Арав.мн

Исламын шашинт мэргэдийн онцгой 10 бүтээл

Исламын шашинт мэргэдийн онцгой 10 бүтээл

Өрнө дахинд Харанхуй эрин гээч тохиосон Дундад зууны үед исламын шашинт орнуудад шинжлэх ухаан цэцэглэн хөгжсөн байдаг. Багдад, Каир, Дамаск, Кордобагийн их сэтгэгчид байгалийг шинжиж, шинийг эрэлхийлж байхтай зэрэгцэн Перс, Грек, Энэтхэг, Хятадад орчин цагийн гэж болох шинжлэх ухааны эх тавигдсан түүхтэй. Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн шанг татсан олон хүчин зүйлийн нэг нь ч тун бага хүрээнд судлагдсан тэдгээр их сэтгэгчийн бүтээл туурвил, ололт нээлт байлаа. 


10

Кофе

Орчин цагийн дэлхий дахины гол умдааны нэг кофег анх нийтийн тооллын IX зуунд өнөөгийн Этиопын нутагт исламын шашинт малчид “нээж”, Иеменд дэлгэрүүлсэн түүхтэй. Орой үдшийн цагаар мөргөл үйлддэг суфи урсгалынхан кофений ачаар мөргөлөөсөө хоцрохоо больж, ер бусын амтат буурцаг нь яваандаа хөрш зэргэлдээх орнуудад нь үнэд оржээ. XIII зуунд Каираас Турк, XVI зуунд Туркээс Европт дэлгэрсэн кофе нэгэн үе итали худалдаачдын тээдэг хамгийн үнэт бараа байлаа. Арабын кава ийнхүү турк кавэд хувирч, эцэстээ итали каффе, англи кофе болжээ. 


09

Шатар

Дорно дахины олон улс үндэстэн эрт дээр цагаас төрөл төрлийн хөлөгт тоглоом зохион бүтээж, хөгжүүлж ирсэн байдаг. Харин олон нийтэд хамгийн их түгсэн хөлөгт тоглоом болох шатар хэдий эртний Энэтхэгт үүссэн гэх ч одоогийн хэлбэрээ Перс нутагт олжээ. Тиймээс энэ тооллын X зуунаас эхлэн өрнө зүгт Испани, дорно зүгт Япон хүртэл түгэн дэлгэрэхдээ перс гаралтай шаг, мад зэрэг үг хэллэгээ гээгээгүй байна. “Шаг-мад” буюу “шах-мат” нь “Хаан үхлээ” гэсэн утгатай перс үг юм. Англи хэлэнд шатрын тэргийг нэрлэдэг “rook” гэсэн үг ч “рүх” хэмээх перс сүйх тэрэгний нэрнээс үүджээ. 


08

Цаг

Одоогийн Турк улсын зүүн өмнөдөд аж төрж байсан Аль-Жазари (1136–1206) хэмээх инженерийн зохион бүтээсэн хэд хэдэн цаг дэлхийн түүхэн дэх хамгийн анхны боловсронгуй цагуудын тоонд ордог. Өдөрт таван удаа мөргөдөг исламын шашинтнуудын хувьд цагаа нарийн мэдэх нь чухал тул олон төрлийн цаг бүтээх уламжлал нь эртнээс өвлөгдөж иржээ. Аль-Жазарийн хамгийн онцгой бүтээл нь усаар ажилладаг заан цаг юм.

Эл хосгүй бүтээл олон үндэстэн ястан, зүг зүгийн соёлын ур хийцийг хослуулснаараа онцлог бөгөөд египет галт шувуу, хятад луугаар чимэглэсэн энэтхэг зааны хэлбэртэй, усны грек төхөөрөмж, уламжлалт араб хийцийн модон хүрээтэй байжээ. “Мэргэн төхөөрөмжийн шаштир” хэмээх эртний сударт буй эх зургаас нь санаа авч Аль-Жазарийн заан цагийг хэд хэдэн хэлбэрээр сэргээн бүтээсэн нь эдүгээ Саудын Араб, Швейцарь, Туркийн музейнүүдэд хадгалагдаж байна. 


