Арав.мн

Японд мөнгөө үрэх 10 сонирхолтой арга

Японд мөнгөө үрэх 10 сонирхолтой арга

Япончууд сонирхолтой үйлчилгээ, хачирхалтай бүтээгдэхүүнээрээ алдартай. Мандах нарны эх оронд халаасандаа хэрхэн үрэхээ мэдэхгүй хэдэн иентэй явж байвал дараахь боломжуудыг сонирхоод үзээрэй. 


10

Муурны кафед цагаа өнгөрөө

Хүмүүс хоёр янз байдаг - муурыг үзэн яддаг, эсвэл мууранд хайртай. Харин япончууд мууранд хамгийн ээлтэй ард түмний нэг юм. Тэд мууртайгаа цагаа өнгөрүүлэх маш дуртай. Харамсалтай нь гэрлэлт, хүүхэд, жижиг байр зэрэг асуудлаас болж өөрсдийн гэсэн тэжээвэр амьтантай байх боломж хомс болж эхэлдэг. Ийм хүмүүст зориулсан Муурны кафе гэх үйлчилгээ 90-ээд оноос Тайваньд дэлгэрч, Японд ч маш хүчтэй орж ирсэн юм. Одоогийн байдлаар улс даяар 150 гаруй ийм кафе байх ба тус бүр 12-24 орчим мууртай гэнэ. Цэвэр цусны муур бараг байхгүй ба бүгд эрлийз аж. Аяга кофег 1.97 ам.доллараар худалдаж аван өвөр дээрээ хүржигнэн хэвтэх муужгайг эрхлүүлэнгээ буйдан дээр суун, стресстэй нийгмээс хөндийрөн тайвширцгаах үйлчлүүлэгч элбэг байдаг гэнэ. Зөвхөн япончууд гэлтгүй тэжээвэр амьтдаа санасан гадаад жуулчид, экспатууд хүртэл уг кафегаар өргөнөөр үйлчлүүлдэг юм байна. 


09

Өөрийнхөө клоныг ав

“Бяцхан-би”-тэй болох юмсан гэсэн бодол төрж байсан уу? Токио хотын клоны үйлдвэр энэ мөрөөдлийг чинь асуудалгүй биелүүлнэ. Одоогоор жинхэнэ клон хийж чадахгүй уг үйлдвэр танд 1300-1750 ам.доллараар өөртэй чинь яг ижилхэн хүүхэлдэйг хийж өгдөг юм. 3D принтер, фото камер ашиглан таныг үлгэрийн баатар, киноны дүр, рок од зэрэг сонирхолтой дүрүүдэд оруулан хувиргаж, 20 инчийн хэмжээтэй бодит дүрсийг чинь гарган өгч чадна. Харин 3D технологи хурдацтай хөгжиж байгаа тул одоо үед энэ үйлдвэрийн үнэ ихэд хямдарсан байх ёстой.


08

Чихмэл тоглоомын аялал

2001 онд Amelie гэх кинонд гол дүрийн бүсгүй аавынхаа цэцэрлэгийн одой хүүхэлдэйг дэлхийгээр аялуулж, алдартай газруудад зургийг нь авахуулахаар онгоцны үйлчлэгчид ханддаг. Энэ киноны санааг Японы Соноэ Азума гэх бүсгүй хуулбарлажээ. Энэ үйлчилгээний төлөө багахан хэмжээний төлбөр авдаг Азума өөрийн гэсэн “Unagi Travel” гэх жижигхэн агентлагийг ажиллуулдаг юм. Асар завгүй ажил, хөрөнгө мөнгөний бололцоогүйгээсээ болоод аялах мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүсийн хайртай чихмэл тоглоомуудыг аван Токио хотын үзэсгэлэнт газруудаар зугаалдаг аж. Хэрэв Токиогийн цамхаг, Сенсо-жи сүм зэргийг үзүүлэх бол 45 ам.доллар, хэрэв бүр тусгай үйлчилгээ болох халуун рашаанаар “амруулах” бол 55 ам.долларын төлбөр авна. Мөн Англи хэл дээр вэбсайт ажиллуулан Кёто (95$), Кумано Кодо (55$) болон онц сонирхолтой нууц аялал (35$)-ыг өөр оронд байгаа хүмүүст санал болгодог. Аялалын явцын талаар Фэйсбүүк хуудаснаа үргэлж мэдээлэх ба аялалын төгсгөлд эздэд нь тоглоомуудыг нь шуудангаар илгээж, гэрэл зургуудыг нь имэйлддэг юм. 


