Арав.мн

Амьд амьтангүй сүүлчийн газрын эрэлд

Амьд амьтангүй сүүлчийн газрын эрэлд

Чилийн хойд биеэр орших Атакамын цөлд амьтай голтой юу ч удаан тэсэх аргагүй. Энэ нутаг дэлхийн хамгийн хуурай газрын нэг бөгөөд Ангараг гарагийг санагдуулам хөрс шороон дээр нь 50 гаруй жил борооны ширхэг дусал ч унаагүй. Яруу найрагч Альфонсо де Эркиллагийн 1959 онд бичсэнээр Атакама руу ойртох тусам элсэн далай цэлийж, цаашлахын хэрээр хүн, шувуу, адгуус амьтан үзэгдэхээ байж, эцэст нь ургамал ногоо ч үгүй болно.

Гэсэн ч Атакама огт амьдралгүй газар бас биш юм. Эндолит гэгддэг бичил биетнүүд эндхийн хад чулуун дунд амь зогоодог бөгөөд өөрсдийнхөө ялгадсаар хооллодог болохыг нь АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн микробиологич Жозелин ДиРуггиеро нарын эрдэмтэд саяхан тогтоожээ. Энэ нь амьд организм эрс тэс нөхцөлд ч дасан зохицож, эсэн мэнд үлдэх боломжтойг харуулсан чухал нээлт юм.

Микро организмууд дөрвөн тэрбум орчим жил манай дэлхий дээр амьдарч байгаа нь байгалийн ямар ч орчинд тэсвэртэй болж, хувьсан өөрчлөгдөхөд нь хангалттай хугацаа олгожээ. Харин эндолит ч тэсэж үлдэхээргүй газар гараг дэлхий дээр бий юү? Үүнд хариулт олохын тулд юуны өмнө халуун, дулааны хэмжүүр хэрэгтэй. Хамгийн өндөр градусын халууныг тэсвэрлэдэг амьт биетнээр одоогоор далай тэнгисийн гүнд амьдардаг Нуperthermophile methanogen хэмээх бүлэг бичил биетнүүд тодроод байгаа. Эдгээр "амьтан"-ы зарим нь цельсийн +122 градуст хүртэл өсөж үржих чадвартай байдаг байна. Харин ихэнх судлаачийн санал нийлдгээр цельсийн +150 градус бол амьд биет оршин байхын эцсийн цэг юм. Үүнээс илүү халуунд нэг ч амьд организм тэсэж үлдэхгүй. Хэт халуунд уураг алдагдаж, бидний мэдэх амьдралын бүхий л төлвийг бүрдүүлэгч биохимийн явц үгүй болно.

Гэхдээ энэ нь цельсийн +460 градус хүртэл халдаг, далайн гүний халуун уур савсагч ангархай дотор биш юм гэхэд хажуу хавиар нь бичил организмууд амьд байх боломжтой гэдгийг бүрэн үгүйсгэж чадахгүй. Энэ хуулиар бол хуурай газар дээрх идэвхтэй галт уулсын орчимд ч бичил биетнүүд амьдарч байж болох юм. Халуун уур амьсгал гэдэг амьдралыг соригч гол хэмжүүр. Уур амьсгалын өөр ямар ч эрс тэс өөрчлөлт гэнэтийн халуун шиг амьтай бүхнийг хормын дотор сүйтгэж хүчрэхгүй. Харин халуунтай харьцуулахад даралт гэдэг тийм ч аюултай биш. Тиймээс дэлхийн гадаргаас доош хэр гүнд амьдрал байж болох боломжтой вэ гэж бодохоос илүү хэр халуунд амьд биет оршин байх вэ гэдгийг тооцоолох нь зөв юм.

Дэлхийн дотоод цөм цельсийн +6000 буюу фаренгейтийн 10800 градус хүртэл халдаг. Тэр хүртэлх хэр гүнд амьдрал байж болох талаар, өөрөөр хэлбэл халууны биш даралтын хуулиар амьдралын хязгаар хаана хүрээд зогсох талаар эрдэмтэд өнөө ч нэгдсэн ойлголтгүй байна. Desulforudis audaxviator хэмээх нэгэн төрлийн бичил биет Өмнөд Африкийн алтны уурхайн хоёр миль буюу 3.2 км-ийн гүнээс олдсон нь одоогоор олдоод байгаа хамгийн гүнийн амьд биет юм. Уг “амьтан” олон сая жилийн туршид газрын гадарга дээрх нэг ч биеттэй харилцаа холбоогүй байсан хэрнээ газрын гүний радио идэвхт чулуулгын эрдэс бодисоор тэжээгдэн амьдарсаар байжээ.

Амьд биетийн тэсвэрлэж чадах эрс тэс өөр нэг орчин бол туйлын хүйтэн юм. Сибирийн мөнх цэвдэг болон Антарктидын мөсөн бүрхэвч дунд цельсийн -10 градус ба түүнээс ч хүйтэн орчинд өсөж үржих чадвартай Psychrobacter хэмээх бүлэг бактери бий. Антарктидын давс ихтэй, 20 градус хүртэл хүйтэрдэг Их нуураас мөн давсанд дуртай бичил биетнүүд олдсон байна. 

Иймэрхүү орчинд тэсэж үлдэхийн тулд бичил биетнүүд хальсан бүрхэвч болон уургийн бүтцээ өөрчлөх, эд эсийнхээ хүйтэнд тэсвэртэй молекулуудаа идэвхжүүлэх зэрэг онцгой чадвартай байдаг. Микробиологичдын үздэгээр дэлхий дээр хэд хэдэн мөстлөг болж байсныг бодоход Антарктидын мөсөн гол, нууруудад амьд организм байх нь боломжгүй зүйл биш юм.

Зарим бичил биет хэт ягаан туяанд ч тэсвэртэй байж чадна. Хурц туяаны шууд нөлөөлөл дор биш л бол радио идэвхт хог хаягдал дунд, бүр Чернобылийн гамшгийн төвд ч амьд байж чадах Deinococcus radiodurans хэмээх бичил организмуудыг эрдэмтэд задгай сансарт хүртэл гаргаж үзжээ. Эдгээр нь 15 мянган грей (радио идэвхт туяаны цацрагийг хэмжих нэгж)-д хүртэл өсөж үрждэг байна. Гэтэл таван грей цацраг л хүнийг үхэлд хүргэдэг билээ.

Үхмэл гэж бидний үздэг олон газарт амьд организм байгаагийн цөөн жишээ энэ. Харин огт амьдралгүй газар бий юү гэсэн асуултад эрдэмтэд өнөө ч хариулт эрж байна. Антарктидын Дон Жуаны цөөрөм хэмээх, 40 хувийн давсжилттай, дэлхийн хамгийн давсархаг нуураас судлаачид микро организмын ул мөр олсон ч идэвхтэй үржиж буй, эсэхийг нь хараахан тогтоогоогүй байна. Магад энэ л манай гараг дээрх амьд биетгүй сүүлчийн газар байж болох юм.

Одоогоор огт амьдралгүй орчныг лабораторийн хиймэл орчинд л бүрдүүлж байгаа. Харин амьд организмгүй газрыг байгалиас олох нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж хурдацтай хувьсаж байгаа гараг дэлхийгээ танин мэдэх, өдгөө дэлхий дээр буй амьдралын олон төлөв өөрчлөгдлөө гэхэд хүн, ан амьтан, ургамал ногоо гээд бүх л амьд биетийг юу хүлээж байгааг тооцоолоход нэн тустай юм. 

BBC



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start