Арав.мн

Хэрхэн хуримтлал үүсгэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан 10 зөвлөгөө

Хэрхэн хуримтлал үүсгэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан 10 зөвлөгөө

Three Pairs of Shoes - Vincent van Gogh

Цахим ертөнц, нийгмийн сүлжээ хүчирхэгжихийн хэрээр хүмүүс байгаагаасаа илүү баян харагдах гэж хичээх, хуурамч дүр эсгэх үзэгдэл газар авчээ. Тансаг байр, том машин, гял цал хувцсаа гайхуулан инээмсэглэх нэгний ард бөөн бөөн өр, банкны зээл байх нь элбэг.

Дэлхийн хамгийн баян хүмүүст ч байдаг доорх арван зуршлыг өөрийн болгон хэвшүүлж чадвал ирээдүйд өр тавьж, дүр эсгэх шаардлагагүй жинхэнэ “хөрөнгөтөн” болох боломж танд бий.


10

Шинэ зүйлийн араас улайран хөөцөлдөх хэрэггүй

Приус унадаг одод

Баян хүмүүс эрүүл ахуй, ариун цэвэр талаас шаардлагад нийцэж байвал зарим нэг зүйлсээ шинэчлэх гэж яардаггүй. Унадаг дугуй, машин, зарим төрлийн тавилга зэргийг үнэтэй, сүүлийн үеийн бус харин ч цэвэрхэн хэрэглэсэн хуучин зүйл худалдаж авах нь элбэг. Мөн технологийн дэвшлийн араас хөөцөлдөх нь үр дүнтэй зүйл биш гэдгийг мэддэг учир шинэ загварын утас, машин, компъютер зэрэг зүйл баян хүмүүст тийм ч чухал биш гэнэ. Хэмнэсэн зоос бүр нь ирээдүйд хэд дахин өсөх хөрөнгө оруулалт болно гэдгийг мэдэж байдаг учир шатахуун бага зарцуулдаг, хуучин машин унах нь тийм ч сэтгэл гонсоймоор санагддаггүй аж.


09

Чанартайг худалдаж ав

Цукербергийн хувцасны шүүгээ

Хөрөнгө чинээтэй хүмүүс олон чанаргүй зүйлээс “час хийсэн” чанартай нэг л зүйлийг илүүд үздэг байна. Нэг л улирал өмсөөд урагдах хямд, чанаргүй гуталнаас илүү эдэлгээ даах, хэрэггүй болох хүртлээ “шинээрээ” байж чадах үнэтэй гутал нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй эрүүл мэндэд ч хэрэгтэй билээ.  Тиймээс та ямар нэг зүйл зайлшгүй авах шаардлагатай болсон бол хамгийн чанартайг нь худалдан аваарай.


08

Эрүүл мэнддээ цаг гаргадаг

Эрүүл мэнд бол юугаар ч сольшгүй баялаг гэдгийг хүн бүр мэддэг ч тэр бүр эрүүл мэнддээ цаг зарцуулж чаддаггүй. Цагаа зөв зохистой хуваарьлаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх нь ирээдүйд гарч болох олон эрсдлээс биднийг хамгаална. Тээрмийн илжиг шиг зүтгэхийн оронд хэрхэн ухаалаг хөдөлмөрлөх вэ гэдгээ үргэлж бодолцож, шөнө бүтэн нойртой хонож, хэчнээн яарч байсан ч өглөөний цайгаа ууж, дасгал хийж амжихгүй бол ядаж л шатаар явган гарч, бууж байх хэрэгтэй гэнэ.


07

Зөв цагийг хүлээ

Ямар нэг баяр ёслолын өмнө тухайн баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч, баяр дуусахаар хямдардаг. Тиймээс шинэ жилийн гацуур, тоглоом гэх мэт зүйлсийг зун эсвэл шинэ жилийн баяр өнгөрсний дараа авч хадгалаад дараа жилийн баяраараа хэрэглэх нь ухаалаг худалдан авалт болох юм. Мөн том их дэлгүүрүүд цахилгаан бараа, тавилга гэх мэт зүйлсдээ баярын үеэр урамшуулал зарладаг. Тиймээс том зүйл худалдан авах гэж байгаа бол ямар нэг баярын хямдралыг хүлээх нь зүйтэй. Бас аливаа бараа бүтээгдэхүүн шинэ гарсан дариудаа үнэтэй зарагдаж байгаад хэсэг хугацааны дараа хямдардаг гэдгийг санаж байх хэрэгтэй гэнэ.


