Хүүхэдгүй бүсгүйчүүдийн бусдад хэлэхийг хүсдэг 10 зүйл
Үр хүүхэд гэдэг бурхнаас заяасан бэлэг. Гэвч хэчнээн хүсээд ч бурхны бэлгийг хүлээж авах хувьгүй бүсгүйчүүд олон бий. Бас хүүхэдтэй “зууралдаж” гэртээ суухын оронд өөрийн дураар явахыг илүүд үздэг хүмүүс ч бий. Аль аль нь тухайн хүний хувийн асуудал учир яагаад хүүхэдтэй болохгүй байгаагаа бусдад тайлбарлаж суух шаардлагагүй. Тиймээс “Хурдан хүүхэдтэй болооч. Оройтлоо” гэх зэргээр бусдын амьдралд хошуу дүрэх нь тун бүдүүлэг үйлдэл билээ. Бусдын шалгаасан эсвэл буруутгасан хандлагаас болоод маш олон бүсгүйчүүд дотроо бухимдах нь бий. Ямартай ч хүүхэдгүй эмэгтэйчүүд бусдад дараах үгсийг хэлэхийг хүсдэг байна.
Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхгүй байх олон шалтгаан бий. Ямар ч асуудалтай бай тэр бол хэнд ч хамаагүй зүйл. Хүн бүр өөрийн сонгосон замаар л явдаг. Тэгтэл “Яагаад?” гэж асуух нь маш бүдүүлэг хэрэг юм. Ялангуяа хүүхэдтэй болохыг хүсдэг ч эрүүл мэндийн асуудалтай бүсгүйчүүдэд энэ асуулт хүндээр тусдаг байна.
“Би одоо 37 настай ч хүүхэд төрүүлж байгаагүй. Нэг удаа бие давхар болсон ч хүүхдийн эцэг нь намайг орхиод явсан. Би ганц бие ээж болоход бэлэн байгаагүй. Бас хүүхэд ээж, аавтайгаа элэг бүтэн амьдрах ёстой гэж бодсон учир үр хөндүүлсэн”.
“Би хүүхэдтэй болохын тулд бүтэн найман жил эмнэлгээр явсан ч үр дүнд хүрээгүй. Би хүүхдэд их хайртай. Гудамжинд эсвэл найзуудынхаа хүүхэдтэй тоглож байгааг минь харсан хүмүүс надаас яагаад хүүхэдтэй болоогүй тухай минь асуудаг. Би уулзсан бүхэндээ эрүүл мэндийнхээ тухай уртаас урт түүх ярихыг хүсэхгүй байна”.
“Би хүүхдэд дургүй. Баастай живхтэй зууралдаж, шөнө нойроо хугаслан босохыг хүсдэг хүмүүсийг ойлгодоггүй. Хүүхдүүд бархиралдаж гүйлдэх нь надад маш төвөгтэй санагддаг. Тэгээд ч өдөр бүр 24 цаг бэлэн байдалд байх ёстой болно шүү дээ”.
Энэ бол хүүхэдгүй эмэгтэйчүүдийн хэлсэн үгс. Ийм гунигт түүх сонсохыг хүсэхгүй байгаа бол хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдээс “Яагаад?” гэж асуухаа л больчих.
09
Бид өрөвдмөөр хүмүүс биш
Зарим бүсгүйчүүдийн хувьд үр хүүхэд төрүүлж чадахгүй байна гэдэг хэзээ ч арилшгүй сэтгэлийн шарх болж үлдэх нь бий. Гэвч ихэнх хүүхэдгүй эмэгтэйчүүд хүүхдийн тухай яриаг тийм ч хүндээр тусгаж авдаггүй. Хүүхэд төрүүлээгүй байна гэдэг өрөвдүүлээд байх асуудал биш. Хүүхэдгүй эмэгтэйчүүд ууланд аялж, спортоор хичээллэж, маш бүтээлч амьдарч чаддаг.
“Намайг үр зулбаад удаагүй байхад найз маань хуримаа хийж, хүүхэдтэй болсон. Гэвч тэр надад хүүхдийнхээ тухай ярихаас зайлсхийх болсон нь анзаарагдсан. Би түүнд надтай хүүхдийнхээ хөлд орсон тухай, хамгийн эхэлж юу гэж хэлж хэлд орсон тухай хүссэн бүхнээ ярьж болно гэж хэлсэн. Миний үр зулбасанд хэн нэгэн буруугүй учраас аз жаргалтай байгаагаа надаас нуух шаардлагагүй” гэж нэгэн бүсгүй хэлжээ.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээгүй байлаа гээд бусдын хэл амны бай болох ёсгүй. Бусдын амьдралыг шүүмжилж суухын оронд хүүхдэдээ санаа тавь гэж зарим хүмүүст хэлмээр санагдах үе бий.
“Би хүүхэдтэй болохыг хэзээ ч хүсэж байгаагүй. Аз болж нөхөр маань ч надтай санаа нийлдэг. 20 настай байхад минь хүн бүр л “Хэзээ хүүхэдтэй болох гэж байна даа?”, “Найзууд чинь хүүхэдтэй болоод ирэхээр чи ч бас хүүхэдтэй болмоор санагдана даа”, “Чамд хүүхэдтэй болох хугацаа байна” гэж хэлдэг байлаа. 30,40 настай байхад хүмүүс “Хөгширлөө”, “Хурдан хүүхэдтэй болооч”, “Нөхөр чинь үр тогтоох чадваргүй юм уу?” гэж асуудаг байв. Энэ хүмүүст нөхрийн минь эрүүл мэнд болон миний хувийн амьдрал ямар ч хамаагүй шүү дээ. Тэгээд ч нөхөр бид хоёр аз жаргалтай амьдардаг” гэж 60 настай хүүхэдгүй эмэгтэй хэлсэн байна.
