Сэтгэл зүйн аялал жуулчлалын талаар хэд хэдэн ном бичиж, энэ чиглэлийн сурвалжилга, нийтлэлээрээ танигдсан Америкийн сэтгүүлч, зохиолч Эрик Вайнерийн Бутан улсад аялсан тэмдэглэлийг хүргэж байна. Тэрээр “Аз жаргалын газар зүй”, “Авьяас билгийн газар зүй” зэрэг номын зохиогч юм.
Бутаны нийслэл Тимпү хотын наахнатай, сүрлэг том уулын хормойд Карма Ура хэмээх эрийн хажууд би гэдсээ барьж зогсов. Түүнтэй зам нийлсэнгүй юү, аяншиж ядрав уу, яагаад ч юм бие тавьгүйрэхээд болдоггүй. Гэнэтхэн л амьсгаа давхцаж, толгой эргээд хөл, гар бадайран, гэдэс базлаад явчихсан юмдаг. Зүрхний шигдээс болж байна, эсвэл ухаан самуурч байна гэж бодоод Урад хэллээ. Бид яаравчлан эмчид очиж, янз бүрийн үзлэгт орсон ч эмч намайг зүв зүгээр гэж оношилсон юм. Харин ердөө айж цочирдсондоо сэтгэл зүйн гэнэтийн дайрлагад өртсөн гэв ээ.
Уулын бэл дэх сүмийн ханан дээр би тамын орныг дүрсэлсэн аймшигтай олон зураг харсан юм. Чухам түүнээс л болсон байж. Тэгээд эмчийн өрөөнөөс гармагцаа “Бүх зүйл болж бүтэж байхад яагаад гэнэтийн цочролд оров оо?” гэж Урагаас асуулаа. Түүний зөвлөснөөр би үхлийн талаар өдөрт дор хаяж таван минут бодож байх ёстой гэнэ. “Үхлийн тухай эргэцүүлбэл бүх өвчин илааширдаг. Үхлээс айж, үхэхээсээ өмнө ийм тийм зүйл амжуулна гэж санаа зовох нь хүний насыг богиносгодог юм” гэж тэр хэллээ. Харин би “Тийм дарамттай, муухай зүйл бодмооргүй байна” гэв. Ура инээж байна. “Юу нь дарамттай гэж? Барууныхан та нар бүрлээчдийнхээ цогцост хүрдэггүй, сэг зэм хараагүй. Гэтэл үхэл гэдэг чинь амьдралын нэг хэсэг. Энэ амьдралаа төгсөх мөчид бид бэлэн байх ёстой” гэж ярилаа.
Янз бүрийн авир төрхтэй хүмүүс байдгийн адилаар гайхаж цохирдмоор газар орон бас байдаг ажээ. Гималайн нуруунд орших энэхүү жижигхэн хаант улс Аз жаргалын индекст тэргүүлдэг, дэлхийн хамгийн амар амгалан, хамгийн аз жаргалтай орон юм. Бутан үнэхээр ер бусын газар. Гэхдээ гадаад ертөнцийнхний төсөөлдөг Шамбалын орноос огт өөр, хамаагүй орчин үежсэн, нээлттэй, юм юмны тэнцвэрийг олсон улс юм.
