Таны амьдралд өөрчлөлт авчрах жижиг зуршлууд
Бусдын л адил нэгэн хэвийн амьдармаар байна уу? Эсвэл бусдаас илүү амжилттай амьдармаар байна уу?
Өдөр бүр нэгэн хэвийн зүйлсээ хийсээр л байгаа бол та дээрх асуултад юу гэж хариулахаа хэсэг зуур бодоод үзээрэй. Эрдэм мэдлэгтэй байлаа гээд та өсөж, дэвшиж байна гэсэн үг биш. Харин эрдэм мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглахаа мэдэж байвал тэр дэвшил юм. Харамсалтай нь ихэнх хүмүүс хоёр дахь хэсгийг орхигдуулдаг.
Хэрэв та эрс өөрчлөлт хийхээс айж байгаа бол өдөр тутмын зарим жижиг зуршлаа өөрчлөхөд л болно. Олон жижиг зүйлс нийлж нэгэн цогц зүйлийг бүтээдэг. Тиймээс дараах хэвшлүүдийг өөрийн болгож, өдөр тутамдаа хийж заншвал танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах болно.
08
Амьдрал хэмээх бизнесээ хэр амжилттай авч явж байна вэ?
Зуршил бол аажмаар бий болдог зүйл. Тэр бүр анзаарагдамгүй жижиг зуршлууд ч бидний амьдралд сайн эсвэл муугаар нөлөөлж байдаг.
Та өнөөг хүртэл зуршил дээрээ хэр зэрэг анхаарч, дадал болсон зүйлс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлж байсан бэ?
Таны өдөр бүр хийдэг зүйлс таны сайн сайхны төлөө үйлчилж байна уу, эсвэл танд муу нөлөө үзүүлж байна уу?
Хэрэв та эдгээр асуултад хариулахдаа эргэлзэж байгаа бол дор дурдсан жижиг зуршлуудыг өдөр тутамдаа хэвшүүлснээр өдөр бүрийн хийдэг зүйлсээс амьдрал тань тэр аяндаа шалтгаалдгийг ойлгох болно. Мөн эдгээр зуршлыг та бүрэн өөрийн болгож, өдөр бүр тасралтгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг битгий мартаарай. Өөрөөр хэлбэл эхний өдөр нэг л зуршлыг хэрэгжүүл, маргааш нь тэр зуршлаа өөртөө дадал болгохыг хичээ. Бүтэн сар өдөр бүр зөвхөн энэ дадлаа амьдралын хэв маяг болгохыг хичээ. Харин сарын дараа дараагийн алхмаа хий. Энэ мэт явсаар хагас жилийн дараа та зургаан жижиг боловч маш чухал дадлыг өөрийн болгосон байх юм. Үүнийг та зургаан давхар байшинг тоосго тоосгоор нь өрж байна гэж төсөөлөөрэй.
07
Нэг удаад нэг л зүйлийг амжуул
Шударга байгаарай...
· Та хурал, уулзалтан дээр байхдаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хоол идэж байхдаа утсаа оролдож, фэйсбүүкээ шалгадаг уу?
· Компьютерын ард сууж байхдаа хоол иддэг үү?
· Гэртээ юу ч хийж байсан үргэлж зурагтаа асаалттай байлгадаг уу?
· Жолооны ард байхдаа гар утсаа ашигладаг уу?
Нэг дор олон зүйл хийхийн хамгийн том сул тал бол таны урт хугацааны ажлын бүтээмжид муу нөлөөтэй. Жолоо барьж байхдаа нэг л хором анхаарал сарниснаар осолд орж болзошгүй.
Олон зүйлд зэрэг сатаардаг хүн хийж буй ажлынхаа алинд нь ч бүрэн гүйцэд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Харин олон ажил амжуулах гэж зүтгэсээр маш их ядарч стрессддэг бөгөөд нэг л өдөр сөхөрч унаж магадгүй.
Хэрэв томруулдаг шилийг нарны гэрэлд бариад хэсэг навчин дээр тусгавал юу ч болохгүй. Харин ганцхан ширхэг навчин дээр тусгалыг нь тааруулбал навч тэр дороо шатаж эхэлнэ. Энэ бол анхаарал төвлөрөлтэй адил зүйл. Томруулдаг шилний тусгал олон навчийг шатааж чадахгүй ч нэг навчийг амархан шатааж дөнгөнө.
Таны өдөр бүрийн амьдрал бол томруулдаг шил бөгөөд дэлхийгээс танд өгч буй эрчим хүчийг зөвхөн нэг л “навчинд” төвлөрүүлээрэй. Тэгж чадвал та өдөр бүр өөрийн зорилго, хүсэл мөрөөдөл, хийх ёстой зүйлс рүүгээ нэг алхам ойртсоор байх болно.
