Өвөрмөц сонин 10 мөнгөн дэвсгэрт
Дэлхийн хамгийн өвөрмөц содон мөнгөн тэмдэгтүүдээс 10-ыг нь танилцуулъя.
Атлантын далайн умард хэсэгт орших Бермуда арал нь Их Британийн хилийн чанад дахь эзэмшил нутгуудын нэг билээ. Тус арлынхан өөртөө засах эрхтэй, өөрсдийн гэсэн Үндсэн хууль, Засгийн газартайгаас гадна мөн мөнгөн тэмдэгттэй. Зураг дээрх Бермудын хоёр доллар бол босоо загвартай цөөхөн мөнгөн тэмдэгтийн нэг бөгөөд хамгийн гоёмсог, өнгө үзэмж сайтай цаасан мөнгөөр олонтаа шалгарсан, урлагийн бүтээл гэлтэй дэвсгэрт юм.
1997 онд тухайн цагийн Заир буюу одоогийн Бүгд найрамдах ардчилсан Конго улс дарангуйлагч Мобутугийн харгис хатуу дэглэмээс салсан. Харин шинэ эрх баригчид бэлэн мөнгөний гачигдлыг хэрхэхээ мэдэхгүй байсан тул Мобутуг огцроход хэрэглээнээс гаргасан 20 мянгатын дэвсгэртийг дахин гүйлгээнд оруулж, шинэ мөнгөн тэмдэгт хэвлэгдтэл хэсэг хугацаанд хэрэглэжээ. Тэгэхдээ өмнөх дарангуйлагчийн нүүрийг ухаж авсан байна.
08
Хамгийн эртний цаасан мөнгө
Хятадууд нийтийн тооллын 800-гаад онд анх цаасан мөнгө хэрэглэсэн гэдэг. Гэхдээ XV зуунд цаасан мөнгийг хэрэглээнээс халж, оронд нь зоос, элдэв хэвэнд цутгасан алт, мөнгө ашиглах болжээ. Зураг дээрх мөнгөн тэмдэгт 1380-аад оных бөгөөд одоогоор мэдэгдээд буй дэлхийн хамгийн эртний цаасан мөнгө юм.
Израилийн Ерөнхий сайд Давид Бен-Гурион 1952 онд нэрт онолын физикч Альберт Эйнштейнээс тусгаар тогтноод удаагүй еврейчүүдийн туурга тусгаар улсын Ерөнхийлөгч болохыг хүсчээ. Эйнштейн хэдий энэ саналаас татгалзсан ч Бен-Гурион түүнийг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийг хүсэж. Иймд Израилийн Төв банкнаас 1968 онд гаргасан таван лиротын дэвсгэрт дээр Эйнштейний хөргийг залжээ.
Зимбабве улсын Төв банкнаас 2009 оны нэгдүгээр сард гаргасан 100 триллион буюу 100 их наядын дэвсгэрт харахад хэдий сүр бараатай ч угтаа 300-хан ам.долларын ханштай. Зимбабвейн инфляц тухайн үед дэлхийд толгой цохиж байсан бөгөөд уг дэвсгэртийг гүйлгээнд гарахын өмнөхөн буюу 2008 оны долдугаар сард 231 сая хувьд хүрч, урьд хожид байгаагүй дээд амжилт тогтоожээ. Үүнээс болж зүсэм талх 300 тэрбум зимбабве долларын үнэтэй байлаа. 2009 оны дөрөвдүгээр сард Зимбабве улсын мөнгөн тэмдэгт бүрэн хэрэглээнээс гарч, дахин хэвлэгдэхээ больсон тул оронд нь америк доллар, евро, Өмнөд Африкийн ранд зэргийг ашиглах болжээ. Гэхдээ 100 их наядын энэхүү содон дэвсгэртийг одоо ч интернэтээр худалдан авч болно.
Дэлхийн I дайны үед Герман, Австрид нотгельд хэмээх мөнгөн дэвсгэрт хэрэглэж байсан нь цаасан мөнгө төдийгүй зоос ховордсон үед мөнгөний оронд ашиглах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд зэрэг байлаа. Онц байдлын мөнгө дөнгөж хэрэглэгдэж эхлэх үед мөнгөн тэмдэгтийн оронд шавар сав суулга, түлээ мод, арьс, арьсан эдлэл, торго, бөс даавуу, нүүрс зэргээр арилжаа наймаа хийж байсан бол энэ нэршил нь яваандаа зурагт хуудас шиг шийдэлтэй цаасан мөнгөнд хамаарах болжээ. 1917-1919 оны хооронд бүр ч ихээр дэлгэрсэн нотгельдийн загвар дунд Германы түүх, соёлын онцлогуудыг харуулсан зургуудаас гадна цаг үеэ илтгэсэн, нийгмээ шүүмжилсэн хачин жигтэй зургууд ч байлаа. Нотгельдийг 1923 оноос хэвлэхээ больсон ч этгээд хачин зургуудаас нь болж онц байдлын мөнгө одоо ч мөнгөн тэмдэгт цуглуулагчдын дунд эрэлттэй байна.