07

“Мэргэн төхөөрөмжүүд”

Бану Муса хэмээх овогтой ах дүү гурав IX зууны үеийн Багдадын хамгийн нэр хүндтэй математикчид байлаа. Математик, одон орон, зурхайн сэдэвт нийт 20-иод ном хэвлүүлсэн тэдний хамгийн онцгой бүтээл нь нийт 100-гаад бүтээлийг дүрслэн бичсэн, энэ тооллын 850 онд хэвлэгдсэн “Мэргэн төхөөрөмжийн шаштир” юм. Энэ сударт эвлүүлдэг болон оньсон тоглоом, өөрөө хөдлөгч төхөөрөмжүүдийн загвар, мөн илбийн нууцуудыг дэлгэсэн байна. Түүхчид уг номыг зохион бүтээгчдэд зориулсан, дэлхийн түүхэн дэх хамгийн анхны гарын авлага хэмээдэг. 


06

Газрын зураг

Андалусийн зурагзүйч Аль-Идрисийн (1100-1166) гурван метр өргөн газрын зургийг Сицилд XII зууны сүүлээр дахин хэвлүүлсэн хувилбар нь Дундад зууны үеийн хамгийн сайн нарийвчлалтай, хамгийн өргөн газар нутгийг хамарсан дэлхийн газрын зураг байлаа. Олон зууны турш худалдаачин, аялагчдын гол хөтөч байсан Аль-Идрисийн газрын зурагт загалмайтны шашинтнуудын аж төрдөг хамгийн хойд захын нутаг болон исламын ертөнц, Африк, Алс Дорнодын ихэнх нутгийг багтаасан байна.


05

Мэс заслын багажууд

Өнөөгийн Испани улсын Кордоба хотын нутагт X зууны үед амьдарч асан мэс засалч Аль-Захравийн (936–1013) бүтээсэн мэс заслын багажууд болон мэс заслын ухаанд нэвтрүүлсэн шинэлэг аргачлалууд нь цагтаа Европ даяар нөлөөтэй байсан бөгөөд зарим багаж нь өнөө ч анагаах ухаанд хэрэглэгдсээр байна. Аль-Захравийн бүтээлүүдээс олон улсад түгж, одоо ч хэрэглэгдэж буй багажуудаас ердөө цөөн хэдийг нь нэрлэвэл тариур, хямсаа, мэс заслын зүү, дэгээ, ясны хөрөө зэргийг дурдаж болох юм.


04

Шүхэр

IX зууны үеийн суут зохион бүтээгч Абба Ибн Фирнасыг(810–887) исламын ертөнцийн Да Винчи гэдэг. Түүний нэр Арабын орнуудын шуудангийн маркан дээр байх бол саран дээр түүний нэртэй галт уулын тогоо хүртэл бий. Ибн Фирнас хамгийн алдартай туршилтаа 65 настайдаа хийжээ. Тэр нь удирдлагатай нисдэг төхөөрөмж буюу шүхэр хөөргөх байв. Тэрбээр нуруундаа хиймэл далавч бэхлэн уулын уруу хэсэг гүйж байгаад хөөрөх гэж оролджээ. Түүхэнд тэмдэглэснээр туршилт амжилттай болж, тэрбээр хэсэг хугацаанд агаарт тогтсон ч газардахдаа нуруугаа гэмтээсэн байна. Энэ нь дэлхийн түүхэн дэх нисэх оролдлогуудаас анхны амжилттай туршилтын нэг байлаа. 


