Арав.мн

Стивен Хокингийн үзэл бодол

Стивен Хокингийн үзэл бодол

Нэрт эрдэмтэн Стивен Хокингийн (1942-2018) ярилцлагын түүврээс

Миний IQ хэд болохыг би мэдэхгүй. Энэ үзүүлэлтэнд санаа зовж явдаг хүмүүс ихэнхдээ золгүй байх нь бий.
Би зарим нэг зүйлийг мэдэх ч Эйнштэйн биш шүү дээ.
Миний зорилго тун энгийн. Би орчлонгийн тогтолцоо болоод бид ямар учраас энд оршин буйг л ойлгохыг хүснэм.
Тэгшитгэл болвоос математикийн хамгийн уйтгартай бүрэлдэхүүн хэсэг. Би аливаа зүйлийг геометрийн өнцгөөс харах гэж хичээдэг.
Бид түг түмэн одноос юугаараа ч ялгарахгүй нэгэн одыг тойрон эргэх жижиг гараг дээр оршсон хүн дүрст мичнүүдийн ухамсар суусан үр хойч юм. Гэвч бидэнд хүй орчлонг ойлгох боломж бололцоо бий. Тиймдээ ч бид онцгой билээ.

Компьютерын вирусуудыг амьдралын нэгээхэн хэв маяг гэж үзэх учиртай. Ингэж үзвэл хүн төрөлхтний тухай маш сайн ойлголттой болно. Өнөөгийн байдлаар бидний бүтээсэн цорын ганц төрлийн амьдрал бусдыг сүйтгэж сүйдлэхээс цаашгүй. Бид өөртэйгээ ижил амь амьдралыг үүтгэж байна.
Орчлонд амьдрал үүссэн нь энэ орчлон угаас амьдрал үүсэхэд зориулагдсан гэж бодох үндэслэл огтхон ч болохгүй.
Мэдлэгийн хамгийн гол дайсан гэмээнэ харанхуй бүдүүлэг зан чанар биш харин хуурамч мэдлэг билээ.
Бидний амьдралд тохиолддог чухал асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлах гэж насан туршдаа хичээлээ. Тиймдээ ч физикийн тухай номнууд маань Мадоннагийн сексийн тухай номнуудаас хувь илүү борлогдсон биз ээ.
Биеийн байдал минь ажил төрөлд тустай гэж хэлэхгүй ч судалгаа шинжилгээндээ бүрэн төвлөрөхөд нэмэртэй байдаг. 

Нэг үе би хөмсгөө хөдөлгөж л бусадтай харилцаж явлаа. Өмнө минь харуулсан үсэгтэй хавтанг хараад хөмсгөө аажуухан хөдөлгөнө. Тэр үед хүнтэй харилцаж, тэр тусмаа эрдэм шинжилгээний ажлаа хийх боломжгүй байсан. Азаар би компьютертэй холбогдсон жижиг бариулыг хоёр хуруугаараа хөдөлгөх чадалтай үлдэж. Ингэснээр тэргэнцэртэй холбогдсон дэлгэцэн дээрх үгнүүдээс сонгодог. Миний хэрэглэсэн үгнүүд дээд хэсэгт гардаг юм. Өгүүлбэрээ бүтээж дуусаад ярианы төхөөрөмжтэй холбоно. Энэ ярианы төхөөрөмж 13 жилийн өмнө хийгдсэн, одоогоор бол хуучны эд. Гэлээ ч би үүндээ их дасжээ. Миний нэг эд эрхтэн мэт болж, барагтай бол хүн шиг дуугарах болсон эд. Гэхдээ машин юм уу, Микки маус шиг ярихыг хэн хүсэх билээ?
Амьдрал байгаа цагт итгэл тасрахгүй.
Миний очихыг туйлын их хүсдэг газар орон энэ дэлхийд биш сансар огторгуйд бий. Билл Гейтс шиг байсан бол сансрын хөлөг хөлслөх байлаа. Хэдхэн зуун сая доллар байхад л хангалттай шүү дээ. 

