Эрдэмтдийн ачаар мөхлөөс аврагдсан 10 амьтан
Хүн төрөлхтөн дэлхий дээр бий болсон цагаасаа хойш тоо томшгүй амьтныг мөхөлд хүргэсэн билээ. Зөвхөн сүүлийн 100 жилийн хугацаанд 500 гаруй амьтан хүнээс болж бүр мөсөн үгүй болсон аж. Хамгийн сүүлд л гэхэд энэ оны 3 дугаар сард дэлхийн хамгийн сүүлчийн эрэгчин цагаан хирс үхсэн билээ.
Гэхдээ хүмүүс хааяа ч гэсэн мөхлийн ирмэг дээр байгаа амьтдыг аварсан тохиолдлууд бий. Энэ жагсаалтаас та бүхэн эрдэмтдийн аварсан 10 амьтантай танилцаж, хүн төрөлхтөнд итгэх итгэлээ бага ч гэсэн нэмэгдүүлээрэй.
Алтлаг шар өнгөтэй, жижиг биетэй энэ мэлхий Панамын төв хэсэгт уулын горхинд амьдардаг байна. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн зүгээс устан үгүй болох аюулд учирсан амьтан хэмээн бүртгүүлсэн уг мэлхий амьдрах орчноо алдаж байлаа. Хүмүүс ой модыг устгаж, ус горхийг бохирдуулснаас гадна Төв болон Өмнөд Америкт тархсан хэвлээр явагчдын халдварт өвчнөөс болж тус бүс нутагт буй нийт хэвлээр явагчдын гуравны нэг нь устах аюулд орсон юм.
Халдварт өвчний тархалт маш ноцтой байсан ба эрдэмтэд үүнийг “хамарсан амьтны төрөл зүйлсийн тоог авч үзвэл урьд хожид байгаагүй хамгийн аймшигтай тахал” гэж нэрлэж байв. Ийнхүү 2006 онд зэрлэг байгальдаа амьдарч буй алтан мэлхий их хэмжээгээр хорогдож байгааг ажигласан эрдэмтэд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, тэднийг тусгаарлагдсан орчинд үржүүлж эхэлжээ. Өдгөө байгаль дээр алтан мэлхий бараг байхгүй болоод байгаа ч нөр их ажлын үр дүнд удалгүй энэ амьтан гол горхиндоо эргэн ирэх боломжтой болоод байгаа юм.
09
Беллингер голын яст мэлхий
Беллингер голын яст мэлхий Шинэ Өмнөд Уэльс (Австрали) дэх Беллингер мөрөнд ердөө 60-хан километр газарт тархан амьдардаг юм. Хүмүүс энэ бүс нутагт анх Европ үнэгийг авчирснаас болж уг яст мэлхий устах аюулд орсон байна. Үнэг уг яст мэлхийнээс гадна Муррей голын яст мэлхийг хүнсэндээ хэрэглэх маш дуртай болсон юм. Гэхдээ үүнээс гадна 2015 онд яст мэлхийнүүдийн дунд үл мэдэгдэх өвчин тархсан нь тоо толгойг нь асар ихээр багасгасан аж.
Ердөө хоёрхон сарын дотор Беллингер голын яс мэлхий бараг байхгүй болов. Эрдэмтэд цаг алдалгүй арга хэмжээ авч, голоос өвчлөөгүй 17-хон яст мэлхийг барин үржүүлж эхэлсэн юм. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд эрүүл яст мэлхий тааралдвал барьж, авчирч өгөх замаар тэднийг хамгаалах ажлыг дэмжих уриалга гаргажээ. Байгаль хамгаалагчдыг ч төрөөс сайн дэмжсэн ба энэ амьтныг устах аюулаас хамгаалж чадсан юм. Гэхдээ өмнө нь байсан тоо толгойд хүргэж, цаашид устах аюулгүй болтлоо үржихүйц нөхцлийг бүрдүүлэх хүртэл хийх ажил их байгаа билээ.
Алтан арслан тамарин (дэлт шар сармагчин ч гэж нэрэлэдэг), хүмүүсийн дунд алтан мармосет нэрээр танигдсан энэхүү жижигхэн сармагчин Бразилийн Атлантын далай дагуух ширэнгэн ойд амьдардаг. Гэвч ой модыг ихээр сүйтгэж буйгаас болж тэд амьдрах газаргүй болж, устах эрсдэлд оржээ. Байгаль дээр буй алтан мармосетууд Бразилийн зүүн өмнөд хэсгийн ойд гурван жижигхэн бүсэд хуваагдан амьдардаг ба тоо толгой нь 1981 онд 200 хүрэхгүй болтлоо буурсан байна. Ийнхүү байгаль хамгаалагчид 1980-аад оноос эхлэн яаралтай арга хэмжээ авч эхэлсэн агаад хүний оролцооны ачаар өдгөө 3200 болтлоо өсөөд байна.
