Арав.мн

Улс орнуудын төрийн дууллын тухай сонирхолтой 10 баримт

Улс орнуудын төрийн дууллын тухай сонирхолтой 10 баримт

Цэргийн марш адил бадрангуй, сүр жавхаатай бай, түүхийн хүнд хэцүүг өгүүлсэн гуниглуун аялгуутай ч бай аливаа улс орны төрийн дуулал улс, үндэстнийхээ онцлогийг тодотгосон, байгалийн гоо үзэсгэлэнг нь магтан дуулсан, эв эе, мандан бадрал, үндэсний бахархлыг нь шингээсэн байдаг. Гэхдээ төрийн дуулал бүр өөр өөрийн түүхтэй. Зарим нь бүр хачин жигтэй байдлаар зохиогдсон, өвөрмөц сонин онцлогтой байдаг тухай Nationalanthems.info цахим хуудсанд өгүүлжээ. Хуучны болон шинэ үеийн нийлсэн нийт 400 гаруй төрийн дууллын тухай мэдээ сэлт агуулсан уг сайтаас дараах 10 сонирхолтой баримтыг онцолж байна.


10

Нэгдүгээр бие

Олонх орны төрийн дуулалд тухайн орны үүх түүх, үүсэл бүрдлийг өгүүлдэг. Харин Андорра улсын төрийн дуулалд улс орноо нэгдүгээр биеэс дуулах бөгөөд энэ нь бусад бүх орны төрийн дууллаас ялгарна. Энд Андорра хэмээх улсыг ард түмэн буюу хан хөвгүүдээр хамгаалуулсан гүнжээр төлөөлүүлжээ. Дууны үг нь

Сарацинуудаас намайг аварсан
Ачлалт эцэг Аугаа их Карл хаан минь
Дээд тэнгэрээс эх болсон Меритшиллийн
Амь, амьдралыг надад өгчээ.

Гүнжийн заяанд төрсөн
Хоёр гүрний эвийг сахигч би бээр
Каролингийн эзэнт гүрний
Хосгүй ганц охин билээ... гэхчлэн үргэлжилнэ.


09

Үгэн тоглоом

Нидерландын хаант улсын төрийн дуулал 1932 онд л албан ёсны статустай болжээ. Гэхдээ энэ дуу сүүлийн 300 гаруй жил нидерландчуудын эх оронч сэтгэлийн илэрхийлэл болж байна. Нийт 15 бадагтай “Нассаугийн Вильгелм” хэмээх энэ дуу улс орныхоо тусгаар тогтнолын төлөө Испанийн эсрэг тэмцсэн Нассаугийн хунтайж Вильгелмийн тухай  бөгөөд бадаг бүрийн эхний үсгийг доош жагсаавал “Нассаугийн Вильгелм” гэсэн үг бүтдэг аж.


08

Хоёр дууллын зохиогч

Орчин цагийн түүхэнд нэгээс илүү орны төрийн дууллыг зохиосон ганц хүн байдаг нь Энэтхэгийн бенгал угсаатан, бичгийн их хүн Рабиндранат Таагүр юм. Азиас төрсөн уран зохиолын салбарын анхны Нобелийн шагналтан болох түүний 1905 онд Бенгал нутгийг хоёр хуваахыг эсэргүүцэн зохиосон “Алтан нутаг Бангла” хэмээх дуу одоогийн Бангладеш улсын төрийн дуулал бол 1911 онд зохиосон “Жана Гана Мана” нэрт бүтээл нь Энэтхэг орныг 1947 онд тусгаар тогтноход төрийн дуулал нь болжээ. Шри Ланкийн төрийн дууллыг мөн Таагүр зохиосон гэх таамаг бий. Гэхдээ энэ нь одоо ч маргаантай бөгөөд Таагүрийн зохиосон нэгэн дуунаас ердөө санаа авсан төдий гэгддэг байна. 

