Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богд хан уулыг төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон байна.
Богдхан уул нь манай орны төдийгүй дэлхийн ууган дархан газрын тоонд зүй ёсоор ордог байгалийн гайхамшигт үзэсгэлэн бүрдсэн, түүхийн буурал мөр хадгалсан ариун дагшин газар орон билээ.
Энэ уулын ургамал, ус, ан амьтныг нь түшин эрт дээр үеэс хүн амьдарч байсан ул мөр өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Арцатын ам, Зайсан толгой, Хүрхрээгийн амнаас чулуун зэвсгийн дурсгалууд олддог байна. Энэ нь одоогоос 100-180 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний удам өвгийн ул мөр ажээ. Их Тэнгэрийн аманд байдаг хадны сүг зураг нь аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсны ул мөр хэмээн судлаачид үздэг байна.
“Зайсан толгойн өмнө, зүүн хажуугаар байсан дөрвөлжин булшнууд нь Хүрлийн үеийн дурсгал мөн” гэж археологич Д.Наваан гуай тогтоосон байна. Богдхан уулыг бүр Хүннүгийн үеэс шүтэж ирсэн гэж үздэг. Үнэхээр ч Богдхан уулын ам болгонд “Хүннүгийн үеийн булш бунхан, хиргисүүр байдаг нь үүнийг гэрчилдэг.
Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас хойших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ.
Их хүрээ 1778 онд Сэлбэд нүүн ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор сайд Юндэндоржийн санаачилгаар Богдхан уулын дархан цаазыг Манж хааны зарлигаар албан ёсны болгон батламжилсан байна. Сайд Юндэндоржийн өргөсөн бичигт: “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цаазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэний дагуу Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна. Үүнээс улбаалж Богдхан уулын хоёр оргилд нь “Түшээ гүн”, “Цэцээ гүн” цол шагнасан түүхтэй аж. Ийм ч учраас Богдхан уулын магтаалд:
“Хаан эзнээс зарлигтай, Халх даяар соёрхолтой.
Цэлмэг хөх тэнгэртэй, Цэцээ гүн оргилтой” гэж магтан дуулдаг болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богд хан уулыг төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон байна.
УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан бөгөөд 1996 ондЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.
Дархан цаазат Богдхан уулын одоогийн хамгаалалтын захиргаа байгуулагджээ.
Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар “Богд уул” нэрээр Дархан цаазат газар болгожээ.
Монгол төрийн зүтгэлтэн, маршал Хорлоогийн Чойбалсан таалал төгссөнтэй холбоотойгоор АИХ-ын тэргүүлэгчдээс Богдхан уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгосон ба 1957 онд “Чойбалсан уул” нэрээр дархалжээ.
Богд хаант Монгол улсыг тунхагласны дараа Богдхан уулыг “Богд хайрхан уул” гэж нэрлэн энэ уулыг хамгаалах захиргаа байгуулж,. хамгаалалтын цагдаа нарын тоог 42 болгон нэмэгдүүлжээ.
Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зөвшөөрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ.
Хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна.
Монголын их Юань улсын хууль цаазын бичгийн 398-р бүлэгт “Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байсныг тэмдэглэн үлдээжээ.
Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.