Амьтад “агшиж” байгаа тухай 10 баримт
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хоёр туйлын мөсөн гадарга хайлж, хэдэн зуун төрлийн ургамал, амьтан устаж үгүй болохын ирмэгт тулж, далай тэнгисийн ус бүлээцсэнээр шүрэн арлууд сүйдэж, цэвэр усны нөөц дундарсан гээд олон аюултай үзэгдэл болж буйг дэлхий нийтээрээ мэднэ. Харин амьтдын биеийн хэмжээ жижгэрч, давжаарч байгаа тухай тэр бүр ярьдаггүй. Энэхүү чимээгүй гамшиг, хувьсал өөрчлөлтийн талаар 10 баримт дэлгэе.
Хуурай газрын хамгийн том махчин амьтан болох цагаан баавгайн биеийн дундаж жин 400 кг агаад зарим нь бүр 600 орчим кг болтлоо өсдөг гэдэг. Гэтэл өнгөрсөн 20-иодхон жилийн дотор цагаан баавгай биеийн жингийнхээ 10 хувийг алдсан гэх судалгаа байна. Харин ертөнцийн нөгөө хязгаарт Борнео арлын гүргэм цэцгийн өнгөт тод шар хэвлийт нэгэн зүйлийн мэлхий 20-иодхон мм биетэй атлаа үүнээсээ ч жижгэрч байгаа гэнэ. Аляскийн шилүүс 1980-аад оны үеийнхээсээ 50 хувь, Шотландын зэрлэг ямаа 35 хувиар тус тус давжаарчээ. Цаа буга ч мөн өнгөрсөн 16 жилийн хугацаанд 12 хувиар жижгэрч, дундаж жин нь 55-аас 48 кг болсон байна. Энэ жагсаалт эцэс төгсгөлгүй мэт үргэлжилнэ.
09
Шалтгаан нь идэш тэжээлийн хомсдол
Уур амьсгалын өөрчлөлтөөс бол мэрэгчид, комодо гүрвэл тэргүүт хүйтэн цустнууд, мөн цөөн тооны шувуу, шавж хорхой л томорч байгааг эс тооцвол амьтны ертөнцийн бараг бүх амьд организм томоос дунд, дундаас жижиг, жижгээс өчүүхэн бага руу шилжин жижгэрч байна. Үүний шалтгаан нь тун энгийн. Хүнс тэжээл хэдий хомсдоно амьд биет төдий хэрээр жижгэрнэ, харин хүнс хэдий элбэгшинэ тэр хэрээр өсөж том болно.
Нэгэн түүхэн жишээ татахад одоогийн Хойд Америкийн төв хэсгээр нутаглаж байсан, өнөө цагийн адууны дээд өвөг сифруппус (Sifrhippus) гэх өвсөн тэжээлтэн анч нохой шиг хариугүй амьтан байлаа. Тэр үед буюу 56 сая жилийн тэртээ гариг дэлхий огцом халж, эдүгээ Палеоцен-Эоцений дэд галавын туйлын дулаарал гэгддэг хүндхэн үеийг туулж байж. Шалтгаан нь өнөө ч тодорхойгүй уур амьсгалын энэ гэнэтийн өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн дундаж хэм багаар бодоход есөн градусаар нэмэгдэж, агаар мандал нүүрстөрөгчөөр хахан, далай тэнгисийн ус исэлджээ. Энэ гамшигт үзэгдэлд дасан зохицохдоо сифруппус 120-хон мянган жилийн дотор биеийнхээ 30 хувийг “гээж”, ердөө перс муурны дайтай болсон гэдэг. Харин гариг дэлхий эргээд хүйтрэхэд тарга тэвээрэг нөөх байгалийн шалгарлаар биеийн хэмжээ нь буцаад 76 хувиар томорсон байна.
Энэ цаг үед дэлхийн уур амьсгал жилээс жилд дулаарч, 2100 он гэхэд жилийн дундаж температур одоогийнхоос зургаан градусаар нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймд 50 сая жилийн тэртээх амьтдын агших үзэгдэл давтагдаж буйд гайхах зүйлгүй юм.