Тэднийг байгальд эргүүлэн тавьсан явдал нь байгаль хамгаалагчдын ажлын хүрээнд ховор тохиолдох амжилттай түүх болсон юм. Эрдэмтэд хиймэл орчинд уг сармагчныг үржүүлж, өмнө нь амьдарч байсан газраас гадна Бразилийн ширэнгэн ойн бусад хэсгүүдэд аваачихад хангалттай тоо толгойд хүргэж чадсан билээ. Өдгөө байгаль дээр буй нийт алтан сармагчингуудын гуравны нэг нь зохиомлоор үржүүлэх хөтөлбөрөөс гаралтай. Одоо ч уг хөтөлбөрт нэгдсэн 150 гаруй амьтны хүрээлэнгээс уг сармагчныг байгальд нь буцаан тавьсаар байгаа аж. Гэхдээ тэдний амьдрах орчин өдрөөс өдөрт хумигдаж байгаа тул тэдэнд заналхийлж буй аюул хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Африкийн хамгийн том гөрөөс болох бонго нь дорнод болон өрнөдийн гэсэн хоёр сүрэг болон хуваагдан амьдардаг. Тивийн төв мөн баруун нутгийн уулархаг болон тал газарт хоёр хуваагдан амьдардаг уг амьтад мөн л мөхөх аюулд ороод байгаа юм. Өрнөдийн бонго “устан үгүй болоход ойр” гэсэн ангилалд орсон бол дорнодын бонго “мөхлийн ирмэг дээр буй” амьтан гэгдэж байв. Учир нь дорнодын буюу уулын бонго мод бэлтгэл, хулгайн анчдаас болж асар ихээр хорогджээ. Ийнхүү 2000 онд бонгыг аврах хөдөлгөөн өрнөж, ердөө 6 жилийн дотор харьцангуй их амжилт үзүүлсэн байдаг. Харамсалтай нь 2013 онд өмнөх амжилтууд хүмүүсийн буруутай үйлдлээс болж бараг үгүй болов.
Зэрлэг байгальд ердөө 100 толгой гөрөөс үлдсэний дараа тусгай үржүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж, уулын бонгыг устах аюулаас хамгаалж байгаа юм. Одоогоор энэ аюулыг зогсоогоод байгаа ч амьдрах орчныг нь илүү сайн хамгаалах замаар хийх ажил их байгаа билээ.
Калифорнийн тас бол дэлхий дээрх хамгийн урт насалдаг шувуудын нэг юм. Ойролцоогоор 60 насалдаг уг шувуу харамсалтай нь 1987 он гэхэд байгаль дээрээс устан үгүй болсон билээ. Хамгийн сүүлийн тасуудыг эрдэмтэд барьж, үржүүлэх ажлыг идэвхтэй хийж эхэлсэн гэдэг. Тухайн үед ердөө 27 шувууг барьж, Сан Диего дахь амьтны хүрээлэн болон Лос Анжелесын амьтны хүрээлэнд өсгөн үржүүлсээр 1990-ээд онд байгальд нь буцаан тавьсан юм.
Энэхүү сүрлэг шувууд тугалгын хордлого, амьдрах орчин хумигдсан явдал, хулгайн ан зэргээс болж аюулд өртсөн байсан бол өдгөө хуулиар хамгаалагдсан дархан цаазат амьтан болжээ. Калифорнийн тасыг байгальд нь буцаан тавьсан явдал амьтан хамгаалах оролдлогуудын хамгийн амжилттай түүхүүдийн нэг билээ. Одоо байгальд 446 тас амьдарч байгаа аж.
Арабын “ганц эвэрт” гэгддэг Араб ориксыг 1970 онд зэрлэг байгалиас устан үгүй болсон гэж бүртгэсэн байдаг. Аз болж цөөн тооны орикс амьтны хүрээлэнд байсан аж. Ийнхүү байгаль хамгаалагчид уг гөрөөсийг үржүүлж, байгальд нь дахин тавих зорилготой “Орикс ажиллагаа”-г эхлүүлэв. “Phoenix Zoo” болон Лондоны “Fauna and Flora Preservation Society” нар хамтран уг төслийг 1960-аад онд эхлүүснээр зөвхөн Финикс амьтны хүрээлэн дангаараа 240 гаруй төл хүлээн авч, 1980 он гэхэд байгальд нь тавьж болохуйц олон тооны орикстой болсон гэдэг. Оман, Саудын Араб болон Израильд цөөн тооны гөрөөсийг тавьсан ба өдгөө байгаль дээрх тоо толгой нь 1000 гаруй болоод байна. Мөн амьтны хүрээлэн, үржүүлгийн газруудад 6-7 мянган толгой орикс байгаа аж.
Прежевальскийн адуу буюу тахь нь 1966 онд байгаль дээр устан үгүй болсон гэж бүртгэгдсэн юм. Одоо хүртэл ховорд тооцогддог энэхүү гайхамшигтай амьтныг Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон Монголын эрдэмтдийн хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн ачаар онгон байгальд нь эргүүлэн нутагшуулаад байгаа билээ. Одоо байгаа бүх тахь нь 1945 онд барьсан 31 адууны 9-ийнх нь үр төл аж. Тэднийг тун амжилттай үржүүлж, төрөлх Монгол нутагт нь нутагшуулснаас хойш 2016 оны тооллогоор 2000 гаруй тахь бүртгэгдсэн байгаа юм.
