Эцэг, эх болохоосоо өмнө заавал мэдэх 10 зүйл
Үр хүүхэдтэй болно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан зүйл хэдий ч маш том үүрэг хариуцлага нэмэгддэг билээ. Хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол доорх зөвлөгөөнд анхаарал хандуулаарай.
10
Хүүхэдтэй болно гэдэг амар зүйл биш
Урьд нь хүссэн бүхнээ идэж, таалагдсан хувцсаа өмсөж, найзууд тань хэдэн цагт ч дуудсан гараад гүйдэг байсан үе дуусгавар болно. Жирэмсний хордлого, дааврын өөрчлөлтөөс болж маш их ядарч ч мэдэх юм.
Гэвч том гэдсээрээ “түрий барьж” уйлж унжиж, элдэв юм нэхэн нөхрийнхөө сэтгэлийг зовоож, өөрийгөө болон хэвлий дэх үрээ хямраахгүйн тулд аль болох тайван байхыг хичээгээрэй. Бие давхар байхдаа хэт их жин нэмбэл төрсний дараа жингээ хаяхад улам хэцүү болох учир ахин дахин сэтгэлээр унахыг хүсэхгүй л байгаа бол чадах чинээгээрээ тайван бай.
09
Эхний хэдэн сар үнэхээр “зовлонтой” байх болно
Хүүхэд төрсөн эхний хэдэн сар шөнө хэд хэдэн удаа босож хүүхдээ хооллож, тайвшруулах хэрэгтэй болно. Хөхний толгой хагарч өвдөнө, төрсний дараах хямрал гээд олон давааг хамтдаа туулах хэрэгтэй.
Шөнөжин нойргүй хоносон, хямарсан эхнэр тань үсээ ч самнах сөхөөгүй том том нулимс унаган гомдоллож магадгүй. Энэ асуудалд эрчүүд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Харин шинэхэн ээжүүдийн хувьд бүх ээжүүд энэ үеийг давж гардаг гэдгийг санаж, өөртөө санаа тавиарай. Мөн гэр бүлийнхэн, найз нөхөд гээд хүмүүсээс тусламж авахаас битгий татгалз.
Хэрэв та бүхнийг өөрөө болгохыг хичээдэг, үд болтол унтдаг зуршилтай, бүхнийг өөрийн тааваар хийдэг бол хүүхэд төрсний дараа энэ бүхнийг өөрчлөхөөс өөр аргагүй болно.
08
Урт хугацааны турш шөнө бүр сэрэх шаардлагатай болно
Олон бага насны хүүхэд ганцаараа унтахаас айдаг. Тиймээс том болсон ч ээж, аавынхаа өвөрт унтахаар зүтгэдэг. Бас цэцэрлэг, сургуульд орвол хүргэж өгөхийн тулд өглөө бүр эртлэн босох шаардлагатай болно.
Шөнө бүр хүүхдийнхээ хучлагыг засах, тэдний эв хавгүй хөдөлгөөнөөс болж сэрэх зэргээр шөнө тайван унтах гэдгийг нэг хэсэгтээ л мартана даа. Нойрондоо харамч хүмүүсийн хувьд энэ бол жинхэнэ хар дарсан зүүд л гэсэн үг.
Тиймээс хүүхдээ бие даан унтаж чаддаг болмогц ганцааранг нь унтуулж сургаарай. Хүүхэд шөнө аав ээжийнхээ өрөөнд орж ирвэл тайвшруулаад, буцаагаад өрөө рүү нь хүргэж өгөх нь зүйтэй.
07
Хүүхдэд зориулсан болгоныг бүгдийг нь авах шаардлагагүй
Хүүхдийн тэрэг, хөлд оруулагч, машины суудал, эгдүүтэй бяцхан хувцаснууд, хөөрхөн зурагтай жижиг хивсэнцэр, тоглоомууд гээд хүүхдийн хэрэгцээ дуусахгүй мэт санагдах үе бий. Гэвч эдгээр зүйлс тийм ч чухал биш учир зар сурталчилгаанд итгэж хамаг мөнгөө үрэх хэрэггүй.
Хүүхдийн тэрэг, машины суудал зэргийг хүнээс зээлээд хэрэггүй болмогц буцаагаад өгч болно. Хамгийн чухал нь хүүхэд эрүүл, аюулгүй орчинд л байх ёстой болохоос хүүхдэд зориулсан гэх нүд эрээлжлэм зүйлсийг бүгдийг нь авч өгөх шаардлагагүй.
Тоглоомоос ч гэсэн хүүхдүүд амархан уйддаг учир олон тоглоом авч өгөх хэрэггүй. Бас шинэ хувцаснууд нь өмсөж ч амжихгүй багадах нь элбэг учир хувцас авахаасаа өмнө бодож үзээрэй.