“Nature Climate Change” сэтгүүлд тайлбарласнаар амьтдын давжаарах үзэгдэл нь ямар ч амьтанд байх амьд үлдэхүйн арга ухаан гэнэ. Итали, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг Италийн Сицил нутгийн эрэг дагуух галт уулын чулуурхаг хөрстэй газрын, өөрөөр хэлбэл хөөрхий сифруппусыг нэгэнтээ сандаргасан гэнэтийн хувиралтай төстэй байгалийн гамшиг нүүрлэж байсан нутгийн ан амьтдыг судалж, ийм дүгнэлтэд хүрчээ. Галт уулын дэлбэрэлтээс үлддэг гүндээ намгархаг, өнгөн хэсэгтээ сийрэг хөрс нь химийн урвалын үүднээс хэдэн мянган жил идэвхтэй байж, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Ийм хөрстэй газар далай тэнгист ойр бол далайн ус исэлдэнэ.
06
Эмгэн хумсаар жишээлэх нь
Чухам энэ хуулиар Сицилийн эрэг хөвөө газар унаган төрхөө алдаж, байх учиртай олон амьтан нь устаж үгүй болжээ. Харин мөнөөх энэрэлгүй өөрчлөлтөд тэсэж үлдсэн зарим нь нүүрстөрөгч ихтэй, устөрөгчийн ион багатай орчинд дасан зохицохын тулд давжаарсан байна. Тухайлбал Cyclope neritea болон Nassarius corniculus гэх латин нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн хоёр зүйлийн тэнгисийн эмгэн хумс Газрын дундад тэнгисийн бусад хэсгийн эмгэн хумстай харьцуулахад Сицилд хамаагүй жижигхэн байдаг аж.
“Энэ нь аливаа амьд организм амьд мэнд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцдэг, мөхөл сүйрэл боллоо ч бүх амьд биет устаж үгүй болохгүй гэсэн найдлага төрүүлж байна” гэж дээрх судалгаанд оролцсон Английн Плимутын их сургуулийн далай судлаач, биологич Жейсон Холл-Спенсер ярилаа. Гэхдээ Сицилийн эмгэн хумснууд нүүрстөрөгчийн исэлд бага багаар дасаж, өдий хүрсэн ч жижигхэн учраас биед нь шингэх нүүрстөрөгчийн хэмжээ бусад газрын эмгэн хумсныхаас ихгүй байна. Сифруппусыг магад муур шиг жаахан болсных нь дараа шинжилсэн бол мөн үүнтэй төстэй дүгнэлт гарах байсан болов уу.
Амьд организм давжаарах явцдаа бие дэх эрдэс бодисоо болон өөрт нь сөргөөр тусах гаднын нөлөөг давхар бууруулдаг энэ үзэгдлийг Лиллипүтийн нөлөө гэдэг. Лиллипүт нь “Гулливерийн аялал” зохиолд гардаг одой хүмүүсийн арал билээ. Энэхүү нэршлийг анх Америкийн эрдэмтэн Адам Урбанек 1993 онд гаргажээ. Лиллипүтийн нөлөөг сайтар сайтар судалж, үр дагаврыг нь урьдаас тооцоолох нь далай тэнгисийн ус дахин хурдтай исэлдэж байгаа өнөө үед тун чухал юм. Уур амьсгал халуун болохын хэрээр амьтдын идэш тэжээл, ааш аяг болон гадаад төрх, биеийн хэмжээ нь өөрчлөгддөгийг, одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг эрдэмтэн судлаачид хэдийнээс мэднэ. Ажиглалт, судалгааны өч төчнөөн ажил хийсэн нь ч бий.
Гэхдээ итали, британи эрдэмтдийн дээрх судалгаа шиг далайн амьтад болон хоёр нутагтнуудыг тусгайлан ажигласан тохиолдол өмнө нь байсангүй. Уг судалгааны хамгийн анхаарал татахуйц дүгнэлт нь дэлхийн дундаж хэм цельсийн нэг грудасаар нэмэгдэх тутамд халуун орны ургамал 3-17, загас болон далайн хөхтөн амьтад 6-22 хувиар жижгэрнэ гэх тооцоо юм.
