Хүний нэрээр нэрлэгдсэн орнууд
Америго Веспучи, Ричард Америк хоёрын нэгнийх нь нэрээр нэрлэгдсэн гэх Америк тив болон АНУ, Кристофер Колумбын нэрээр нэрлэгдсэн Колумб улс, Аврагч хэмээгдэх Есүс Христийн алдрыг хүртсэн Эль Сальвадор, домгийн баатар Ромулын нэртэй Ром хот, Европа охин тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн Европ тив гээд хүний нэртэй газар орон дэлхийн өнцөг булан бүрт бий. Алтан ордны хаан Өзбегийн нэрээр Узбек улс нэрлэгдсэн байх магадлал өндөр. Ямартай ч цахим нэвтэрхий тольд тэмдэглэснээр эдүгээ дэлхий дээр түүхэн бодит хүний алдар нэр болон хэн нэг эрхмийн цол гуншингаар нэрлэгдсэн туурга тусгаар 26 улс байна. Тэднээс 10-ыг нь дор онцоллоо.
Дэлхийн хамгийн жижиг орнуудын нэг, түүхэн дэх хамгийн эртний бүгд найрамдах улс гэгддэг Сан Марино Марин хэмээх гэгээнтний нэрээр нэрлэгджээ. Домогт өгүүлснээр тэрбээр Далмацийн чулуучин байсан бөгөөд Ромоос цөлөгдөн оргож босон явахдаа нийтийн тооллын 301 онд өнөөгийн Сан Мариногийн нутагт нэгэн бяцхан сүм барьсан байна. Тэрхүү сүмийн хуврагууд болон сүсэгтэн олон анхны сан мариночууд болжээ.
1979 онд Их Британиас тусгаар тогтносон, 33 шүрэн арлаас бүрдэх, Номхон далай дахь энэ улс Британийн ахмад Томас Гилбертийн нэрийг хүртжээ. Нутгийн уугуул иргэд Гилберт гэх нэрийг өөрсдийн хэл аялгадаа тааруулсан нь Кирибати болсон байна.
Мсвази III хаан
Мозамбик болон ӨАБНУ-ын дунд орших энэ улс түүхэн дэх хамгийн аугаа хааныхаа нэр алдрыг хүртжээ. 1840-1868 онд төр барьсан хоёрдугаар Мсвази хаан дотоодын овог аймгуудаа нэгтгэн, улс орныхоо газар нутгийг хоёр дахин тэлсэн, хаант засгийг орчин үежүүлж, нэр хүндийг нь өргөсөн хэмээн ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. Ард түмэн нь түүнийг бүр амьд ахуйд өөрсдийгөө Мсвазийн хүмүүс буюу свазичууд хэмээн нэрлэх болжээ.
1979 онд АНУ-аас тусгаар тогтносон, 1200 арлаас бүрдэх энэхүү жижигхэн улс газар орныг нь анхлан өрнө дахинд нээж өгсөн Британийн тэнгисийн хүчний ахмад Жон Маршаллын нэрээр нэрлэгджээ. Тэрбээр Англиас хоригдол тээсэн хөлөг онгоц залан Австрали хүрэх замдаа 1788 онд дээрх бүлэг арлуудыг нээсэн байна.
Энэтхэгийн далайд орших уг арал дээр голланд далайчид тэртээ XVI зуунд анх суурьшсан байдаг. Тэд шинэхэн эзэмшлээ Оранжийн хунтайж Морисын нэрээр нэрлэсэн нь хожим англи, франц дуудлагаар өөрчлөгдөн Моришис буюу Морисын арлууд, Маврик, Маврисий зэрэг олон янзаар хэлэгдэх болжээ. 1715 онд Нидерландын колоничлогчдоос Францын Зүүн Энэтхэгийн компанийн мэдэлд шилжсэн Маврикийн арлууд 1810 онд Британийн эрхшээлд орж, 1968 онд тусгаар тогтносон байна.
