Дэлхийг яг одоо өөрчилж буй 10 үзэгдэл
“GlobalPost” цахим сэтгүүлийн ерөнхий редактор, олон улсын тоймч, Пибодигийн шагналт сэтгүүлч ТОМАС МУЧО
Ойлгож байна аа, таныг. Ийм гарчиг хараад манай гариг дэлхий дээр 10 байтугай өөрчлөлт болж байгаа гэж бодож байгааг тань. Гэхдээ цахим сүлжээ гэдэг нэг талаар алдартнуудад л зориулагдсан эд болохоор интернэт гээч зүйлд тэгтэл итгэх хэрэггүй. Цахим сүлжээнээс чанагш бодит ертөнцөд Homo sapiens sapiens шиг эго нь дэндсэн “амьтанд” ч хамаатай олон чухал үйл явдал өрнөж байна. Гэхдээ энэ жагсаалт таныг залхаахгүй. Тэгээд ч 196.9 сая ам.км нутагт тархан суурьшсан долоон тэрбум хүний амьдралыг яаж нэг амьсгаагаар цэгнэх билээ. Дараах үзэгдлүүд яг одоо дэлхий ертөнцийг чиглүүлж байна. Өөр хоорондоо холбогдож, бид бүгдийн амьдралыг өөрчилж байна. Энэ бүхнийг энгийнээр “эдүгээ цагийн хураангуйлал” гээд нэрлэчихье.
10
Эдийн засгийн тэгш бус байдал
Дэлхий дахинаа тэгш бус байдал газар авсныг ойлгохын тулд өдгөө бестселлер болоод байгаа Томас Пикеттийн франц ухаан нэвт шингэсэн “XXI зууны капитал” хэмээх нүсэр том номыг унших шаардлагагүй. Хотожсон, соёлжсон гэх газруудыг хүртэл түйвээж байгаа Уолл Стритийг эзлэх хөдөлгөөн, Арабын хавар, Каракасын гудамжин дахь зах замбараагүй байдал гээд одоо цагийн үймээн бужигнаан бүр чухамдаа хүн төрөлхтөн ёс төдий алтаар бүрж орхисон, хуурмаг энэ үеэс залхаж буйн нотолгоо юм. Даяарчлал гээч зүйл ертөнцийн мухарт буй хамгийн алмай хүнд хүртэл нөлөөлж хөрөнгө мөнгө, шинэлэг санаа, ажлын хүчний чөлөөт урсгалыг бий болгосон. Гэхдээ энэ нь хүн бүрт тэгш үйлчлэхгүй байна. Тэгэх ч арга одоохондоо алга.
09
Саарал хэмээгдэх шинэ хар өнгө
Дэлхий нийт хурдацтай хөгширч байна. Ирэх 20 жилийн дотор 65 ба түүнээс дээш насны хүн дэлхийн хэмжээнд 600 саяас 1.1 тэрбум болтлоо өсөх тооцоо гарсан. Эдийн засагчдын “Саарал цунами” гэж нэрлэсэн энэ үзэгдэл дэлхий дахиныг хэрхэн өөрчлөх вэ? Юуны өмнө, настнуудыг асарч тэтгэхэд зарцуулах мөнгөний хэмжээ өсөж, олон орны эдийн засагт дарамт үүснэ. Зардлаа багасгахын тулд Засгийн газрууд татвар төлөгчдөөс авах татаасаа нэмнэ. Энэ нь мэдээжийн хэрэг нийгмийн дунд давхаргынханд хүнд ачаа болно. Гэхдээ буурал дэлхийн асуудал үүгээр дуусахгүй. Ахмадууд ажлын байртайгаа зууралдах нь нэмэгдэж, онцгой авьяас чадваргүй л бол залууст баргийн ажил олдохоо байна. 60 нас шинэ дундаж нас болж, хар үстнүүдийн эгнээг буурал үстнүүд эзэлнэ. Үүнээс болж эдийн засгийн тэгш бус байдал бүр ч газар авах аюултай юм.
Крым, Зүүн Украин, Шотланд, Баск... Эдгээр нутаг өөр өөрийн түүхтэй, улс төр, эдийн засаг, соёлын онцлогтой. Гэхдээ эднийг нэг зүйл нэгтгэж байгаа нь бие дааж, өөртөө засах эрхтэй болох, болж өгвөл тусгаар тогтнох хүсэл юм. Сайтар ажвал энэ нь зөвхөн улс үндэстэнд хамаатай хүсэл биш ажээ. Бэл чинээтэй, бусдыг татах чадвартай, зохион байгуулалт сайтай л бол улс төр, шашин, эдийн засаг, технологийн гээд аль ч салбарын хувь хүмүүс хүртэл төрөөс хараат бус байх эрмэлзэлтэй болж. Осама бин Ладен, Жулиан Ассанж, Жорж Сорос, Стив Жобс зэрэг тийм хүмүүсийн түүчээг бид мэдэх билээ. Шинэ цагийн бие даах үзэлтэй холбоотой энэ хачирхалтай үзэгдэл цаашид дэлхий ертөнцийн хэрэг явдлыг урьдчилан таамаглах “ажил”-ыг хүртэл ярвигтай болгох вий.