Шинжлэх ухаан, судалгааны ажил мөнгө олохоос илүү таашаал өгдөг гэдэгт би бат итгэлтэй.

Миний чин хүсэл бөгөөс нисэх буудал бүрийн номын лангуун дээр зарагдах ном бичих. Гэхдээ үүний тулд хавтсан дээр нь нүцгэн хүүхний зураг тавих хэрэг гарах шинжтэй.
Би бурханд итгэдэг гэж болно. Гэхдээ энэ бурхан болвоос орчлонг хөдөлгөж буй тэр аугаа хүч, байгалийн хууль юм.
Эйнштэйн квант механикийн тодорхойгүйн зарчим, тогтворгүй байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Мань хүн “Бурхан шоо хаядаггүй” гэдэг байлаа.  Ингэснээрээ тэр хоёронтоо алдсан. Хар нүх оршин буй нь бурхан шоо хаядаг төдийгүй тэр шоогоо хэн ч харах боломжгүй газарт хаядгийг нотолж байна.

Шинжлэх ухааны уран зөгнөл төсөөлөл хөгжүүлж, ирээдүй хождоос эмээлгэхгүй болгодгоороо ач тустай. Гэвч шинжлэх ухааны баримтууд уран зөгнөлөөс илүү гайхал төрүүлэх нь бий. Уран зөгнөлд хар нүх гэж байгаагүй шүү дээ.
Хүн төрөлхний хамгийн хурц асуудал бол бидний уур хилэн. Агуйд амьдрах өнө эртний үед бид үүний хүчээр амь гарсан бол өдгөө бид үүнээ дарж чадахаа больжээ. Тиймээс генийн инженерчлэл л энэ байдлыг залруулж мэдэх юм.
Номондоо оруулсан тэгшитгэлийн тоогоор зарагдах хувь хэмжээ нь хоёр дахин багасна гэж нэг хүн надад хэлж билээ.
Тоон теоремтой маргалдах хүнгүй.
Хүн төрөлхтөн сансар огторгуйд гарахгүй л бол ахиад мянган жил оршин тогтноно гэдэгт би эргэлздэг. Манайх шиг жижиг гарагийн амьдрал мөхөх үй олон нөхцөл бий. Гэхдээ би өөдрөг үзэлтэй. Бид хэзээ нэгэн цагт алсын од руу аялах л болно.

Заяа төөрөгт итгэдэг хүмүүс ч зам гарахдаа хоёр тийшээ хардаг даа.
Интернетээр хэсэх нь телевизийн суваг өөрчлөхөөс өөрцгүй.
Миний хэл ярианы төхөөрөмж америк аялгатай. Америк, скандинав аялга эмэгтэйчүүдэд таалагддагийг би хэдийнэ анзаарсан.
Ууган хүү Роберт маань л шинжлэх ухаанд сонирхолтой. Роберт Майкрософт компанид программ хангамж хариуцан ажилладаг. Охин Люси маань франц, орос хэл үздэг. Одоогоор сэтгүүлч хийж байгаа. Отгон хүү Тим маань оюутан. Их сургуульд франц, испани хэл үздэг. Ач хүү Вильям маань дөнгөж хэлд орж буй ч компьютерт нугасгүй дуртай.
Эцсийн эцэст бууж өгч л болохгүй.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Mash sonirholtoi. Unshuustai. Yum boduushtai.
+8
Hawkings-ийн үзэл надад маш их таалагддаг. Бурхан шашин, мухар сүсэг гэж заваарахгүй. Байгаа юмыг байгаагаар нь харж, учир утгыг нь локигтой тайлбарлана гэдэг хүн бүрт хэрэгтэй чадвар. Шинжлэх ухаанч үзэл бол хамгийн зөв үзэл.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start