07

Нэг өдрийн найз хөлслөх

Ганцаардаж байна уу? Японд тан шиг хүн олон байдаг бололтой. Үнэндээ бол сая гаруй япончууд өөрсдийгөө бусдаас тусгаарлан ганцаардмал амьдралаар амьдарч байдаг. Гэхдээ үүнээс ч олон хүмүүс тэгтлээ ганцаардаагүй ч гэсэн шинэ найзтай болох, хүнтэй харилцах тал дээр маруухан байдаг гэнэ. Энэ үед “найз түрээслэх” агентлагууд хэрэг болдог байна.

“Хагемаши Тай” мэт энэ төрлийн бизне эрхэлдэг компаниуд жүжигчин хөлслөн, найз залуу, сайн найз, тэр бүү хэл хуримын гэрч болох үйлчилгээг үзүүлдэг. Зарим үйлчлүүлэгчид дотны найзгүй тул хадам болох хүмүүстэйгээ уулзахад найз нь болж жүжиглэх дажгүй, сонирхолтой хүмүүс хэрэг болдог гэнэ. Мөн завгүй хүмүүс өөрсдийнхөө оронд нийгмийн ажил хийх, сургуулийн ажилд хүүхдийнхээ авга ахын дүр эсгэн оролцуулах зэрэг зүйлсийн төлөө ч хөлсөлдөг. Мөн найз залуугаасаа салсан бүсгүй экс-ийнхээ харыг төрүүлэхийн тулд царайлаг жүжигчин хайж ирдэг. Төрлөөсөө хамаараад энэ үйлчилгээ харилцан адилгүй үнэтэй. 


06

Дарсан спад алжаалаа тайлах

Хаконе Ковакиэн Юнессун бол зүгээр нэг халуун рашаан биш юм. Халуун рашаанаар маш элбэг Япон орны хувьд бусдаас ялгарах үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэхүү Спа-Резорт нь жилд ердөө 12-хон өдрийн турш үйл ажиллагаагаа нээдэг. Тэдний онцлог нь арьсанд сайн ногоон цайн спа, кофен спа зэрэгт орох боломжийг өгдөг аж. Ажилчид нь асар их хэмжээний кофег өөрсдөө чанадаг бөгөөд торхонд хийн усан сан руу зөөдөг байна. Хэрэв танд илүү хатуу юм хэрэгтэй байгаа бол танд үрчлээ арилгадаг сакэ архин спа санал болгож болно. Хүсвэл гахайн шөлөнд орж болно. Хэрэглэгчдийн сонгох хамгийн дуртай нэг үйлчилгээ нь дарсан-спа юм. Merlot дарс асар том лонхноос урсана. Харин Валентины баяраар Юунессуныг зорих гэж байгаа бол шоколадан спаг нь сонирхоод үзээрэй.


05

Хуурамч номлогч хөлслөх

Христийн шашин Японд тийм ч өргөн тархаагүй. Америкчуудын 77%, Британичуудын 60% нь шүтлэгтэй бол Япончуудын 1% нь л Есүст итгэдэг. Үүнээс болж Японы хурим хачирхалтай болох нь бий. Хэдийгээр нийт хуримын ёслолын 90 хувь нь Христийн шашинтнуудын хуримуудтай адил хэв маягаар болдог ч жинхнээсээ христийн зан үйлийг дагах нь маш ховор. Ингэхдээ хуурамч номлогч ашигладаг байна.

