Арав.мн

Парисыг “бүтээсэн” гүнтэн

Парисыг “бүтээсэн” гүнтэн

Парис бол дэлхийн их хот, жуулчдыг олноор нь татдаг, хол ойрын хүмүүсийн сэтгэлийг хамгийн их булаадаг газрын нэг билээ. Эндхийн Маре дүүрэгт Парисын олон “соронз”-ын нэг бий. Нарны хаан гэгддэг XIV Луигаас ч өмнө энэ дүүрэг түүхэн дурсгалт байшин барилга, төөрдөг хонгил шиг толгой эргэм тоо томшгүй гоо сайхны газрууд, музей, галерей, кафе, зоогийн газар, хэмжээний хувьд томгүй ч хараа булаам цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ алдартай байлаа. Эдүгээ Марегийн бум бужигнаж, түм түжигнэсэн өнгөлөг сайхан гудмуудаар явахад энэ бүхнийг нэгэн цагт франц үндэстний “дайсан” хэмээн үзэж байсан гэхэд итгэмгүй. Зарим хүн Марег бүр бүхлээр нь нураах хэрэгтэй гэж шавдуулж байжээ. 

Харин тэднийг эсэргүүцэн зогсож, тус дүүргийг “ариутгах”-ын хамт Парисыг орчин үеийн үзэмжит хот болгосон гол хүмүүс нь Францын эзэн хаан III Наполеон болон түүний итгэлт зөвлөх, Сена мөрний асуудал эрхэлсэн сайд, гүн Жорж-Эжен Осман байв.


10

Ер бусын үзэгдэл

Маре дүүрэг 1850-иад онд Парисын бусад дүүрэг, хорооллын адил өмхий самхай нь дэндсэн, бохир усны ил суваг шуудуунаас болж амьсгалах ч аргагүй газар байлаа. Эзэн хаан 1853 онд тус дүүргийн хуучин байшингуудыг нурааж, Дундад зууны үеийг санагдуулам өнгө төрхийг нь өөрчлөхийг Османд зарлигджээ. Осман хааныхаа зарлигийг дагаж Марегийн бараг дөрөвний нэгийг газартай тэгшлэн, суурин дээр нь орчин цагийн хийц загвар бүхий байшингууд барьсан байна. Тэрээр дурдатгал номондоо “Парисыг тийн шинэчлэх нь урьд хожид байгаагүй ер бусын үзэгдэл байлаа” хэмээн бахархалтайяа тэмдэглэсэн байдаг. Харин Османы ажил ганц Марег өөрчилснөөр дуусаагүй юм.


09

Их дайчилгаа

Парис. 1872 он

Уран барилга болоод хот төлөвлөлтийн алинд ч дадлага туршлагагүй Осман Парисыг 20-иод жилийн турш аварга том барилгын цэг болгожээ. Өөрийнх нь тооцоогоор Осман өргөн цэлгэр гудамж, талбай байгуулахын тулд 350 мянган хүнийг орон гэрээс нь албадан шилжүүлж, 2.5 тэрбум франкаар хотын тавны нэг хэсгийг шинээр барьж, Парисын таван оршин суугч тутмын нэгийг барилгын ажилд дайчилсан байна. Хэдийгээр тэрээр эзэн хааныхаа үрэлгэн зангаас болж олны шүүмжлэлийн бай болж, 1870 онд аргагүйн эрхэнд үүрэгт ажлаа орхисон ч санаачилсан ажлууд нь 1920-иод он хүртэл үргэлжилсэн байдаг. 


08

Нураагч

Гурван үе шаттай өрнөсөн Османы төлөвлөгөөний хүрээнд 20-иод мянган байшин барилгыг нураан, 34 мянга орчим шинэ барилга байгууламж барьжээ. Чухам үүнээс нь болж Осман гүнг нэгэн үе Нураагч, Сүйтгэгч хэмээж байв. Гэвч түүний сүйтгэл талаар болсонгүй. Гүнтнийг зориглон хөдөлсний ачаар л Парисын өөр хоорондоо ойр ойрхон баригдсан хуучны давчуу гудамжууд хоёр талаар нь нео-классик загварын орон сууцны байрууд эгнэсэн урт, цэлгэр өргөн чөлөөнүүд болон хувирч, муу усанд идэгдсэн дан зам нь давхар хатуу хучилттай цэмцгэр цардмалаар солигджээ. 


