Улс орон: МАЛЬТ
Нэрийн утга: Мальта нутгийг эртний грек, ромчууд анх Мелита буюу Зөгийн балны нутаг хэмээн нэрийджээ. Харин Мальта хэмээх үг финик хэлээр боомт гэсэн утгатай гэх өөр нэг таамаг бий.
Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Мальта Улс
Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах
Улсын уриа: “Хүч чадал, тогтвортой байдал”
Төрийн дуулал: “Мальтын магтуу”
Нийслэл: Валлетта
Мөнгөн тэмдэгт: евро
10
Хамтын нөхөрлөлийн гишүүн
Сицил арлын өмнөд, Тунисын зүүн хойд хэсэгт орших Мальт нь нэг биш нэлээд олон арлаас бүрдсэн улс бөгөөд хамгийн том гурван арал болох Мальт, Гоцо, Коминод нь хүн оршин суудаг. 1964 онд Их Британиас тусгаар тогтнож, 1974 онд Бүгд найрамдах улс болсон. Хамтын нөхөрлөлийн гишүүн. 2004 онд Европын холбоонд нэгдсэн.
Мальтын арлууд англичуудаас гадна финик, ром, фатимид, франц, испани, герман, арабчуудын нутаг байв. Өнгөрөгч 2000 гаруй жилийн түүхэндээ гадаадын нийт 11 их хүчний гар дамжсан Мальт нутгийг эртний грек, ромчууд анх Мелита буюу зөгийн балны нутаг хэмээн нэрийджээ. Харин Мальта хэмээх үг финик хэлээр боомт гэсэн утгатай гэх өөр нэг таамаг бий. Өнөөгийн Мальтын арлууд газарзүйн хувьд урьд нэгэн цагт Сицил арлын нэг хэсэг байв.
08
Европын холбооны хамгийн жижиг нийслэл
Хамгийн олон оршин суугчтай хот нь Биркиркара, нийслэл нь Валлетта. Валлетта хотыг Мальтын арлуудыг 1565 онд Оттоманы эзэнт гүрний халдлагаас хамгаалсан Жан Парико де ла Валеттийн нэрээр нэрлэжээ. Эртний түүхт барилга байгууламж олонтой гол хэсэгт нь ердөө 6000 гаруйхан хүн оршин суудаг Валетта хот Европын холбооны гишүүн орнуудын нийслэл хотуудаас хамгийн жижиг нь бөгөөд Европын хамгийн анхны төлөвлөгөөт хот юм. Уг хот мөн 1980 онд ЮНЕСКО-гоос тодруулсан Дэлхийн өв бүхий бүс нутаг болно.
Албан ёсны хэл нь мальт, англи. Мальт буюу малти хэл афрази аймгийн семит овгийн хэл бөгөөд латин цагаан толгойтой, мөн Европын холбооны албан ёсны хэлээр сонгогдсон семит овгийн цорын ганц хэл юм. Мальт хэлний үгсийн сангийн тэн хагас нь итали, сицил үг бол 20 орчим хувь нь англи, үлдсэн хувь нь араб үгсээс бүтнэ. “Евробарометр”-ийн судалгаагаар тус улсын иргэн бүр мальтаар ярьдаг бол 88 хувь нь англи, 66 хувь нь итали, 17 хувь нь франц хэлийг төгс эзэмшжээ.
Хүн ам нь 445 мянга. 95 хувь нь мальтууд. Төрийн шашин нь Ромын католик бөгөөд хүн амынх нь 90 гаруй хувь католик шашин шүтдэг. Хэд хэдэн судалгаанаас харахад мальтууд дэлхийн хамгийн сүсэг бишрэлтэй ард түмний нэг юм.
05
Кино бүтээгчдийн диваажин
Онгон дагшин байгаль, үзэсгэлэнт эрэг хөвөө, эртний барилга байгууламж, ер бусын орчин ахуйгаас нь шалтгаалж Мальтын арлуудыг гадаадын уран бүтээлчид олноороо зорьж, кино зураг авах нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Олон нийтийн сайн мэдэх бүтээлүүдээс “Гладиатор”, “Трой”, “Ахмад Филипс”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Хаан ширээний тоглоом” зэрэг киноны дийлэнх болон зарим зургийг Мальтад авсан байна.
Сонгуулийн насны иргэд нь бараг бүгд сонгуульд тогтмол оролцож, саналаа өгдөг үзүүлэлтээр дэлхийн улс төрийн идэвх, оролцооны үзүүлэлтэд дээгүүрт, харин чөлөөт ардчилалтай гэгдэх орнуудын жагсаалтад хамгийн эхэнд бичигддэг. Баруун Европын орнуудад сонгуульд идэвхтэй оролцогчдын тоо дунджаар 77 хувь байдаг бол Мальтын иргэдийн 94 хувь нь сонгуульд саналаа өгдөг байна.
03
Эрүүл мэндийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодруулснаар эрүүл мэндийн тогтолцоо нь хамгийн сайн таван орны нэг. Анхны эмнэлэг нь 1370-аад онд байгуулагдаж байсан баримт бий. Харин 1592 онд байгуулагдсан Мальтын их сургуулийн анхны салбаруудын нэг нь анагаахын тэнхим байв. Эрүүл мэндийн тогтолцоо нь Их Британийнхтай төстэй, иргэн бүрт үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт хүртээмжтэй, дээд зэрэглэлийн үйлчилгээтэй гэгддэг.
02
Эртний Их чулуун сүмүүд
1990 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Мальтын Их чулуун сүмүүд өдгөө бүрэн бүтэн үлдсэн дэлхийн хамгийн эртний суурь түшүүрэггүй байгууламж юм. Ирмэг хүрээ нь элэгдээгүй, огт засварлагдаагүй эдгээр байгууламж нийтийн тооллын өмнөх 3600-3000 оны үед хамаарах бөгөөд Египетийн их сац суваргаас даруй мянга гаруй жилээр “ахмад” юм. Гэвч их чулуун сүмүүдийг бүтээсэн соёл иргэншлийн ул мөр, мэдээ сэлт өнөө ч хомс байна.
Зарим түүхч өнөөгийн Мальтын нутгийг Платоны тэмдэглэн үлдээсэн домогт Атлантисаас үлдсэн газар гэж үздэг. Эндхийн Калипсогийн агуйг Хомер найрагчийн “Одиссей” найраглалаа бичсэн газар гэж таамагладаг хүмүүс ч бий. Калипсо нь Одиссейг долоон жилийн турш дэргэдээ байлгасан Грекийн домгийн савдаг, гоо бүсгүй билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.