1980-аад онд сая сая япончууд барууны киног үзэж, тэдний хуримын ёслолын сайхныг гайхан, биширч хүлээн авчээ. Үүнээс хойш ийм хуримын үйл ажиллагааны эрэлт асар ихэссэн байна. Хуримыг баталгаажуулж буй ихэнх номлогчид нь АНУ болон Европоос ирсэн цагаан арьстнууд байдаг. Хэдийгээр албан ёсны пасторууд их байдаг ч тоо нь хүрэлцдэгүй, дээр нь үнэхээр Христийн ёс жаягийг дагадаггүй учир хуримуудад тэр бүр оролцоод байдаггүй юм. Гуравдахь шалтгаан нь гэвэл хүмүүс жинхэнэ пастор авах дургүй. Зүгээр л дүр эсгэх цагаан арьст л хүн байхад хангалттай байдаг гэнэ. Хуурамч номлогчид цагт хамгийн багадаа 120 ам.долларын ашиг олдог байна.   

Үүнээс гадна зарим газрууд Христийн сүм хийдүүдийг дуурайлган хийсэн зочид буудлуудыг байгуулж, хурим хийж буй хосуудад үйлчилдэг юм. 


04

Хуурамч хуруу худалдаж авах

Хуурамч хурууны зах зээлийн гол үйлчлүүлэгчид нь Японы мафи буюу Якуза нар юм. Тэдэнд хиймэл хуруу яагаад хэрэг болдог вэ гэж үү? Учир нь доод зэргийн якуза толгойлогчийнхоо өмнө гэм буруугаа хүлээн, өөрийгөө шийтгэх юбицүмэ гэх ёслолыг үйлдэхдээ хуруугаа огтолж хаядаг. Эхлээд чигчий хурууныхаа дээд үеийг, дахин алдвал дараагийн үеийг, хуруу нь “дуусчихвал” дараагийн хурууныхаа дээд үеийг гэх мэтчилэн огтлон хаядаг тул хиймэл хуруу хэрэг болдог гэнэ. Якуза нар бүлэглэлээсээ гарах үед хуруугүйгээсээ болж энгийн ажилд ороход хэцүү болчихдог тул Хаяаши болон Фукушима нар тэдэнд зориулсан үйлчилгээг үзүүлэх болжээ. Тэд осолд орж, үе мөчөө алдсан хүмүүст хиймэл эрхтэн хийдэг байсан ба шинэ бизнесээ эхлүүлснээр далд ертөнцөөс асар их үйлчлүүлэгчтэй болж байгаа аж.

Нэг хуруу 1400-3000 ам.долларын үнэтэй. Үнэтэй мэт санагдах ч энэхүү силикон хуруу 100 хувь бодит мэт харагдах ба асар нарийн ажиллагаагаар бүтсэн байдаг аж. Зарим хүн тэр бүү хэл улиралдаа тохируулан хэд хэдэн өнгийн хуруу авдаг – зуны цагт борлосон хуруу, өвөл илүү цайвар гэх мэт. 


03

Шороо идэх

Японд олон төрлийн хачирхалтай ресторанууд байдаг. Тухайлбал шоронгийн аймшигт эмнэлэг шиг Alcatraz ER болон Алисын гайхамшигт ертөнцөөр тохижуулсан ресторан бий. Харин Ne Quittez Paz ресторан бол хамгийн хачин. Боксчин байж байгаад тогооч болсон Тоширо Танабегийн байгуулсан энэ ресторан Франц зоогоор алдартай. Гэхдээ хоолыг илүү хөгжүүлэх зорилгоор бодож олсон нэг зүйл нь бол шороо юм.

