Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 морь
Морин спорт бол хамгийн өндөр ашигтай спортын нэг мөнөөс мөн. Баян бизнесмэнүүд, улс төрчид, язгууртнууд гээд бүгд л морьтой ямар нэг байдлаар холбогдож байдаг бөгөөд энэхүү гайхалтай амьтдаас асар их мөнгө олж байдаг. Зөвхөн спортоос гадна үржүүлгийн бизнес ч мөн л ашигтай. Хамгийн үнэтэй зарагдсан 10 морьдын жагсаалтаас энэ салбарт ямар их мөнгө эргэлдэж байдгийг бид төвөггүйхэн харж болох юм. Тэдний зарим нь сайн наймаа болсон бол зарим нь зүгээр л мөнгөний гарз байсан аж.
10
Плавиус: 9.2 сая ам.доллар
2006 онд Godolphin Racing-ээс худалдаж авсан энэхүү аргамаг хүлгийг Арабын нэгдсэн Эмират улсын Дэд Ерөнхийлөгчийн эзэмшилж байсан юм. Харамсалтай нь Плавиус өөрийн үнийн пайз дээрх үнэдээ хүрэхүйц амжилт үзүүлээгүй. Нийт 18 удаа уралдсанаас 2 түрүүлж, 3 удаа шагналт байранд орсон бөгөөд нийт 41,572 ам.долларын орлого авчирсан байна. Хамгийн сүүлийн уралдаандаа 13 дугаар байранд л орсон байдаг.
09
Жалил: 9.7 сая ам.доллар
Цэвэр угшлын Америк адуу Жалил нь 2004 онд Кентаки мужид төрсөн ба 2006 онд мөн л Godolphin Racing компанид зарагдсан байна. Плавиустай нэг онд худалдагдсан Жалил нь арай дээр амжилт үзүүлсэн байдаг. Анхны уралдаанаа 2 настайдаа хийсэн боловч 6 дугаар байранд орсон нь морь сонирхогчдын өндөр хүлээлтэд хүрээгүй юм. Гэхдээ 2008 онд зодог тайлтлаа хэд хэдэн уралдаанд түрүүлсэн ба эзэддээ нийт 327,324 ам.долларын орлого оруулсан байна.
08
Снаафи Бүжигчин: 10.2 сая ам.доллар
Снаафи Бүжигчнийг Дубайн Эмирийн эзэмшдэг Aston Upthorpe Stud хэмээх үржүүлгийн компани дуудлага худалдаагаар 10.2 сая ам.доллараар худалдаж авсан нь тухайн үедээ хамгийн өндөр үнэд хүрсэн морь болж байжээ. Умардын Бүжигчин хэмээх маш алдартай морины удам тул түүнийг сайн ч уралдах ба цаашид мөн л үржүүлгийн зорилгоор ашиглахад их ашиг авна гэж бодсон хэрэг. Харамсалтай нь Снаафи нэг ч удаа уралдаж байгаагүй. Учир нь уралдуулах гэж хичээгээд ч хэрэггүй удаан адгуус байжээ. "Дайран дээр давс" гэгчээр бэртэл авч, нэг мөсөн зодог тайлсан байдаг. Үүн дээр нэмээд нөхөн үржихүйн систем нь асуудалтай байсан нь тодорхой болж, үржүүлэгт ч ашиглаж чадаагүй.
07
Мэйдан Сити: 11.7 сая ам.доллар
Дубайн Эмирийн цуглуулгадаа нэмсэн бас нэгэн хүлэг нь 2006 онд 11.7 сая ам.доллараар дуудлага худалдаагаар авсан Мэйдан Сити байлаа. Бас нэгэн үнэтэй худалдан авалт, бас нэгэн сэтгэл гонсойлгосон үр дүн. Мэйдан Сити 7 удаа уралдсан ч нэг ч түрүүлээгүй, карьерийнхаа хугацаанд ердөө 1,360 ам.доллар олсон байдаг.
06
Сиаттлын Бүжигжин: 13.1 сая ам.доллар
Ирланд гаралтай Сиаттлын Бүжигчин гэх энэхүү азарга нь тухайн үедээ хамгийн өндөр үнэ хүрсэн морины рекордыг эзэмшиж байв. 1971 онд Британийн гурвалсан титмийн тэмцээний ялагч Нижинскигийн удмын хүлэг Сиаттлын Бүжигчинд маш их найдлага тавьж байсан байна. Уралдсан жилүүддээ нийт 2 удаа түрүүлсэн бөгөөд үржүүлгийн азарга болоод илүү ашиг авчирсан аж. 1988 онд зодог тайлсаныхаа дараа ямар нэг тэмцээнд түрүүлж байсан 37 хүлгийн эцэг болсон байна. Амьдралынхаа турш 181,808 ам.доллар олсон ба 2007 онд зүрхний шигдээсээр таалал төгсчээ.
