Арав.мн

Данийн аз жаргалын 10 "түлхүүр"

Данийн аз жаргалын 10

Ард иргэдиийнхээ амгалан тайван, сэтгэл хангалуун байдлаараа ихэвчлэн Бутан улс дэлхийн хамгийн жаргалтай орон гэгддэг билээ. Харин хөгжингүй орнууд дундаа Дани улс энэ жагсаалтын эхэнд бичигдэнэ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, эрүүл мэндийн салбарын хөгжил, иргэдийнх нь урт наслалт, авлигаас ангижирсан засаглалын тогтолцоо, хүнлэг энэрэнгүй ёс, хувь хүний эрх чөлөөг дээдлэх үзэл гээд олон үзүүлэлтээр Дани орон дэлхий дахиныг тэргүүлж байна. Судлаачид дараах 10 хүчин зүйлийг Данийг Дани болгогч, ард иргэдийг нь жаргалтай болгогч үндсэн шалтгаануудаар нэрлэжээ. 


10

Ажилгүйдлийн түвшин бага

Дани улс ажилгүйдлийн түвшин нь хамгийн бага орны нэг бөгөөд Европын холбоондоо хамгийн сайн үзүүлэлттэй нь. Тиймээс энд идэвхтэй иргэн бүр, залуу эцэг эхчүүд нь хүртэл ажил хөдөлмөр эрхэлдэг. Данийн ажилгүйдлийн түвшин сүүлийн 10 гаруй жилд 3-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. 


09

Улс төр нь тогтвортой

Дани орон хэмжээт эрхт хаант засагтай, өнөөг хүртэл оршин тогтнож буй Европын хамгийн эртний хаант тогтолцоотой улс юм. Данийн хаант засгийн үндэс суурь нийтийн тооллын 935 онд тавигджээ. Одоогийн төрийн тэргүүн, ард олныхоо дунд ихэд нэр хүндтэй II Маргрете хатан 1972 оноос хойш хаан ширээнд сууж байна. Даннеброг гэгддэг тус улсын төрийн далбаа XIV зуунаас хойш ашиглагдаж буй бөгөөд одоог хүртэл тасралтгүй хэрэглэгдэж байгаа дэлхийн хамгийн эртний төрийн далбаа юм. Энэ нь Данийн төрт ёсны уламжлал хэчнээн урт удаан түүхтэй, засаг төр нь хэр тогтвортой болохын нэгэн баталгаа болно.  


08

Бүх шатны боловсрол үнэгүй

16 хүртэлх насны бүх дани хүүхэд сургуульд хамрагдах ёстой бөгөөд их, дээд сургуульд элсэгчдийн 83 хувь нь цааш үргэлжлүүлэн сурдаг гэх судалгаа байна. Энэ нь тус улсын бүх шатны боловсролын байгууллага, хүрээлэнгүүд үнэ төлбөргүй байдагтай холбоотой. Дани оюутнууд үнэгүй боловсрол эзэмшээд зогсохгүй сар бүр 5839 дани крон буюу 900 ам.долларын тэтгэлэг улсаасаа хүртэнэ. Тус улсын боловсролын чанар дэлхийд гайхагддаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Австрали, Шинэ Зеланд, Финландын хамт дэлхийд үргэлж эхний тавд бичигддэг. 


07

Эх үрсэд ээлтэй

Данийн төр амаржсан эхчүүддээ дунджаар 52 долоо хоног буюу жил гаруйн хугацааны цалинтай чөлөө олгодог. Энэ хугацаа олон улсад дунджаар 10 долоо хоног байдаг бол зарим улсад цалин, тэтгэмжийн талаар бүр саналтгүй билээ. Үүн дээр нэмэлт 18 долоо хоногийн амралт эдлэх эрхтэй бол аав нар нь хоёр долоо хоногийн цалинтай чөлөө эдлэхийг хуульчилсан байдаг. Нярай хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх хангамж, дэмжлэг үүгээр зогсохгүй. Дани хүүхэд бүр үнэгүй юм уу, маш бага өртөгөөр эрүүл мэндийн бүхий л үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Үр хүүхдийг нь өсөж бойжиход төр засаг ингэж анхаарч байхад эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх нь мэдээж билээ. Бага насны хүүхэдтэй дани эхчүүдийн 80 хувь нь ажил хийдэг нь чухам үүнтэй холбоотой. Тэд улсынхаа нийт өрхийн орлогын 40 хүртэлх хувийг бүрдүүлдэг нь зарим хөгжингүй оронд ч байхгүй үзүүлэлт юм.


06

Эрүүл иргэний төлөө

Данийн иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг үндсэн эрх нь юм. Энэ эрхээ хэрхэн эдлэхээ ч даничууд сайн мэддэг. Дани хүн жилд дунджаар долоон удаан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хувийн эмчтэйгээ уулздаг. Энэ тоо АНУ, Британи зэрэг зарим хөгжингүй оронд 3-5 байдаг бол Азийн ихэнх оронд ердөө нэг байна. 0-5 насны хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн газрууд, өөрөөр бол ясли, цэцэрлэг бүр эрүүл мэндийн тусгай тэнхимтэй байхыг хуульчилсан. Хүүхдүүд нь энэ эрхээ эдэлж байгаа цагт бага насны хүүхэдтэй эхчүүд мөн эрүүл мэндийн бүх л төрлийн үзлэг, үйлчилгээнд хамрагдах бөгөөд ихэнх тохиолдолд төр зардлыг нь хариуцдаг.