07

Бүтээн байгуулалт

Осман гүн мөн өргөн чөлөөнөөс гадна аварга том талбай, Лондоны Хайд Паркаас санаа авсан цэцэрлэгт хүрээлэн, усны шугам сүлжээ, цэвэр усны нөөцлүүр, хотын гудамж болоод байшин барилгыг гэрэлтүүлэх гэрлийн шонгуудад хий татах газар доогуурх хоолой, гоёмсог усан оргилуур, нийтийн бие засах газар, өргөн зам эмжих модод гэхчлэн Парист урьд байгаагүй олон зүйлийг бий болгосон байна. Трамбайн буудал, Парисын дуурийн театр, хэдэн арван сургууль, сүм хийд, хүнсний аварга том захыг ч байгууллаа. Өнөөгийн Парисын уран барилгын гол нэрийн хуудас болсон цөцгийн шаргал өнгө ч Османы бүтээл юм.


06

Энх цагаар дүр төрхөө өөрчилсөн цорын ганц том хот

Дэлхийн өөр нэг ч том хот түүнээс өмнө болоод хойно энх цагаар ингэтэл дүр төрхөө өөрчилсөн нь үгүй юм. Лондон, Ром, Копенгаген, Лисабон зэрэг хотууд байгалийн гамшиг, гэнэтийн осол юм уу, дайн дажны дараа л өмнөхөөсөө өөрчлөгдөн зүс зассан байдаг. Чадвартай, чадваргүй хэдэн мянган ажилчин, инженер, цэцэрлэгч, барилгачдыг хамруулсан их ажлын дараа Парис хот эрүүл ахуйн хувьд цоо шинэхэн болж, хэдэн арван жилээр хотынхныг зовоосон булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчнөөс ангижирчээ. 

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ачаар парисчууд мөн нийгмийн анги давхарга ялгалгүйгээр амарч, зугаалах газартай болж, амьдрахуйн хэв маяг нь ч өөрлөгдөж эхлэв. Шинэ өргөн чөлөө, замууд нь анхандаа бослого хөдөлгөөнийг хянаж, босогчдын гинжин цувааг сэт татах цэрэг, цагдаа нарт зориулагдсан байсан ч аажимдаа хотынхныг хооронд нь холбож, хотын иргэдийн хөгжил дэвшил, эв нэгдлийг мэдрэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгчээ.


05

Эзэн хааны хүсэл

III Наполеон ба Жорж Осман

Энэ бүхнийг эзэн хааны ердийн нэг туслах 20-хон жилийн дотор гүйцэтгэсэн нь үнэхээр гайхмаар юм. Гэхдээ Парисыг өөрчлөх нь III Наполеонд нэг талаар хаан хүний хэмжээгүй эрх, хязгааргүй хүслийн биелэл байсан бол нөгөө талаар авга ах Наполеон Бонапартынхаа дутууг гүйцээх чухал зорилт байлаа. Гэгээн Элена аралд цөлөгдөж, англи цэргүүдийн хараан дор амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөж байхдаа Наполеон “Хэрэв тэнгэр бурхан надад дахиад 20-хон жил болгоосон бол би Парисыг танигдахааргүй болтол өөрчлөх байлаа” хэмээн бичиж байв. 

Анх Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон III Наполеон 1850 онд Парисыг шинэчлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэр үед Сена мөрний асуудал эрхэлсэн сайд буюу одоогийнхоор хотын дарга нь айхавтар нүсэр ажлыг нь дэмжээгүй байна. Харин 1852 онд биеэ эзэн хаанаар өргөмжилснийхөө дараа III Наполеон Парисыг өөрчлөх зоримог сайдын эрэлд гарч, Дотоод явдлын сайдаасаа зөвлөгөө хүссэнд цаадах нь Осман гүнтнийг танилцуулсан аж. Гүнтэн 1853-1870 он хүртэл Сена мөрний асуудал эрхэлсэн сайдаар ажилласан байдаг. Эзэн хаан III Наполеон Османтай анх уулзсан тухайгаа “Тэр бол манай цагийн хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг юм. Гал цогтой, эрч хүчтэй, сүр бараатай, ухаалаг, жавхаалаг түүн шиг хүнтэй учирсан минь тоотой хэдхэн санагдана” гэж дурссан байна.