05
Паллоубет д’Халонг: 15 сая ам.доллар
Саадтай харайлтын төрөлд зарагдсан хамгийн үнэтэй морь бөгөөд дэлхийн хамгийн авьяаслаг харайлтын морьдын тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг 10 настай байхад нь Олимпийн наадмын алтан медальт Жан Топс 15 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Топс нь Катарын харайлттай үзүүлбэрийн дасгалжуулагч юм. Эхнэр Эдвинадаа бэлэглэхээр худалдаж авсан гэж олон хүн бодсон ч үнэндээ Паллоубет д’Халонгийг Катарын нэрийн өмнөөс тэмцээнүүдэд оролцуулах зорилготой байсан юм.
04
Ногоон Сармагчин: 16 сая ам.доллар
Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн дааганы рекордыг эзэмшдэг Ногоон сармагчин гэх энэхүү хүлэг нь домогт Умардын Бүжигчний удам юм. Харамсалтай нь ердөө гуравхан уралдаан хийгээд зодог тайлсан Ногоон сармагчин 10,440 ам.долларын орлого оруулсан байдаг. Зодог тайлсныхаа дараа Флорида мужид үржүүлгийн азарга болсон ба хээлтүүлэхэд 5000 ам.доллар төлөх шаардлагатай. Морин уралдааны түүхэн дэх хамгийн өндөр үнэд хүрсэн ч хамгийн ашиггүй наймаа болсон морьдын тоонд багтдаг.
03
Тотилас: 21 сая ам.доллар
Хамгийн өндөр үнэ хүрсэн Dressage буюу Гоёлын алхаа төрлийн морь юм. Голланд гаралтай Тотилас нь өөрийн төрөлдөө дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Тэмцээнүүдийн онооны рекордыг маш олон удаа эвдсэн, 90 онооноос дээш оноо авсан цорын ганц морь юм. Тотилас мөн Grand Prix Freestyle Dressage-ийн хамгийн өндөр оноог авсан. Тотилас болон түүнийг унадаг Эдвард Гал нар “морьдын ертөнцийн рок одод” хэмээгддэг байсан юм. 2011 онд Герман эзэнд 21 сая ам.доллараар зарагдсанаасаа хойш харамсалтай нь дорвитой амжилт үзүүлээгүй байдаг. Бэртэл авч, тэр бүү хэл шинэ эзэд болон дасгалжуулагчид нь түүнтэй зүй бус, хэрцгийгээр харьцдаг тухай шуугиж байсан.
02
Шарийф Бүжигчин: 40 сая ам.доллар
Уралдааны морины хувд Шарийф харьцангуй сайн үзүүлэлтэй буюу 3-1-0 амжилт гаргаж, 246,463 ам.доллар авчирсан байдаг. Түүнийг 1983 онд Дубайн Эмир 40 сая ам.доллараар худалдаж авч байжээ. Умардын Бүжигчний унага Шарийф нь үржүүлгийн азарга болоод 2 сая ам.долларын ашиг авчирсан байна. Түүний унагануудын дунд Дубайн Миллениум тэмцээний аварга бий.
01
Фусаичи Пегасус: 70 сая ам.доллар
Хамгийн өндөр үнээр зарагдсан Фусаичи Пегасус бол Кентакигийн Дэрбид 2000 онд түрүүлсэн алдартай хүлэг юм. Карьерийнхээ турш нийт 9 удаа уралдсанаас 6 түрүүлж, 2 хожигдсон ба эзэддээ 1,994,400 ам.долларын ашиг авчирсан байна. Зодог тайлсаных нь дараа түүний удмын унагатай болох гэж хүсэгчдийн тоо асар их байв. Цэвэр цусны азарга Пегасусыг Coolmore Stud гэх үржүүлгийн компани 70 сая ам.доллараар худалдан авч, нийлүүлгийн үнээ 150,000 ам.доллар хэмээн зарлаж байлаа. Гэхдээ энэ нь тийм ч амжилттай болоогүй ба өдгөө Кентаки мужид 7000 ам.долларын ханштай үржүүлгийн азарга болоод байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.