05

Хүйсийн тэнцвэрт байдал нь бодит

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендерийн асуудлаарх олон улсын тайланд Дани улс жилийн жилд эхний аравт багтдаг. Нийгмийн бүх салбарт хүйсийн тэнцвэрийг хадгалах аргагүй ч Дани болон Скандинавын бусад улс ийм төлөвт хамгийн ойр дөхөж очсон нь билээ. Эдгээр улс зөвхөн жендерийн үзүүлэлтэд санаа тавьж, хүйсийн тэнцвэрт байдлыг эрхэмлэнэ гэж хий хоосон уриалдаггүй, зориудаар эр, эм хүйстнүүдийн тоог ойртуулахыг хичээдэггүй. Харин  ч өргөн далайцтайгаар ажил хэрэг болгож, иргэдийнхээ хандлага, үзэл бодлыг аль эрт энэ асуудалд хандуулж чаджээ. Дэлхийн ихэнх хэсэгт эмэгтэй хүн гэрийн мухар сахиж байсан өнгөрсөн зууны эхээр буюу 1910-аад онд Швед, Дани, Норвеги, Финланд зэрэг Скандинавын орнууд эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг баталж, хуульчилсан байдаг. 2011-2015 онд Данийн Ерөнхий сайдаар Хелле Торнинг-Шмитт хэмээх эмэгтэй ажиллаж байв.


04

Дугуй унах нь бичигдээгүй хууль

Данийн хамгийн их оршин суугчтай, хамгийн том хот болох нийслэл Копенгаген нь дэлхийн хамгийн аюулгүй, цэвэрхэн хот гэгддэг. Иргэдийнх нь 50-иас илүү хувь ажил, сургуульдаа дугуй унадаг болохоор арга ч үгүй биз. Энэ нь даничуудыг эрүүл чийрэг, нийслэл хотыг нь цэвэр агаартай байлгаад зогсохгүй хотын төсөвийг хэмнэдэг. “Forbes” сэтгүүлд бичсэнээр тус улсын татвар төлөгчид автомашины оронд унадаг дугуй унасан километр бүртээ 7.8 цент хэмнэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдол, осол эндэгдэл, дуу чимээнээс үүдэлтэй таагүй байдал, замын элэгдэл зэргийг тооцсоны дүнд гаргасан мөнгөн хэмжээ гэнэ. Энэ дагуу тооцвол копенгагенчууд өдөрт 1.2 сая км замыг дугуйгаар туулдаг нь тэд жилд дунджаар хотынхоо 34 сая ам.долларыг хэмнэдэг гэсэн үг. Өдөр бүр 30 минут дугуй унах нь хүнд 5-10 жилийн амьдрал бэлэглэдгийг дурдах нь энд илүүц биз. 


03

Хариуцлагаа бүрэн ухамсарладаг

Хариуцлагаа ухамсарлана гэдэг зөвхөн оногдсон ажлаа гүйцэтгэхийн нэр биш, мөн эрхээ эдлэхийн нэр билээ. Даничууд улстөрийн идэвхээрээ дэлхийд гайхагддаг бөгөөд сүүлийн хэдэн парламентын сонгуульд иргэдийнх нь 87-90 хувь нь саналаа өгчээ. Үүнээс үзэхэд бэхэжсэн ардчилалтай гэгддэг 30 улсыг ч Дани тэргүүлдэг нь гайхах зүйл биш юм. 


02

Өгөөмөр улс

Тус улс хөгжингүй орны хувиар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ч ухамсарлаж, хүн амтай нь харьцуулахад бусад оронд хамгийн их буцалтгүй тусламж хүртээдэг улс болжээ. 

Даничууд төр засгийн оновчтой бодлого, нийгмийн халамжаасаа зөвхөн хүртэх тухай боддоггүй. Харин бие биеэ анхаарч халамжлах, бусдын болоод нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлах, олон зууны түүхтэй төрийнхөө уламжлалт болон шинэлэг ололтуудыг хамгаалж үлдэх, үндэснийхээ бахарлыг хадгалах зэрэгт үргэлж сэтгэл тавьдаг байна. 


01

Сайн дур ба нийгмийн идэвх

Даничуудын 40 гаруй хувь нь урлаг, спортын хороо, төрийн бус байгууллага, улс төрийн хүчнүүдийн ажилд сайн дураараа оролцдог гэх судалгаа бий. 5.7-хон сая хүнтэй атлаа тус улс 100 мянга гаруй төрийн бус байгууллагатай нь даничуудын нийгмийн идэвхийг харуулна. Цалин хөлсгүй ийм ажлууд улсын 35.3 тэрбум дани кроныг хэмнээд зогсохгүй жилийн төсөвийн 9.6 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. “Аз жаргалын хөх зурвас: Дэлхийн хамгийн жаргалтай хүмүүсээс суралцах нь” номын зохиогч Ден Бюттнерийн онцолсноор даничууд чухам ийм идэвх, чадавхынхаа ачаар сайхан амьдарч буй бөгөөд Данийн нийгэм бол шалгарсан сайччуул болоод сайн санаат идэвхтнүүдийн хамтдаа цогцлоосон нийгэм юм. 


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Данид хүүхдээ сургах гэсэн юмаа сургалтын талаар мэдээлэл болон сургуультай холбох боломж байгаа юу
+4
Газар дээрхи диваажин юм аа. Танай сайтын нийтлэл, орчуулгууд хамгийн сайн нь шүү. Байнга уншдаг шүү. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Бусад сайтууд үлгэр жишээ аваасай гэж боддог.
-2
Дани улсад хэрхэн суралцах вэ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start