04

Османы “дайснууд”

Гэвч Осман гүнтнийг эзэн хаан шиг бишрэх хүн төдий олон байсангүй. Нэгэн үе түүнийг бараг бүх нийтээрээ үзэн ядаж байсан гэхэд хилсдэхгүй. 

Нэрт улстөрч Жюль Ферри Османы “асар их сүйтгэл”-ийн тухайд “Бид Вольтерийн үеийн Парисыг, 1830-аад оны үеийн Парисыг үгүй болж байгааг нулимс дүүрэн нүдээр харж байна. Дэмий баахан зарлага гаргаж, сүр нь дэндсэн хэдэн муухай байшин барьснаа бид бүтээн байгуулалт нэрээр үр хойчдоо үлдээх нь” гэсэн бол яруу найрагч Шарль Бодлер бүр энэ тухай шүлэг бичин “...Парис минь өөрчлөгджээ / Хуучин хотоо санагалзах гунигт дурдатгал минь чулуунаас ч хүнд байна...” гэж гашуудсан байх юм. Харин XX зууны түүхч Рене Эрон де Вилфосс Османы шинэчилсэн хотын төв гудамжны талаар “Парисыг хуучны хөлөг онгоцтой зүйрлэвээс Осман гүнгийн үед л живчихлээ. Хотын төвийг бусниулж орхисон нь түүний хамгийн том алдаа, уучилшгүй гэмт хэрэг юм. Осман гүнтэн зуун тэсрэх бөмбөгөөс ч илүү Парисыг сүйтгэв” гэж бичжээ.


03

Үзэсгэлэнт загвар хот

Холбоотны хүчин 1944 онд Парисыг чөлөөлөхөөр айсуй явахад тэвдэж, барьц алдсан Адольф Гитлер Францад байсан цэргийн командлагч хурандаа генерал Дитрих фон Хольтицдоо Парисыг үнсэн товрог болгохыг уурсан байж тушаасан байдаг. Харин Хольтиц удирдагчийнхаа үгээс зөрж, Францын нийслэлийг сүйтгэхээс татгалзжээ. Түүний хувьд үзэсгэлэнт Парисыг эвдэж сүйтгэхэд дэндүү хайран байлаа. 


02

Бүтээхийн тулд сүйтгэхүй

Гэтэл Наполеон Бонапарт, III Наполеон, Осман гүн, Ле Корбюзьегийн хэнд нь ч герман генералынх шиг энэрэнгүй сэтгэл байсангүй. Осман богино хугацаанд асар ихийг бүтээх гэж адгахдаа заримдаа дэндүү хахир хатуу аашилж байв. Тэрбээр шинэ барилга барихаар газар чөлөөлөхдөө төрж өссөн байшингаа хүртэл нураасан байдаг.


01

Мартагдсан нь

Османы бунхан

Османыг халагдсанаас ердөө жилийн дараа III Наполеон Франц-Пруссын дайнд ялагдсанаасаа болоод эрх мэдлээсээ хагацжээ. Тэрээр дөнгөж байгуулагдсан Германы нэгдсэн улсад хоригдож байгаад суллагдан Английн Чизлхерст хотод 1873 онд амьсгал хураасан байна. 

Харин Осман Сена мөрний сайдын албаа орхисныхоо дараа Наполеон Бонапартын төрсөн нутаг Корсика арлын Аяччо хотын орлогч түшмэлээр ажиллажээ. Тэрээр чухам тэнд байх хугацаандаа гурван дэвтэр дуртгал номоо бичсэн байдаг. Түүнийг нь одоо цагт сонирхож унших хүн бараг үгүй байна. Парисыг шинэтгэх төлөвлөгөөг нь хуулбарлан байж өнгө зассан Брюссель, Ром, Вена, Стокгольм, Мадрид, Барселон, Нью-Йорк, Чикаго хотынхон бүү хэл Марегийн гудамж талбайд ч эдүгээ түүнийг мэдэх хүн цөөрчээ. 

Жорж Эжен Осман гүн 1891 онд 81 насандаа эхнэрээ нас барснаас 18 хоногийн дараа Парис хотод өөд болжээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
BATYYL BAATAR HOTIIN DARGIIN SONGUULIDAA DURDAJ BSAN TER HUN SHIG TYYHEND YLDEHIIG HYSEJ BN GJ...... IIM HUN BSIIN BN GOE MEDEELEL BN
+7
Хийж бүтээсэн нь үзэн ядуулж, гараа хумхиж суусан нь цэцэрхдэг хорвоо л доо
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start