Үүнээс гадна 1998 онд Чернобыльд тахь нутагшуулсан байна. Цөмийн цахилгаан станц дэлбэрснээс хойш энэ бүс нутгийг тусгаарласан ба хүний нөлөөллөөс хамгийн ангид газарт тооцогдох болоод байгаа билээ. Чернобыль дахь тахийн тоо толгой өссөөр байгаа бөгөөд цацраг идэвхийн хордлогод өртөөгүй гэж үздэг юм.
Дэлхий дээр буй ирвэсийн хамгийн ховор зүйл болох Амурын ирвэс нь хар зах дээр 1000 ам.долларын үнэ хүрдэг арьснаасаа болж хулгайн анчдын золиос болж, мөхлийн ирмэгт ирсэн амьтан юм. ОХУ-ын зүүн өмнөд хэсэг, Хятадын багахан нутагт амьдардаг энэ сүрлэг амьтныг байгаль дээр устан үгүй болсонд тооцоход ойрхон байжээ. 2015 он гэхэд ердөө 60 хүрэхгүй тооны ирвэс тоологдсон байдаг.
Хэдийгээр Амурын ирвэсийг хамгаалах, тоо толгойг нь сэргээх ажил 2007 оноос хойш хийгдэж буй ч хэт цөөн тоотой байгаа тул цус ойртох хэмжээний аюулд ороод байгаа аж. Түүнчлэн хүмүүсээс болж амьдрах орчин улам бүр хумигдсаар байгаа. Ямартай ч тэднийг хамгаалах ажлын үр дүнд 2011 оны байдлаар амьтны хүрээлэн, судалгааны төвүүдэд 173 ирвэс, харин 2018 оны байдлаарбайгаль дээрх тоо толгой нь 103 болж нэмэгдээд байгаа билээ. Мөхлөөс одоохондоо аварч чадсан гэж үзэж болох ч Амурын ирвэсийн төлөө илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаа юм.
АНУ-ын төрийн сүлд тэмдэг болох халзан бүргэд устан үгүй болох аюулд орсон байдаг гэхээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ устан үгүй болно гэдэг нь ганцхан тухайн амьтны төрөл зүйл ор мөргүй алга болохыг хэлдэггүй аж. Үүнд аливаа газар нутгаас алга болохыг хамруулан ойлгох хэрэгтэй. Тухайлбал, АНУ-д халзан бүргэд бараг байхгүй болох дөхсөн юм. Анх АНУ байгуулагдаж байх үед үржилд орох боломжтой зуун зуун мянган хос халзан бүргэд байсан бол 1950-аад он гэхэд энэ тоо ердөө 412 хос болтлоо буурсан гэдэг.
Үндэсний байгаль орчны холбоо 1984 онд халзан бүргэдийг устахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь ан агнуур гэж тайлбарлаж, мөн хортон шавжийн DDT гэх хорыг буруутгасан байдаг. Дээрх хоёр хүчин зүйлийг хуулиар хориглосноос хойш уг шувууны тоо толгой харьцангуй нэмэгдэх болжээ. Тэднийг хамгаалах ажил ч хүчээ авсаар 2006 он гэхэд АНУ-д 9789 хос бүргэд тоологдсон байна.
Ийнхүү халзан бүргэдийг 1995 онд албан ёсоор мөхлийн ирмэгт буй амьтдын жагсаалтаас татан авч, 2007 онд устах эрсдэлтэй амьтдаас хассан байдаг.
Дэлхий дээрх хамгийн том амьтад устах хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Тухайлбал, халим агнуураас болж халимын бүх төрөл аюулд өртөөд байгаа юм. Тэдний дундаас бөгтөр халим байгальд бараг үгүй болж, хүний оролцоогүйгээр тоо толгойгоо сэргээх боломжгүй байдалд орсон байдаг. Энэ эрсдлийг олж харсан улс орнууд 1966 онд хүчээ нэгтгэн халим агнуурын эсрэг хүчтэй арга хэмжээ авч чадсан билээ. Тухайн үед бөгтөр халимын тоо толгойн 90 хувь нь үгүй болж, ердөө 5000 орчим л тоологдсон байдаг.
Энэ жагсаалтад буй бусад амьтдаас ялгаатай нь 36 тонны жинтэй аварга том халимыг амьтны хүрээлэнд үржүүлэх ямар ч боломжгүй юм. Иймд уг халимыг агнуурын эсрэг гол анхаарлаа хандуулсан ба энэ ажил гайхалтай үр дүнтэй болсон байдаг. Өдгөө далайд буй уг халимын тоо 40 мянга орчим болтлоо өссөн билээ. Энэ тоо их мэт сонсогдож байгаа ч халим агнуураас өмнөх үетэй харьцуулахад ердөө гуравны нэг нь аж.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.