Арав.мн

90 настай эмээгийн охиндоо үлдээсэн сургамжууд

90 настай эмээгийн охиндоо үлдээсэн сургамжууд

90 настай эмээ өөд болохоосоо өмнө охиндоо олон сайхан сургамж, дурсамж үлдээжээ. Охиных нь тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна.

Эмээ минь 90 настайдаа хорт хавдраар өөд болсон юм. Түүнийг эмнэлэгт байхад нь би сахидаг байлаа. Бид хамтдаа уйлж, инээж заримдаа юу ч ярилгүй сууцгаадаг байж билээ.

Заримдаа эмээ надад өдрийн тэмдэглэлээ уншиж өгнө. Зарим хэсгийг нь ахин дахин уншиж өгнө. Тэмдэглэлийн дэвтэр дээр эмээгийн минь залуу насны дурсамж, амьдралаас авсан сургамжууд, мөрөөдөл, алдаа оноо гээд бүх зүйл нь бий.

Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дараа эмээ минь мөнх бусыг үзүүлсэн ч тэмдэглэлийн дэвтэр нь надад үлдсэн юм. Түүнээс хойш би энэ дэвтрийг хэчнээн удаа уншсанаа ч мартаж. Түүний амьдралаас би олон зүйлийг сурсан. 90 настай эмэгтэйн үг олон хүнд ухаарал хайрлах байх гэж итгэж байна.

