Арав.мн

Наймаалж супер гэдгийг батлах 10 баримт

Наймаалж супер гэдгийг батлах 10 баримт

Наймаалж цэнхэр цустай, гурван зүрхтэй, найман тэмтрүүлтэй бөгөөд олон зуун жилийн турш далайн аймшигт мангас хэмээн уран зохиол, кино урлагт дүрслэгдэж ирсэн билээ. Гэхдээ тус амьтан энэ гариг дээрх хамгийн гайхамшигтай, бас ухаантай амьтан болохыг дараахь 10 жишээгээр харуулъя.


10

Тэд хуурай газар дээр ч ан хийж чадна

Наймаалж нь загастай адилхан заламгайтай. Тэгэхээр амьсгалахын тулд усан доор байх шаардлагатай байдаг. Гэхдээ зарим төрлийн наймаалж газар дээр гарч ирэн хавч агнаж чадахуйц удаан хугацаагаар уснаас гарч ирж чаддаг. Тэр бүү хэл аквариумаасаа гарч өрөөний нөгөө буланд байгаа аквариум дахь загасыг барьж идсэн тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн байдаг. Бүр аквариумаасаа гарч зугтан далай руугаа орсон тохиолдол хүртэл байжээ. Шинэ Зеландын Инки хэмээх наймаалж шилэн хоргоныхоо жижигхэн завсраар гараад далайд цутгадаг усны хоолойгоор зугтсан байдаг аж. Мөн улсад Сид гэх наймаалж хэд хэдэн удаа зугтах оролдлого хийж байжээ. Нэг удаа 5 өдрийн турш цоргоны доор нуугдсан байсан бол нэг удаа шалан дээгүүр хурдалж байгаад баригджээ. Дахин хоёр удаагийн оролдлогын дараа Сидийг далайд нь тавьсан байдаг. Гэхдээ наймаалж яаж ийм удаан усгүй амьсгалж чаддаг юм бол?Үүний учир нь гэвэл наймаалжны арьс нойтон л байвал арьсаараа дамжуулан хүчилтөрөгч авах чадвартайд оршино. 



09

Тэд зэвсэг хэрэглэж, зөөврийн байшин үүрч, цайзад нуугддаг

Зарим төрлийн наймаалж дунгийн яс, хясаа, наргил модны самрын хальс зөөж явдаг байна. Тэднийгээ далайн ёроолоор маш хол зайд ч үүрээд явах бөгөөд аюул заналхийлмэгц дотор нь орох, эсвэл наргил модны самрын хоёр том хагасыг гадуураа нийлүүлэн барьж дайснаасаа нуугддаг. Мөн зөөврийн нуувч дотроо өөрийн ангаа хүлээх нь ч бий. Мөн наймаалжнууд чулуу, хясаа, саваа ашиглан өөрийнхөө үүрний амсрыг хамгаалж, нэг ёсны цайз барьдаг. Үүнийгээ хийхдээ зүгээр нэг тааралдсанаа ашиглахгүй бөгөөд яг тохирсон хэмжээтэйг нь олох гэж хэдэн цаг зарцуулж байгаа нь ажиглагддаг.

Энэ хангалттай хачирхалтай санагдахгүй байгаа бол зарим наймаалжны зүйл зэвсэг хэрэглэдэг байна. Зөөлөн нялцгай биетэй уг амьтан дайсан руугаа чулуу шиддэг бол зарим нь бүр хамаагүй өндөр зэрэглэлийн зэвсэг хэрэглэдэг. Тухайлбал, 4 метр урт болдог “долоон-гарт” наймаалж далайн залхагны их биеийг нь идчихээд хортой тэмтрүүлийг нь унжуулж явдаг ба дайснаас биеэ хамгаалах, мөн илүү тэжээллэг хоол олохдоо ашигладаг аж. Мөн хөнжилөн наймаалж маш хортой Португалийн залхагийн тэмтрүүлийг салган авч өөрийнхөө урд 4 хөлнийхөө хөхөгч дээр нэг бүрчлэн нааж явдаг юм байна.




