Арав.мн

Нэр дээрээ 3300 гаруй патент эзэмшдэг Др. НакаМатс

Нэр дээрээ 3300 гаруй патент эзэмшдэг Др. НакаМатс

19-р зуунд патентын газрын нэгэн ажилтан ажлаасаа сайн дураараа гарчээ. Гарсан шалтгаан нь дэлхий дээр зохион бүтээх зүйл үлдээгүй гэж бодсон явдал аж. Цаг хугацаа түүний бурууг баталж, одоо хэр тоо томшгүй шинэ зүйлс бий болсоор байгаа билээ. Дэлхийн хүн амын 99,99% нь нэг ч патент эзэмшдэггүй бол зарим нэг нь цөөн тооны бүтээл гаргаж, нэр дээрээ бүртгүүлсэн байдаг.

“Бүх цаг үеийн хамгийн олон бүтээл зохион бүтээсэн хүн бол би” гэж бардам хэлэх нэгэн хүн байдаг нь Доктор Ёширо Накамацү юм. Магадгүй та түүний талаар бараг сонсоо ч үгүй байх. Гэхдээ энэ хүн бол өөрийн нэр дээрээ 3377 патент эзэмшдэг байна (өөрийнх нь хэлснээр). Энэ нь Томас Эдисоноос 3 дахин олон бөгөөд цаашид ч нэмэгдэж байгаа гэж хэлж болно.

“Эдисон 84 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол би дөнгөж амьдралынхаа талд нь орж байна” хэлдэг энэ эрхэм 1928 оны 6-р сарын 26-нд Токио хотноо төрсөн, өдгөө 89 настай хүн юм. Өөрөө CD, DVD, караокены машин, факсны машин, усан хөдөлгүүр, жолооны ард унтахаас сэргийлдэг дэр зэргийг бүтээсэн гэж үздэг. Мөн өөрийгөө Леонардо да Винчи болон Стийв Жобс хоёрын нийлбэр гэж үздэг тэрбээр Олон улсын зохион бүтээгчдийн экспогоор 41 удаа гранпри шагнал авсан гэдэг (мөн л өөрийнх нь хэлснээр). Хэдийгээр түүний бүтээл болон хэлсэн үг бүрийг яг таг батлахад хэцүү хэдий ч худлаа гэж батлах мөн л хэцүү байдаг нь сонирхолтой. Зарим нэг бүтээл дээр нь патентын маргаан дэгдэж байсан ч НакаМатс гуайг бүрэн дийлж байгаагүй юм. Шүүмжлэгчид түүний бүтээлийг утгагүй, хэнд ч хэрэггүй зүйл бөгөөд өөрийг нь алдар нэр хөөцөлдсөн хүн гэж буруушаадаг. Учир нь түүний бүтээлүүд дотор өөрөө эргэлддэг шпагеттины сэрээнээс эхлээд уруулыг хоёр талаас нь татаж хүчээр “инээлгэдэг” төмөр дэгээ зэрэг хачин бүтээлүүд ч байдаг.

Тэгсэн ч гэсэн төсөөлөн бодох, шинийг санаачлах чадвар нь шавхагдашгүй мэт Др. НакаМатс саяхан хорт хавдартай гэдгээ зарласан бөгөөд хорт хавдраа ч эдгээх бүтээл туурвихаар ажиллаж байгаа юм. “Япон бол ус, загас, нарны гэрэл, тархинаас өөр байгалийн баялаггүй орон. Бид зохион бүтээх ёстой. Үгүй бол мөхнө” гэж хэлдэг Др. НакаМатс сүүлийн 40 гаруй жилийн турш идсэн хоол болгоныхоо зургийг авч, нарийвчилсан шинжилгээ хийж баримтжуулж байгаа. Энэ нь урт удаан амьдралд хоол хүнс хэрхэн нөлөөлдөгийг мэдэхэд тустай гэж үздэг. Уг үйлдлээрээ 2005 онд (тухайн үед 34 жил тасралтгүй зураг авсан байсан) Хүнс тэжээлийн Ig Nobel-ын шагнал хүртэж байжээ. Энэ шагналыг “хүнийг инээлгэхийн сацуу боддог” хүмүүст өгдөг юм байна.

