагдсан билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.