Арав.мн

Альберт Эйнштейн: Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний хамгийн үнэт өв

Альберт Эйнштейн: Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний хамгийн үнэт өв

Орчин цагийн физикийн ухааны эцэг гэх алдар зөвхөн Альберт Эйнштейнд (1879-1955) л хамаарна. Тэрбээр онолын их физикч төдийгүй цаг үеийнхээ аугаа сэтгэгч, төр, нийгмийн зүтгэлтэн байв. Түүний үзэл баримтлал, санал, таамаглал зэрэг нь шинжлэх ухааны бусад салбарт ч ул мөрөө үлдээсэн билээ. 

Шинжлэх ухааны ертөнцөөс зөвхөн түүний үгийг л үе үеийн сэхээтнүүд хамгийн их эш татдаг. Хэлээ гаргасан алдарт зургаас нь дутахааргүй түгсэн Эйнштейний ёжтой, ончтой үгс хэзээд шинэхнээрээ байдаг. Тиймээс ч Эйнштейнийг “эшилж дуусдаггүй эрдэмтэн” хэмээдэг ба түүний онч үгсийг 30 гаруй жил цуглуулсан Принстоны их сургуулийн судлаач Алис Кэлэпрайс анх 2005 онд "Эйнштейнээс эш татах нь" хэмээх ном хэвлүүлснээ саяхан шинэчилж 300 гаруй үгээр нэмж баяжуулжээ. Харьцангуйн онолын эцгийн нийт 1600 орчим онч үгийг багтаасан эл ном 600 гаруй хуудастай бөгөөд нэг хүний үгийг дангаар нь эмхтгэсэн афоризмын анхны цогц, одоогоор хамгийн том бүтээл болж байна. Уг номонд багтсан их эрдэмтний 1955 онд Принстоны их сургуулийн сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Шинжлэх ухаан гэж таныхаар юу вэ. Та шинжлэх ухааныг товчхон тодорхойлохгүй юу?
-Бидний мэдэрсэн, үзэж харсан юмсын хариу үйлдэл болж үүссэн түмэн зүйлийн хэв шинжтэй их эмх цэгцгүйг логик хэлбэрт хувиргахыг шинжлэх ухаан гэнэ. Түүний тогтолцоонд хүний үзэл бодол ч, биеэр туулсан бүхэн ч онол, зохион байгуулалтад захирагдах ёстой. Гэхдээ мөнөөх онол гээч нь бас л ялгаагүй хүний бүтээл гэдгийг мартаж болохгүй. Шинжлэх ухаан гэдэг ерөнхийдөө таамаглалын ухаан юм. Дуусах нь үгүй асуулт, эргэлзээ тээнэгэлзлээр л дүүрэн эд дээ. 

-Та эрдэмтэн судлаач болъё гэсэн залууст юу зөвлөх вэ?
-Шинжлэх ухаан хөөгөөд амжилтад хүрнэ гэж бараг үгүй дээ. Төрөлхийн авьяастай, онцгой чадвартай хүмүүст ч энэ хамаатай юм шүү. Энэ салбарт ажиллая гэсэн хүнд зогсолтгүй хөдөлмөрлөхийг л зөвлөх байна. Тэгвэл авьяас билгийн тэнгэр ивээгээгүй байлаа ч зорьсондоо хүрэх боломж бий. Гол нь хийж бүтээж чадахаасаа илүү их зүйлд зорь. Харин түүндээ хүрч чадах, үгүйг гагцхүү зөн билэг л мэднэ. 

-Эрдэмтэн, судлаачдын амьдрал ахуй материаллаг талаасаа их л хэцүү бэрх байдаг шиг санагддаг.
-Шинжлэх ухаанаар хоол олж иднэ гэж бодохоо больчихвол л хэчнээн гайхамшигтай зүйл болохыг нь ойлгоно. Хүн аль л ирээдүйтэй гэж итгэж найдсан зам мөрөөрөө явж байж амьдралаа залгуулах ёстой. Өрөөл бусдад өглөгтэй юм шиг ажиллаагүй цагт л шинжлэн судлах, танин мэдэхийн жаргал, зовлонг мэдэрч болно. 

-Тэгэхээр шинжлэх ухаанд хүчин зүтгэсний дүнд сэтгэл хөдлөм юу ч юм мэдрэгдэх нь, тийм үү?
-Тэр сэтгэл татам зүйл нь үнэндээ их ажлын ард гарах биш л дээ. Харин бүтээж туурвих явцад юмсын учир шалтгааныг олох гэсэн тэмцэл зүтгэл, зовнил шаналал л хамгийн амттай байдаг юм. Хаа нэгтээ байгаа хувиршгүй, ариун дээд мэдлэгийн төлөөх улайрал л шинжлэх ухааны хөгжлийг хөдөлгөгч гол хүч гэдэгт би агшин төдий ч эргэлзэж байгаагүй. 