Хүн магадгүй бие биеэ хөнөөх арга зам эрж олохдоо л хамгийн сайн байж мэдэх юм. Жад, сэлэм, нум сум, бялт, их буу, пуужин, цөмийн зэвсэг гээд зөвхөн алж хядах техник хэрэгслээр нь хүн төрөлхтний түүхийг бичиглэж болмоор. Зэвсэглэлээр үл хөөцөлдөх, химийн болон биологийн зэвсгийг хориглох тухай олон гэрээ тунхаг бий ч шинэ зэр зэвсэг бүтээх, түүнийгээ туршихаасаа хүн өнөө ч татгалзаж чадахгүй байна. Лазераар цэнэглэсэн гар бөмбөг, онгоц хүртэл сөнөөх чадвартай лазер их буу, цахилгаан буу зэрэг нь олон улсад, тэр дундаа баруунд туршсан шинэ зэвсгүүдийн ердөө нэг хэсэг. Орчин цагийн дэвшилт технологи зэр зэвсгийн хөгжилд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар та одоо нэгийг бодож, түгшиж буй биз.
06
Төмөр хүний түрэмгийлэл
Нэгэнт айдас түгшүүрийн тухай ярьсных, алуурчин роботын тухай дурдаад авъя. Робот ухаан сууж, өөрийг нь “төрүүлсэн” хүний өөдөөс гар далайх тухай яриа хэдэн жилийн өмнөөс л байсан. Харин өнөөгийн бодит байдалд роботууд ажлын байр булаах магадлал илүү өндөр. Нэрт онолын физикч Стивен Хокинг саяхан энэ тухай “Робот санхүүгийн зах зээлийг хянаж, хүнээс илүү судалгаа хийж, хүнээс илүү удирдан зохион байгуулж, бидний ойлгохооргүй зэр зэвсэг бүтээнэ гэж хүмүүс төсөөлдөг. Эдгээр нь боломжгүй зүйл биш. Өнөөхөндөө роботыг хэн удирдахаас бүх зүйл шалтгаалах бол цаашдаа бид роботыг хянаж чадах уу гэдэг асуулт урган гарна” гэжээ. Харин Билл Гейтс “Роботын технологи хөгжсөнөөр хүн олон салбарт ажлын байрнаас чөлөөлөгдөнө. Энэ нь ирэх 20 жилийн дотор биеллээ олно” гэсэн байна.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкаас бүрдсэн BRICS гэх бүлгэм дэлхий дахинаа ноёлох цаг иржээ гэж амтай болгон ярьж байсныг санаж байна уу? Тэр үеийг одоо бодоход бараг л хөх инээд хүрнэ. Үгүй юм гэхэд, “Тийм зүйл болсонгүй” гэсэн бодол төрөх вий. 2020 он гэхэд дэлхийд тэргүүлнэ гэгдэж байсан, эдийн засгаараа хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч эдгээр улсаас ганцхан Хятад л замаасаа гарчихалгүй явна. Харин BRICS-ийн бусад гишүүн оронд юу тохиогоо вэ?
Энэтхэг – Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц нэмэгдсэн. Авилга өссөн. Улс төр нь мухардаж, эрх баригч нам нь иргэдийнхээ итгэлийг алдсан.
Бразил – Үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн. Дотоодын үймээн самуун газар авсан. Шинэ, хуучин төрийн тэргүүн нар нь ээлж дараагаараа авилгын хэрэгт холбогдсон.
Орос – Эрчим хүчнээс өөр хүчтэй зэвсэггүй болсон. Олигархиудаасаа салж чадахгүй, дарангуй засагтай гэгдсэн.
Өмнөд Африк – Асуугаад ч хэрэггүй.