  • Дэлхий дээр мянга мянган хүн зүгээр л урсгалаараа хөвж амьдардаг. Амьдралыг нь өөрчлөх хүч чадал өөрсдийнх нь гарт бий гэдгийг ч мэддэггүй. Тиймээс битгий урсгалаараа хөв. Хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, авьяас чадвараа олж нээ. Бусдыг өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргахыг битгий зөвшөөр. Өдөр бүр өөрийн амьдралаа бүтээ. Өөрийнхөөрөө амьдрах нь хожим хойно хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсаж суухаас хавьгүй дээр.
  • Зөв замаар ялах бол эцсийн зорилго юм. Амьдралд чиний хүсч тэмүүлж байсан зүйлсээс илүү өөрийн биеэр туулж, мэдэрсэн бүхэн л туршлага болж үлдэнэ. Энэ бол төгсөшгүй аялал бөгөөд зорилго болон мөрөөдөл чинь чамайг хөдөлгөх хүч юм. Энэхүү “хөдөлгөөн” нь амьдралын утга учрыг хайх эрэл юм. Харин эрлийн замд юу сурсан бэ гэдэг чинь маш чухал. Нэг газраас нөгөө рүү явахын хамгийн гол утга учир нь туулсан замдаа үзэж, харсан зүйлс билээ. Зөвхөн тэр замд л хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, хүч чадал, юугаар ч үнэлшгүй сайхан дурсамжууд бий.
  • Хэцүү бэрх асуудлаас шантрахгүй байж чадвал боломж үргэлж үүдээ нээдэг. Амьдралдаа эзэмшвэл зохих хамгийн чухал зан чанар бол хүнд хэцүү үеийг давж гарах чадвар юм. Учир нь бэрхшээлийн цаана бэлэг бий. Ядаж л эхлэл нь амар зүйл гэж үгүй. Зөвхөн зовлон бэрхшээлээс дөлж зугтаад байвал ард нь байгаа сайхан зүйлсийг ч гэсэн алдах болно. Ямарваа нэг зүйлийг гаргууд эзэмших хэцүү. Шинээр бизнес эхлэх хэцүү. Ном бичих гэдэг хүн бүрийн хийдэг ажил биш. Гэрлэлт ч бас амар зүйл биш. Эцэг, эх байна гэдэг хүнд даваа. Эрүүл мэндээ хамгаалах ч бас амаргүй ажил. Гэвч энэ бүхнийг даван туулж байж л бид амьдралаас гайхалтай сайхан бэлгийг хүлээн авах болно. Тиймээс хэчнээн хэцүү зүйлийг ч сайн хийгээд сурчихвал хүссэн бүхнээ биелүүлэхэд ядах зүйлгүй гэдгийг ойлгож ав.
  • Байнга хийдэг жижиг өөрчлөлтүүд чинь урт хугацааны өөрчлөлтийн үндэс нь болдог. Заримдаа бид хэт яаруу зангаасаа болоод эхний жижиг алхмыг тоолгүй орхидог. Яг одоо, яг одоо гэж хэт яарснаас болоод хүмүүс зажилж чадахаасаа томыг хазах тохиолдол бий. 1000 кг ачааг бүгдийг нэг дор өргөх боломжгүй ч нэг кг ачааг мянган удаа өргөж болно гэдгийг санаж байгаарай. Бага багаар зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байвал нэг л өдөр зорилгодоо хүрэх болно.
  • Шатар тоглоход ч, амьдрал дээр ч ялагч гэж байхгүй. Хүн бүр зөвхөн нүүдэл хийдэг. Заримдаа хожихын тулд буцаж нүүх ч хэрэг гардаг. Заримдаа хожигдож байгаа мэт санагдвал буруу зам дээр явж байна гэсэн үг. Тиймээс хойшоо ухраад аль нь зөв зам бэ гэдгийг нягталж үзэхэд гэмгүй. Заримдаа амьдрал биднийг тойруу замаар хөтөлдөг. Тиймээс шаардлагатай бол тойруу замаар явах л хэрэгтэй. Бууж өгөхийн оронд тойроод ч болов зөв газраа хүрнэ гэдэг тун чухал шүү.
  • Бидний урмыг хамгийн их хугалдаг зүйл бол буруу найдлага. Хүмүүс залуу байхдаа тийм ч их зүйлд найддаггүй. Харин нас явахын хэрээр бидний найдвар хийлсэн агаарын бөмбөлөг шиг л томорч эхэлдэг. Итгэж найдсан зүйлс маань бүтэлгүйтвэл “ийм л байх ёстой” гэж бодвол бухимдал багасах болно. Эерэг хандлага, нээлттэй зүрх сэтгэлтэй байвал амьдралд бидний бодож байгаа шиг “амар хялбар” эсвэл “хүнд хэцүү” зүйл гэж байдаггүй. Бид бүх зүйлийг оюун санаандаа урьдчилан төсөөлдөг. Аливаа асуудлыг ингэж харвал амьдрал илүү сонирхолтой байх болно.
  • Ааш зан гэдэг амжилттай байна уу, үгүй гэдгээс шалтгаалан хувирч байдаг. Уулын оргилд гарсан бол даруу бай. Хормойд нь байхдаа хүчтэй бай. Дунд нь яваа бол итгэлтэй бай. Тэвчихийн аргагүй хүнд өдрүүдэд үүнээс ч хэцүүг даваад гарч чадна гэж өөрийгөө зоригжуулаарай.