Далайн их исэлдлээс болж усны амьтад “агшиж” байгааг тогтоосноос гадна тэд Умард тэнгисийн ус халсны улмаас сүүлийн 50-иадхан жилд алгана, мерланг зэрэг далайн загаснууд ердийн хэмжээнээсээ 7-15 хувь давжаарсан гэж үзэж байна. Энэ хугацаанд тэнгисийн усны дундаж халуун хоёр градусаар нэмэгдсэн гэхээр энэ нь түгшихгүй байхын аргагүй таамаг юм. Хэрэв энэ үнэн бол исэлдсэн усны амьтад мөд одоо харагдаж байгаагаасаа жижигхэн болно гэсэн үг.
Идэш тэжээлийн хомсдол, орчны гэнэтийн өөрчлөлтөөс болж ийн жижгэрсэн амьтад, бүр зарим зүйлийн ургамал хүртэл хүйтэн сэрүүн бүс рүү, өөрөөр бол хоёр туйлын зүг хурдтай нүүдэллэж эхэлсэн гэх судалгаа байна. Түүврийн аргаар сонгож авсан 1700 орчим цэцэг ургамал, хорхой шавж, жигүүртэн шувуу, хоёр нутагтны дунд хийсэн судалгааны дүнг харахад тэдгээрийн 80 хувь нь жилд дунджаар зургаан км-ээр хоёр туйл руу шилжиж байгаа нь тогтоогджээ. Ийн нүүдэллэх явцдаа “мацаг барьж”, зориудаар жин хаясан амьтад ч байна.
02
Өмнөх мөхлүүд ч нүүрстөрөгчөөс болсон
Гэнэтийн дулаарал болон далайн усны исэлдлээс болж өнгөрсөн хугацаанд их хэмжээний гай гамшиг нэг биш, нэлээд олон удаа нүүрлэснийг бид баттай мэдэх билээ. Дээр дурдсан 50-56 сая жилийн тэртээх гэнэтийн дулаарлаас гадна Пермийн болон Триасын галавын зааг үед буюу 250 сая жилийн өмнөх их сүйрлийн үеэр дэлхий дээрх бүх амьд организмын 90 хувь нь устаж үгүй болж байв. Үүнд Пермийн галавын хожуу үед тохиосон нүүрстөрөгчийн огцом өсөлт нөлөөлснийг саяхан тогтоожээ. Тэр үеийн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ одоогийнхоос ихгүй байсан гэж үздэг, ингэж тооцвол одоогийн гариг дэлхий гамшгийн хэмжээнд тулсан гэж олныг айлгадаг мэргэжилтнүүд бий.
Гэвч тэрхүү гэнэтийн өсөлт чухам юунаас үүдэлтэй байсныг орчин цагийн шинжлэх ухаан тогтоож чадахгүй байна. Сицилийн хоёр нутагтнууд болон усны хуягт амьтдыг олноор нь үгүй хийсэнтэй төстэй галт уулын хүчтэй дэлбэрэлтээс болж нүүрстөрөгчийн хэмжээ өссөн байж ч болох юм.
Харин өнөө үед мөнөөх “галт уул” нь хүмүүс бид өөрсдөө болжээ. Үүнийг няцаах ямар ч арга байхгүй. Хүний гараар бүтсэн юм бүхнийг, машин тэрэг, үйлдвэрийн яндан, үлэмж хэмжээний хог хаягдал гээд бидний эргэн тойронд буй юм бүхэн байгалийг хамгийн ихээр сүйтгэгч нь хэн болохыг тодорхой гэгч нь хэлээд өгнө. Ингэж бодохоор өнөө цагийн бид их хэмжээний нүүрстөрөгч “үйлдвэрлэсээр” халуун, хуурайгаас гадна давжаарсан ургамал, амьтантай хорвоо дэлхийг хойч үедээ үлдээх нь ээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.