Сонсоход инээдтэй мэт боловч заавал эзэмшвэл зохих дадал. Өглөөний цайгаа уусан бол аяга халбагаа угааж орхиод гар. Кофе уусан бол кофе чанагчаа цэвэр усаар зайлаад, аягаа угааж хэвш. Угаалтуур дотроо болон ширээн дээр ямар ч бохир аяга, таваг битгий үлдээ. Хэрэглэж дууссан бол тэр дор нь угаа.
Энэ жижигхэн зүйлийг өдөр бүр хэрэгжүүлээд сурчихвал долоо хоногийн дараа гэхэд таны угаалтуур цаг үргэлж цэвэр, ширээ тань цэгцтэй байхад сурна. Харин дараа нь хувцсаа тайлсан дариудаа угааж, эвхэж цааш нь тавьж сурахад нэг их түүртэхгүй болсон байх болно. Өглөө бүр аягаа угаагаад хэвшчихвэл өглөөний цайндаа зарим төрлийн ногоо иддэг болоход тийм ч хэцүү биш. Ганцхан жижиг үйлдэл сарын дараа гэхэд таныг эрүүл амьдралын хэв маягтай болоход нэг алхам ойртуулсан байх болно.
Бас эхэлсэн зүйлээ заавал дуусгах зуршлыг таны тархинд автоматаар суулгаж өгнө.
Сануулж хэлэхэд аягаа угааж байхдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, аз жаргалыг мэдрэх ёстой шүү.
05
Тэмдэглэл хөтлөх дадалтай болоорой /өдөрт 15 буюу түүнээс багагүй минут зарцуул/
Зохиолч Ж. К. Роулинг тэмдэглэл хөтөлдөг. Эминем тэмдэглэл хөтөлдөг. Опра Унфри ч тэмдэглэл хөтөлдөг. Дэлхий дээр амжилттай яваа бүх хүмүүс, амьдралдаа эерэг өөрчлөлт хийж чадсан хүн бүр өдөр бүр туршлага хуримтлуулж, суралцаж байдаг. Харин өөрсдийн амьдралын туршлагаасаа суралцахад тэмдэглэл бидэнд тусална.
Хэрэв бид хаа нэг тийшээ аялахыг хүсвэл хамгийн түрүүнд газрын зураг худалдаж авах хэрэгтэй. Харин тэмдэглэл бол бидний амьдралын газрын зураг юм. Тэмдэглэлдээ өнөөдөр юу хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байна, юун дээр алдаа гаргасан, зорилгодоо хүрэхийн тулд хийхээр төлөвлөсөн зүйлс гээд бичих зүйл мундахгүй их бий. Энэ бол таны бодлоо цэгцлэх үе. Тэмдэглэл таныг одоо хаана байгаа ирээдүйд хаашаа хүрэхээр тэмүүлж байгааг тодорхой харуулж чадна. Энэ бол хүн бүр ашиглаж болох гайхалтай үр дүнтэй арга юм.
Тэмдэглэл дээрээ санаа зовоосон асуудлууд, талархлын үгс зэргийг үлдээлгүй бичиж байх нь зүйтэй. Хэн нэгэн таныг баярлуулсан бол марталгүй утастаж талархлаа илэрхийлж, найзтайгаа харилцааны асуудалтай болсон бол марталгүй эвлэрэхэд, магадгүй хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсныг эргэж харахад тэмдэглэл танд туслах болно.
Амьдралынхаа жижиг асуудлыг ч орхилгүй тод томруун хараад эхлэхээр өөрийн мэдэлгүй хамаг чадлаараа хичээх хүсэл хүн бүрд төрдөг байна. Сул тал, алдаагаа олж харсан бол сайжруулж, давуу талаа мэдсэн бол улам өнгө оруулахаар зүтгэхэд тань хамгийн сайн туслагч байж чадах зүйл бол тэмдэглэл юм шүү.
Бидний орхихыг хүсдэггүй, цорын ганц, үнэн, үүрдийн гэж итгэсэн зүйлс амьдрал дээр ихэнхдээ тийм ч чухал байдаггүй. Үнэхээр чухал байлаа ч ихэнхдээ хэлбэр дүрс нь өөрчлөгдөж эсвэл зөвхөн бидний төсөөлөл дотор л оршсоор байдаг.
Үүнийг л ойлгочихвол амьдрал илүү амар байх болно.
Та том усан сан дотор нүдэндээ боолттой зогсож байна гэж төсөөл. Та ойрхон бариад авчих зүйл байгаа гэж итгэн усан дотуур тэмтчин явна. Гэвч усан сангийн ирмэг хаана байгааг та мэдэхгүй, ойр хавьд тань бариад авчих зүйл юу ч байхгүй. Үүнийг мэдмэгц та маш их бухимдан сандарч, яахаа мэдэхгүй ус үсчүүлэн сарвалзах болно.
Одоо гүнзгий амьсгаа аваад, зогс. Эргэн тойронд тань зөвхөн ус мэлтэлзэж байгаа. Та ахин хамаг хүчээрээ ус самардан байхгүй зүйлийг хайх хэрэггүй. Харин нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч тайвшран, биеэ сул тавиад хөвөх хэрэгтэй.