  • Амьдрал хором мөч бүрд өөрчлөгдөж байдаг. Чи ч бас. Хүнд хэцүү зүйл тохиолдоход бид ирээдүйгээ хар бараанаар төсөөлж эхэлдэг. Яагаад ч юм хэцүү бэрх асуудлууд дуусахгүй юм шиг санагдана. Баяр хөөр, инээмсэглэл, халуун дулаан мэдрэмжүүд агшин зуур урсан оддогийг бид мэднэ. Бид аз жаргалтай хором мөчүүдээ мэдэрснийхээ дараа зүгээр л тавиад явуулчихдаг. Харин айдастай, сэтгэл зовсон, хүнд хэцүү үеүдэд маргааш ч бас энэ хэвээрээ байна гэж төсөөлөн улам их шаналдаг билээ. Хэрэв өнгөрсөн бүхнийг ардаа орхихгүй бол хэлсэн үг, өнгөрсөнд мэдэрсэн мэдрэмжээрээ ирээдүйгээ цэгнэнэ. Гэвч өнгөрсний булингартай нүдээр ирээдүйгээ олж харах боломжгүй. Таагүй зүйлийг ахин дахин дурссаар эцэстээ ядарч туйлдах болно.
  • Чи зөвхөн өнөөдөр л тулалдаж, тэмцэж чадна. Юу ч болж байсан чамд тулалдаж, тэмцэлдэх нөөц бүхий ганц л өдөр бий. Өчигдөр, маргааш хоёр бол төгсөшгүй зүйл бөгөөд өнгөрснөө хэт их дурсах, маргаашид хэт их найдах нь амьдралыг улам ярвигтай болгохоос цаашгүй.
  • Хааяа “сайн” биш байх нь хэвийн үзэгдэл. Заримдаа бид сайн биш байдаг. Тархи ядарч, зүрх өвддөг. Энэ бол бага зэрэг жин нэмэхтэй л ижил хэвийн зүйл. Хайртай дотнын хүн чинь үхлийн өвчин туссан бол тэр л жинхэнэ муу асуудал. Бүх зүйл чинь сүйрч, амьдаараа булшлагдсан мэт бачууран, амьдралын чухал төлөвлөгөө чинь бүтэлгүйтсэн бол энэ маш муу асуудал. Данс чинь бараг улайж, сохор зоосгүй шахам болсон ч санхүүгийн эх үүсвэргүй байгаа бол яавч сайн зүйл биш. Итгэж явсан хүн чинь чамайг хуурч, зүрхийг чинь шархлуулсан бол энэ муу зүйл. Юунд ч сэтгэл хөдлөхөө больж, өглөө бүр орноосоо босохдоо хүсэж тэмүүлэх зүйлгүй болсон бол энэ хэвийн үзэгдэл биш. Урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй уй гуниг, ичгүүр харуусал мэдэрсэн бол энэ яавч зөв зүйл биш. Заримдаа бүх зүйл хэцүү санагдах үе бий. Тиймээс яг одоо бүх зүйл буруугаар эргэсэн мэт санагдаж байвал битгий сэтгэлээр уна. Энэ бүхнийг мэдэрч байна гэдэг хэвийн байгаагаас хавьгүй илүү зүйл юм шүү.
  • Мэдрэмж супер хүч ч байж болно. Хэт мэдрэмтгий хүмүүсийг сул дорой гэж дүгнэх хандлага байдаг. Аливаа зүйлийг гүнзгий мэдэрнэ гэдэг сул доройн шинж биш шүү. Энэ бол жинхэнэ амьд мэдрэмж бөгөөд хүн байхын утга учир. Эмзэг хүмүүс бол сэтгэл нь шархалсан хүмүүс биш. Нийгэм даяараа эмзэг байх нь буруу, өрөвдмөөр зүйл гэж үздэг. Өөрийн мэдрэмжээ үнэнээр нь илэрхийлэхэд ичиж эмээх өчүүхэн ч шалтгаан байхгүй. “Хэтэрхий сэтгэл хөдлөлтэй”, “төвөгтэй араншинтай” гэж тодорхойлогддог хүмүүс хүсэл мөрөөдлөө амьдруулах тухай бодлогоширч, хорвоо дэлхийд хүнлэг энэрэнгүй ханддаг. Өөрийн мэдрэмж, инээмсэглэл, нулимсаараа хорвоо дэлхийг гийгүүлэхээсээ хэзээ ч битгий ичээрэй.
  • Халамж анхаарал хэрэгтэй нэгний сэтгэлийг нээвэл шархалсан зүрхийг эдгээж болно. Зүрхэндээ гүн шархтай байна гэдэг түнэр харанхуй ойд төөрөөд, хаачихаа мэдэхгүй байгаатай ижил. Өчүүхэн ч гэрэлгүй харанхуйд гэртээ харих замаа мэдэхгүй бол яах вэ? Гэвч нар мандахыг хүлээж, чамтай адил харанхуйд байгаа нэгэн нэрээр чинь дуудахыг сонсвол тэдний амьдралыг урагш ахиулаарай. Ихэвчлэн ийм зүйлс л найдвар бөхсөн зүрхэнд оч өгч чадна.
  • Ганцаардал ч бас чухал. Хэн нэгэнтэй ярилцах нь бидэнд тусалж болох ч тунг нь тааруулах хэрэгтэй. Заримдаа хүнд хамгийн хэрэгтэй зүйл нь ганцаардал байдаг. Энэ бол амьдралын хамгийн хоржоонтой даажигнал. Бид ганцаардах хэрэгтэй. Учир нь бид ганцаараа байхдаа үүрэг хариуцлагаас ангид, худлаа дүр эсгэхгүй байж бодлоо сонсож, зөн совин минь юу хэлэхийг хичээгээд байгааг ойлгож чадна. Хорвоо ертөнц нам гүм болж, зүрхний чинь цохилтоос өөр юу ч сонсогдохгүй. Ингэж өөрийгөө чагнахгүй бол зөн совин юу хэлэх гээд байгааг хэзээ ч ойлгож чадахгүй.