Та энд хүний 110 ам.доллар төлж, тусгай орц болох шороотой бүрэн хэмжээний хоол захиалан идэх боломжтой. Хамгийн сайн чанарын хөрс, шороо ашигладаг Танабе түүхий эдээ Protoleaf гэдэг компаниас худалдан авдаг. Тэд Шри Ланка, Энэтхэг зэрэг улсуудад очиж, 10 метр гүнзгий шороо ухаж, хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүнийг олдог гэнэ. Олборлосон хөрсөө халааж, нян бактерийг нь устгасны дараа Япон руу илгээнэ.

Танабегийн шороон зоог төмс ба шорооны шөл, шороогоор амталсан ногоон зууш, хөрслөг ризотто болон эцэст нь шороотой зайрмагаас бүрддэг байна.


02

Чих ухдаг салон

Японд бага зэрэг мөнгөөр хүний чихийг цэвэрлэж өгдөг тусгай салон бий. Японы нийгэмд чих арчилгаа маш чухал. Зөвхөн сонсохоос гадна чихээ цэвэрлэх нь арьсны эрүүл мэндэд сайн төдийгүй жин хасахад тустай гэж үздэг байна. Мөн эх хүн өөрийн хүүхдүүд болон нөхрийнхөө чихийг цэвэр байлгах үүрэгтэй гэх нь бий. Эдгээр хүүхдүүд том болохтой зэрэгцэн ээжийнх нь ажлыг хийж өгдөг үйлчилгээ ч даган хөгжсөн бололтой. Мэргэжлийн чих ухагчид 7-10 хоногийн сургалтад сууж бэлтгэгддэг байна.

Кимоно өмссөн бүсгүй танд цай аягалж өгөөд, бага зэрэг яриа өдөнгөө урд чинь шалан дээр сууна. Та түүний өвөр дээр нь толгойгоо тавин хэвтэх ба бүсгүй нүүрэн дээр чинь алчуур тавиад, хулс, төмөр, эсвэл хуванцраар хийсэн чих ухах хэрэгслээ гарган таны чихийг жимбийтэл нь цэвэрлэдэг байна. Энэ үйлчилгээ дунджаар 30-70 минут үргэлжлэх бөгөөд 32-100 ам.доллар орчим үнэтэй. Чихний массаж ч нэмэлтээр санал болгох газар байдаг бол гарч ирсэн хулхины хэлбэрээс хамаарч ирээдүйг чинь хэлж өгдөг салон ч байдаг гэнэ. Үйлчлүүлэгчид нь ихэвчлэн эрчүүд байдаг ба ямар нэг өөр далд санаа илрэх юм бол уг шалиг эрд үйлчлэхээс татгалзах эрхтэй байдаг ажээ. 


01

Далий шүдтэй болох

Хэлбэргүй, урд хойноо орон ургасан шүдтэй ганц бие бүсгүй үүнийг уншиж байгаа бол та Япон руу эхний онгоцоор л явах хэрэгтэй. Учир нь энэ улсад далий шүдтэй бүсгүйчүүд маш сайханд тооцогддог. Энэ хандлага бүр маш өргөн дэлгэрсэн байх бөгөөд бүсгүйчүүдэд зориулж шүдийг нь өөрчлөх үйлчилгээ бий болсон байна.  

Томоми Итано зэрэг дуучид ийм шүдтэй ба энэ нь тун өхөөрдөм тул залуус галзуурах дөхдөг болсон аж. Иймд эмнэлгүүд охидын жинхэнэ шүдэн дээр нь хуурамч ясан шүд суулгаж, далий шүдтэй болгох үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Та ам дүүрэн далий шүдээ ярзайлган инээмсэглэж, Япон залуусын хайрыг булаамаар байгаа бол 400 ам.доллар төлөх хэрэгтэй юм. Хэрэв насан туршдаа ийм болохдоо итгэлгүй байгаа бол ингэж харагдуулдаг хиймэл шүд худалдаж авах сонголт бас бий.  


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
чих ухдаг үйлчилгээ зүгээр юм байна даа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start