04
45, 75, 90-тийн дэвсгэртүүд
Одон орон, тооны ухаанд онцгой сүсэгтэй ханддаг асан Бирмийн удирдагч У Не Вин улсынхаа мөнгөн тэмдэгтийг өөрийнхөө үзэл суртлын зэвсэг болгож, бүр төрсөн өдөртөө зориулан шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж байсан удаатай. Хэдийгээр шинэ дэвсгэрт дээрх хөрөг өөрийнх нь биш ч гэлээ тэрээр 75-тын дэвсгэртийг өөрийнхөө 75 насны ойд зориулан гаргажээ. У Не Вин үүний дараахан өөрийнхөө азтай тоо болох 9-ийг оруулан мөнгөн тэмдэгт бүтээлгэсэн нь 90 кьятын дэвсгэрт юм. Ингэхдээ мөн 90-ийн тал болох 45-ын дэвсгэрт гаргахаа ч тэрээр мартсангүй. Гэвч азын тоо нь түүнийг удаан ивээгээгүй агаад 30 гаруй жил улсынхаа тэргүүн зэргийн хүн байсан Не Вин Бирмийг Мьянмар нэртэй болж, ардчилсан зам мөрийг сонгосны дараа 90 насандаа гэрийн хорионд орж, хоёр жилийн дараа буюу 2002 онд өөд болжээ.
Энэхүү мөнгөн дэвсгэртийг нацистууд Чехословакийн нутагт байсан Терезиенштадтын хорих лагерийн дотор хэрэглэхээр гүйлгээнд гаргажээ. Энэ нь бөөнөөр хорих лагериудад еврей иргэдийг хоригдол болгоогүй, харин ч тэднийг сайтар харж хандаж байгаа, еврейчүүдэд зориулсан соёлын үйл ажиллагаа, сургууль хүртэл бий гэдгийг Улаан загалмай тэргүүтэй олон улсын байгууллагуудад баталж нотлохыг хүссэн нацистуудын кампанит ажлын нэг хэсэг байж. Гэвч энэ бүхэн бүгд худал байсан билээ. Терезиенштадтын хорих лагерьт 30 мянга гаруй хүн алагдсан бөгөөд бараг 90 мянган хүн тэндээс бүр зүүнтээ цөллөгдөн бусад хорих лагериудад ясаа тавьсан байдаг. Терезиенштадтын 10, 20 кроны дэвсгэртүүд тухайн үед ч, дараа нь ч ямар ч үнэгүй байсан бөгөөд өдгөө зөвхөн мөнгөн тэмдэгт цуглуулагчдын дунд л үнэ цэнтэй байна.
Хэмжээний хувьд хамгийн томд тооцогдох мөнгөн тэмдэгт бол Филиппиний Засгийн газраас тус улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан 1998 онд гаргасан 100 мянган песо юм. Нийтийн гүйлгээнд оруулалгүй, зөвхөн цуглуулагчдад зориулсан эл мөнгөн дэвсгэрт бичгийн цаасны хэмжээтэй бөгөөд 180 мянган песо буюу ойролцоогоор 3700 ам.долларын үнэ хүрнэ.
Хэдийгээр хууль ёсны биш ч мөнгөн дэвсгэрт сонирхогчдын дунд эрэлттэй, ямар ч хүнд гайхмаар сонин санагдах цаасан мөнгө бол Антарктидын доллар юм. Өмнөд мөсөн тивийн аль ч баазаас, аль ч бэлэг дурсгалын дэлгүүрээс авч болох энэхүү мөнгөн дэвсгэрт маш гоёмсог загвартай, төрөл төрлийн зураг, чимэглэлтэй. Антарктидын доллар ханшийн хувьд канад доллартай ойролцоо бөгөөд жишээ нь хоёр доллар нь хэвлэгдсэн он, загвар зэргээсээ шалтгаалаад 2.70-5 ам.доллартай тэнцэнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.