Шашны хэт үзэлтнүүд нэмэгдсээр байна. Сүүлийн жишээ гэхэд л Нигерийн “Боко Хараам” бүлэглэлийнхэн дунд сургуулийн 234 сурагч охиныг барьцаалж, “Охидыг худалд гэж Аллах тушаалаа” гэж ярьж сууна. Гэхдээ энэ нь зөвхөн дайн самуунтай газар анзаарагдах болсон үзэгдэл биш. “Pew” судалгааны төвийн тооцоогоор шашнаас үүдэлтэй зөрчил, дайсагнал зургаан жилд байгаагүй дээд үзүүлэлтэд хүрээд байна. Судалгаанд хамрагдсан 198 улс, бүс нутгийн гуравны нэгийнх нь иргэд шашин хоорондын мөргөлдөөн, үл ойлголцол өмнөх жилүүдтэй харьцуулахад улс оронд нь нэмэгдсэн гэжээ. Шашны цөөнхийг хавчин гадуурхах, шүтэх эрхэд халдах, шашны аливаа зан үйлийг тулган үйлдүүлэх, сүсэг бишрэлтэй холбоотой хувцас, хэрэглэлийг гоочлох, шашны нэр барьж танхайрах, хүчирхийлэлд турхирах гээд шашны хэт үзэл янз янзаар илэрдэг. Эдгээр хандлага хамгийн бага байгаа нь хоёр Америк бол хамгийн их өссөн үзүүлэлттэй нь Ойрхи Дорнод, Хойд Африк байна.
Улстөрчдөд үл итгэх нь хаа ч, хэдийд ч байдаг зүйл. Гэхдээ хэзээ ч одоогийнх шиг түвшинд хүрч байсангүй. Сонгуулийн насны америкчуудын ердөө 19 хувь нь л Вашингтонд суугаа эрх мэдэлтнүүдэд итгэж байна гэж “Pew”-ийн судалгаанд хариулсан нь урьд байгаагүй сул үзүүлэлт юм. Харин 30 хувь нь эрх баригчдад урам хугарсан гэсэн бол 55 хувь нь төрийн ажлыг хараад уурлаж, бухимддаг гэжээ. Европт ч мөн төстэй зүйл харагдана. “Edelman” сангийн саяхны судалгаагаар францчуудын 32 хувь нь л төр засагтаа итгэж байна гэжээ. Энэ нь тавхан жилийн өмнөхтэй харьцуулахад 17 хувиар буурсан дүн юм. Аль ч улсад ийм дүр зураг ажиглагдах вий. Энэ нь нэг талаар ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй хэрэг ч нөгөө талаар дэлхий дахины хүндрэл бэрхшээл олон болсны дохио. Ийм үл итгэх байдлыг XXI зууны хам шинж ч гэж нэрлэж болмоор. Энэ үзэгдэл цаашдаа хэт үзэлтэй нам, хүчний тоог нэмнэ гэж зарим ажиглагч эмээж байна.
Хувьслын онолд итгэгч биологич, эдийн засагчдын тодотгох нь оршихуйн үндэс нь ерөөс ховор эрдэнэ, баялгийн төлөөх тулаан гэх. Үнэхээр ч 10 мянган жилийн тэртээ Африкийн их талд цэнгэг уст булаг тойрон шавааралдаж байсан үеэсээ бид нэг их өөрчлөгдсөнгүй бололтой. Ус, эрчим хүч, ашигт малтмалын төлөөх тэмцлүүд Зүүн Тиморийн ширэнгэн ойгоос эхлээд Конгын кобальтын уурхай, Нил, Тигр, Евфрат мөрний бэлчир нутаг дахь алан хядах ажиллагаа, зэвсэгт зөрчлүүдийн эх шалтгаан болж байна. “Байгалийн баялгийг хамгаалах, ашиглахтай холбоотой саад бэрхшээлүүд XXI зууны сүүл хагаст дэлхийн энхтайван, аюулгүй байдалд заналхийлнэ” гэж НҮБ-аас анхааруулж байсан нь энэ цаг үед бүрэн биеллээ олж байна.
Чимээгүйхэн үргэлжилж буй энэхүү үйл явцын тухай дэлхий дахин улиг болтол ярилаа. Гэсэн ч энд дурдахгүй байх арга алга. Учир нь энэ үзэгдэл дээр дурдсан бүх юмыг юу ч биш болгож чадахуйц хүчтэй болохоор тэр юм. Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн дулаарал хүнийг арай ч мөхөөчихгүй. Гэхдээ дэлхийн өнгө төрхийг яаж өөрчлөх бол гэж бодохоос ч аймшигтай. Эрс тэс уур амьсгал, үер ус, ган гачиг, хүчит шуурга, цар тахал, хүнсний хомсдол, эдийн засгийн хямрал гээд байгаль экологи туйлдсанаас болж гарч болох өөрчлөлт хувьсал, эмх замбараагүйтэл дэндүү их юм. Ер нь байгаль эхийн хилэгнэл одоо болж буй бүхнийг бүгдийг нь дотроо багтаачихаж байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.