Одоо төсөөлөхөө болиод өөрөөсөө асуугаарай:
· Та яг одоо юуг амьдралаасаа алдахгүйн тулд чанга гэгч нь зуурч байна вэ?
· Тэр зүйл таны амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
Зөвхөн толгой дотроо ургуулан бодсон оргүй хоосон зүйлтэй зууралдаад байгаа юм биш биз? Биеэ сул тавиад хөвөөрэй.
03
Болох ёстой зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сур
Амьдралын зарим өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой байдаг ч ихэнх нь тийм биш.
“Амьтдыг аргандаа оруулахыг хүсвэл илүү их хоол өг” гэдэг үг бий. “Амьтад” болон “их хоол” гэдэг бол болох ёстой зүйлийг хэвээр нь үргэлжлүүлж, юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэлбэр юм. Ямар нэг зүйлийг арай ядан удирдах гэж оролдохын оронд бууж өгөөд, илүү том орон зай, илүү их “хоол, тэжээл” өгөх хэрэгтэй. Үр дүнд нь амьтад аз жаргалтай болж, байгалиас тэдэнд заяасан төрөлх зөнгөөрөө уудам орон зайд давхилдах болно. Та ч бас амьтдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эзэлж байсан орон зай хоосорсноор илүү том уужим тасалгаатай болох юм.
Амьдралын олон асуудал үүнтэй ижил байдаг.
Буцаж алхаад зарим зүйлсийг хувь тавиланд даатга. Ингэснээр та хий дэмий зүйлд шаналан, боломжгүй зүйлийг өөрчлөх гэж бухимдах шаардлагагүй болж, эрч хүч, цаг хугацаа өөрөөс шалтгаалах зүйлсдээ зарцуулах болно. Үнэндээ таны удирдаж чадах ганц зүйл бол өдөр бүрийн таны хандлага юм.
Энэ тохиолдолд тавьж явуулна гэдэг нь бууж өгч байгаа хэрэг биш юм. Харин өөрөөс үл шалтгаалах хүмүүс, нөхцөл байдал, үр дагаврын төлөө шаналахаа больж байгаа хэрэг билээ. Ингэснээр амьдралынхаа өдөр бүрийг өөрөө бүтээж, олон салаа замаас өөрийн хамгийн сайн мэдэх замаар итгэл төгс алхах болно.
Ямар нэг агуу зүйл хийхийг хүсдэг хүн бүрийн дотор шаардлагатай зүйлсийг тавьж явуулж чадах оюуны чадвар байх ёстой. Хэрэгтэй үед нь орхих чадвар биднийг тайван, баяр хөөртэй амьдрахад тусалж, гадна харагдах байдлаас илүү дотоод мөн чанарыг маань хүчирхэгжүүлж өгдөг.
02
Орондоо орохынхоо өмнө таларх
Аливаа зүйлийг байгаагаас нь хэтрүүлж харна гэдэг тун гунигтай хэрэг юм. Амьдралын зөвхөн сөрөг зүйлст анхаарал хандуулаад байвал амьдралдаа байгаа сайн сайхан зүйлсээ алдсаар байх болно. Амьдралынхаа сайн сайхан зүйлд талархаж хэвшихгүй бол та хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй.
Амьдралдаа талархаж сурахад тань дараах таван минутын дасгал туслах болно.
Орой бүр орондоо орохоосоо өмнө тухайн өдөр тохиолдсон гурван сайхан зүйлийг бичээд ард нь чухам яагаад танд сайхан санагдсан тухай богинохон тайлбар тавиарай.
Ингээд л гүйцээ. Гэтэл бид өндөр үнэтэй сүүлийн үеийн төхөөрөмж, том байшин, тансаг машинтай бол аз жаргалтай болно гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ маш олон зүйлээс аз жаргалыг үнэ төлбөргүй мэдрэх боломжтой.
Алдарт сэтгэл судлаач Мартин Селимэн энэхүү талархлын дасгалыг хэсэг хүмүүс дээр туршсан бөгөөд долоо хоногийн дараа судалгаанд оролцогчид урьдынхаасаа 2 хувиар илүү аз жаргалтай болсон байсан бол сарын 5%, зургаан сарын дараа 9 хувиар илүү аз жаргалтай болсон байжээ. Мөн тэдгээр оролцогчдыг зөвхөн нэг долоо хоног л тэмдэглэл хөтлөхийг даалгасан боловч бараг бүгдэд нь энэ арга таалагдсан учир сайн дураараа үргэлжлүүлэн хөтөлсөн аж.
Өөртөө итгэ. Энэ жижигхэн зуршлуудыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгож чадна гэдэгтээ итгэ. Хэрэв өөртөө урам хугарч, сэтгэлээр унасан бол зуршлаа өөрчлөөд үз. Өдөр бүр хийдэг зүйлсдээ жижиг гэлтгүй сэтгэл гарга. Олон жижиг зүйлс нийлж нэг цогц зүйлийг бүтээдэг гэдгийг битгий мартаарай.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.