Монголын үзэсгэлэнт газрууд - Онон Балжийн байгалийн цогцолборт газар
Хэнтий Дорнод аймгуудын нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын тухай танилцуулъя.
2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Онон Балжийн байгалийн цогцолборт газрыг байгуулсан нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц, биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.
Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адарга; Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан нийт 415752 га нутаг дэвсгэртэй.
Онон Балжийн байгалийн цогцолборт газар түүний орчны бүс нутаг нь Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний түүхэнд өөрийн давтагдашгүй ул мөрөө тод үлдээж, хоёр дахь мянганы хүн хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Их эзэн Чингис хааны өлгий, хүйг нь цөглүүлж, хүүхэд насыг нь хөгжөөсөн нутаг билээ. Тиймээс Их эзэн Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалаар баялаг байдаг.
Эдүгээ Биндэр, Дадал, Баян-Уул сумын нутгийн иргэдийн дийлэнх нь буриад ястнууд, Норовлин, Баян-Адарга суманд халх ястнууд зонхилон амьдарч байна. Нутгийн иргэдийн голлон эрхэлдэг аж ахуй нь мал аж ахуй бөгөөд байгалийг хамгаалах арвин сайхан уламжлалтай. Одоо ч нутгийн иргэд, залуу үед өвөг дээдсийн уламжлалт соёл, амьдрах ухаан өвлөгдөн дамжсаар байна.
06
Нутаг дэвсгэрийн онцлог
Байгалийн цогцолбор газрын хамгийн өндөр цэг нь Хэцүү өндөр уул (1568,4), хамгийн нам цэг нь Балж, Ононгийн бэлчир (840,0) болно. Уулсын хажуу ихэнхдээ налуу, орой нь голдуу бөмбөгөр, асга чулуу бараг байхгүй бөгөөд хаа нэг хад цохио бүхий Их, Бага Ёл, Дэгэн, Жигэн зэрэг үзэсгэлэнт хавцлууд байдаг. Мөн байгалийн үзэсгэлэн бүрдсэн Балж, Онон, Хёрхон, Бөххөн, Агац, Хэр, Галттай, Улиастай, Чулуут зэрэг гол мөрөн, Хүрхрээ, Цагааннуур, Янги зэрэг томоохон нуурууд бий.
Онон Балжийн сав нутаг нь Дагуурын хээр рүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг экосистем бүхий нутаг юм.
Энэ газар нь Mонгол орны ховор зүйл хөхтөн амьтдын хувьд чухал нутаг болдог бөгөөд Монгол улсын улаан номонд 4 зүйл (хүдэр, шивэр хандгай, дагуур зараа, голын халиу), Монголын ховордсон амьтны жагсаалтад 2 зүйл (халиун буга, шивэр хандгай), олон улсын улаан номонд 2 зүйл (саарал чоно, нохой зээх), ховордсон зэрлэг ургамал, амьтныг худалдаалах тухай олон улсын конвенц (CITES)-ийн II хавсралтад 5 зүйл (хүрэн баавгай, хүдэр, саарал чоно, шилүүс, мануул) оржээ. Ялангуяа дэлхийд нэн ховордсон олон зүйл тогорууны өндөглөн зусдаг, нүүдлийн замнал дагуу түр буудалладаг дэлхийн хэмжээний чухал түшиц нутаг болдог. Амарын хилим хэмээх дэлхийн хэмжээнд ховордсон загас Монгол орны хувьд зөвхөн Онон голд байдаг. Мөн Монгол улсын улаан номонд орсон тул загас энд бий.
Энэхүү газар нутаг нь Монгол орны нарсан ой, нарс, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах хуваарилах ач холбогдол өндөртэй учраас экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй. Монгол улсын улаан номонд орсон дагуур шинэс, крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байдаг.
Онон Балжийн байгалийн цогцолборт газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас зарласан зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 эко-бүс нутагт ордог. Онон голын ай сав нь Азийн төдийгүй дэлхийн агуу том мөрний нэг Амар мөрний эх болдог.
01
Байгалийн цогцолборт газрын тухайд
Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ. Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан ОНЦГОЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХЯЗГААРЛАЛТЫН гэсэн 3 бүсэд хуваана.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.