07
Хүүхэдгүй байлаа гээд хүүхдэд дургүй гэсэн үг биш
Зарим эмэгтэйчүүд хүүхэдтэй харьцахдаа гаргууд сайн байдаг. Олон дүү өсгөсөн эсвэл хүүхдийн төлөөх сайн дурын ажлуудад идэвхтэй оролцдог ч хүүхэдгүй бүсгүйчүүд бий. Тэднийг хүүхдэд хайргүй хүмүүс гэж хэлж болно гэж үү?
Зарим хүн зүгээр л хүүхэдтэй болох тохиромжтой үеэ хүлээж байж ч болно шүү дээ. Сэтгэл санааны хувьд бэлэн биш, эсвэл хүүхдээ сайн сайхан орчинд сэтгэл амар өсгөх хуримтлал үүсгэхээр зүтгэж байгаа ч юм билүү?
06
Намайг гадуурхах хэрэггүй
Олон хүн хүүхэдтэй болсныхоо дараа хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдалд хүүхэдгүй найзуудаа урихгүй өнгөрдөг байна. Хүүхэд төрүүлээгүй байлаа гээд нөхөрлөлдөө цэг тавих нь утгагүй хэрэг.
Зарим ах, эгч нар ч гэсэн нэг орой хүүхдээ харуулахдаа аюулгүй ажиллагаа, хүнсний аюулгүй байдлын тухай бүтэн хичээл заах нь бий. Хүүхэдгүй байлаа гээд таны хүүхдийг газтай ундаа, чипс, чихрээр хооллоод байхгүй нь мэдээж шүү дээ.
05
“Хүүхэдгүй” гэж зарлаад байх шаардлагагүй
Хүүхэд төрүүлэхгүй байна гэдэг нь ямар нэг зүйл дутагдсан гэсэн үг биш. Тиймээс “хүүхэдгүй, хүүхэд байхгүй” зэрэг үгсийг байн байн давтаад байх нь хэнд ч таатай сонсогдохгүй нь ойлгомжтой.
Тэгээд ч хүүхэдгүй байлаа гээд бусдаас онцгой гэсэн үг биш. Тиймээс хэдэн ч настай хүнийг хүүхэдгүй байлаа гээд “эвэртэй туулай харсан юм шиг” гайхаж, бусдад хачирхан ярих хэрэггүй.
04
Битгий бүдүүлэг зан гарга
Хүмүүс хүүхэдгүй эмэгтэйчүүдтэй өөрийн мэдэлгүй бүдүүлэг харьцах нь бий.
- Чи яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ?
- Хүүхэд бол бурхны бэлэг
- Хөгшрөөд яана аа!
- Дараа харамсав даа!
- Хүүхэд төрүүлж чадахгүй бол өргөөд авчихвал яасан юм бэ? гэх зэргээр хүний хувийн амьдралд хэт их хошуу дүрдэг байна.
03
Байнга хүүхдийн тухай ярих хэрэггүй
Мэдээж хүүхдүүд бол хамгийн өхөөрдөм, сэтгэл татам сахиусан тэнгэрүүд. Хэдий тийм ч гэсэн бусдыг залхтал хүүхдийнхээ тухай ярих хэрэггүй.
Амьдрал баялаг шүү дээ. Маш олон ярилцах сэдэв байхад яагаад заавал бидэнд байхгүй тэр зүйлийн тухай бүтэн оройжин ярилцах ёстой гэж? Бяцхан үрийнхээ зүрхний цохилтыг анх сонссон мөч, цэцэрлэг дээрээ тэмцээнд түрүүлсэн тухай сайхан түүхийг бид дуртайяа сонсох болно. Гэвч жирэмсний хордлогын хүнд үеүд, хүүхэд тань цэцэрлэг дээрээ дүрсгүйтсэн тухай, шөнө дунд сэрээгээд ус уумаар байна гэж хэлдгийг нэг бүрчлэн ярих шаардлагагүй.
02
Хүүхэдгүй байна гэдэг нь үргэлж завтай гэсэн үг биш
“Чи хүүхэдгүй байж юундаа яарсан юм бэ?”, “Эрх чөлөөтэй гоё юм аа” гэж хүүхэдтэй эмэгтэйчүүд хэлдэг. Зөвхөн хүүхэдтэй хүн л завгүй байдаггүй шүү дээ.
Хүүхэдгүй эмэгтэйчүүдэд ч гэсэн болзоонд явах, хуралд суух гээд “арагшаа” яарах олон шалтгаан бий.
01
Эрүүл мэндийн тухай асуух хэрэггүй
Нөхөр чинь үр тогтоох чадваргүй юм уу? Чи хүүхэд тээж чадахгүй юм уу? Та хоёр үр шилжүүлэн суулгах тухай сонирхож үзсэн үү? Ийм зүйлийг хэзээ ч, хэзээ ч битгий асуу.
Бидний эрүүл мэндийн асуудал зөвхөн өөрсөд маань л хамаатай хэрэг. Хүүхэдтэй болохыг хүсвэл хэнд хандаж, ямар зөвлөгөө авахаа мэдэхгүй хосууд гэж бараг л байхгүй болов уу? Тиймээс та эмч байсан ч өөрөөс тань зөвлөгөө хүсээгүй тохиолдолд ийм зүйл асууж бусдыг ч өөрийгөө ч эвгүй байдалд битгий оруулаарай.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.