Одоо өөрийгөө үхнэ гэж огт боддоггүй ба 144 нас лав хүрнэ гэж ярьдаг. Үхэх үедээ 6000 патенттай байх болно гэсэн мөрөөдөлтэй. Ингээд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн асар идэвхтэй амьдарч буй зохион бүтээгчийн бүтээсэн хамгийн алдартай 10 зүйлийг танилцуулъя.


10

Флоппи диск /уян диск/

Др. НакаМатс флоппи буюу уян дискийг зохион бүтээсэн патентаа 1952 онд авсан гэж зарлажээ. IBM үүнийг үгүйсгэдэг ба уян дискийг тус компанийн техникийн алба бүтээсэн гэж маргадаг. IBM-ын патент 1969 оных юм.

Накамацугийн 1952 оны патент нь соронзон болон гэрэл мэдрэгчээр уншиж болох дуу тоглуулах модон хуулган “диск” байсан бол флоппи нь соронзон материал ашигладаг байна. Түүнчлэн Др. НакаМатсын бүтээлд дахин бичих боломжгүй ба уян дискэнд байдаг олон зүйл байхгүй аж. Харин Др. НакаМатс “хуулга бол өөрөө уян материал тул үүнийг зохион бүтээсэн хүн нь би мөн” гэж мэдэгдсээр байдаг.

Түүний хэлснээр 1970-аад онд IBM түүнтэй уг патентын талаар хэлэлцээр хийсэн гэдэг ч IBM-ын зүгээс үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ түүний хэлсэн бүхэн нь бас оргүй биш бололтой. Учир нь IBM-ын хэвлэлийн төлөөлөгч Брайн Дойл Накамацугаас IBM нийт 14 патент худалдаж авсан гэж хэлж байсан юм.


09

iWatch

Apple компани цоо шинэ бүтээл болох “Apple Watch” бугуйн цагаа зарласан өдрийн маргааш нь энэхүү хоёр зургийг илгээсэн байна. Түүний хэлж буйгаар аль 2003 онд “бугуйн утас”, харин 2012 онд “гарын ухаалаг утас” зохион бүтээсэн аж.


08

Цууны насос

14 настай байхдаа Др.НакаМатц ээжийгээ өвлийн хүйтэнд 20 литрийн том савнаас жижиг сав руу цуу юүлэхээр зовж байгааг хараад ихэд сэтгэл нь зовжээ. Гар нь чичирч буй ээжийгээ харсан Накамацу маш энгийн нэг насосны загварыг зүүдэлсэн ба түүнийгээ хийсэн байна. Одоо уг бүтээл Японы багаж хэрэгслийн дэлгүүрүүдэд зарагддаг бөгөөд шатахуун юүлэхэд өргөн ашиглагддаг аж. Хуванцараар хийсэн уг насос түүний амжилттай болсон бүтээлүүдийн нэг юм.

Сонирхуулахад түүний ээж Ёошино нь Токио хотод багшилдаг байсан бөгөөд хүүдээ физик, хими болон математикийн шинжлэх ухааныг хөлд орсон цагаас нь хойш заасан байна. Тэрээр хүүхдээ бүтээлүүдээ хий хэмээн дэмжиж, патент авахад нь тусалдаг байжээ. 


07

Дижитал дэлгэцтэй бугуйн цаг

Уян дискний эхлэлийг тавьснаас хойш 3 жилийн дараа буюу 1953 онд дижитал дэлгэцтэй бугуйн цаг бүтээсэн байна. Түүнээс тэртээ 20 жилийн дараа Хамильтон цагны компани Pulsar гэх цагаа танилцуулсан байдаг. Pulsar-ыг хүмүүс хамгийн анхны дижитал цаг гэж үздэг юм. Харин Casio компани энэ нэр хүнд Накамацугийнх гэж үздэг ажээ.


06

Пён пон үсэрдэг гутал

Гуталны уланд пүрш хийснээр илүү хурдан гүйж, илүү өндөр үсрэх боломжтой болгосон пён пон гутал бол Накамацугийн хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг юм. Харахад маш зугаатай бөгөөд өмсөөд гүйхийг хүсэхээр гутал байгаа биз? Энэ гутал нь борлуулалт сайтай байдаг аж.