Ура намайг үхлийн талаар таван минут бод гэхдээ харин ч зөөлөн ханджээ. Бутанчуудын ёсонд өдөрт таван удаа үхлийн талаар бясалгах ёстой байдаг гэнэ. Хамгийн жаргалтай орон гэхэд энэ үнэхээр хачин санагдана. Жаргалтай сайхных нь ард арай гуниг гутрал, зовлон зүдгүүр нуугддаг юм биш биз гэж хүртэл бодогдмоор. Гэтэл тийм биш аж. Үхлийн тухай эргэцүүлэх нь бутанчуудыг өдий хүргэсэн, ерөөс тусгаар тогтнолынх нь нэг баталгаа гэж үзэх хүмүүс байна. АНУ-ын Кентакийн их сургуулийн сэтгэлзүйчдийн 2007 онд явуулсан нэгэн туршилтаар үхлийн талаар их боддог хүмүүс аз жаргалыг илүү үнэлж мэддэг нь тогтоогджээ. Хүмүүсийг хоёр бүлэгт хувааж, нэгэнд нь үхлийн талаар, нөгөөд нь шүдний эмнэлгийн талаар бодохыг даалгасан байна. Тэгээд зөвхөн эхний үеийг нь бичсэн дутуу үгс өгөөд гүйцээхийг хүсэхэд үхлийн талаар эргэцүүлж байсан хэсэг нь аз жаргал, баяр баясгалан, амар амгалан зэрэг үгс бүтээсэн бол нөгөө хэсэг нь ижилхэн эхлэлтэй ч өөр утгатай, жирийн үгс бичжээ. Энэ туршилт Урад, ер нь нэг ч бутан хүнд сонин санагдахгүй гэдгийг би баттай мэдэж байна. Үхлийг амьдралын үргэлжлэл гэдгийг, үүнийг үгүйсгэх нь сэтгэл санаанд тусгүй гэдгийг тэд андахгүй.
Бутанд үхлийн тухай бод гэж хэн ч таныг хүчлэхгүй. Харин хаа сайгүй үзэгдэх ад зэтгэр, барцад саад, хүсэл тачаал, өвчин зовлонг харуулсан айж сүрдмээр шашны зургууд, там болоод Шамбалын орны дүрслэлүүд нь хэнийг ч үхэл, амьдралын талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Эвгүйцэж, жийрхмээр иймэрхүү зургуудыг хааж халхлах нь үгүй. Бага насны хүүхдүүдээс ч нуухгүй. Эрлэгийн эзэн, хааны үхэл зэргийг харуулсан цам бүжиг, сор залах үйл нь ч бүгдэд нээлттэй. Талийгаачийнхаа хойноос бутанчууд 49 хоног гашууддаг. Энэ хугацаанд сайтар бэлтгэсэн, нарийн дэг жаягтай олон ёс гүйцэтгэх бөгөөд талийгаачийн хойтхийг уншуулахад айл саахалт, овог аймгаараа оролцоно. Айвуу тайван явагдах тиймэрхүү зан үйлийг нь харахад бараг л бурхан болоочийн хойноос хэн ч үнэн сэтгэлээсээ гашуудахгүй байна уу даа гэж бодогдмоор.
Үхлийн талаарх бутанчуудын хандлага яагаад ийм өөр байна вэ? Би хувьдаа хоёр шалтгаан хэлж чадна. Нэгд, хүн ам цөөтэй, жижигхэн улс гэхэд энд осол эндэгдэл их гардаг. Уулын зам, гэнэтийн салхи шуурга, чоно, баавгай, хортой мөөг, агаарын даралт гээд аминд хүрэх хүчин зүйл тун олон. Тиймдээ ч үхэл хагацалд нэг талаар дасдаг биз. Хоёрт, нирваан дүр буюу хойд насны амьдрал бий гэдэгт итгэдэг Буддын шашинтнуудын итгэл үнэмшил нөлөөлдөг нь лавтай. Энэ насны амьдрал нь дууслаа ч дахин төрнө гэж боддог хүмүүс юундаа ч айх билээ. “Үхэхээс айна гэдэг хуучирч муудсан хувцсаа хаяхаас айж байгаагаас ялгаагүй” гэж хэлэх бутан хүнтэй ч би таарсан. Төд удалгүй би Урагийн зөвлөгөөг дагасан юм. Тэгээд үнэхээр ч тайвширсан бөгөөд одоо амьсгал хураах мөчөө өдөрт хоёр удаа төсөөлж, амьд байгаа хором бүрээ үр бүтээлтэй, сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.