06

Битгий зогс

Алимны модыг яаж ч арчиллаа гээд сарын дараа ургац хураах боломжгүй гэдгийг санан тууштай байх хэрэгтэй гэнэ. Цаг нь болхоор та үр шимийг нь хүртэн, сүүдэрт нь амарч суух болно. Баян хүмүүс энэ нууцыг мэддэг учир амьдралынхаа турш хөдөлмөрлөсөөр байдаг. Амжилтандаа сэтгэл ханана гэдэг байж болшгүй зүйл юм. Удаан байсан ч хамаагүй тасралтгүй хөдөлмөрлөсөөр байх хэрэгтэй. Хүмүүс нас ахихын хэрээр ганцаардах, зөнөх зэрэг бэрхшээлүүдтэй учирдаг. Харин хийж буй ажлаа өөрийн тааваар үргэлжлүүлсээр байвал ийм асуудалтай тулгарахгүй байх боломжтой.


05

Арвич хямгач бай

Арвилан хэмнэнэ гэдэг эдийн засагт төдийгүй байгаль орчинд ч тустай зүйл билээ. Нэг удаагийн гялгар уут худалдан авахын оронд даавуун тор хэрэглэж занших, савласан ус, ундааны оронд гэрээсээ саванд ус хийгээд гарах зэрэг жижиг зуршлууд танд маш их хэмнэлтийг авчрах болно. Итгэхгүй бол уут, ус авах бүртээ ижил хэмжээний мөнгө жижиг саванд хадгалаад, сарын дараа шалгаад үзээрэй. Арвилж хэмнэнэ гэдэг хэцүү биш харин ч зугаатай ажил гэдгийг та удахгүй мэдрэх болно.


04

Хямдралын карт ашигла

Гэрийн тань ойролцоо байдаг дэлгүүр, эсвэл зорьж очиж худалдан авалт хийдэг том худалдааны төвүүдийнхээ хөнгөлөлтийн картыг захиалж ав.

Ямар нэг зүйл худалдаж авахаасаа өмнө үнэхээр шаардлагатай эсэхийг нь сайн бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрэггүй зүйл худалдаж авна гэдэг хэрэгтэй зүйлээ хаяж байгаагаас ялгаагүй гэдгийг битгий мартаарай.


03

Төсөв гарга

Сар бүрийн зардлаа тооцож төсөв гарга. Ойрхон газар бол алхах, таксины оронд нийтийн тээврээр үйлчлүүлэх, долоо хоногт ядаж хоёр удаа өдрийн хоолоо гэрээсээ авч явах зэргээр гаргасан төсвөө ч хэмнэхийг зорих хэрэгтэй. Харин ямар ч үед төсөв хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Энэ сарын хэмнэсэн төсвөө дараа сарын яаралтай үед хэрэглэх мөнгө болгон хадгалж ч болох юм. Энэ аргыг өөрийн болгочихвол мөнгө хэмнэх гэдэг үрэхээс дутахгүй зугаатай зүйл гэдгийг та удахгүй мэдрэх болно.


02

Ирээдүйд үнэ цэнээ алдахгүй зүйлд хөрөнгө оруул

Хэрэв та уран зургийн талаар мэдлэгтэй бол тодорхой хуримтлал үүсгэснийхээ дараа уран зураг худалдан авч болох юм. Зөвхөн уран зураг гэлтгүй эртний эдлэл, сайн чанарын дарс гээд ирээдүйд үнэ цэнээ алдахгүй өөрийн сайн мэддэг зүйлийг худалдаж авах хэрэгтэй. Танд нэг сая төгрөг байвал амархан үрэгдэх магадлалтай. Харин нэг сая төгрөгийн үнэтэй уран зургийг тийм ч амар үгүй хийж чадахгүй л болов уу. 


01

Баян харагдах гэж хичээх хэрэггүй

Маш олон баян хүмүүсийг гаднаас нь хараад баян гэж хэлэх аргагүй байдаг. Тэд жирийн л хүмүүс шиг хувцаслаж, энгийн байранд сууж, хуучин машин унадаг. Гэвч тэдэнд дуртай зүйлээ худалдан авч, хамгийн сайхан газруудаар аялах мөнгө хангалттай бий.

Эсрэгээрээ үнэтэй машинаар зугаалж, мөнгийг хайр гамгүй үрж байдаг боловч үргэлж ямар нэг зүйл дутагдаж явдаг хүмүүс ч бий.

Зөвхөн бусдад гайхуулахын тулд зээлийн хүү төлөн байж шаардлагагүй зүйл худалдаж авах уу, эсвэл жинхэнэ баялаг бүтээж, дурсамж дүүрэн амьдрах уу гэдэг сонголт зөвхөн таны гарт бий.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Миний Натали Портман Приустэй юм байна. Машинаа Приус болгоё байз.
+3
JCI-ийн уулзалтанд очихын тулд байраа барьцаанд тавиад, үнэтэй костюм авч, 570 нэг хоногоор түрээсэлдэг гээд байгаа шүү дээ. Ямар ч учиртай юм
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start