03

Камерын эх

X зууны үед амьдарч байсан Ибн аль-Хайсам (965-1040) хэмээх араб зохион бүтээгчийг өдгөөгийн судлаач, эрдэмтэд Дундад зууны үеийн хамгийн аугаа шинжлэх ухаанч байсан гэж үздэг. Түүний үлэмж баян бүтээл туурвилаас хамгийн гайхамшигтай нь хүний хараа хэрхэн “ажилладаг”-ийг задлан шинжилсэн түүхэн дэх анхны шинжлэх ухаанч тайлбар нь юм. Тэрбээр хятад түмний нүхэн дуран гэгч нээлтийг ашиглан гэрэл хэрхэн аялж, дүрсийг нүдний торлог бүрхэвчид яаж тусгадгийг тайлсан байна. Энэ нь хожим өрнө дахинд хүрч Да Винчи, Декарт, Бейкон, Кеплер нарын эрдэмтдэд үлэмж нөлөө үзүүлж, орчин цагийн камерын үүсэл, хөгжилд хөтөлжээ. 


02

Их сургууль

800-гаад оны орчим одоогийн Тунисын нутагт мэндэлсэн Фатима аль-Фихри нэрт эмэгтэй 859 оны үед Мароккогийн Фес хотод мадрас хэмээгдэх исламын сургууль байгуулсан нь шашин, улс төр, байгалийн шинжлэх ухааныг хослуулсан сургалтттайгаараа дэлхийн түүхэн дэх анхны их сургуулийн нэг болжээ. Аль-Фахрийн төрөлх хот Карауиныхаа нэрээр нэрийдсэн Аль-Карауины их сургууль одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй, дэлхийн хамгийн эртний их сургууль бөгөөд орчин цагийн дээд боловсролын дэг, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зэрэг олгосноороо мөн анхдагч юм. 


01

Алгебр

Перс, грек, энэтхэг, хятад мэргэдийн ололт, нээлтийг сүлж эдүгээ нийтээрээ хэрэглэж буй тоог анхлан ашиглаж, олон улсад түгээсэн нь исламын шашинт арабчууд билээ. Тиймээс ч дэлхий дахины стандарт тоог араб тоо гэдэг. Алгебрийн ухаан, алгебр хэмээх үг ч исламын ертөнцийн “бүтээл” бөгөөд IX зууны Персийн нэрт математикч Аль-Хорезми нь алгебрийн эцэг юм. Түүний “Китаб аль-Жабр Вал-Мугабала” буюу “Тэгшитгэл, тэнцэтгэлийн судар” хэмээх номоос алгебр гэсэн үг үүсчээ. Аль-Хорезмийн боловсруулсан алгебрийн аргачлал нь геометрт суурилсан грек математик, нэмж хасахад нэн төвөгтэй ром тоог халж, байршлын утга буюу аль нэг тоог хаана байрлуулахаас бүхэл хэмжээ нь өөрчлөгдөх тун чухал дэвшлийг тооны ухаанд нэвтрүүлсэн байна. 


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Баттай биш гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд англи хэл мэддэг англи хэлээр өөр ямар хэл мэддэгийн тэр хэлээрэй хайгаад үз. Ер нь бол Арабын ертөнц сэргэн мандаж байхад европ харанхуй бүдүүлгээрээ байсан зөндөө мэдээлэл байдгийн.
-5
Яахав дээ хөөрхий ганц олж авсан мэдлэгээс нь зөрчихөөр өөрийгөө буруутгаж чадахгүй бусдаас л бурууг хайж байхгүй юу даа. Ер нь бол энд буруу байх нь хамаагүй чиний мэддэг байх нь хамаагүй тэрийгээ зүгээр л дотроо бодоод сурчихмаар байгаа юм манайхан. Нэг л их мэдлэгтэй тэгсэн атлаа нэг л өчүүхэн сэтгэхүйтэй улсууд шүү.
+6
Тэгээд ч бүгдийг нь багадаа мэддэг байсан зүйлсүүд байна. Юуг нь худлаа, баттай биш гээд байгаа юм болдоо хөөрхий
-4
аль мэдээлэл? ямар мэдээлэл? Энд чинь 10 мэдээлэл байна
+3
Заавал тэр тарсан жагсаалтыг биш, нэг бүрчлэн хайгаад уншаад үзэж болно ш дээ. Ор үндэсгүй худлаа гэх ямар ч үндэс алга.
-6
Энэ ойрын хэдэн сар их тараагдаж эхлээд байгаа яг баттай биш мэдээлэл шүү, хүмүүс ээ.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start