Аугаа аялагчдын нэг Васко да Гама эргэн тойрныхоо бусад жижиг арлын хамт Адмиралын арлууд гэгддэг Сейшелийн арлуудыг дэлхийн газрын зураг дээр тэмдэглэсэн анхны хүн юм. Харин Францын тэнгисийн хүчний ахмад Корнейл Морфи 1756 онд тус бүс нутагт хүрч, нууцлаг арлуудыг Францын хааны эзэмшил хэмээн зарласан байна. Тэрбээр Адмиралын арлуудын доторх гол 100-гаад арлыг тухайн үеийн Францын Сангийн сайд Жан Моро де Сейшелийн нэрээр нэрлэжээ. Гэвч Сейшелийн арлууд Францын мэдэлд удсангүй, 1810 онд Британийн эрхэнд орж, 1976 онд тусгаар тогтносон түүхтэй.
Өмнөд Америкийн төвд орших энэ улс тус бүс нутгийг Испанийн ноёрхлоос аврахын тулд 16 жил тэмцсэн их хувьсгалч, Чөлөөлөгч хэмээгдэх Симон Боливарын нэрээр нэрлэгджээ. Түүний ачаар Венесуэл, Колумб, Эквадор, Перу, Панам зэрэг улс Испаниас өрх тусгаарласан ч зөвхөн Болив улс л Чөлөөлөгчийнхөө нэрийг хүртсэн байна. Симон Боливар тус улсын тусгаар тогтнолын төлөөх дайн 1825 онд эцэс болоход анхны Үндсэн хуулийг нь бичилцэхэд хүртэл гар бие оролцсон байдаг.
Саудын Арабын хаант улс хэдэн үеэрээ төр барьж буй ихэс дээдсийнхээ овгийн нэрээр нэрлэгджээ. Аль-Сауд овогтон дотроос тодорсон Абдулазиз бин Абдулрахман аль-Файсаль аль-Сауд нь орчин цагийн Саудын Араб орныг 1932 онд үндэслэн байгуулсан түүхтэй. Тэрбээр Арабын хойгийн хүчирхэг овог аймгуудыг нэгтгэн нэгдмэл нэг улс болгохыг зорьсон нь ийнхүү биеллээ олжээ. Эдүгээ аль-Саудын гэр бүл 25 мянган гишүүнтэй гэх бөгөөд 200 нь хууль ёсны хунтайж, ханхүү нар гэгддэг.
Зүүн өмнөд Ази дахь энэ улс 1556-1598 онд төр барьсан Испанийн хаан II Филипийн нэрийг хүртжээ. Испанийн хаан анхдугаар Карлосын зарлигаар дэлхийг тойрон аялсан Фердинанд Магеллан тус улсын эрэг хөвөөнд 1521 онд хүрч, газар нутгийг нь Испанийн хааны эзэмшлээр зарласан байна. Хожим Испанийн аялагч Руй Лопес де Вильялобос мөнөөх арлуудыг хоёрдугаар Карлос хааны хүү, ирээдүйн II Филип хааны нэрээр нэрлэжээ. Хэдэн зууны дараа Британийн эзэнт гүрнийг тодорхойлох болсон “Нар жаргадаггүй эзэнт гүрэн” хэмээх хэлц угтаа Филипийн үед үүссэн бөгөөд чухам түүний эзэмшил нутгийг, тэр дундаа Филиппиний арлуудыг хэлсэн хэрэг байлаа.
Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших энэхүү бяцхан арлын орон эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн дэлхийн цорын ганц тусгаар улс юм. Сиракузийн Люсия хэмээх эмэгтэй нийтийн тооллын 283-304 онд амьдарч байсан бодит хүн бөгөөд Ромын эзэн хаан Диоклетианы христийн шашинтнуудыг хоморголон хядах харгис үйлдлийн хохирогч болж, итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өргөсөн, хожим Ромын католик сүмээс ариун гэгдсэн гэгээнтэн ажээ. Одоогийн Сент Люсиягийн нутагт 1550-иад оны сүүлчээр хүрсэн анхны европчууд болох Францын далайчид Гэгээн Люсиягийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 13-нд тус арал дээр хөл тавьсан тул арлыг түүний нэрээр нэрлэсэн гэдэг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.