-Гэхдээ шинэ мэдлэг, өөрөөр хэлбэл нээлт л шинжлэх ухааныг залж байгаа бус уу?
-Нээлт гэдэг үг өөрөө их хөөрхийлөлтэй юм. Нээлт гэгддэг олон зүйлийн дийлэнх нь хэдийнээ бий болчихсон, бага ч атугай танил болсон зүйл байдаг. Тиймээс мартагдаж, алдагдсан зүйлийг олно гэдэг үнэндээ нээлт биш шүү дээ. 

-Эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх багш ямар байх ёстой вэ?
-Мэдлэгтэй шавь нараа давын өмнө ойлгоно гэдэг зарим хүний боддог шиг багш хүний эрхэм дээд шинж биш юм. Харин өөрөө зогсолтгүй эрэлхийлж, суралцах нь л багш хүний шавь нартаа барих хамгийн том бэлэг. Тэгж байж л багш өөрөө шавийнхаа бүтээлч сэдлийг өдөөнө. Гэвч зарим багш шавь нараа юу мэдэхгүй байна вэ гэдгийг шалгах гэж л хамаг цагаа бардаг нь харамсалтай. 

-Сурган хүмүүжүүлэх ухаанд шалгалт шүүлэг хэр тустай вэ?
-Би шалгалт гэгчийг эсэргүүцдэг хүн. Шалгаж байцаах нь хүнийг сурах хүсэлгүй болгодог. Коллеж, их сургуулийн оюутнуудыг 1-2 удаа л шалгаж байвал зүгээр. Тэгээд оронд нь илүү олон семинар, лекц зохион байгуулж, идэвхтэй оролцсонд нь диплом олгодог байвал уг нь хэн хэндээ амар юм. 

-Та шинжлэх ухааныг нэг төрлийн урлаг гэж үздэг байх аа?
-Техникийн мэдлэг, чадвар эзэмшсэн хэнбугай ч шинжлэх ухаан, урлаг хоёрыг хоёуланг нь хүний бүх мэдрэхүйн нэгдэл болохыг ойлгоно. Хамгийн сод, гарамгай эрдэмтэд үнэн хэрэгтээ олон талт мэдлэгтэй уран бүтээлч л байдаг шүү дээ. 

-Хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэг одоо ямар түвшинд байна вэ?
-Шинжлэх ухааны салбарт ажилласан энэ олон жилийнхээ эцэст би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бидний шинжлэх ухаан гэж нэрлэдэг бүхэн бодит байдалтай харьцуулахад үнэндээ тун болхи, даанч балчир зүйл юм. Гэвч энэ нь одоогоор хүн төрөлхтөнд байгаа хамгийн үнэт өв юм даа.


01

Эйнштейнээс эш татах нь

  • Зальжин этгээд юмсыг нүсэр том, хэт ээдрээтэй, сүрдмээр болгодог. Гагцхүү суут ухаантан л юм бүхнийг хялбарчилдаг.
  • Төсөөлөл мэдлэгээс эрхэм
  • Би бурхны бодлыг л мэдэхийг хүсэж байна. Буй бүхэн түүний бодол санааны ердөө хэлтэрхий төдий юм.
  • Хүний цор ганц үнэт зүйл бол зөн билэг.
  • Би ирээдүйн тухай огт боддоггүй. Учир нь тэр дэндүү хурдан хүрээд ирдэг юм.
  • Ертөнцийн туйлын ганц нууц нь түүний хэт ойлгомжтой байдал.
  • Шашингүй шинжлэх ухаан үнэмшилгүй, шинжлэх ухаангүй шашин сохор байдаг.
  • Бүтээлч байхын гол нууц нь эх сурвалжаа нууж сурах чадвар юм.
  • Суралцахад минь саад болдог нэг л зүйл байдаг нь миний боловсрол.
  • Шинжлэх ухааныг ерөнхийд нь дүгнэвэл үзэл бодлоо өдөр бүр шинэчлэх үйл явц төдийхөн л юм.
  • Дэлхийн III дайнд ямар зэвсэг ашиглахыг би мэдэхгүй. Харин IV дайнд мод, чулуухнаар л зэвсэглэнэ гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэхгүй байна.
  • Сургуульд сурсан бүхэн мартагдсан хойно үлдэж хоцрох зүйлийг л бид боловсрол гэж нэрлэдэг.
  • Амжилтыг А-гаар төлөөлүүлбэл энэ нь X, Y, Z гурвын нийлбэр юм. Хөдөлмөрлөх нь X, хөгжилдөх нь Y. Харин Z нь амаа хамхиж сурах.
  • Хоёр зүйлд л хязгаар гэж үгүй. Нэг нь сансар огторгуй, нөгөө нь хүний тэнэглэл. Гэхдээ хоёр дахь нь илүү гэж би эмээж байна.
  • Бүхий л айдсаас хамгийн утгагүй нь үхлээс айх юм. Үхсэн хүн угаасаа алзахгүй шүү дээ.
  • Хамгийн төгс төгөлдөр, гоо сайхан зүйл бол нууц. Нууцлаг байдал л жинхэнэ урлаг болоод бүх шинжлэх ухааны эх билээ. 
  • Онож төрсөн энэ хувь заяаныхаа их нууцын өмнө бид хэзээд сониуч хүүхэд шиг байна.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start