БНЭУ-ын төрийн дуулал:


07

Гэнэтийн шийдвэр

Малайз улсын төрийн дууллыг тус улсыг бүрдүүлэгч олон султант улсын нэг Перакийн хааны зарлигаар яаран сандран зохиожээ. Эрхэм султаныг 1901 онд Английн VII Эдуард хааны титэм залах ёслолд оролцохоор Лондонд айлчлахад гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээж авах албаныхан Перакийн төрийн дууллыг тоглохыг хүсэж. Гэтэл Перакийн султант улсад төрийн дуулал байсангүй. Тухайн үед орчин цагийн төрийн дуулал гээч зүйл дорно дахины гэхээсээ өрнийн соёл байлаа. Иймд эвгүй байдалд орохгүйн тулд, төрийн дуулалгүй гэдгээ гадаадынханд мэдэгдүүлэхгүйн тулд султаны нэгэн туслах өөрийнхөө мэдэх, Сейшелийн арлуудаас гаралтай нэгэн франц аялгууг англичуудад аялж өгчээ. Тэрээр султандаа болсон явдлыг хэлж, мөнөөх аяыг нь цэргийн найрал хөгжим тоглоход төрийн дууллаа сонсож буй мэт хүндэтгэлтэйгээр босож зогсоорой хэмээн учирласан байна. Яваандаа ард иргэдийн дунд танигдан түгсэн энэ дуу Малайзын холбооны улсыг 1957 онд Их Британиас тусгаар тогтноход бүх Малайзын төрийн дууллаар сонгогджээ. 


06

Сүйт бүсгүйн гавьяа

Мексикийн Засгийн газраас 1853 онд төрийн дууллын шүлгийн уралдаан зарлажээ. Харин Франчиско Гонсалес Боканегра хэмээх яруу найрагчийн сүйт бүсгүй дурлалт хархүүгээ онцгой авьяас билигтэй учир мөнхүү тэмцээнд түрүүлэх учиртай хэмээн санаж. Гэтэл шүлэгч залуу уралдаанд оролцохыг хүссэнгүй. Гээд бүсгүй бууж өгөлгүй, сүйт залуугаа эцгийнхээ гэрт хорьж, өрөөнийх нь ханан дээр Мексикийн түүх, соёлтой холбоотой олон арван зураг хадаж өгчээ. Тууштай эмэгтэй санасандаа хүрч, гэрийн хорионд орсон сүйт залуугаасаа 10 бадагтай урт шүлэг авч байж, түүнийг сулласан байна. Харин мөнөөх бүтээл нь үнэхээр ч үндэсний уралдаанд түрүүлж, төрийн дууллын шүлэг болсон бол дараахан нь шүлэгч залуу өнөөх бүсгүйтэйгээ хуримлан, хөлтэй найр хийжээ. 

Уран бүтээлчээ хорин байж төрийн дууллаа зохиолгосон өөр нэг улс бол Коста Рика.

Ахмад Мануэль Мария Гютиеррез хэмээх хөгжмийн зохиолчид тус улсын Ерөнхийлөгч төрийн дууллын ая зохиохыг 1853 онд даалгасан ч ахмад ийм хариуцлагатай, хүнд даалгавар гүйцэлдүүлж чадахгүй хэмээн татгалзсанд албаныхан түүнийг гянданд хорьж орхижээ. Харин ахмад цолтой хөгжмийн зохиолч хэд хоногийн дараа “Коста Рикагийн аялгуу” хэмээх хөгжим бичсэн нь Ерөнхийлөгчийн сэтгэлд хүрч, төрийн дуулал болсон түүхтэй. 

Мексик улсын төрийн дуулал:


05

Найрамдалтай “салалт”

Чехословак улсыг 1918 онд байгуулагдахад хоёр үндэстний эрх баригчид “Fidlovačka” хэмээх чех дуурийн нэг бадгийг “Kopala studienku” хэмээх словак ардын нэгэн дууны бадагтай нийлүүлэн шинэ улсын төрийн дууллыг бүтээж байв. Харин тус улсыг 1993 онд задарч, хоёр үндэстэн дахин өөр өөрсдийн замаар явах болоход мөнөөх дууллыг яаж нийлүүлсэн, яг л тэр аргаар бадаг бадгаар нь салган Чех, Словак хэмээх хоёр шинэ улсын төрийн дуулал болгожээ.

Чехословак улсын төрийн дуулал:


04

Хүчирхийллийн түүх

Олон орны төрийн дуулалд тухайн улсын тусгаар тогтнолын түүх, харийн түрэмгийлэгчдийг дарсан цуст тулаан, эрх чөлөөний төлөөх тэмцлийг тусгасан байдаг. Харин Франц улсын төрийн дуулал энэ хэлбэрийг бүр чинээнд нь тулгаж, бараг тэр чигтээ хүчирхийлэл, хувьсгалт тэмцэл, цус ургасан үймээн самууны тухай өгүүлнэ. Дууны үг бүтнээрээ маш “аймшигтай”. Цус нөжтэй туг далбаа, хоолойгоо хэрчүүлсэн цэрэг эрс, дайсны цусанд бялдсан тал хөндий, эхийнхээ энгэр цээжийг тасар татах домгийн барс гээд сайтар тогтож сонсвол эвгүйцэж сэртхийм дүр зураглал энэ дуунд олон.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын төрийн дуулал мөн энэ ангилалд багтана. Тус улсын төрийн дуулал “Бид үхсэн ч алдах зүйлгүй/Бидний амь нас үнэ цэнэгүй” гэсэн дахилттай бөгөөд шүлэг нь бүхэлдээ ард иргэдээ улс орныхоо төлөө амиа өргөхийг уриалсан байдаг.

Франц улсын төрийн дуулал:


03

Таван хэлээрх дуу

Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах үзлийг төрийн бодлогоос халах хүртэл “Die Stem van Suid-Afrika” хэмээх африкаанс дуу албан ёсны төрийн дуулал байсан бол өнгөт арьстнуудын эрхийг хамгаалагч Африкийн үндэсний конгресс намын сүлд дуу нь “Nkosi Sikelel’ iAfrika” (Африкийг бурхан ивээг) нэртэй дуу байжээ. Харин апартеид төр нуран унасны дараа буюу 1997 онд энэ хоёр дууг нэгтгэн шинэ дуу бий болгосон нь эдүгээ ӨАБНУ-ын төрийн дуулал юм. “Африкийг бурхан ивээг” дууг тус улсын албан ёсны гол хэлнүүд болох коса, зулу, сесото, африкаанс, англиар дуулдаг. Өөрөөр бол бадаг, дахилт бүр нь өөр хэлээр дуулагддаг гэсэн үг.

Енох Сонтонгагийн 1897 онд зохиосон энэхүү дууны ая мөн Замби, Танзани улсын төрийн дууллын аялгуу болно.   

Өмнөд Африкийн төрийн дуулал:


02

Ижил аялгуу

Өөр үгтэй ч ижил аялгуутай төрийн дууллууд нэлээд хэд бий. Тухайлбал Эстони, Финландын төрийн дууллууд яг ижилхэн аятай ч өөр өөр үгтэй.

Их Британи, Лихтенштейний төрийн дууллууд ч мөн ялгаагүй. Англи-Британийн төрийн дуулал болох “Хааныг/хатан хааныг бурхан ивээг” дууны аялгуу нэгэн цагт бүх Европын ихэс дээдсийн сүлд дуу байсан бөгөөд франц, герман, орос, швейцарь, швед, дани, бүр америкчууд хүртэл энэ дууны аянд өөрсдийн үгийг зохион эх оронч сэтгэлээ илэрхийлж байжээ. Харин тэднээс Их Британи, Лихтенштейн хоёр л хуучин төрийн дууллаа авч үлдсэн нь энэ.

Өөр өөр цаг үед олон орны хэрэглэж байсан “Хааныг/хатан хааныг бурхан ивээг” дуу:


01

Үггүй дууллууд

Хамгийн урт төрийн дуулалтай улс бол Грек юм. Тус улсын төрийн дуулал 158 бадагтай. Гэхдээ албан ёсны үйл ажиллагаанд зөвхөн эхний гурвыг нь л дуулж заншжээ. Харин Японы төрийн дууллын үг хамгийн богино бөгөөд хамгийн эртнийхэд тооцогдоно. Тус улсын төрийн дууллын шүлэг болох ганц бадгийг Хэйаны эриний үеийн (794-1185) нэр нь тодорхойгүй нэгэн найрагчийн вака шүлгээс авчээ.

Дөрөвхөн мөр шүлэгтэй дуулал байхад бүр үггүй төрийн дууллууд ч бий. Төрийн дуулал нь албан ёсны үггүй дөрвөн улс байдаг нь Испани, Сан Марино, Босни ба Херцеговина, Косово юм. Испанийн төрийн дуулал 1970 он хүртэл буюу Франциско Франкогийн дэглэмийн үед үгтэй байсан ч тус улсыг дахин ардчилсан засаглалтай болоход зөвхөн аялгууг нь ашиглах журам эргэн сэргэжээ.

Испани улсын төрийн дуулал:


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Энд туурга тусгаар улсын тухай ярьж байна Автономит улсуудын тухай гэвэл наад санааг чинь ашиглаж болох юм
+1
Каталоны төрийн дууллын түүх нилээдгүй сонирхолтой.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start