Сугалааны азтануудын 10 бүтэлгүйтэл
Дэлгүүрүүдийн азтан шалгаруулах сугалаанаас эхлээд Үндэсний лото, НӨАТ-ын сугалааны тохирлууд бидний анхаарлыг үргэлж татаж байдаг билээ. Хүн бүр ямар нэг байдлаар гэнэт баяжихыг мөрөөдөж, битүүхэндээ найдвар тээн баримтаа бүртгүүлсээр байгаа гэхэд буруудахгүй. Саяхан л гэхэд НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч, 500 сая төгрөгийн эзэн болоод байгаа. Азтаны хувьд хонжворынхоо нэгээхэн хэсгийг сайн үйлсэд зарцуулахаа мэдэгдээд байгаа юм.
Ийм төрлийн сугалаа, лото бусад орнуудад олон жилийн өмнөөс өргөн тархаж, хонжворын хэмжээ нь Монголынхтой харьцуулашгүй асар их. Та дараах 10 азтаны бүтэлгүйтлийг уншаад, өөрөө азтан болох үедээ алдааг нь давтахгүй байхыг хичээгээрэй.
10
Майкл Кэрролл – 15.2 сая ам.доллар
2002 онд Их Британийн иргэн Майкл Кэрролл гэгч эр лоттогоос 15.2 сая ам.доллар хожжээ. Түүний хожлын талаар Их Британийн хэвлэл мэдээллүүд шуугиж, асар богино хугацаанд олны анхаарлын төвд оров. Гэвч түүний шинэ амьдрал удаан үргэлжилсэнгүй. Тэрбээр олсон мөнгөө баруун солгойгүй цацсаны нэг нь олон тооны автомашин худалдан авч, арын хашаандаа хооронд нь мөргөлдүүлж тоглосон байна. Түүнчлэн өдөрт 3000 ам.долларыг кокейнд зарцуулж, өдөр бүр дөрвөн биеэ үнэлэгчтэй зугаацдаг байсан гэдэг.
2010 он гэхэд бүх мөнгөө үрж дуусгаад хөдөлмөрийн биржийн гадаа ажил хайн явж байгаа нь харагдсан ба 2013 онд нэгэн жигнэмэгийн үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байдаг.
09
Америко Лопес – 38.5 сая ам.доллар
2009 он хүртэлх хугацаанд Америко Лопес Нью Жерси хотод барилгын компанид ажилладаг байжээ. Нэг өдөр хамтран ажиллагсдынхаа хамт мөнгө цуглуулан Mega Millions гэх үндэсний лотоны тасалбарууд худалдан авсан байна. Дундаасаа авсан тасалбарууд дотор 38.5 сая ам.долларын хонжвортой тасалбар байв. Лопес бусдаасаа үүнийг таг нуухаар шийдэн, хөлний мэс засал хийлгэх шаардлагатай боллоо хэмээн худал хэлж, ажлаасаа гарсан байна. Шуналдаа хөтлөгдсөн Лопес хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны тэтгэмжийг ч улсаас авав. Даравч дардайна гэгчээр түүний хожлын талаар мэдээллийн хэрэгслээр шуугих үед хамтран ажиллагсад нь түүний булхайг мэдээд шүүхэд өгчээ. Шүүх хожлын мөнгөө 5 хуваахыг тушаасан байдаг.
08
Денис Росси – 1.3 сая ам.доллар
Томас Росси 1997 он хүртэл эхнэр Денистэйгээ 26 жилийн турш амьдарсан нэгэн байлаа. Гэтэл гэнэт эхнэр Денис нь ямар ч шалтгаангүйгээр түүнээс салав. Денисиийн хувьд салалтын үеэр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдалгүй нуусан зүйл нь салалтаас ердөө 11 өдрийн өмнө 1.3 сая ам.долларыг лоттогоос хожсон явдал байжээ. Хоёр жилийн дараа Томасын гарт экс-эхнэр нь лотод хожсон тухай захидал ирснээр бүх зүйл тодорхой болж, Томас шүүхэд хандсан байна. Шүүгч “хожлынхоо талаар мэдэгдээгүй нуусан нь залилан” хэмээн үзэж, хожлын бүх мөнгийг Томаст өгөхийг тушаасан юм. Денисийн хувьд энэ талаар худлаа хэлээгүй бол бүх мөнгө нь өөрт нь үлдэх бүрэн боломжтой байсан аж.
07
Иан Галтресс – 1.5 сая ам.доллар
Их Британийн иргэн Иан Галтресс өөрийнхөө азын дугаараараа олон удаа лотод оролцож байжээ. Азын дугаар нь үнэхээр азтайгаа харуулж, тэрбээр нэг өдөр 1.5 сая ам.долларын хонжворын эзэн болох нь тэр. Уг нь түүний хувьд хамгийн сайхан өдөр байж болох байсан ч урт удаан уй гашуугийн эхлэл болжээ. Учир нь Галтресс тасалбараа алга болгочихсон байв. Тасалбаргүйгээр хожсон мөнгөө авах боломжгүй тул найз охиныхоо хамт өргөн цар хүрээг хамран хожлын тасалбараа хайсан ч олсонгүй. Үндэсний лотогийн журмын дагуу 30 хоногийн дотор хонжвороо аваагүй тул бүх мөнгийг нь “сайн үйлсийн” санд хандивласан юм.