08

Тэдний бэлэг эрхтэн үнэхээр этгээд

Наймаалжны бэлгийн амьдрал үнэхээр хачирхалтай. Өмнө нь дурсанчлан “долоон-гарт” наймаалжны эмэгчин нь 4 метр хүртэл урттай болдог бол эрэгчин нь хамгийн томдоо ердөө 30 см урт байдаг. Ихэнхи тохиолдолд ердөө 1 см урт байна. Энэ асар том зөрүүг арилгахын тулд уг наймаалж маш том хектокотилус (сперм дамжуулах гар)-тай болсон байданг. Энэ нь 2 см урт болдог. Мэдээж энэ нь тийм том санагдахгүй байж болох ч эрэгчин амьтны бие 1 см гэж бодохоор өөрийн биеэсээ 2 дахин том эрхтэнтэй гэж төсөөлөөд үзээрэй. “Хетокотилус” гэдэг үг нь “100 хөхөгчтэй өт” гэсэн утгатай ба 1829 онд Францын амьтан судлаач хүн үүнийг эмэгчин наймаалжны биеэс олоод шимэгч хорхой гэж бодсонтой холбогдуулан өгсөн нэр юм.

Мөн зарим зүйл наймаалжид “хөвчрөх” эд байдаг бөгөөд нялцгай биет амьтад дундаас ганцхан наймаалжных ингэдэг болох нь тогтоогдоод байна. Тэд энэ эрхтнээ эмэгтэй дотроо хийн үрийн шингэнээ шахдаг бол зарим төрөл нь бүр түүнийгээ таслан үлдээдэг аж.


07

Үржил = Үхэл

Наймаалжны хувьд үржлийн үйл ажиллагаа эрэгчин, эмэгчин ялгаагүй үхлийн аюултай. Эмэгчин наймаалж нь эрэгчинээ үржлийн дараа барьж иддэг ба идүүлээгүй үлдсэн эр наймаалж өтлөлтийн төлөвт шилждэг байна. Хоол идэхээ больж, жингээ маш хурдан алддаг. Мөн арьс нь өнгө алдаж, цайж нурах ба энэ нь эдгэрдэггүй. Үүний дараа зүг чигээ алдан махчин амьтны хялбар хоол болох бөгөөд хэн нэгэнд идүүлэхгүй бол мөлхсөөр эрэг дээр гарч ирж үхдэг байна.

Эмэгчин наймаалжны үхэл хамаагүй удаан үргэлжилнэ. Эхлээд өндөглөх аюулгүй газар хайж олох ба хэдэн мянган өндөг гаргаад тэндээ зогсоо зайгүй цэвэрлэгээ хийж, өндөгнүүдээ халамжилна. Энэ хугацаанд ээж наймаалж юу ч идэхгүй ба хэдэн сар үргэлжилсэн нөр их ажлын дараа өлсөж үхдэг байна. Хамгийн урт хугацаанд үргэлжилсэн үржлийн тохиолдол бүртгэгдсэн байдаг нь 4 жил гаруй удаан үргэлжилсэн байжээ. Судлаачид 2007 оны 5-р сард 1400 метрийн гүнд өндгөө халамжилж буй эмэгчин наймаалж олсон бөгөөд тодорхой давтамжтайгаар хэд хэдэн удаа ирж шалган эх наймаалжны бие хэрхэн цонхийж, муудсаар байгааг тэмдэглэж авсан байна. Тэд 2011 оны 9-р сард хамгийн сүүлд харсан бөгөөд дараагийн удаа хагарсан өндөгний хальснаас өөр юу ч үлдээгүй байжээ. Өндөг хагармагц эх наймаалж заламгайнаасаа ус цацаж зулзагануудаа далай руу түлхэн гаргадаг аж. Үүний дараа тэр юм ч идэлгүй, сэлсээр бусдын хоол болдог байна. 


