Арав.мн

Онорэ дэ Бальзак

Онорэ дэ Бальзак

1799 оны 5-р сарын 20-ны өдөр Францын алдарт зохиолч Онорэ дэ Бальзак мэндэлжээ. Анхны реалист зохиолч гэгддэг түүний ачаар зохиолчид зохиол бүтээлээ хуудсаар нь үнэлүүлэх болсон юм. Түүнийг Европын романыг өнөөгийн өнгө төрхтэй болгосон хүн гэдэг.

Бальзакийн гол бүтээл нь Хүний хошин шог гэж нэрлэгдсэн цуврал бүтээл. Тэр Дантэгийн Бурхны хошин шог-той эсрэгцүүлэн үүнээ туурвижээ. Энэ дундаа хамгийн алдартай нь Гобсэк, Горио эцэг, Алдагдсан мөрөөдөл. Бальзак эдгээр бүтээлүүддээ түүнээс өмнө бичиж байгаагүй хөрөнгөтний нийгмийнхнийг тод томруун дүрсэлжээ.


Тэр хөрөнгөтний аж үйлдвэр, банкны үйл ажиллагааг нарийн судалж бичсэн юм. Хамгийн алдартай баатруудынх нь нэг Растиньяк бол ямар ч хамаагүй үнээр Парис хотод алдаршиж амжилтанд хүрэх хүсэлтэй нэгэн. Бальзак үнэндээ өөрөө түүн шиг хүн байжээ. Тариачны гэр бүлээс гаралтай, Бальса гэдэг овогтой байсан ч сонсголонтой болгох гэсэндээ Бальзак болгож, ихэс дээдсийн гаралтай болох гэсэндээ дэ гэсэн угтвар залгав.


Залуудаа өмгөөлөгчийн туслахаар ажиллаж, сонинд өгүүллэг бичдэг байлаа. Гэлээ гээд амжилт олсонгүй. Зутруухан аж төрж явжээ. Мөнгөтэй болох гэсэндээ элдвийг сэдсэн байдаг. Цаас үйлдвэрлэх авсаархан технологи боловсруулах гэж үзээд, Мольерын зохиол бүтээлийг хэвлэж зарах гэж оролдлоо. Сардинид байдаг мөнгөний уурхайг авна гэж хааяагүй ярьж явсан учраас тэр уурхайгаа өөр хүнд алдсан.

Ахиухан мөнгөтэй болоод жинхэнэ уран зохиол туурвина гэж бодсон ч бүтсэнгүй. Өрөнд орж, зохиол бичиж дарах гэж оролдлоо. Түүний романы баатрууд чинээлэг болох гэж хүсдэг нь үүнтэй холбоотой биз ээ.

Хувраг хүний цагаан өмсгөл өмсөөд өдөрт 15-16 цаг ажиллахдаа байнга кофе уудаг байлаа. Хэвлэсэн романуудаа засах нь олонтаа. Зарим романаа 15 удаа зассан гэдэг. Роман болгон нь нийгмийн судалгааны шинжтэй. Тухайн үеийн романтик зохиолчдын олж хараагүй хүмүүсийг тэр романыхаа гол дүр болгодог байжээ. Хөрөнгийн бирж үйл явдлын төвд орж, хүн хөлжихийг хамгаас их хүсдэг гэж онцолсон юм. 


Бальзак насныхаа эцэст Польшийн гүнгийн ахайтан Эвэлина Ганскаяд дурлаж, захиа занаагаар харилцсаар Ганскаягийн нөхөр нь өөд болмогц ахайтантай гэрлэжээ. Бальзак Орост ирж хуримаа хийлээ. Гэсэн ч хүнд өвчтэй түүнд 5 сар л үлджээ. Олон жил цаг наргүй ажилласны улмаас зүрх нь өвдөж, ядаргаанд ороод уншиж, бичиж чадахаа болилоо. Орост ирээд астматай болж, нас барахынхаа өмнөхөн Бьяншон эмчийг дуудаач гэж байлаа. Бьяншон бол Эцэг Горио романд нь гардаг эмч шүү дээ. Ингэж бодохоор сүүлдээ бичсэн бүхэндээ бат итгэсэн гэлтэй.
Түүний зохиосон ертөнцөд аж амьдралд хэрэгтэй эмч домч, сайхан хүүхэн, тансаг тавилгатай байр орон, амттан шимттэн, хөрөнгө мөнгө гээд юм бүхэн байсан ч аз жаргал л байсангүй...


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start