06
Хүүхдүүд гайхмаар өндөр хэрэглээтэй хүмүүс
Хүүхэдтэй болсон эхний үед та живхэнд хэр их мөнгө зарцуулснаа өөрөө ч мэдэхээ болино. Живх, живх, живх. Бас тэдний эмзэг, булбарай арьс, үсэнд тохирсон саван, шампунь, алчуур, өлгий, тос... Том болохын хэрээр хэрэглээ нь ч дагаад өснө. Өдөр өнжүүлэхийн төлбөр, хүүхэд асрагчийн цалин, цэцэрлэг, сургуулийн төлбөр, дуртай дугуйланд нь явуулах төлбөр, хичээлийн хоцрогдолд орвол цагийн багш хөлслөх зэргээр мөнгийг “урсгаж” өгнө дөө.
Мэдээж бяцхан үрсийн маань бидэнд өгөх аз жаргалын хажууд энэ бүхэн өчүүхэн зүйл ч гэлээ хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай өсгөх үүрэгтэйн хувьд өөрийн санхүүгийн боломжийн талаар сайн эргэцүүлэн бодож байж хүүхэдтэй болох алхмыг хийх нь зүйтэй.
05
Ажлаа гэрээсээ амжуулах шаардлагатай болно
Хүүхэд тань нялх байх үед та хэчнээн ядарсан ч шаардлагатай зүйлсийг амжуулах шаардлагатай болно. Харин хүүхэд хөлд орсон үед та ямар нэг зүйл дээр төвлөрч ажиллана гэдэг хүндрэлтэй.
Хүүхэд тантай тоглохоор эсвэл анхаарлыг тань татах гэж янз бүрээр оролдоно. Тэгэх бүрд нь “завгүй байна” гэж хэлэх нь танд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй муу эцэг, эх болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
04
Хүүхэд бүрийн хөгжил өөр өөр гэдгийг мэдэж байх хэрэгтэй
Зарим хүүхдүүд маш эрт хэлд ордог. Харин зарим нь үгүй. Нэг нас хүрэхэд зарим хүүхэд чөлөөтэй явж эхэлдэг бол харин зарим нь алхаж чадахгүй байж болно. Хүүхэд живхнээс гарах, хоолоо бие дааж идэж сурах хугацаа өөр өөр байдаг.
Залуу эцэг эхчүүд хүүхдээ бусад үе тэнгийнхнээсээ муу ярьдаг, оройтож хөлд орж байгаа асуудалд санаа зовох нь бий. Гэвч энэ бол тийм ч их санаа зовох асуудал биш бөгөөд эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц асуудалтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
03
Энд тэндгүй “үсчих” шаардлагатай тулгарна
Хэрэв та эмх цэгцгүй орчин, зохион байгуулалтгүй зүйлсэд дургүй бол хүүхэдтэй болсны дараа бүх зүйл орвонгоороо эргэнэ гэдгийг санаж байх хэрэгтэй. Хүнсний дэлгүүр “дэгдээд” буцаж орж ирээд хиртэй хувцсаа угаалгын машинд эргэх зуур хүүхдийнхээ тоглоомыг цэгцэлж дуусаад эргээд харахад зуур бяцхан үр тань хоолоо асгаж, хувцсаа бохирдуулсан байхыг олж харна.
Эсвэл бүх хувцсаа өмсөөд гадагшаа гарахдаа хүүхдийнхээ угж эсвэл хамгийн хайртай тоглоомыг мартсанаа санаад гэрийн зүг харайлгах болно. Гэхдээ сайн мэдээ гэвэл хүүхдүүд үргэлж нялхаараа байхгүй.
02
Та бүрэн өөрчлөгдөх болно
Эцэг, эх болж нойргүй шөнүүдийг өнгөрүүлсний дараа та бүхэлдээ огт өөр хүн болон хувирч магадгүй. Таны бүх анхаарал халамж зөвхөн тэр бяцхан хүний төлөө л зориулагдах болно. Түүний төлөө дуртай хоолноосоо татгалзаж, зарим зуршлаа өөрчлөх шаардлага тулгарна. Гэхдээ үргэлж эерэг өөрчлөлт байх болно гэдэгт битгий эргэлзээрэй.
- Эрүүл хооллолтыг чухалчилж үзнэ. Урьд нь анзаардаггүй байсан бол идэх уух зүйлсийнхээ орц найрлагыг анхаарч үздэг болно.
- Эхнэр/нөхөртэйгөө харилцах харилцаа өөрчлөгдөнө. Бүхнийг өөрсдийнхөө тав тухын төлөө хийдэг байсан бол хамтдаа бяцхан үрийнхээ төлөө зүтгэдэг болно. Бас бие биенээ улам сайн таньж мэднэ. Зарим нэг сул талуудыг нь ч хүлээн зөвшөөрнө.
- Хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн киноны дуу, дүрүүдийг маш сайн мэддэг болно.
- Чөлөөт цаг гэж гарахгүй.
- Илүү хөгжилтэй бас бүтээлч болно. Бяцхан үрдээ зориулж хүүхдийн дуу дуулж, зураг зурж сурна.
- Төсөөлж ч байгаагүй их хайраар хэн нэгнийг хайрлаж болдгийг мэдээд өөрөө ч гайхах болно.
- Ээж, аавыгаа илүү их ойлгож, хайрладаг болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.