06

Сээр нуруугүй ч “ухамсарт амьтан” статустай

Ухамсарт амьтан гэх статустай цорын ганц сээр нуруутан бус амьтан бол наймаалж. Энэхүү статусыг 2012 оны 7-р сард өгсөн байдаг. Үүний дараа 2013 онд тус амьтан Европын холбооны “Шинжлэх ухааны зорилгоор ашигладаг амьтдыг хамгаалах” зорилтын хүрээнд албан ёсоор хамгаалагдах болжээ. Уг актаар хамгаалагдсанаар ямар нэг өвчин, зовлон, хямрал учруулах цаашдын амьдралд нь нөлөөлөхүйц гэмтэл учруулах хол тодорхой журмыг заавал мөрдөх ёстой юм байна. Тухайлбал, байгаль дээрээс наймаалжийг барих бол түүнд өвчин, зовлон учруулахгүй байхуйц аргаар барих, баригдсаны дараахь гэрэлтүүлгийн нөхцөл нь байгаль дээрх амьдрах орчинтой нь ижилхэн байлгах ёстой. Ийм төрлийн амьтанг өдөр бүр зовж, шаналж байгаа эсэхийг нь нягталж үзэх ёстой ба ямар нэг туршилт хийх гэж байгаа бол өвчин намдаалт ашиглахыг шаарддаг. Харин устгалд оруулах тохиолдолд аль болох хүнлэг байдлаар амийг нь таслах ёстой юм байна. 


05

Тэд галт уул дэлбэрэхийг урьдчилан мэддэг

Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын нэг оршдог Стормболи арал сүүлийн хэдэн мянган жилийн турш 20-30 минут тутамд халуун лаав гадагшлуулдаг байна. Өөрөөр хэлбэл ойр орчмынх нь амьд организмууд байнгын эрсдэлд амьдардаг гэсэн үг. Гэхдээ наймаалжнууд дэлбэрэлт болохын өмнөхөн л зугтчихдаг болохыг ажигласан байна. Үүний шалтгааныг наймаалжны сонсголтой холбон тайлбарлаж болно. Тэдний сонсгол маш өндөр хөгжсөн ба халуун лаав цацагдахаас өмнө сонсоод зугтаж чаддаг аж. Дэлбэрэлт зогссоны дараа эргэн ирж, үхсэн амьтдын сэгээр хооллодог байна.

Өмнө нь эрдэмтэд наймаалжийг дүлий гэж боддог байсан бол өдгөө дүлий биш төдийгүй маш сайн сонсголтой ба хэт чанга чимээ наймаалжийг гэмтээх, зарим тохиолдолд үхлийн аюултай болох нь тогтоогдсон аж.


04

Тэдний гар бол жинхэнэ гайхамшиг

Наймаалж “тэмтрүүлгүй”. Харин тэднийг “гар” гэж нэрлэдэг. Суман наймаалж найман гартай ба хоёр тэмтрүүлтэй бол энгийн наймаалж найман гартай, тэмтрүүлгүй юм байна. Хэдийгээр тэмтрүүл нь гар шиг харагддаг бөгөөд үзүүртэй хөхөгчтэй байдаг бол гар нь бүхэлдээ хөхөгчөөр бүрхэгдсэн байна. Нэг гарт 200-300 хөхөгч байрладаг ба тус бүр бусдаасаа хамааралгүйгээр ажилладаг. Хэрэгтэй бол бүгд нэгэн зорилгын төлөө ажиллаж, орчин тойрноо үнэртэж, амтлах чадвартай. Наймаалжны гар хэзээ ч хоорондоо орооцолддоггүй. Мөн хэзээ ч өөр дээрээ наалддаггүй. Гар нь тасарсан бол бүтэн цагийн турш хөдлөх ба энэ хугацаандаа эх бие, эсвэл бусад гартайгаа наалддаггүй, зуурдаггүй. Түүнчлэн тасарсан гартаа амьд наймаалж огт хүрдэггүй төдийгүй тасархай мөчөө амандаа хийн эдгээх гэж оролдож байгаа нь ажиглагддаг. Гэхдээ бусад наймаалжны тасарсан мөчийг иддэг. Мөн өөрийнх нь гарны арьсыг нь хуулчихвал асуудалгүй иддэг байна.

Энэ хангалттай сонин биш байгаа бол тэд гараа эргүүлэн ургуулах чадвартай гээд боддоо. Ердөө нэг өдрийн дотор шарх нь бүрэн эдгэрч, хэдэн сарын дотор гар нь бүрэн ургадаг байна.