  • Ихэвчлэн илүү жаргалтай амьдрах шаардлагагүй байдаг. Хэрэв амьдралд чинь ямар нэг зүйл нэмэгдэхгүй байвал байгаа зүйлсээ хасах хэрэгтэй. Өөрт хэрэггүй бие сэтгэлийн дарамт болон хэрэгцээгүй хогшлоо цэвэрлэснээр амьдрал илүү энгийн, таатай болдог.
  • Өдөр бүрийг хайр, энэрэл, талархлаар эхлүүлэх нь үргэлж сайхан байдаг. Өглөө сэрэх бүрдээ амьдарна гэдэг, харж, сонсож, хайрлаж, хүсэж тэмүүлнэ гэдэг ямар сайхан гэдгийг бодож байгаарай. Аз жаргал гэдэг амьдралд тохиолдсон олон сайхан жижиг зүйлсийн нийлбэр, харин баяр хөөр бол эдгээр зүйлсэд талархах талархал юм шүү. Аз жаргалтай байснаараа бид талархалтай болдоггүй харин баярлаж талархсанаараа аз жаргалыг мэдэрдэг гэдгийг ойлгоорой. Өглөө бүр сайхан зүйл олж хардаг зуршилтай болоорой. Тэгвэл өдрийн турш улам олон сайхан зүйлстэй учрах болно.
  • Эргэн тойронд байгаа хүмүүс чамд маш их нөлөөлдөг. Ухаалаг, зарчимч, эерэг хүмүүстэй цагийг өнгөрүүлж байгаарай. Ямар ч төрлийн харилцаа чамд тусалж байх хэрэгтэй болохоос шархлуулах ёсгүй. Өөрийн ямар байхыг хүсдэг шиг тийм найз нөхдийн хүрээлэл үүсгээрэй. Бахархмаар, хүндэлмээр бас чамайг хайрлаж, хүндэтгэдэг найз нөхөдтэй болоорой. Тийм хүмүүс л амьдралыг чинь илүү гэгээлэг болгоно. Аз жаргалыг чинь сорж шимэгчилдэг хүмүүстэй хамт өнгөрөөхөд амьдрал дэндүү хайран. Ийм хүмүүсээс өөрийгөө чөлөөлж, өөрийнхөөрөө байгаарай. Өөрийнхөөрөө байна гэдэг жинхэнэ аз жаргал юм шүү.
  • Харилцаандаа хил хязгаар тогтоож, амьдралаа авраарай. Хүн чамд ахин дахин олон сонголтуудынхаа нэг нь гэсэн үүднээс хандаад байвал “нэр дэвшигчдээс” өөрийгөө татан авч тэр хүний сонголтыг багасгаж туслаарай. Хичээл зүтгэл чинь талаар болох байсан ч зарим зүйлийг хайхралгүй орхиж сурах хэрэгтэй. Учир нь чи зарим хүний хувьд хэн ч биш байж болно. Энэ бол бардамнал биш харин өөрийгөө хүндэтгэх үзэл юм.  Чамайг гэхгүй хүнийг амьдралдаа оруулах хэрэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бай. Байгаагаасаа илүүг өгөх гэж битгий зүтгэ.
  • Амьдралын хамгийн хүнд хэцүү мөчид эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн үнэн төрхийг харах болно. Хүнд хэцүү үед хэн дэргэд чинь байж, хэн орхин одож байна вэ гэдгийг анзаар. Чамайг орхиод явсан хүмүүст таларх. Тэдний үлдээсэн хоосон орон зайд өөрийгөө улам тэл. Харин ямар ч үед дэргэд чинь үлдсэн хүмүүсийн хайранд үргэлж талархаж байгаарай.
  • Шинэ боломж үргэлж чамайг хүлээж байдаг. Хайртай дотно хүнээ, үнэ цэнэтэй зүйлээ, хамгийн эрхэм чухал гэж боддог зүйлээ алдаж үзээгүй хүн байхгүй. Гэвч алдсан бүхэн биднийг улам хүчирхэгжүүлж, ирээдүйд хүлээж буй боломж руу урагшлах хөшүүрэг болдог. Тэдгээр боломжийг хүлээн ав. Мэдэхгүй газраа байх хэчнээн хэцүү байлаа ч шинэ харилцаа, шинэ нөхцөл байдалд дас. Суралцахад бэлэн бай, боломжийг хүлээн авахад бэлэн бай, чамтай учирсан асуудлаас туршлага хуримтлуулж, амьдралыг чинь үүрд өөрчлөх нэгэнтэй учрахад бэлэн бай.

7.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
+Өөрийнхөө үнэт нандин бүхнээ хайрлаж яваарай. Амьдралд эргэж олдохгүй үнэтэй нандин зүйлс тааралдана. Эцэг эх, эмээ өвөө, чи өөрөө ч гэсэн өөр өөртөө үнэтэй нандин, өөрийнхөө үнэ цэнийг алдагдуулалгүй хором мөч бүрт нандин зүйлсээ гамнаж яваарай. Хамгийн үнэ цэнэтэй, нандин зүйлс нэг л байдаг. Тэр зүйлс дахин хэзээ ч эргэж ирэхгүй, дахин хэзээ ч бий болохгүй.
+6
гайхалтай
+2
сайхан зөвлөгөө байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start