Арав.мн

Дэлхийн хамгийн залуу 10 эмэгтэй тэрбумтан

Дэлхийн хамгийн залуу 10 эмэгтэй тэрбумтан

Тэрбумтан гэхээр ихэнх хүмүүсийн толгойд буурал үстэй, нас тогтсон эрчүүдийн төрх бууж магадгүй. Харин бид та бүхэнд залуухан эмэгтэй тэрбумтнуудын тухай мэдээ хүргэхээр бэлтгэлээ. Дэлхий дээр ойролцоогоор 1500 орчим тэрбумтан байдаг ч үүний ердөө 10 орчим хувь нь л эмэгтэйчүүд байдаг байна. Энэ 10 хувь дотор өв залгамжилсан, өөрийн хөлс хүчээр баяжсан салбар салбарын эмэгтэйчүүд бий. Эдгээр эмэгтэйчүүдээс хамгийн их хөрөнгөтэй эмэгтэйчүүдийн тухай сонирхоцгооё.


10

Дона Бертарелли $4.7 тэрбум

Швейцарийн бизнес эрхлэгч Дона Бертарелли нь 1968 онд төрсөн бөгөөд гэр бүлийнхээ биотехнологийн Серено компаний мэргэжлийн үйл ажиллагаа, олон нийттэй харилцах албаны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Компани нь 2007 онд $9 тэрбумаар зарагджээ. Мөн Дона Бертарелли нь тэнгис хамгаалал болон амьдралын шинжлэх ухаан судлалаар мэргэшсэн Бертарелли сангийн ерөнхийлөгчийн албыг хашдаг байна.  


09

Маргаритай Луи-Дрейфус $5.3 тэрбум

Манай гарагийн хамгийн баян хатагтай нарын нэг Маргарит Луи-Дрейфрус нь Орост төрсөн бөгөөд асрамжийн газарт өсчээ. Маргарит өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үлэмж том Louis Dreyfus Holding-н удирдах албан тушаалтан болохоосоо өмнө компьютерийн сэлбэг хэрэгсэл худалддаг байсан аж. Мөн тэрбээр Францын Olympique Marseille  хөлбөмбөгийн багийг эзэмшдэг байна.


08

Мария Бесниер Бовалот $5.8 тэрбум

Мария Бесниер Бовалот нь 1980 онд Францад төрсөн бөгөөд өвөг эцэг Андрей Бесниер нь сүүн бүтээгдэхүүний Бесниер Групын үүсгэн байгуулагч юм. Мариягийн эцэг Майкл Бесниер компанийхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэрийг нь Lactalis болгон өөрчилжээ. Мария 38 настайдаа хоёр ахынхаа хамт компаниа удирдах болсон байна.  Түүний компаний гаргадаг President brie бяслаг маш алдартай билээ.


07

Жоу Чунфэй $8.5 тэрбум

Хүнд хэцүү хүүхэд насыг туулсан ч өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон Жоу Чунфэй нь 1970 онд төржээ.  Тэрбээр Apple, Samsung, LG, Microsoft, Nokia компаниудад ухаалаг утасны дэлгэц нийлүүлдэг Lens Technology компаний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал бөгөөд БНХАУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм.


06

Фрейдриксений ихрүүд $9.7 тэрбум

Фрейдриксений өв залгамжлагчид болох ихэр эгч дүүс Катерина, Сесиль нар эцгийнхээ хэдэн тэрбум долларын ашигтай газрын тос болон тээврийн бизнест тусалдаг аж. Тэдний гэр бүл Нэгдсэн Вант Улсын хамгийн баян гэр бүлүүдийн нэг бөгөөд ихрүүд Европт өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй хувцас загварын салбарт ажилладаг байна.


05

Рошни Надар Малхотра $14.6 тэрбум

Рошни Надар Малхотра нь өндөр боловсролтой, гайхалтай чадварлаг эмэгтэй юм. Тэрбээр HCL Technology компаний үүсгэн байгуулагч Шив Надарын ганц охин бөгөөд 1982 онд төржээ. Рошни Надар Малхотра нь HCL Technology компаний ТУЗ-ын дарга, HCL корпорацийн СЕО, гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн Шив Надар санг санхүүжүүлдэг төдийгүй өөр төрөл бүрийн байгууллагын тоо томшгүй олон ажил түүний гараар дамждаг аж.


04

Ваниша Миттал $19.6 тэрбум

Ваниша Миттал нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч Arcelor Mittal компаний захирал, СЕО Лакшми Митталын охин юм. Тэрбээр 1980 онд төрсөн бөгөөд Лондонд боловсрол эзэмшжээ. Ваниша болон түүний нөхөр бизнес эрхлэгч Амит Батиа нарын сүр дуулиантай тансаг хурим бараг 7 хоног үргэлжилсэн бөгөөд 60-70 сая ам.доллар зарцуулсан нь хамгийн өндөр зардалтай хуримын тоонд ордог байна. 


03

Абигейл Пиерпонт Жонсон $19.8 тэрбум

Абигейл Пиерпонт Жонсон бол дэлхийн хамгийн баян төдийгүй хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр 1961 онд төрсөн бөгөөд Fidelity Investment корпорацийн ерөнхийлөгч, СЕО төдийгүй Fidelity International компаний захирлын албыг хашдаг байна. Мөн Committee on Capital Markets Regulation байгууллага, Securities Industry and Financial Markets холбооны гишүүн бөгөөд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Financial Services Forum компаний анхны, цорын ганц эмэгтэй гишүүн юм.


02

Сюзанне Клаттен $25,6 тэрбум

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, Германы хамгийн баян эмэгтэй Сюзанне Клаттен 1962 онд төрсөн бөгөөд автомашины BMW компаний өв залгамжлагч юм. Тэрбээр компанийхаа 19,2 хувийг эзэмшдэг байна. Мөн тэрбээр дэлхийд алдартай эм болон химийн корпораци болох Altana AG-н хувьцаа эзэмшигч аж. Түүнчлэн салхины эрчим хүч, хөрсний нэмэлт, нүүрс, бал чулуу үйлдвэрлэгч зэрэг олон компаниудтай хатран ажилладаг байна.


01

Жоржина Блумберг $51.8 тэрбум

Нью-Йорк хотын хуучин захирагч, бизнес эрхлэгч, зохиолч Майкл Блумбергийн охин Жоржина Блумберг нь 1983 онд төржээ.  Тэрбээр морин спортын мэргэжлийн тамирчин, энэрэнгүй үзэлтэн бөгөөд залууст зориулж хэд хэдэн зохиол хэвлүүлж байсан аж. Түүний хийсэн сайн үйлсийн ихэнх нь морь болон амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн байдаг байна. 


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Яг өөрийнхөө хүчээр баяжсан залуу эмэгтэй тэрбумтнуудын эхний 10-т нь бараг 6 7 Хятад хүүхэн байдаг байх шүү.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start