03

Хамгийн ухаантай амьтдын нэг

Наймаалж бол асар ухаантай амьтан гэдгийг дийлэнхи уншигчид маань сонссон байх. Тэд хүүхдээс хамгаалсан савыг онгойлгох, дүрс бичиг таних, ажиглалтаас сурах, оньс тайлах чадвартай. Мөн хүнийг хооронд нь ялгах ба тэр хүн нь өөрт нь таалагддаг, эсвэл дургүй гэдгээ илэрхийлж чаддаг. Эдгээр олонд танигдсан чадвараар наймаалжны ухаан хязгаарлагдахгүй.

Наймаалжны тархи нь гурван үндсэн хэсгээс бүрдэг ба 500 сая мэдрэлийн эстэй. Төв тархи нь хоолойг нь ороож байрладаг ба 50 сая эстэй бол хоёр дахь нь нүднийх нь ард байх бөгөөд 80 сая эстэй. Үлдсэн хэсэг нь ганглиа гэх хэсгүүдэд байрлана. Ганглиа нь найман ширхэг байх бөгөөд тус бүр нэг хөлөнд нь байдаг. Ингэснээр гар бүр өөрийнхөөрөө ажиллаж, өөрийгөө удирддаг. Ерөнхий тушаалыг төв тархинаас өгч, бусад нь гүйцэтгэдэг. Ийм учраас наймаалжийг найман тархитай гэж ярьдаг юм байна.



02

Өөрийн генд өөрчлөлт оруулж чадна

Наймаалж өөрийнхөө генийг өөрчилж чаддаг байна. Энэ үзэгдлийг РНХ-гийн өөрчлөлт гэж нэрлэдэг. Бусад амьтад ДНХ дэх мэдээллийг ашиглан уураг бий болгоход ашигладаг бол энэ процесст дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг РНХ нь үүргээ яг таг биелүүлж, дамжуулдаг байна. Харин наймаалжны РНХ нь ирсэн мэдээллийг өөрчилж чаддаг байна. Эрдэмтдийн үзэж буйгаар ингэж өөрчлөх нь орчин тойрондоо илүү зохицоход тустай юм байна. 


01

Амьтны ертөнц дэх хамгийн гайхамшигтай арьс

Наймаалж бол өнгөлөн далдлалтын жинхэнэ мастер. Хамелеон гүрвэл өнгөө сольдог бол наймаалж бараг бүхэлдээ өөрчлөгдөж чадна. Тэд ургамал, хад чулууны хэлбэрт орохоос гадна махчин амьтдын идэх дургүй далайн амьтан болон жүжиглэж чадна. Энэ арга нь бүтэхгүй бол наймаалж бэх цацдаг. Тэр бэх нь харин олон тэмтрүүлтэй наймаалж мэт дүрстэй болох бөгөөд араатан амьтан будилж, бэх рүү нь дайрах үед наймаалж хэдийнээ эсрэг зүг рүү нь зугтаж байдаг.

Гэхдээ наймаалжны хамгийн шилдэг хамгаалалт нь бол өнгөө хувиргадаг арьс нь юм. Наймаалжны арьс олон өөр өнгө болох бөгөөд хэлбэр дүрсээ өөрчилж, хормын дотор арьсаа барзгар, товгор, эсвэл гөлгөр болгож чаддаг. Ингэснээр орчин тойрондоо бараг л үл үзэгдэгч болдог байна. Арьс нь мянга мянган өнгөө сольдог хроматофор гэх эстэй бөгөөд тэдгээр нь тус бүр олон өнгийн пигмент агуулдаг. Хачирхалтай нь эрдэмтэд наймаалжийг өнгө ялгадаггүй гэдэгт бараг л итгэлтэй байдаг бөгөөд эс нь гэрэл ойлгох чадвартай тул ийнхүү өнгөө сольдог гэнэ. 



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Сонирхолтой, хэрэгцээтэй мэдээлэлд талархая...
+3
Очироо ахаа илүү сонирхолтой нийтлэл бичээрэй. Амжилт хүсье
+3
so nice
+3
+5
Наймалж бол хамгийн шилдэг амьтан мөн юм байна
+4
Минии мэдэхгүй зүйлийг минь олж өгч гэрийн даалгавраа хийхэд тусалсанд баярлалаа
+12
Ямар сайхан амьтан бэ?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start