05

Тархи цэнэглэгч “Cerebrex” буйдан

“Cerebrex” хэмээн нэрлэсэн энэхүү буйдан нь хэрэглэгчийн толгойг халхалсан түшлэгтэй. Толгой хэсгийг сэрүүцүүлэх ба хөлөөр нь дамжуулж дууны долгион цацдаг байна. Др. НакаМакцын тооцоолсноор альфа цацраг нь нүдний харааг 120 хувиар, хүний математикийн чадавхийг 129 хувиар нэмэх чадалтай гэнэ. Мөн 8 цагийн нойр ердөө 1 цаг энэ сандал дээр суусантай тэнцүү гэжээ. Накамацу өөрөө энэ сандал дээр байнга суудаг ба үүнийхээ ачаар олон олон шинэ зүйл зохион бүтээсэн гэж үздэг юм байна.


04

Бие хамгаалах зориулалттай хиймэл үс

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад зориулан бүтээсэн энэхүү шаргал хиймэл үс нь энгийн үед гоёл, толгой дулаацуулагч бол аюул заналхийлсэн үед бие хамгаалах хэрэгсэл болдог аж. Хиймэл үс нь дотроо төмөртэй бөгөөд урт уяа нуусан байх аж. Тэгэхээр Трамп аюулд орсон үедээ уяанаас татаад хиймэл үсээ заналхийлэгч этгээд рүү шидэх, буцаан татах боломжтой юм байна. 


03

Love Jet

Японы хамгийн том асуудал болох хүн амын өсөлт удааширч байгаа явдалд ч зохион бүтээгч Накамацу шийдэл олчихсон. Хүн амын өсөлтийн пирамид буруу тийш харчихсан байгаа энэ үед залуу хосууд аль болох сексийн идэвхтэй байх ёстой бөгөөд энэ нь эдийн засагт хэрэгтэй гэж үздэг тул Love Jet хэмээх бүтээгдэхүүнээ зохион бүтээжээ. Өөрийнх нь хэлж буйгаар улс орондоо маш их хайртай тул бүтээлээ өртгөөс нь ч хямдаар худалдаалдаг байна. Ердөө цацахад хангалттай энэ бүтээгдэхүүн нь Виаграгаас 55 дахин хүчтэй төдийгүй үүлэн борооны ажлыг 300 дахин сонирхолтой болгодог гэнэ. “Би бүтээгдэхүүнээ 10,000 эмэгтэй дээр туршиж үзсэн. Мэдээж секс хийдэггүй л дээ. Зүгээр хэмждэг юм” гэж Др. Накамацу хэлж байжээ. 


02

TwenTea

Түрүү булчирхайн хорт хавдартай болсон гэдгээ мэдсэний дараа Др. НакаМатс түүнийг эдгээх бүтээл хийхэд ихээхэн цаг заваа зарцуулдаг болжээ. Тэдний дунд “TwenTea” гэх цай байдаг бөгөөд өөрийнх нь хэлж буйгаар хүний биед ач тустай 20 бодис агуулдаг тул дархлааг дэмжих ач холбогдолтой юм байна.

Тэрбээр хорт хавдар нь түрүү булчирхайных гэдэгт баяртай байгаа аж. Учир нь хэрэв ходоодны хорт хавдар байж таарсан бол хэтэрхий хялбархан эмчилчихнэ гэж үздэг юм байна.


01

Усанд бичиж болдог тэмдэглэлийн дэвтэр

Др. НакаМатс маань тархиа идэвхтэй ажиллуулахад олон арга хэрэглэдгийн хамгийн үр дүнтэй арга нь усанд шумбах юм байна. Тэрбээр тархины хүчилтөрөгчийн хангамж их байвал сэтгэх чадварт муугаар нөлөөлнө гэж үздэг нэгэн. Харин хүчилтөрөгчийн дутагдалд орсон тархи ямар нэг шинэ зүйл бодож олохдоо сайн гэдэг. Иймд тархиа хүчилтөрөгчөөр ангуулахын тулд усанд шумбадаг байна. Үүнийгээ “бүтээлч сэлэлт” гэж нэрлэдэг.

“Үхлээс 0,5 секундын өмнө л гарч ирж байж шинэ зүйл сэтгэнэ. Гэвч санаа гэнэт орж ирдэг шигээ гэнэт гараад явдаг тул живэхийнхээ өмнө төрсөн санаагаа мартахаасаа өмнө цаасан дээр буулгах шаардлагатай болдог” хэмээн Др. НакаМакс хэлжээ. Энэ асуудлаа шийдэхийн тулд тэрбээр плекси шил ашиглан усанд тэмдэглэл хөтлөх боломжтой “дэвтэр” зохион бүтээсэн байна. 


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start