06
Хосе Антонио Куо Ток – 750 мянган ам.доллар
Жоржиа мужид Хосе Антонио Куо Ток гэгч хүн 2010 онд лоттогоос 750 мянган ам.доллар хожив. Тэр үнэхээр баярласан ч мөнгөө авахаас эмээж байлаа. Учир нь түүний хууль бус цагаачийн статус нь баригдаж, асуудалд орно гэж боджээ. Ингээд тэр өөрийнхөө дарга Эрик Сервантесыг өмнөөс нь очиж, бэлэн мөнгө болгож өгөөч гэж гуйв. Сервантес хонжворын тасалбарыг өөрийнх нь хэмээн мэдэгдэж, бүх мөнгийг нь өөртөө авчих нь тэр. Куо Ток үүний хариуд Сервантесыг шүүхэд өгсөн байна. Шүүх ажиллагаа удаан үргэлжилж, эцэст нь Куо Ток мөнгөө буцаан авсан ч хууль бус цагаачлалын асуудлаас болж нутаг буцах болсон гэдэг.
05
Эвелин Адамс – 5.4 сая ам.доллар
Дэлхийн хамгийн азтай хүмүүсийн нэг Эвелин Адамс 1980-аад оны үед 4 сарын дотор ХОЁР удаа Нью Жерсигийн лотод хожсон юм. Түүний нийт хонжвор 5.4 сая ам.доллар байлаа. Үлдсэн амьдралаа тансаг амьдрахад хангалттай мөнгөтэй болсон Эвелин мөнгөө үр ашигтай зарцуулахын оронд Атлантик Ситид очин бүх мөнгөөрөө мөрийтэй тоглосон байна.
Үүнээс олон жилийн дараа ямар ч мөнгөгүй болсон Эвелин автомашины чиргүүлд амьдарч байгаа гэсэн мэдээлэл байдаг.
АНУ-ын Орегон мужид амьдардаг Кристина Гүүднау лотогоос 1 сая ам.доллар хожсон тасалбар худалдан авчээ. Гэвч энэхүү тасалбараа хэрхэн авсан нь түүнийг хамгийн азтай хүнээс хамгийн азгүй хүн болгов. Тэрбээр өөрийнхөө нас барсан хадам ээжийнхээ зээлийн картыг ашиглан 12 мянган ам.долларын бараа худалдан авсаны дунд нь лотоны тасалбар байжээ. Энэ нь түүнийг эргэлт буцалтгүй хууль зөрчсөн болгов. Цагдаа нар энэ талаар мэдсэн даруйдаа Кристинаг баривчилж, хожсон мөнгийг нь хураан авсан байдаг. Хонжвор хотын цагдаагийн газрын төсөвт шилжсэн аж.
03
Рожер ба Лара Гриффит – 2.8 сая ам.доллар
Их Британид лотогоос 2.8 сая ам.долларын хонжвор хожсон Рожер болон Лара Гриффит нар 8 жилийн дараа гэр бүлээ цуцлах үед дансандаа ердөө 10 ам.доллартай үлдсэн байв. Тэд бусад шиг мөнгөө тэр дор нь үрэн таран хийхийн оронд бизнест хөрөнгө оруулж, мөнгөө үржүүлэхийг хичээсэн байна. Рожерын хувьд 39 мянган ам.долларыг өөрийн цомгоо гаргахад зарцуулсан ч тэр нь ердөө 600 ширхэг зарагдав. Лара 156 мянган ам.доллараар салон нээсэн ч амжилт олоогүй ба түүнийгээ зарах үед 109 мянган ам.долларын алдагдал хүлээсэн аж.
Мөн хуучин байшингууд худалдан авч, засварлан зарах бизнес эхлүүлсэн ч зарахаас нь өмнө нэг байшин шатаж, бусад нь эдийн засгийн хямралаас болж авсан үнэдээ ч хүрээгүй байна.
02
Жон Росс Жуниор – 2 сая ам.доллар
Калифорнийн лотогоос 2 сая ам.доллар хожсон Жон Росс Жуниор мөнгөөрөө хамгийн эхэлж өөрийн гэсэн машин худалдан авна гэж хэлжээ. “Би 29 настай боловч өөрөө машинтай байж үзээгүй” гэж хэлж байсан Жон гурван сарын дараа машинтай болов. Гэхдээ түүнийгээ худалдаж аваагүй аж. Тэрбээр Honda Civic автомашин хулгайлах гэж оролдож байгаад баривчлагдсан байдаг.
01
Нэр нь тодорхойгүй – 75 мянган ам.доллар
2013 онд Канзас мужийн лотогоор нэр нь үл мэдэгдэх ах дүү хоёр 75 мянган ам.доллар хожжээ. Ах дүү хоёр хожлоо тэмдэглэх болж гэртээ марихуан болон кристал мет зэрэг хар тамхи, мансууруулах бодисоор элбэг дэлбэг үдэшлэг зохиосон аж. Үдэшлэгийн үеэр ах дүү хоёрын нэг нь гал тогоондоо орон мансууруулах бодисоо татахад ашигладаг, хийгээр ажилладаг асаагуурыг цэнэглэхээр оржээ. Гэвч плитканы галтай хэт ойртсоноос болж байшин нь дэлбэрсэн байна. Цагдаа нар болон гал сөнөөгчдийг ирэх үед байшингийн ихэнхи эд хогшил сүйдсэн байсан ч ямар нэг гэмтэл аваагүй бөгөөд их хэмжээний мансууруулах бодис олдсоноор ах дүү хоёр хоёулаа шоронд орсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.