Арав.мн

Улс орон: ВАТИКАН

Улс орон: ВАТИКАН

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орнуудаас НҮБ-ын гишүүн болоогүй цорын ганц тусгаар улс болох дэлхийн хамгийн жижигхэн орны тухай сонирхолтой 10 баримт. 


10

Хот доторх улс

Газар нутгийн хэмжээ болон хүн амын тоогоор дэлхийн хамгийн жижиг улс. Хүн ам нь 1000 орчим. Олонх нь итали, швейцариуд. Тал гаруй хувь нь хувраг, санваартнууд.

Ром хот дотор орших уг хот-улс 1929 онд Италийн хаант улсаас тусгаар тогтносон. Нэр нь Ватиканус уулын нэрээс үүдэлтэй. 


09

Хэмжээгүй эрхт хаант засаг

Европ дахь хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай цорын ганц улс. Төрийн тэргүүн нь дэлхийн католик шашинт 1.1 тэрбум хүний оюун санааны удирдагч гэгддэг Пап лам.

Одоогийн Пап лам нь Францис. 


08

Албан ёсны хэлгүй

Хамба ламын зөвлөлийнхөн албан баримтуудаа латин хэлээр хөтөлдөг бол иргэдийнх нь олонх итали, германаар ярьдаг. Төрийн түвшинд хүлээн зөвшөөрсөн албан ёсны хэлгүй.

Хэлтэй холбоотой өөр нэгэн хачирхалтай баримт дурдахад латин хэлээрх заавартай ATM зөвхөн тус улсын банкинд бий.


07

Өнө эртний түүх

Өнөөгийн Ватиканы нутаг дахь анхны сүм 326 онд байгуулагдсан бол католик шашны хамба ламын өргөө түүхэн дэх хамгийн эртний дипломат харилцаагаараа алдартай. Ариун хутагтынх гэгддэг Папын зөвлөлийнхөн нийтийн тооллын 325 оны үед Никейн зөвлөлтэй харилцаж байсныг гэрчлэх түүхэн баримт бий.

Ариун хутагтыг болон бусад санваартныг хамгаалдаг швейцарь хамгаалагчдын хороо 1506 онд байгуулагдсан. Швейцарь хамгаалагчид Ватиканы иргэдийн дөрөвний нэгийг бүрдүүлнэ.


06

Цөөнхийн цөөнх

Дэлхийн бараг бүх улстай дипломат харилцаатай ч Элчин сайдын яам байгуулах боломжгүй цөөн улсын нэг. Мөн онгоцны буудалгүй хуруу дарам цөөхөн тусгаар улсын нэг.


05

“Ногоон” улс

2007 онд хүлэмжийн хий үл ялгаруулагч анхны улс болсон.

2010 онд Европын хамгийн том нарны эрчим хүчний цахилгаан станцтай болж, сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангагдсан дэлхийн анхны улсаар тодорсон.


04

Бүхэлдээ ЮНЕСКО-гоор хамгаалагдсан

1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Газар нутаг нь бүхэлдээ Дэлхийн өвөөр хамгаалагдсан цорын ганц улс. 


03

Дэлхийд тэргүүлэх шуудангийн үйлчилгээ

Шуудангийн үйлчилгээ нь дэлхийд шилдэгт тооцогддог. Ватиканчууд Ромын иргэдээс түрүүлж захиа, илгээмжээ авдаг гэдэг. 


02

“Эдийн засаггүй” орон

Эдийн засаг нь арилжааны бус дэлхийн цорын ганц улс. Дэлхийн өнцөг булан бүр дэх католик шашинтнуудын хандив болон аялал жуулчлалын салбарын ашиг орлого тус улсыг бүхэлд нь санхүүжүүлдэг.
Мөнгөн тэмдэгт нь Ватиканы евро. Еврогоос өмнө мөнгөн тэмдэгт нь Ватиканы лир байв.


01

Музей-улс

Музейнүүдийнх нь танхимын нийт урт 14.5 км. Үзмэр бүрийг нь нэг минутаас илүү үзэж сонирхвол тус улсын бүх музейтэй танилцахад дор хаяж бүтэн дөрвөн жил шаардлагатай. 


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Нэг очиж үзнэ дээ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start